Судалгааны зорилго:
Энэхүү судалгааны ажил нь шатахуун, хийн түлш зэрэг уурших, нэвчих, тэсрэх дэлбэрэх болон галын аюултай, байгаль экологит хор хөнөөлтэй газрын тосны бүтээгдэхүүнүүдийг газрын дор цэвдэг хурдаст агуулах онол-арга зүйн үндэслэлийг боловсруулах улмаар манай оронд энэ чиглэлээр анх удаа агуулах барих боломжит хүчин чадал, байршил, технологийн сонголт, эдийн засаг, экологи, найдвартай ажиллагааны харьцуулалтыг хийх явдал байв.
Судалгааны ажлын зорилтууд:
Тавигдсан зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн, судлан шийдвэрлэсэн болно. Үүнд:
1. Эх орны газрын тосны бүтээгдэхүүн, ШХТ-ний эрэлт-хэрэгцээ, нийлүүлэлт-хангамж, нөөцлөх шаардлагатай хэмжээг судлан тогтоох, цаашдын өөрчлөлт, өсөлтийг таамаглах
2. Өөрийн орны цэвдэг хурдсын тархалтыг судлаж, оновчтой байршил, үзүүлэлт бүхий газарт шатахуун, ШХТ-ний нөөцлөн хадгалах агуулах байгуулж, ашиглах боломжийг судлан тогтоох
3. Цэвдэг хурдаст хадгалах явцад шатахуун, ШХТ-ний чанарт гарч болзошгүй өөрчлөлтийг судлан тогтоох, чанарын үзүүлэлтүүд, цаг хугацааны харилцан хамаарлын математик загварыг боловсруулах
4. Газрын дор цэвдэг хурдаст байрлах агуулахын ашиглалтын үзүүлэлтүүд, технологийн сонголтыг хийж, санал дэвшүүлэх
5. Судалгааны үр дүнд түшиглэн газрын доорхи байгалийн цэвдэг болон хөлдөөсөн хөрсөнд шатахуун, ШХТ-ний агуулах барих БНбД-ийн төслийг боловсруулж, батлуулахаар санал болгон дэвшүүлэх зэрэг болно
Судалгааны арга:
Уг судалгааг явуулахад мэдээлэл боловсруулж бодит байдалтай харьцуулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, лабораторийн судалгааны үр дүнд дүгнэлт хийх, математик статистикийн загварчлал гаргах зэрэг судалгааны орчин үеийн дэвшилтэт, арга аргачлалыг ашигласан болно.
Судалгааны шинэлэг тал:
Ууршимтгай, үнэ өртөг өндөр, алдагдах хорогдох магадлал ихтэй, орчинд алдагдвал хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөтэй тэсрэх дэлбэрэх аюултай газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хийг газар дор далд, ууршилт, нэвчилт, алдагдал бага гарах боломжтой онол-арга зүйг боловсруулсан явдал болно.
Хамгаалалтанд дэвшүүлэх зүйлүүд:
• Ууршимтгай бүтээгдэхүүний хадгалалтын өнөөгийн байдалд хийсэн судалгааны дүн, боловсруулалт, цаашдын төлвийн таамаглал
• Физик-математикийн суурь онолуудыг үндэслэн гаргасан ууршимтгай бүтээгдэхүүнийг цэвдэг хурдаст хадгалах дулаан солилцоо, дамжуулалтын тооцоо, үндэслэл
• Өөрийн орны цэвдэг хурдсын тархалт, үзүүлэлтүүдийн мэдээлэл, дэд бүтэц, эдийн засгийн тооцоо, судалгаанд тулгуурлан гаргасан газрын дор цэвдэг хурдаст байгуулах ууршимтгай бүтээгдэхүүн хадгалах агуулахын оновчтой байршил, үзүүлэлтүүдийн өгөгдлүүд, санал болгож буй бүдүүвч
• Газрын дор цэвдэг хурдаст ууршимтгай бүтээгдэхүүн хадгалах агуулах байгуулахад тавигдах шаардлагуудын боловсруулалт, санал болгож буй БНбД-ийн төсөл, ашиглалтын технологийн горим зэрэг болно
Судалгааны ажлын практик ач холбогдол:
1. Ихээхэн хэмжээний шингэрүүлсэн хий, газрын тосны хөнгөн бүтээгдэхүүн нөөцлөн хадгалах савыг барьж байгуулах техник-технологийн өгөгдөл, шийдэл гарна
2. Газрын доорхи агуулахыг барих БНбД-ийн төсөл боловсруулсан
3. Газрын доор ба дээрхи агуулахын хөрөнгө оруулалтын харьцуулалт хийгдсэн
Ерөнхий дүгнэлт:
1. Манай орны шатахууны хэрэглээ, түүний дотор ШХТ-ний хэрэглээ өсч 2020 он гэхэд 180000 тоннд хүрэх магадлалтай. ШХТ-ний хэрэглээ илүү өсөх нь хот суурин газрын агаарын бохирдлыг багасгах шаардлагаас үндэслэн гарч байна.
2. ШХТ-ний хэрэглээ өсч байгаа тул дотооддоо ШХТ-ний үйлдвэрлэл байхгүй өнөөгийн нөхцөлд наад зах нь 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хийг нөөцлөх шаардлагатай.
3. 2015-2020 оны түвшинд хий нөөцлөх агуулахын хэмжээ 40000м3 байх наад захын шаардлага байна.
4. Том хэмжээний агуулахыг газрын доор байгуулахад манай орны цэвдэг хурдасыг ашиглах нь техник эдийн засгийн хувьд ашигтай хувилбар болно.
5. Манай орны цэвдэг судлалын байдлыг харгалзан судлагдсан байдал, дэд бүтэц, үндсэн хэрэглэгчдээ ойр байдлыг харгалзан эхний ээлжинд Налайхын районд 16000 м3 багтаамжтай шуудуу хэлбэрийн агуулах, 32000 м3 багтаамжтай 25-45 м гүнд орших гүний агуулах барих нь зүйтэй
6. Дэлхийн дулааралтай холбогдон цэвдэг хурдасын гэсэлт түргэсэж байгаа болон манай орны цэвдгийн хэмийг харгалзан газрын доорхи агуулахыг нэмэлтээр хөргөж агуулахын ханын хэмийг - 30С аас дээшгүй байлгах , бат бэх чанарыг хангах санал дэвшүүлж байна.
7. Газрын доорхи агуулахыг барих манайд тохирох технологийн ерөнхий бүдүүвчийг гаргав
8. Бусад орны туршлагаас үзэхэд газрын доорхи агуулахын метал зарцуулалт 5 дахин бага, нэгж эзэлхүүнд ноогдох хөрөнгө оруулалт бага, ашиглалтын зардал бага, байгаль орчинд хортой нөлөөгүй зэрэг ач холбогдолтой.
9. Уг агуулахыг барих БНбД-ийн төслийг боловсруулав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0