Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын арилжааны телевизүүдийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3739
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : арилжааны телевиз, монгол телевиз, телевизийн хөгжил, бүтээл, чиг хандлага

Аннотаци

“Халуун нь яваад хүйтэн нь ирнэ” гэж Канад улсын судлаач, онолч Маршалл Маклюен “Хэвлэл мэдээллийг ойлгох нь” номондоо бичжээ. Тухайн үед техник, технологийн боломж хязгаарлагдмал байсан учраас хүмүүс хар цагаан дэлгэцээр бүдэг, жирэлзэн анивчих дүрсийг үзэхдээ мэдээллийг орхигдуулахгүйн тулд маш их анхаарал төвлөрүүлэх шаардлагатай байв. Телевизээр гарч буй мэдээлэл хүний унших, сонсох, үзэх мэдрэхүйд зэрэгцэн тулгуурлаж, олон талыг багтаахыг зорьдгоос асуудлыг нухацтай бус өнгөц гаргадаг. Ийм дүрсийг бүрэн ойлгохын тулд үзэгч хичээж “идэвхтэй” оролцох шаардлагатай болдог учраас телевиз хүйтэн юм гэжээ. Харин хүлээн авагчдад гүнзгий бүрэн мэдээлэл өгдөг учраас тогтмол хэвлэл халуун юм. Гэхдээ телевизийн дүрс өгүүлэмжтэй, үнэмшилтэй, цаашилбал энэ онцлогоороо дамжуулж олон нийтэд нөлөөлөн, нийгэмд шинэ эмх журам, шинэ соёл үүсгэнэ гэж М.Маклюен тодорхойлсон байдаг.
Хагас зууны өмнөх энэ төсөөлөл телевизийн ирээдүйг зөгнөсөн үг байлаа. Дуу авиаг дамжуулах аргыг нээснээр радио бий болсонтой адил дүрсийг орон зайд түгээдэг техник хэрэгсэл зохион бүтээснээр телевиз үүссэн түүхтэй юм. Телевиз хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтэрснээр оюун санаа, хандлага, зан араншин, амьдралын хэв маягт нь нөлөөлж, нийгмийн нийтлэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд өвөрмөц шинж чанараараа дамжуулан чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Тиймээс телевизийн салбарын үйл ажиллагаа, хөгжил аливаа улс орны бодлогын түвшинд авч үздэг асуудлын нэг билээ.
Телевизийг технологийн хөгжил, төрөл бүрийн үйл ажиллагааг дамжуулагч, бизнес эсвэл урлагийн нэг төрөл гэх зэргээр зөвхөн аль нэг талыг нь давамгайлан авч үзэх нь учир дутагдалтай юм. Үзэгч юу хүсч байна түүнийг сэтгүүл зүйн үүрэг, нийгмийн түгээмэл үнэт зүйлсийн хүрээнд бүтээх нь үндсэн онцлогийг илэрхийлнэ. Энэ гол “цөм”-ийг дээрх олон талт ойлголтууд тойрч, хамсан телевизийн талаарх цогц ойлголтыг бүрдүүлдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмчийн ямар ч хэлбэрт байсан энэ зорилго, үүргээсээ ухрах учиргүй. Арилжааны телевиз гэхээр үнэн худал нь мэдэгдэхгүй, батлагдаагүй шуугиант мэдээлэл цацдаг, дуу хөгжим, киноноос өөр үзэх зүйлгүй хэмээн “шар” өнгөөр тодорхойлон, мөнгөө төлсөн бол хэн нь юугаа ч гаргаж болдог дэлгэц гэж тайлбарлах нь өрөөсгөл юм. Сонирхолтой, үр ашигтай мэдээлэл агуулсан бүтээлийг олон нийтэд хүргэсний дараа л бизнесийн байгууллагын үйл ажиллагаа яригдана.
XX зууны хамгийн хүчирхэг мэдээллийн хэрэгсэл телевиз мэдээллийн нийгмийн шинэ зуунд “ноёрхогчийн” байр сууриа цахим сэтгүүл зүйд алдах хандлагатай байна. Гэхдээ энэ нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ор мөргүй алга болно гэсэн үг биш билээ. Телевиз интернетийн давамгайлалд дарагдах бус харин зарим талаараа нэгдэн нийлж шинэ хэлбэрийг бий болгох, мөн хэрэгслийн онцлогтоо тулгуурлан үзэгчдийг татсан төрөл бүрийн бүтээлийн сан үүсгэн хөгжлийн дараагийн шат руугаа орж байна.
