Үндэслэл: Хөгжиж буй орнуудын хүүхдийн нас баралтын шалтгааны 54% нь хоол тэжээлийн хамааралт эмгэгтэй холбоотойг ДЭМБ тогтоосон. Хоол тэжээлийн хамааралт эмгэг нь хүүхдийн эрүүл мэнд, амьдрах чадамжинд сөрөг нөлөөтэй болох нь нотлогдсон бөгөөд өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Бага насны хүүхдүүдийн дундах нас баралтыг бууруулах, хоол тэжээлийн хамааралт эмгэгээс сэргийлэхэд хүүхдийг эхийн сүүгээр, нэмэгдэл хоолоор хооллохыг дэмжих; хүүхдийн хоолыг хүнсний нэмэлтээр хангах, бичил тэжээлийн интервенци; эхчүүд, эрүүл мэндийн ажилтны хүүхдийн хооллолтын талаар зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулах; олон нийт, гэр бүлийн хооллолтын байдлыг сайжруулах зэрэг нотолгоонд суурилсан интервенцийн арга хэмжээнүүд ордог. Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт дуталтай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэж байсан хэдий ч хоол тэжээлийн хамааралт эмгэгийн тархалтын чиг хандлага, хүүхдийн хооллолтын талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт болон эхчүүд, эрүүл мэндийн ажилтны мэдлэг, дадал, хандлагыг тодорхойлсон ажлууд хомс хийгдсэн байна.
Зорилго: Бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэгийн тархалт, чиг хандлагыг үндэсний хэмжээнд тогтоож, төрөөс баримталж буй бодлогын бичиг баримтыг судлан, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаарх эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эхчүүдийн мэдлэг, дадал, хандлагыг тодорхойлоход оршино. Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Агшны энэхүү судалгааг МУ- ын эдийн засгийн 4 бүсийн 21 аймаг, УБ хотыг хамруулан зохион байгуулсан. Судалгааны 125 түүврийн нэгж сонгохдоо олон шатлалт бүлгээр санамсаргүй түүвэрлэх аргыг ашигласан. Судалгаанд хамрагдах өрхийг сонгохдоо орон нутгийн засаг захиргааны нэгжээс ирүүлсэн өрхийн шинэчилсэн бүртгэлд тулгуурлан 400 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлдэг олон улсын аргачлалыг баримталсан. Судалгаанд хамрагдсан оролцогчдоос мэдээллийг асуумж, бие бялдрын хэмжилт, лабораторийн шинжилгээний аргуудыг хослуулан хэрэглэж, цуглуулсан.
Үр дүн:
2010 оны байдлаар МУ-ын тав хүртэлх насны хүүхдийн
13.8% нь өсөлт хоцролтой,
5.8% нь тураалтай,
3.2% нь илүүдэл жин, таргалалттай, 1.3% нь туранхай,
28.5% нь цус багадалттай,
32.4% нь А аминдэмийн дуталтай байна. Баруун бүс, хөдөөгийн хүүхдийн дунд тураал, өсөлт хоцролын тархалт хотынхоос 2 дахин өндөр байгааг тогтоосон.Монгол улс МХЗ 1-ийн шалгуур үзүүлэлт тав хүртэлх насны тураалтай хүүхдийн эзлэх хувийн жин 2 дахин буурч, 2015 онд хүрэх зорилтондоо хүрсэн. Гэвч үндэсний хөтөлбөр, стратегийн зарим шалгуур үзүүлэлтийн биелэлт хангалтгүй байна. Тураалтай, бага жинтэй төрсөн хүүхдийн дунд ангир уургийн амлалтын хувь доогуур үзүүлэлттэй; эхийн сүүгээр дагнан хооллолт, зохиох нас хүртлээ эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт хүүхдийн нас ахих тутам буурснаар өсөлт хоцролд илүүтэй өртсөн. Хүүхдийн нэмэгдэл хоолны нэр төрөл, давтамж баруун бүс, хөдөөгийн хүүхдийн дунд доогуур үзүүлэлт нь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байгааг тогтоосон. Эхчүүдийн
75.3% нь хүүхдийн хоол тэжээлийн талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй ба энэ нь тэдний боловсролын түвшинтэй холбоотой байгааг тогтоосон. Эхчүүдийн эхийн сүүгээр хооллолт, анхны нэмэгдэл хоолонд оруулах хугацааны талаар талаар зөв хандлагатай боловч амьдрал дээр зөв дадал болж хэвшээгүй байна. ЭМА-ын сургалтанд хамрагдсан байдал хангалттай боловч ЭМА-ын
91.4% нь хүүхдийн хооллолт талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй байна.
Судалгааны ажлын дүгнэлт
1.Тав хүртэлх насны хүүхдийн дундах хоол тэжээлийн хамааралт эмгэг тархалт сүүлийн 19 жилийн байдлаар буурсан. Гэвч баруун бүс, хөдөөгийн хүүхдийн дунд тураал, өсөлт хоцрол хотынхоос илүү тархалттай байна.
2.Мянганы хөгжлийн зорилтын гол шалгуур үзүүлэлт болох тураалтай хүүхдийн хувийн жин 2 дахин буурсан нь 2015 онд хүрэх үр дүндээ хүрсэн боловч үндэсний хөтөлбөр, стратегийн зарим үзүүлэлтийн хэрэгжилтийн байдал хангалтгүй байна.
3.Тураал, өсөлт хоцрол нь хүүхдийн хооллолт, газар зүйн байршлын үзүүлэлттэй холбоотой байна.
4.Бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаарх ЭМА болон эхчүүдийн мэдлэг,дадал, хангалтгүй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0