Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нь /Баруун бүсийн жишээн дээр /



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2708
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Санхүүжилт, удирдлага, загвар, маягт, гарц

Аннотаци

1.Бүсчилсэн хөгжил нь аливаа улс үндэстний хөгжлийн тулгуур үндэс болдог бөгөөд үүний цаад учир шалтгааныг хөдөлмөрийн хуваарь, хөрөнгө капиталын урсгал хөдөлгөөний дотоод агуулга, бүтцээс олж тогтоох ёстой. Харин энэ учир шалтгааныг тодорхойлохдоо судлаачид харилцан адилгүй өнцгөөс хандаж байдаг нь онолын хэд хэдэн хандлага, урсгал чиглэл гарах арга зүйн үндэс болж байна. Орчин үед бүсчилсэн хөгжлийн онолын урсгалуудаас Экспортын суурь онол, Бүс нутгийн хөгжлийн шинэ сонгодог онол, Хөгжлийн туйл /төв/-ын онол, “Шинэ эдийн засгийн газар зүйн” онол, Бүс нутгийн инноваци (Innovation)-ийн шинэ үзэл баримтлал зэрэг чиглэлүүдийг практикт илүүтэй ашиглаж байна. Манай судлаачид ч эдгээр үзэл онолд тулгуурлаж бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх эхлэл тавьсан гэж дүгнэх үндэстэй. Үүнийг бүсчилсэн хөгжлийн талаар төр засгаас гаргасан эрх зүйн актууд, үзэл баримтлал, хөтөлбөрүүдийн үндэслэлээс ч харж болно. Хэдийгээр эдгээр онолд бүс нутгийн хөрөнгө оруулалтын асуудлыг тусгайлан боловсруулж оруулаагүй боловч хэрэг дээрээ түүнийг шийдвэрлэх онол-арга зүйн үзэл зарчмыг тодорхойлсон гэж үзэж болно.

2.Бүсчилсэн хөгжил нь улс үндэстэн, бүс нутгийн хөгжлийн түвшингээс хамаарахгүй өндөр хөгжилтэй эдийн засгийн ч зүй тогтол гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ буурай хөгжилтэй, шилжилтийн эдийн засагтай орнууд, бүс нутагт бүсчилсэн хөгжлийн зохих онцлогтой загварыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага гардаг боловч нийтлэг үндсийг заавал бүрдүүлэх нь чухал байна. Энэ утгаараа онцлог нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ эрх зүй, удирдлага, зохицуулалт, бодлогоос эхлээд бүсчилсэн хөгжлийг хангахад шаардлагатай нийтлэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Монгол орныг бүсчилэн хөгжүүлэх асуудлыг судалгаа боловсруулалтын төдийгүй бодлогын түвшинд шийдвэрлэх ажлыг олон жилийн турш хийсээр ирлээ. Өнгөрсөн зууны 30-аад оноос эхлэн аж үйлдвэрийн салбаруудыг анх байгуулсан үеэс бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж салбарын бүтэц бүхий эдийн засаг, аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон байна. Өнөөгийн бүсчилсэн хөгжил ч энэ бүтцийг агуулсаар байгааг шинэ үзэл баримтлалыг боловсруулахдаа анхаарсан бөгөөд бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтаар түүнийг дэмжих стратеги, бодлогыг хэрэгжүүлэхэд зохих байр суурь эзлэж байна.

3.Бүсийн хөрөнгө оруулалтын судалгаанд математик загваруудыг ашиглах талаар судалгаа боловсруулалтын ажил манай оронд ч нилээд хийгдэж байгаа боловч энд арга зүй, аргачлалын талаас нь сайжруулж баруун бүсийн нөхцөлд буулгаж хэрэглэх талаар цаашид анхаарах шаардлагатай байна. Горилогч дифференциал тэгшитгэлийн аппарат ашиглан шинжилгээ хийх зарим загварыг хэрэглэж гадаад хүчин зүйл (жишээлбэл, хөрөнгө оруулалтын динамик) болон дотоод шинж чанарын (өөрийн өртөг, фонд өгөмж г.м.) нөлөөллийг харуулах үүрэгтэй хувьсагчдыг агуулсан дифференциал тэгшитгэлүүдийн тусламжтайгаар асуудлыг судлах, өөрөөр хэлбэл гаргасан шийдвэрийн үр дагаварыг харьцангуй удаан хугацаанд ажиглаж, дүгнэлт хийх, улмаар үйлдвэрлэлийн хөгжлийн динамик ихэвчлэн шугаман бус шинж чанартай байдаг тул түүнийг тусгасан загвараар Баруун бүсийн хөрөнгө оруулалтын судалгааг хийх шаардлагатай.