Сэдвийг судлах үндэслэл. 1967 оны есдүгээр сарын 27-нд “Монгол” телевиз албан ёсоор эфирээ цацсанаар манай улсад уламжлалт ОНМХ-ийн систем бүрэлдэн тогтсон юм. Анх телевиз байгуулахдаа ЗХУ-ын жишгийг харгалзан техник, хүний нөөц, бүтээлийн сонголтуудыг хийж байв. “Авторитари зохицуулалтын ерөнхий зарчим нь радио, телевиз хуучин мэдээллийн хэрэгслүүдийн нэгэн адил төр засгийн эрх ашгийг хамгаалж, төрийн улс төр, соёлын зорилтуудыг биелүүлэхэд туслах үүрэгтэй” гэсэн тухайн нийгмийн онцлог Монгол телевизийн бодлогын үндсэн чиг баримжаа болж байлаа.
Радио телевизийн улсын хороо, Радио телевизийн хэрэг эрхлэх газар зэрэг эрх бүхий байгууллагууд 1967-1992 оныг хүртэл өргөн нэвтрүүлгийн бодлогыг төрийн бодлогын хүрээнд зангидан, хөтөлбөрт хяналт тавьж байв. Нэг намын тогтолцоот нийгэмд мөрдөгдөж ирсэн энэ зарчим Монголын телевизийн түүхэн хөгжлийн эхэн үеийг тодорхойлно. Энэ хүртэлх Монгол телевизийн түүх, хөгжил, үйл ажиллагаа, цаашлаад завсрын үе, арилжааны телевизүүд анх байгуулагдаж эхэлж байсан талаар нилээд сайн судалсан ажлууд байна. Үүнээс хойш телевизийн талаар хийсэн төрөл бүрийн судалгаа бий боловч арилжааны телевизүүдийн онцлог, мөн чанар, бүтээлийн хэв маяг, цөөхөн жилийг хамруулах боловч түүхэн хөгжил, цаашдын хандлагыг нь тодорхойлох олон талын цогц судалгааны ажлын хэрэгцээ шаардлага байсаар байна.
Монгол телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслийн системийг бүрдүүлэгч байсан хэдий ч өөрөө бие даасан, олон бүрэлдэхүүнт хэсэгтэй салбар болж төлөвшихөд 30 орчим жилийг зарцуулсан. 1990-ээд оны ардчиллын үйл явц ОНМХ-ийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлэн, түүхэн үйл явдлын онцлог, нийгмийн захиалга, хэрэгцээ шаардлагаас улбаалж анхны хувийн телевизүүд байгуулагдсан билээ. Энэ нь яваандаа телевизийн бие даасан салбар бүрэлдэн тогтох эхлэл болсон юм. Шинээр байгуулагдсан телевизүүдийг дагаад хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, телевиз бол олон ургальч байдлын илэрхийлэл, зугаацуулах хэрэгсэл, бизнесийн нэг төрөл юм байна гэсэн шинэ ойлголтууд бий болов.
Гэхдээ цөөн хэдэн жилийн дотор олноор байгуулагдсан арилжааны телевизүүд мэдээллийн их урсгал, технологийн шинэчлэлүүдэд барьц алдаж, нэгдсэн бодлого чиглэлгүй олон жил явлаа.Үзэгчдийг татахын тулд Олон нийтийн телевиз шиг бүх төрлийн бүтээл хийх ёстой юу, улсын телевиз шиг санхүүжүүлэгч талын үзэл суртлын хэрэгсэл, нам, хүчний мэдээлэгч хэлбэрээр ажиллах уу, эсвэл бизнесийн байгууллага учраас шууд хөрөнгө оруулалт авчрах бүтээлийн хэлбэрийг сонгох уу гээд олон салаа замын дунд төөрч, будилсан байдал илт байгаа юм. Телевиз өмчийн ямар ч хэлбэрт байсан сэтгүүл зүйн үүргээ умартах ёсгүй билээ. Гэтэл өөрийн өмчийг хэрхэн захиран зарцуулах нь эзний мэдэх хэрэг гэсэн байдал яваандаа үүсч, нийгэмд шууд тусгалаа олдог телевизийн бүтээлийн агуулга нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, мэргэжлийн түвшний зааг хэмжээ алдагдан, засаглалыг хянах үүрэг гээгдэж улс төрчдийн “дуу хоолой” болох, үйл ажиллагааны доголдол, буруу зохион байгуулалтаас болж олноор дампуурах хүртэл таагүй үзэгдлүүд ажиглагдаж байна. “Монгол Улс 1990-ээд оноос 2011 оныг хүртэл 20-иод жилийг “онгорхой хар нүхтэй” –тэй буюу өргөн нэвтрүүлэгт нийтийн эрх ашиг, хүүхдийг хамгаалах, нийгмийн сэтгэл зүй, улс үндэстний эрх ашгийг дэмжин хамгаалах, үндэсний бүтээлийг дэмжих нэгдсэн бодлого, ямар ч зохицуулалтгүй явж иржээ.” Энэ бол бодлогын түвшинд судлаач, мэргэжилтнүүдийн хэлэлцэж ярих ёстой асуудал мөн.
