Монгол орны нөхцөлд вирусгүй төмсний анхан шатны үр үржүүлгийг боловсронгуй болгож, үрийн булцууны чанарыг сайжруулах судалгааны 1990-2012 онд гүйцэтгэсэн ажлыг үндэслэн дараахь дүгнэлтийг хийж байна. Үүнд:
1. Элитийн талбарт таригдсан төмсний иш навч хагдралт тарилтаас хойш 26, цухуйлтаас хойш 12 хоногоор тус тус богиноссон нь үржүүлгийн жил уртсахыг даган өвчний халдварлалт нэмэгдэж, иш навч эрт хагдарч, ургалтын хугацаа богиносож улмаар ургац буурдгийг харуулж байна.
2. Төмсний иш навчны мөөгөнцөр, бактери болон вирусын өвчлөл нь үр үржүүлгийн эхний жилүүдэд
21.5-
23.3 % байснаа үржүүлгийн 3-4 дэх жилүүдэд 41,4-49,3 % болж 19,9- 26,0 %-иар нэмэгдэж байгаа нь иш навчны өвчлөл үржүүлгийн жил уртсахыг даган нэмэгддэг болохыг харуулж байна. Харин нийт өвчний тархалт хэвийн жилүүдэд 29,7-46,4 %, гандуу жилүүдэд 16,8-44,4 %, өөрөөр хэлбэл хэвийн жилүүдэд иш навчны өвчлөлт гандуу жилүүдээс 2,0-12,9 хувиар их байна.
3. Төмсний булцууны нийт өвчлөл үр үржүүлгийн эхний жилүүдэд 12,7-14,1 % байсан бөгөөд үржүүлгийн жил уртсахыг даган элитийн талбарт 32,1-39,9 % болж 19,4-25,8 %-иар нэмэгдэж байна. Цаг уурын хувьд хэвийн жилүүдэд булцууны өвчлөл өндөр байдаг ерөнхий хандлага ажиглагдсан ба хар цахлай өвчний тархалт хэвийн жилүүдэд гандуу жилүүдээс 1,5 %-иар, фитофтор өвчний тархалт 3,3 %-иар тус тус бодитойгоор их байна.
4. Төмсний анхан шатны үр үржүүлгийн талбайн ургацын үзүүлэлтүүд нь тухайн жилийн цаг уурын нөхцлөөс хүчтэй хамаарч хэвийн жилүүдэд гандуу жилүүдээс 2 дахин илүү байна. Харин үр үржүүлгийн жил уртсахыг даган ургац дунджаар 29 хувиар буурч байна.
5. Төмсний үр үржүүлгийн жил уртсахыг даган хадгалалтын үеийн өвчлөл болон нийт хорогдлын хэмжээ нэмэгдэж, ялангуяа эртийн болцтой сортуудын хадгалалтын нийт хорогдол оройн болцтой сортуудаас 25 хувиар илүү байна.
6. Ургалтын хугацаанд фунгицидийн давтамжийг нэмэгдүүлэх замаар иш навчны болон булцууны өвчлөлийг бууруулж улмаар үрийн булцууны нэмэгдэл ургацаас 1 төгрөг тутамд 5 төгрөг 90 мөнгө хүртэл хэмжэээний ашиг олох боломжтой нь харагдаж байна.
7. Биотехнологийн аргаар вирусгүй бичил булцуу үйлдвэрлэн G-2 схемийг нэвтрүүлснээр төмсний элит үр үйлдвэрлэх хугацааг 2 жил болгон богиносгож өвчлөлийг 10,8-19,0 %-иар бууруулах боломжтой.
Зөвлөмж:
1. Үр үржүүлгийн жил уртсах тусам өвчний халдварлалт нэмэгдэж, үрийн булцууны чанар муудаж байгаа тул жилд үйлдвэрлэх бэсрэг булцууны хэмжээг нэмэгдүүлж, вирусгүй төмсний анхан шатны үр үржүүлгийн жилийг богиносгон 2 жилийн схемээр элит үр үйлдвэрлэх хурдавчилсан аргыг үйлдвэрлэлд дэс дараатай нэвтрүүлэхийг зөвлөж байна.
2. Вирусгүй төмсний элит үр нь өвчлөлтгүй, эрүүл, чанартай байх шаардлагатай тул анхан шатны үр үржүүлгийн талбайд өвчний эсрэг урьдчилан сэргийлэх зорилгоор ургалтын хугацаанд гадаад болон системийн үйлчилгээтэй фунгицидийг цацах давтамжийг нэмэгдүүлж 4-5 удаа цацахыг зөвхөн элит болон баталгаат үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй үр үржүүлэгч аж ахуйн нэгж болон ЭШБ-уудад хэрэглэхийг зөвлөмж болгож байна.