Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Оюутныг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд биеийн тамирын дасгалын нөлөөллийг судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3074
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Биеийн тамир, бие бялдрын боловсрол, спорт, бие бялдрын дасгалжуулалт, хөдөлгөөний хомсдол, бие даасан хичээл

Аннотаци

Орчин үед шинжлэх ухаан, техник эрчимтэй хөгжиж, мэдээлэл технологийн хүчийг ихээр ашиглах болсонтой холбоотойгоор хүний биеийн хүчний хөдөлмөр багасч, хүн төрөлхтөнд хөдөлгөөний дутагдал бий болж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар халдварт бус өвчинд нөлөөлөх 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл анхдагч нь хөдөлгөөний дутагдал бөгөөд түүнээс сэргийлэн биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралынхаа туршид биеийн тамирын дасгал, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж чадвал зүрх судасны өвчнийг 80%-иар, цус харвалтыг 50%-иар, чихрийн шижний хоёрдугаар хэлбэрийг 90%-иар, хавдрын тохиолдлыг 30%-иар бууруулах боломжтойг тогтоосон байна.
Хөдөлгөөний дутагдлын шалтгаан, сэргийлэх арга замыг судлаачид янз бүрээр тайлбарласан. Тухайлбал:
- Насанд хүрсэн хүн долоо хоногт 3-5 өдөр биеийн хүчний дасгал хийх нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, түүнээс үүсэх өвчин эмгэгийг бууруулах ач холбогдолтой гэж биеийн тамирын онол, арга зүйн шинжлэх ухаан үздэг.
- Өдөрт хамгийн багадаа 10 минутын дасгал хийдэггүй насанд хүрсэн хүн хөдөлгөөний дутагдлын эхний шатанд ордог болохыг АНУ-ын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаа баталсан байна.
- Биеийн тамирын онол, арга зүйн судлаач Б.К.Замаренов “17-25 насны залуучууд долоо хоногт 5-8 цагийн идэвхтэй хөдөлгөөн хийснээр тэдний бие махбодын хөдөлгөөний хэрэгцээ хангагддаг” болохыг тогтоосон.
Бидний явуулсан нөхцөл байдлын судалгаагаар их, дээд сургуулийн 500 оюутны 24% нь долоо хоногт 3-4 удаа, 64% нь 1-2 удаа дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг бол 12% нь огт хичээллэдэггүй байна. Зөвхөн нэгдүгээр курсын оюутнууд долоо хоногт дунджаар 2-3 цаг дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байгаа нь тэдний бие махбодод шаардлагатай хөдөлгөөний хэрэгцээний дөнгөж 18-30%-ийг хангадаг. Ахлах курсдээ оюутнууд үүнээс ч бага хугацааг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд зарцуулдаг нь судалгаанаас ажиглагдсан. Энэ нь оюутан залуучуудын бие бялдрын хөгжлийн үзүүлэлтүүд буурах, хөдөлгөөний дутагдалд орох гол шалтгаан болж байна. Түүнчлэн МУИС-ийн Орхон сургуулийн 100 оюутны бие бялдрын хөгжлийг “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-оор судалж үзэхэд тэдний үзүүлэлт II курсдээ өмнөх жилийнхээс 20-24%-иар буурсан байна. Эндээс их, дээд сургуульд биеийн тамирын хичээлийн цаг цөөн байгаа өнөө үед оюутныг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх арга хэмжээг хичээлээс гадуур зохион байгуулах боломжийг эрж хайх асуудал урган гарч байна.
Иймээс хичээлийн бус хэлбэрийн биеийн тамир-спортын ажлаар оюутныг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх ажлын агуулга, арга, хэлбэрийг боловсронгуй болгоход судалгааны ажлын зорилго оршино. Үүнд үндэслэн:
1.Их, дээд сургуулийн биеийн тамир-чийрэгжилтийн ажлын өнөөгийн байдалд дүн
шинжилгээ хийж, оюутныг хөдөлгөөний дутагдалд хүргэж буй шалтгааныг тодорхойлох;

2.Оюутан-бие хүний бие бялдрын хөгжлийн онцлог, хөдөлгөөний хэрэгцээ,
сонирхлыг судлах;

3. Оюутан залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэн хөгжүүлэх биеийн тамирын
дасгалаар бие даан хичээллэх хөтөлбөр боловсруулж, турших;

4. Спортын сонгон суралцах секцийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох;