2011 онд “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” батлагдсанаар дэлгэцээр юуг хэзээ гаргах, гаргаж болохгүй талаар журамтай болсон нь нэг талаар сайшаалтай. Гэхдээ энэ бол зөвхөн чиглүүлэгч, бодлогын талаас нь ерөнхийлсөн баримжаа өгч байгаа асуудал юм. Цаана нь яригдаагүй, шийдэгдээгүй телевизийн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ур чадвар, редакцийн үйл ажиллагаа зэрэг нарийн түвэгтэй олон асуудал хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд Монголд арилжааны телевизүүдийн хөгжил, чиг хандлагын талаар салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгааны компаниуд оролцсон чуулган зургаан удаа болсон. Үзэгчид ямар нэвтрүүлэг сонгон үзэж байгааг судалгааны компаниуд, боловсруулсан хууль журмаа төрийн байгууллагууд танилцуулж, телевизүүд учирч буй бэрхшээл, санхүүгийн асуудлаа ярилцаж байгаа боловч ерөнхийдөө нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн шинжтэй, нэгдсэн шийдэлд хүрэх нь ховор, тус бүрийн дутагдлыг ярилцсаар, гадаад хүчин зүйлийг хайж, нэг цэгтээ эргэлдсээр өнгөрч байна. Ингэж салбарын асуудлаар хэлэлцүүлгүүд явагдаж, тулгарч буй асуудлыг гарган тавьж байгаа нь сайшаалтай боловч ихэнхдээ технологи, хууль эрх зүй, хаанаас хэрхэн санхүүжилт олох талаас нь авч үзэн телевизийн сэтгүүлчийн үйл ажиллагаа, сэтгүүл зүйн мэдээллийг орхигдууллаа.
Телевиз олон салаа замын уулзварт огтлолцдог өвөрмөц салбар. Гэхдээ ОНМХ болохын хувьд сэтгүүл зүйн үүргүүдийг хангаж, үндэсний эрх ашиг, нийгмийн нийтлэг үнэт зүйлсийг сахиж, хамгаалах ёстой. Олон талын уулзварын огтлолцлын цөм болсон энэ асуудлыг судлах судалгааны ажил хийгдээгүй байна.
Судалгааны зорилго, зорилт. Монголын арилжааны телевизүүдийн өнөөгийн нөхцөл байдал, онцлогийг олон талт байдал сэтгүүл зүй, нийгмийн харилцаа, технологи, бизнесийн талаас судалж, үнэлэлт дүгнэлт өгөн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, үүгээр арилжааны телевизийн үйл ажиллагааны мөн чанар олон нийтэд хүрч үйлчлэх хэрэгслийн гол зорилготой хэрхэн уялдаж болох, телевиз интернэтэд уусч үгүй болох бус харин шинэ хэлбэрээр хөгжих боломжтой гэдгийг энэхүү судалгааны ажлаар харуулахад оршино. Судалгааны ажлын зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ.
Телевизийн мөн чанар, онцлогийг тодорхойлж, арилжааны телевизийн хэлбэр болон агуулгын ялгааг авч үзэх
Монголын арилжааны телевиз үүссэн нөхцөл, шалтгаан, хөгжлийн явц, онцлогийг тодорхойлох.
Арилжааны телевизүүдийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, гадна дотны хүчин зүйлийн нөлөө бүхий ололттой болон дутагдалтай талыг судлах
Телевизийн бүтээлийн өнөөгийн байдал, ололт, дутагдлыг тодорхойлох
Тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарцын талаар онол, практикийн үндэслэлтэй шийдлийг боловсруулах
Арилжааны телевизүүдийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохыг зорьсон болно.
Судлах зүйл, эх хэрэглэгдэхүүн: Монголын хувийн хэвшлийн телевизүүдийн үүсэл, түүхийн ерөнхий дүр зургийг гаргаж, хөгжлийн янз бүрийн түвшинд гарсан өөрчлөлтийг тодруулахын тулд 1990-ээд оноос үүсэн бий болсон анхны чөлөөт сувгуудаас өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй арилжааны телевизүүдэд тулгуурлан судалгаа хийлээ. Ингэхдээ өргөн нэвтрүүлгийн болон суваг телевиз гэж ангилан, түүхэн үйл явц, редакцийн дотоод үйл ажиллагаа, бүтээлийн, хөтөлбөрийн төрөл зүйлийг судалсан болно.
Телевизүүдийн бүтээлийн судалгаа хийхдээ агуулга болон хэлбэрээр нь задалж түүврийн аргаар сонгон задаргаа хийв. Тухайлбал, сэтгүүлчийн ур чадвар, мэдээллийн хүртээмжийг судлахын тулд өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийг бүтэц, зохиомж, сэдэв, агуулгаар нь задалж эх хэрэглэгдэхүүн болгон 30 дугаар, ток шоу нэвтрүүлгийн 45 дугаарт ажиллав. Хараат байдал, нэвтрүүлгийн арилжааны болон сэтгүүл зүйн мэдээллийн тэнцвэрт байдлыг тогтоохын тулд 22 телевизийн оргил цаг, түүн дотор чансаа тогтоох судалгаагаар тэргүүлсэн таван телевизийн хөтөлбөрт бүтцийн судалгаа хийлээ. Мөн редакцийн бүтэц, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа, цалин хөлс, зар сурталчилгаа зэрэг асуудлаар судалгаа хийв.
Судалгааны арга зүй: Сэдвийг судлахдаа нийгмийн хариуцлагын онол, олон нийтийн харилцааны сонгодог онолыг үндэс болгов. Судалгааны ажлын эхний хэсэг түүх, онолын асуудалд баримт бичгийн, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргыг хэрэглэлээ. Телевизүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдал, хөгжил, агуулга түүний төрөл зүйл, чиг хандлагыг түүхчлэн үзэх, ажиглалт, тоон болон чанарын судалгаа, түүхэн ба логикийн арга, харьцуулан судлах арга ашиглаж, ярилцлага, фокус бүлгийн уулзалт хийсэн болно.
Судалгааны шинэлэг тал. Энэхүү судалгааны ажил нь Монголын арилжааны телевизүүд үүсэх урьдач нөхцөл, байгуулагдсан онцлог, төлөвшлийн явцыг судлаачдын өмнөх ажилд үндэслэн, мөн өөрийн ажиглалт, дүгнэлт судалгаанд тулгуурлан эрэмбэлж түүхэн он цагийн дарааллыг бий болгохыг зорьсон.
Арилжааны телевизүүдийн тогтвортой, зохистой үйл ажиллагаа явуулахад нөлөөлөх гадаад болон дотоод хүчин зүйлсийг судалж, олон талт байдлыг харгалзаж үзэн, сайжруулах арга замыг санал болгосон.
Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон талт гарцыг бүтээлийн агуулга, хэлбэрт тулгуурлан олохыг оролдож, хүлээн авагчдад хүрэх мэдээллийн үр нөлөөг сэтгүүл зүйн талаас, бүтээлийн агуулгын задаргаанд судалгаа хийснээр тодорхойлохыг зорьсон.
Арилжааны телевиз зөвхөн технологи, эсвэл мөнгө биш. Энэ бол юуны түрүүнд сэтгүүл зүй байх ёстой гэдгийг батлахыг гол зорилго болгов.
Телевиз ямар ч тохиолдолд өөрийн өвөрмөц шинжийг агуулж оршсоор байх болно. Гагцхүү үүний тулд интернеттэй нягт уялдаа холбоотой байж шинэ арга замуудын тусламжтайгаар хөгжлийн цаашдын хандлагаа тодорхойлох ёстой, энэ арга замуудыг санал болгосон.
Бүтээлд суурилсан арилжааны телевизийн хөгжлийн чиг хандлагын талаар шинэ санаа, санал дэвшүүлсэн болно.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол. Монголын арилжааны телевизүүдийг дагнан судалж үүсэл, хөгжил, орчин үеийн өөрчлөлт, шинэчлэл, чиг хандлагыг тодорхойлохыг зорьсон анхны нэгдсэн судалгааны ажил юм. Олон мэдээ, баримт, тайлбар, ярилцлагыг судалгааны эргэлтэнд оруулснаараа ач холбогдолтой болж байна.
Арилжааны телевиз шинээр байгуулахыг зорьсон хүмүүс, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид чиглэлээ тодорхойлж, үзэгчдийг татах давуу талуудаа бий болгох, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, харьцуулан үзэхэд эх хэрэглэгдэхүүн болох боломжтой юм. Мөн телевизийн салбарыг судалдаг, энэ чиглэлээр суралцаж буй хүмүүс мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр ашиглаж болох санал, дүгнэлт боловсруулсанд уг ажлын практик ач холбогдол оршино.
Судалгааны ажлын бүтэц: Судалгааны ажил удиртгал, гурван бүлэг, найман дэд хэсэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 327
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :