Судалгааны ажлын үндэслэл. Арьс цэврүүтэх аутоиммун өвчин (АЦАӨ)-д хамаарах бүлэг өвчин нь эмнэлзүйн олон хэлбэр бүхий илрэлтэй, шалтгааны болон эмгэг жамын ялгаатай механизм бүхий эмгэгүүд юм. Эдгээр эмгэг нь ховор тохиолддог ч зөв оношлож оновчтой эмчлээгүй тохиолдолд амь насанд аюултай хүндрэлд хүргэдэг, нас баралт ихтэй өвчнүүд байдаг. Аутоиммун өвчний эмнэлзүйн хэлбэр бүрт зохицсон эмчилгээний ялгаатай арга, тохирсон менежмент шаардагдана. Иймд биологийн шингэн болон эдийн сорьцонд өвөрмөц аутоэсрэгбие илрүүлэхэд чиглэсэн оношлогооны ба ялган оношлогооны нарийвчлан боловсруулсан арга зүй чухал ач холбогдолтой байдаг. Энэ нөхцөл байдал нь арьс цэврүүтэх аутоиммун өвчний оношлогоо, ялган оношлогоонд дархлаа оношлогооны орчин үеийн технологи ашигласан стандартчилсан аргачлал шаардлагатай байгааг харуулж байна.
Судалгааны зорилго. Энэ судалгааны зорилго нь арьс цэврүүтэх аутоиммун өвчний дархлаа-эмгэг судлалын шинжийг тодруулж, өөрийн орны нөхцөлд тохирсон оношийн цэгнүүрийг тогтооход оршиж байв.
Судалгааны материал ба аргазүй. Арьс цэврүүтэх аутоиммун өвчнийг оношлох дархлаа-эмгэг судлалын шалгуур үзүүлэлтийг тогтоох судалгаанд нэг агшингийн судалгааны загварыг, эмнэлзүйн явцад нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох судалгаанд өвчтөнд суурилсан, эмнэлзүйн тохиолдлын судалгааны загварыг хэрэглэв. Судалгаанд арьс, салстаар цэврүүт тууралт илрэх шинж илэрсэн 305 үйлчлүүлэгчээс АЦАӨ-ий сэжигтэй 38 эмчлүүлэгчийг сонгон хамруулав. Арьсны гэмтэлтэй 36 эмчлүүлэгчдэд арьсны эмгэг эд судлалын шинжилгээг стандарт аргын дагуу хийж эмгэг эд судлалын шинжийг тодорхойлов. Арьс болон амны салстад гарсан цэврүүнээс түрхэц бэлтгэн Гимзийн аргаар будаж акантолитик эс илэрсэн эсэхийг шалгав.
Ийлдсийн десмоглеин 1 ба 3-ийн эсрэгбие (anti-DSG1 ба anti-DSG3, MBL, USA), цэврүүт цэврүүшлийн ВР230 ба ВР180-ийн эсрэгбие (anti-BP180 ба anti-BP230, MBL, USA)-ийн агууламжийг фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-аар тодорхойлов. Эд сорьцийг дархан туяарах шинжилгээний протоколын дагуу боловсруулж оношлогооны цомог (Dako, USA) ашиглан дархан туяарах шууд ба шууд бус аргаар шинжлэв.
