Цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчдыг сонгож элсүүлэхдээ бие бялдрын тусгайлсан үзүүлэлтийг харгалздаг боловч шалгуур үзүүлэлт нь харилцан адилгүй,шинжлэх ухааны үндэслэл бүрэн гараагүй, үнэлгээ нь нэг мөр болж хараахан чадаагүй байна. Хэдийгээр Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, эрүүл мэндийн хичээл зохих шалгуур стандарттай боловч их, дээд сургууль, тэр дундаа цэрэг, цагдаагийн сургуулийн элсэлтийн журамд тодорхой тусгагдаагүй байна. Цэрэг, цагдаагийн сургуулийн бие хамгаалах хичээлийн сургалтын төлөвлөгөө нь тухайн сургуулиар бэлтгэж буй нарийн мэргэжлийн зорилго, чиглэлтэй холбогдож байгаа боловч уг хичээлийн нэр томьёо, судлах хугацаа, хичээлийн агуулга харилцан адилгүй, хөтөлбөр нь нарийн боловсрогдоогүй байна. Үүнээс болж зааж байгаа хичээлийн эцсийн үр дүн, чанар жигд сайжирч чадахгүй байна.Бие хамгаалах хичээлд тавигдах шаардлага улам бүр өсөж байгаатай холбогдон түүний энэхүү баримт бичгийн боловсруулалтыг улам сайжруулах зорилгоор Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс болон БХИС, ХЦДС, Цагдаагийн академийн бие хамгаалах хичээлийн сургалтын төлөвлөгөөтэй харьцуулан судлав.Бие хамгаалах хичээлийн цагийн багтаамжийг дээрх сургуулиудад ойролцоо байлгах,хичээлийн нэр, гол ухагдахууныг жигдлэн нэг мөр болгох, хичээлийн агуулгыг боловсронгуй болгох, үнэлгээ, бие бялдрын бэлтгэлжилтийн нормативыг Монгол хүний бие бялдрын онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй боловсруулах явдал чухал байгаа нь харагдлаа. Бие хамгаалах хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа сэдэв, хамрах хүрээ, хэрэгцээ, зорилго зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ үр дүн гэсэн бүтэцтэйгээр тодорхой жишээн дээр гаргасан болно.БХИС, ХЦДС, Цагдаагийн академийн бие хамгаалах хичээлийн сургалтын төлөвлөгөө, онцлогоос хамааран эдгээр сургуульд нэг загварын хөтөлбөр боловсруулан тулгах боломжгүй учраас сургалтын хөтөлбөрт бие хамгаалах хичээлээр үзэх дасгал, нормативыг тусгасан болно.Бие хамгаалах сургалт явуулахдаа энэ чиглэлээр мэргэшсэн багш нарыг бэлтгэх, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх явдал зайлшгүй шаардлагатай байна,