Судалгааны ажлын үндэслэл
Дани улсын Копенгаген хотод 2003 онд болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), Дэлхийн Анагаах Ухааны Боловсролын Холбоо (ДАУБХ)-ны хамтарсан хурлаас анагаах ухааны боловсролын гол зорилго нь хүн ардын эрүүл мэндийг сайжруулах явдал юм гэж тодорхойлсон. ДАУБХ-оос гаргасан олон улсын стандарт нь анагаах ухааны боловсрол олгодог дэлхийн бүх байгууллагуудыг нэгэн жигд стандартаар хангах явдал бөгөөд тус холбооноос анагаах ухааны боловсрол эзэмшүүлэх сургалтын глобал стандартыг анагаахын суурь мэдлэг олгох буюу төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах, тасралтгүй сургалтын түвшинд тус тусад нь боловсруулан гаргаж, улс орнуудад зөвлөмж болгосон байна.
Манай орны хувьд төгсөлтийн дараах мэргэжүүлэх сургалтанд 1993 оноос эхлэн улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн нийгэмлэг холбоод, эмнэлгүүд оролцох болсноор сургалтын шинэ нөхцөл бий болсон гэж үзэж болно. Дээрх байдлаас шалтгаалан эдгээр байгууллагуудын мөрдөж буй сургалтын хөтөлбөрийг нэгдсэн нэг шалгуураар үнэлэх хэрэгцээ шаардлага бий болсон.
Төгсөлтийн дараах сургалт нь эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэдгийн хувьд өвөрмөц сургалт юм. Сургалтын чанар, үр дүнг сайжруулахын тулд цөм хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлага бий болсон. Мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрийн үнэлгээ болон сургалтын талаар хийгдсэн судалгаа хомс байна. Олон улсын түвшинд хөрвөх чадвартай эмч, мэргэжилтэн бэлтгэх шаардлагатайн улмаас хөтөлбөрийг олон улсын тэр тусмаа Ази Номхон далайн бүсийн түвшинд ойртуулах шаардлага бий болсон.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд 2003 оноос эхлэн цогц чадамжид суурилсан сургалт руу шилжсэн.Бид үндэсний хэмжээнд төгсөлтийн дараах сургалтын цөм хөтөлбөртэй байж олон улсын түвшинд ойртож очих, улмаар хамтран ажиллах боломжтой болно. Иймээс бид ЭМШУИС-ийн МДИ-д 2004 оноос хэрэгжиж эхэлсэн дотор, мэс засал, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд гэсэн дөрвөн мэргэжлийг сонгон мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрт үнэлгээ өгөн цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор энэхүү сэдвийг сонгон авч судаллаа.
Судалгааны ажлын зорилго:
ЭМШУИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтэд хэрэгжиж байгаа төгсөлтийн дараах дотор, мэс засал, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд гэсэн дөрвөн мэргэжлийн мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийн, өндөр хөгжилтэй орнуудын мэргэжүүлэх сургалтын хөтөлбөртэй харьцуулан судалж өөрийн оронд тохирсон загварыг боловсруулах
Судалгааны ажлын зорилт:
1. ЭМШУИС-ийн МДИ-д хэрэгжиж байгаа төгсөлтийн дараах дотор, мэс засал, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд гэсэн дөрвөн мэргэжлийн мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийх
2. Өндөр хөгжилтэй орны төгсөлтийн дараах дотор, мэс засал, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд гэсэн үндсэн дөрвөн мэргэжлийн мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрийг өөрийн орны үндсэн дөрвөн мэргэжлийн мэргэжүүлэх сургалтын хөтөлбөртэй харьцуулан судлах
3. Монгол улсад хэрэгжүүлэх мэргэжүүлэх сургалтын оновчтой жишиг загварыг боловсруулан тодорхойлох
Судалгааны материал арга зүй
Судалгааг десктриптив загвараар нэг агшингийн тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд нийт 240 резидент, 276 удирдлагын багийнхан (чанарын менежер, тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга), сургалт удирдсан 83 багш эмч нар оролцлоо.
Судалгааны ажлын үр дүнгийн хүснэгт, дүрслэлийг Microsoft office-2007 иж бүрдэл, статистик боловсруулалтыг SPSS-17, STATA программуудыг ашиглан гүйцэтгэж хувь болон дундаж утгыг статистик магадлал бүхий ялгааг 95 хувийн итгэх хязгаараар баталгаажуулсан болно.
Судалгааны ажлын дүгнэлт
1. Мэргэжигч эмч нарт зориулагдсан эмнэлзүйн ажилбаруудыг бие даан хийж, гүйцэтгэх боломж, суралцах нөхцөл түүнийг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлж төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох хэрэгтэй байна.
2. Дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс заслын мэргэжүүлэх сургалт нь агуулгын багтаамж бага, арга зүйн хувьд багш төвтэй, өвчинд суурилсан, үнэлгээний хувьд мэдлэг, чадвар, хандлагыг цогцоор нь үнэлэх боломж хязгаарлагдмал байгааг үндэслэн сургалтын энэхүү уламжлалт аргаас асуудлыг шийдвэрлэх чадвартай, суралцагч төвтэй, цогц чадамжид суурилсан сургалт болгон өөрчлөн, шинэчлэх шаардлагатай байна.
Дадлагажигч эмчид зориулагдсан ажлын байран дээр суралцах сургалтын бүтэц, зохион байгуулалт бүхий шинэчлэн боловсруулсан загвар нь мэргэжүүлэх сургалтын суурь сургалт болж өгсөнөөр төгсөлтийн дараах сургалтыг хууль эрх зүйн хүрээнд явуулж олон улсын түвшинд хүргэн хөгжүүлэх үндэслэл болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0