Судалгааны үр дүн. Эмгэг эд судлал, дархлаа судлалын арга хэрэглэн шинжилэхэд цэврүүтлийн 13 тохиолдол, үүнээс энгийн цэврүүтлийн 9 тохиолдол, навчин цэврүүтлийн 4 тохиолдол, цэврүүт цэврүүшлийн 17 тохиолдол, Дюрингийн дерматитийн 8 тохиолдол илэрсэн болно.Цэврүүтлийг оношлоход арьсны эмгэг эд судлалын шинжилгээнд (1) арьсны хөрсөн давхарт акантолизийн шалтгаант хөндий үүсэх; цэврүүний шингэний эс судлалын шинжилгээнд (2) акантолитик эс илрэх; дархлаа судлалын шинжилгээнд (3) ДТША-аар хөрсний хучуур эсүүдийн завсарт IgG/С3-ийн хуримтлал илрэх буюу/эсвэл ДТШБА-аар хучуур эсийн завсарт эргэлдэгч IgG эсрэгбиеийн хуримтлал илрэх гэсэн үзүүлэлтийг оношлогооны дархлаа-эмгэг судлалын шалгуур үзүүлэлт болгон хэрэглэхийг санал болгов. Энгийн цэврүүтлийг ялган оношлоход аnti-Dsg3 (зарим тохиолдолд Anti-Dsg1 хамт) аутоэсрэгбиеийн агууламж ихсэх ба арьсны хөрсөн давхарт үүссэн хөндий нь суурин эсүүдийн дээр байрласан байх (“булшны чулуу”-ны шинж илрэх) шинжийг, навчин цэврүүтлийг ялган оношлоход аnti-Dsg1 аутоэсрэгбиеийн агууламж ихсэх ба арьсны хөрсөн давхарт үүссэн хөндий нь эвэрлэг давхаргын доор эсвэл мөхлөгт давхаргын төвшинд байрласан байх шинжийг шалгуур үзүүлэлт болгон хэрэглэхийг санал болгов. Цэврүүт цэврүүшлийг оношлоход (1) эмгэг эд судлалын шинжилгээнд арьсны хөрсөн давхрын доор хөндий илрэх; (2) ДТША-аар суурь мембраны бүсд IgG/С3-ийн хуримтлал илрэх; (3) давсалж хуулсан арьсны (Salt split skin) хөрс талд эргэлдэгч аутоэсрэгбиеийн хуримтлал илрэх; (4) ийлдэс судлалын шинжилгээгээр anti-ВР180 ба/эсвэл anti-ВР230 аутоэсрэгбиеийн агууламж ихсэх гэсэн шинжүүдийг дархлаа-эмгэг судлалын шалгуур үзүүлэлт болгон хэрэглэхийг санал болгов. Дюрингийн дерматитийг оношлоход (1) эмгэг эд судлалын шинжилгээнд арьсны хөрсөн давхрын доор цэврүү үүсэх ба (2) ДТША-аар суурь мембраны бүсд IgА эсрэгбиеийн мөхлөгт хуримтлал илрэх шинжийг оношлогооны дархлаа-эмгэг судлалын шалгуур үзүүлэлт болгон хэрэглэхийг санал болгов. Цэврүүтэлтэй эмчлүүлэгчдэд арьсны гэмтлийн зэрэг хүнд (2-3 оноотой) байхад ийлдсийн anti-Dsg1 аутоэсрэгбиеийн агууламж их (p=
0.05) байдаг, салстын гэмтлийн зэрэг хүнд байхад ийлдсийн anti-Dsg3 аутоэсрэгбиеийн агууламж их (p=
0.036) байдаг, ийлдсийн anti-Dsg1 эсрэгбиеийн агууламж нэмэгдэхийн хэрээр арьсны голомтын эзлэх хувь нэмэгддэг (r2=
0.374), ийлдсийн anti-Dsg1 эсрэгбиеийн агууламж ба арьсны голомтын эзлэх хувь хоёр шууд дунд хамааралтай (r=
0.612, p=
0.046) болох нь тогтоогдов.
ЦЦ-тэй эмчлүүлэгчдэд арьсны гэмтлийн зэрэг хүнд байхад anti-ВР180 эсрэгбиеийн агууламж их (p=
0.001) байдаг, anti-ВР180 эсрэгбиеийн агууламж ба арьсны голомтын талбай нь хоорондоо хамааралтай (r2=
0.328), голомтын талбай anti-ВР180 эсрэгбиеийн агууламжаас шууд хамааралтай (r=
0.573; p=
0.016) байв.
Дүгнэлт
1.Дархлаа-эмгэг судлалын судалгааны арга хэрэглэн цэврүүтлийн 13 (үүнээс энгийн цэврүүтэл 9, навчин цэврүүтэл 4), цэврүүт цэврүүшлийн 17, Дюрингийн дерматитийн 8 тохиолдлын оношийг баталгаажуулав.
2.Цэврүүтэл оноштой эмчлүүлэгчдэд ийлдсийн anti-Dsg1/anti-Dsg3 эсрэгбиеийн агууламж, цэврүүт цэврүүшил оноштой эмчлүүлэгчдэд anti-ВР180 аутоэсрэгбиеийн агууламж өвчний эмнэлзүйн илрэл, явцтай хамааралтай байна.
3.Эмгэг эд судлалын шинжилгээнд хөндийн байрлалыг тогтоох, дархан туяарах шинжилгээгээр эдийн болон ийлдсийн аутоэсрэгбие илрүүлэх, ийлдэс судлалын шинжилгээгээр эргэлдэгч эсрэгбиеийн агууламжийг тодорхойлох нь арьс цэврүүтэх аутоиммун өвчнийг оношлох дархлаа-эмгэг судлалын үндсэн шалгуур үзүүлэлт болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0