5. Лекц, семинарын үед оюутны оюун ухааны алжаалыг тайлж, бие махбодын болон
сэтгэцийн үйл ажиллагааг сэргээх дасгалын хөтөлбөрийг турших зорилт тавьж ажиллаа.
Эрүүл мэндийн болон биеийн тамирын мэргэжлийн ном зохиол, бусад судлаачдын бүтээлээс дүгнэж үзвэл “хөдөлгөөний идэвх багатай буюу долоо хоногт 3-аас цөөн удаа 20 минутаас багагүй хугацаанд биеийн тамирын дасгал хийх шаардлагыг хангахгүй байгаа хүмүүсийг “хөдөлгөөний дутагдал”-тай гэж тооцож болохоор байна. Үүнийг хүний булчин шөрмөс, эд эс, эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, бие махбодын тасралтгүй хөгжлийн явцыг дэмжихэд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөн дутагдана гэж тайлбарлаж болно.
Оюутан насанд хүний бие махбод, эрхтэн систем өсч хөгжөөд, цус төлжүүлэх, хоол боловсруулах, дотоод шүүрлийн ба мэдрэлийн тогтолцоо нь насанд хүрсэн хүний хэмжээнд хүрэх боловч тэдгээрийн үйл ажиллагаа нь төгс болоогүй байдгаараа онцлог үе юм. Иймээс оюутны бие махбодын зохистой хөгжлийг ханган, цаашид тогтвортой хадгалах, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой биеийн тамир-спортын олон арга, хэлбэрийг оновчтой сонгож ашиглах нь зүйтэй юм.
Эндээс бид оюутныг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд биеийн тамирын дасгалын үр нөлөөг дараах хэлбэрүүдээр туршин судалсан болно.
1. Хүндрүүлэгчтэй дасгалаар эрэгтэй оюутнууд 6 сарын турш бие даан
хичээллэхдээ хүндрүүлэгчийн жинг аажмаар нэмэгдүүлэн, цөөн давталт, олон оролт бүхий аргыг хэрэглэснээр булчингийн тойргийн үзүүлэлт 3-4 см, биеийн жин 2-
2.4 кг–аар нэмэгдэж, биеийн жинд эзлэх булчингийн эзлэхүүн жигд ихсэн, булчин хэлбэржсэн. Эмэгтэй оюутнууд хөнгөн жинтэй хүндрүүлэгчээр цөөн давталттай дасгалыг гүйцэтгэснээр булчингийн өсөлт буюу хөөлт явагдаж, илүүдэл өөх задрах нөхцөл бүрдэж байна. Туршилтын төгсгөлд эмэгтэй оюутнуудын биеийн жин дунджаар
4.9 кг, булчингийн тойргийн үзүүлэлт
2.9-
5.3 (p<
0.05) см-ээр хасагдсан нь хүндрүүлэгчийн жинг 2-5 кг-аар ихэсгэн, давталт ба оролтын тоог нилээд их нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.

2. Эрүүлжүүлэх аэробикийн цогц дасгалаар эмэгтэй оюутнууд бие даан
хичээллэснээр тэдний биеийн галбир сайжран, булчин чангаран хүч нь нэмэгдсэн. Биеийн дээд хэсгийн булчингууд болох цээж, мөр, гарын хоёр ба гурван толгойт булчингийн хүч 85%-иар, биеийн дунд хэсэг болох хэвлий, хэвлийн хажуугийн ташуу, нурууны булчингийн хүч 78%-иар, хөлийн булчингуудын хүч 83%-иар тус тус ахисан үр дүн гарсан.

3. Их, дээд сургуулийн хичээлийн жилийн бүтэц, оюутны сурах хөдөлмөрийн
онцлогт нийцүүлэн сагсан бөмбөгийн секцийг оновчтой зохион байгуулбал оюутнуудын спортын ур чадварыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломжтой байна. Туршилтын хугацаанд секцийн оюутнуудын бие бялдрын ерөнхий ба сагсан бөмбөгчдийн тусгай бэлтгэлжилтийн үзүүлэлт ихээхэн сайжирсан.

4. Олон цагаар оюуны их ачаалалтай ажилласнаар ядарч, бие нь чилэн, анхаарлын
төвлөрөл бууран, мэдээлэл хүлээн авах болон боловсруулах идэвх суларсан оюутныг лекц, семинарын үед 2-5 минутын алжаал тайлах дасгал хийлгэн туршилт явуулсан. Туршилтынхаа үр дүнг харуулахдаа сэтгэл судлаач Р.Римская, С.Римский нарын боловсруулсан “ой тогтоолт ба сэргээн санах процессыг тодорхойлох сорил”-ын аргыг хэрэглэсэн.
Оюун ухааны алжаал тайлах дасгал нь оюутны уураг тархины мэдрэлийн эсийг богино хугацаанд сэргээж, тогтоох ба сэргээн санах үйл, үзэгдлийн утгыг эмх цэгцтэй болон үйлдэл хийж тогтоох чадварт эерэгээр нөлөөлдөг болох нь хяналтын ба туршилтын бүлгийн оюутнуудын үзүүлэлтээс харагдаж байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 525
Сүүлийн сард 24
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :