1990 оноос хойш Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг нийгмийн болон оюун санааны салбарт бүхэлдээ өөрчлөлт шинэчлэл хийгдэж байна.
Нийгмийн өөрчлөлт хувьслыг эн тэргүүнд тусгагч нь хэл байдаг. Үүнийг өөрөөр тайлбарлавал, нийгмийн үйл явц, хувьслын нөлөө хэлэнд тусч үгийн санг баяжуулж байдаг юм. Ийнхүү тухайн үедээ үгийн санг баяжуулж буй ухагдахууныг хэл шинжлэлийн үүднээс “шинэ үг” хэмээн томьёолж судалдаг. Хэлний хөгжлийн үр дүнг хамгийн хурдан тусгадаг үгийн санд шинэ үүсэх нь аль ч цаг үед байдаг түгээмэл үзэгдэл юм. Хэлэнд орж ирсэн шинэ үг цаг үеэ дагасан өвөрмөц онцлогтой байдаг агаад 90-ээд оноос хойш монгол хэлнээ орж ирсэн шинэ үгийн дийлэнх нь нийгмийн хөгжлийн олон талт онцлогийг тусган голлон англи хэлээр дамжиж орж ирж буйгаараа онцлогтой байна.
Иймээс бид монгол хэлэнд 1990-ээд оноос хойш орсон шинэ үгийг бизнесийн салбараар жишээлэн авч нийгэм хэл шинжлэлийн үүднээс судлан шинэ үгийн судалгаанд өөрийн хувь нэмрээ бага боловч оруулахыг эрмэлзэн “Шинэ үгийг нийгэм хэлшинжлэлийн үүднээс судлах нь” хэмээх нэг сэдэвт зохиолыг бичив.
Шинэ үг олноор үүсэх нь дан ганц хэл шинжлэлийн бус нийгмийн хүчин зүйлтэй холбоотой бөгөөд эдгээр шинэ үг хэллэг эх хэлний нийгмийн харилцаанд тодорхой үүрэг гүйцэтгэж, үгийн санг баяжуулж байгаа билээ.
Бид шинэ үгийн судалгааг нийгэм хэлшинжлэлийн аргаар хийсэн тул орчин үеийн хэлшинжлэлийн онол, үгийн сангийн судлалд өөрийн хувь нэмрийг оруулна. Түүнээс гадна гадаад хэлнээс орсон шинэ үгийн судалгаа нь тэдгээрийг хэрхэн зөв бичих, дуудах зүйн асуудлыг хөндсөнөөрөө судлаач, багш нарт гарын авлага болох боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0