Ховд аймгийн ургамалжилт сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Ховд аймгийн ургамалжилтын талаар өмнө хийгдсэн судалгааны үр дүн болон өөрийн явуулсан хээрийн судалгааны материалыг ашиглаад тус аймгийн ургамалжилтын онцлогийн талаар энэхүү бүтээлд дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. 1. Ховд аймгийн ургамалжилтын субардины ангилааг хэв шинж, дэд хэв шинж, бүлэг-хэвшил, хэвшил, бүлэг-эвшил гэсэн ангилааны нэгжүүдийн хүрээнд анх удаа үйлдэв. Ангилааны нэгжүүдээр хуваан ялгахад фитоценозын болон орчин зүйн, түүхэн хөгжлийн хэмнүүрүүдийг цогц байдлаар ашиглан Ховд аймгийн ургамалжилтыг 9 хэв шинж, 15 дэд хэв шинж, 40 бүлэг хэвшилд хамаарах 101 хэвшилд хуваан ангилж болно гэж үзлээ.
2.Ургамалжилтын тархалтыг тус аймгийн газарзүйн байрлал, хотгор гүдгэр, хөрс цаг уур амьсгалын нөхцлүүдтэй холбон судалсны дүнд, ургамалжилт нь хотгортоо цагираг бүс, ууландаа өндөршлийн бүслүүр үүсгэн тархах ерөнхий зүй тогтолтой боловч дараах өвөрмөц онцлог илэрч байна. Тус аймагт ургамалжилтын бүс бүслүүрүүд нь хэт хуурай ба жинхэнэ цөлийн дэд бүс, хээржүү цөл, цөлийн хээр, цөлжүү хээр, хуурай хээрийн дэд бүс- бүслүүр, уулын хээр, өндөр уулын хүйтэнсэг хээр ба дэрт алаг өвст дэд бүслүүр, уулын хээр, өндөр уулын хүйтэнсэг хээр ба дэрт алаг өвст дэд бүслүүр, хүйтэнсэг нуга, таг, сарьдгийн (тундрын) бүслүүр гэсэн эрэмбээр гадаргын харьцах өндрөөс хамаарч ээлжлэн солигдоно. Мөн Ховд аймгийн нутагт оршдог уулс нурууны ургамалжилтын өндөршлийн бүслүүрийн тархацын зүй тогтолыг манай орны болон зэргэлдээх нутгийн уулс нурууны ургамалжилтын бүслүүр үүсгэсэн онцлогтой харьцуулан үзэхэд бүслүүрийн хэв шинжийн 5 хувилбар ялгах боломжтой, Эдгээрээс Зүүн хойт Монгол Алтайн (Алтан Хөхий), Умард Монгол Алтайн (Цамбагарав), Төв Монгол Алтайн (Хөх сэрхийн нуруу, Бүргэд хайрхан, Мөнх хайрхан),Зүүн өмнөд Монгол Алтайн (Жаргалант хайрхан, Бумбат хайрхан, Баатар хайрхан, Сутай ) хувилбарууд хуурай агь хэв шинжийн Төв Азийн бүлэг-хэв шинжид нэгддэг ба Зүүн гарын (Монгол Алтайн баруун өмнөд төгсгөлийн уулс, Байтаг Богд, Их Хавтаг уул) хувилбар нт хуурай аги-хэв шинжийн Зүүн гар-Умард Тянь-Шаны бүлэг-хэв шинжид хамаарна. Хотгорын ургамалжилтын хувьд ч манай орны бусад районоос өвөрмөц төрхтэй юм. Хар ба Хар-Ус нуурын хотгор гол төлөв баглуур-сайрын хялганат бүлгэмдэл зонхилон Сөөгөн лууль, Баг лавай оролцсон унаган бүлгэмдэл нэлээд тааралддаг бол Баруун хуурайн хотгорт Дорнодын болон Киргизийн хялган зонхилж манай орны бусад районд ургадаггүй Навчгүй баглуур, Өндөр баглуур, Танамал баглуур бүлгэмдэл үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэдгийн дээр Монгол таар, Прежвальскийн чармай, Монгол тост оролцсон унаган бүлгэмдэл тархдаг онцлогтой.Аймгийн ургамалжилтын дунд масштабын зургийг регональ типологийн зарчмыг үндэслэн зохиож, зургийн таниурт зураглагдаж буй нэгжүүдийн бүс, бүслүүр/ дэд бүс, дэд бүслүүр/-ийн хамаарал газарзүйн болон хөрс гадаргын хувилбаруудыг ялгаж өглөө.