4.Судалгааны эхний шатанд бүсийн бодит үйлдвэрлэл нь капитал, хөдөлмөр зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлээс хэрхэн байгааг үнэлэх нь зүйтэй. Баруун бүсийн капиталын хэмжээ нэг пунктээр өсөхөд бодит үйлдвэрлэлийн хэмжээ
2.74 пунктээр буурч байна. Энэ нь баруун бүсийн эдийн засаг хөдөө аж ахуйгаас ихээхэн хамааралтай бөгөөд ашиглагдаж буй үйлдвэрлэлийн хэрэгсэл болох тоног төхөөрөмж нь өгөөж муутай, удаан хугацаагаар ашиглагдсан зэрэгтэй холбоотой. Харин хөдөлмөрийн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө нэлээд өндөр байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийг нэгжээр нэмэгдүүлэхэд ДНБ-ий хэмжээ
9.08 нэгжээр нэмэгдэж байна.

5.Бүтцийн өөрчлөлтийг шалгадаг CUSUM шалгуурыг ашиглаж судалгаа хийхэд 5%-ийн нарийвчлалын түвшинд бүтцийн өөрчлөлт байхгүй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, DUMMY хувьсагч оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Үнэлгээгээр гаргасан үр дүнгийн талаархи мэдээлэл хэвийн тархалттай байх нөхцлийг Жаркью-Верагийн шалгуураар шалгахад 71 хувийн магадлалтайгаар хэвийн тархана гэсэн үр дүн гарч байна. Мөн үлдэгдэл санамсаргүй хэмжигдэхүүний статистик үзүүлэлтээс харахад Жаркью-Верагийн шалгуур JB=
0.67 байна. Энэ утгыг Хи-квадрат тархалтын чөлөөний зэрэг нь d.f=3, =
0.05 зөвшөөрөгдөх квантилийн утгын гэсэн утгатай харьцуулахад бага байгаа тул үлдэгдэл хэвийн тархалттай гэсэн таамаглалыг хүлээн зөвшөөрч болно.

6.Улс орны байгал цаг уур, нөөц бололцооноос эхлээд хөгжлийн стратеги, үзэл баримтлалын онцлогоос хамаарч бүсчилсэн хөгжлийн аль хүчин зүйлс, бүрэлдэхүүн, чиглэлд анхаарах вэ гэдгээс болж онолын өөр өөр урсгал чиглэл гарч байна. Бидний бодлоор нэг бүс нутагт тэдгээрийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүй. Харин бүсчилэн хөгжүүлэхдээ аль чиглэлийг баримтлахаас хамаарч түүнд нийцсэн онолын урсгал чиглэлийг сонгоно. Гэхдээ нэгийг сонгож бүс нутгийг хөгжүүлэх бодлого боловсруулах боловч түүнийхээ хүрээнд бусад онолын элементүүдээс ашиглаж болно гэж үзэж байна. Ялангуяа энэ нь инновацийн үзэл баримтлалтай илүү холбоотой. Бүс нутгийг хөгжүүлэх аль ч онолыг сонгосон түүнд инновацийг ашиглах бүрэн боломжтой. Энэ санааг цаашид бүсчилсэн хөгжлийн онолыг харьцуулж үзэх, практик, бодлогыг үндэслэхдээ анхаарах нь зүйтэй.

7.Бүсчилсэн хөгжлийн үндэс нь хөрөнгө оруулалт байдаг болохоор энэ үүднээс бүс нутгийн хөрөнгө оруулалтын асуудлыг судлаж боловсруулах нь зайлшгүй юм. Тэгээд ч хөрөнгө оруулалтын хүрээ хязгаар, бүтэц, чиглэл болон хувьсал өөрчлөлт, урсгал хөдөлгөөн зэргээс бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, ирээдүй шууд хамаардаг тул асуудлыг ийм суурь үндэс, харилцаа холбоонд нь судалж тайлбарлах нь онол-арга зүйн хувьд зөв хандлага юм. Бүс нутгийн хөгжлийг хөрөнгө оруулалтаар хангахад төрөл бүрийн парк болон чөлөөт бүс зэрэг бүсчилсэн хөгжлийн орчин үеийн хэлбэрүүдийг ашиглах шаардлагатай. Тэгэхдээ эдгээр асуудлыг судалгаа боловсруулалтын төдийгүй бодлогын түвшинд шийдвэрлэх эхлэл тавигдсан боловч практик дээр бүрэн шийдвэрлэж чадаагүй өнөөг хүрсэний учир шалтгааныг сайтар тодруулж үзэх нь чухал байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд бүсчилсэн хөгжилд оролцох учиртай бүх түвшний субъектүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, ашиг сонирхолын нэгдлийг хангах удирдлага, зохицуулалтын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

8.Бүсчилсэн хөгжилтэйгөө уялдуулан бүсийн бие даасан байдал, эрх зүйн орчин, нутаг дэвсгэрийн болон засаг захиргааны хуваарь, эдийн засгийн бүтцэд суурилан боловсронгуй болгох шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байгаа бөгөөд бодлого, төлөвлөлт, зохион байгуулалтын ач холбогдлыг бүсийн хэмжээнд авч үзэхдээ зарим бодлогын хэрэгжилтийн үр дүн аймаг бүрт адил биш байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүс нутгийн хөгжлийн асуудал нь дан ганц төр засаг, орон нутгийн засаг захиргаа, удирдлага, эсвэл, тухайн бүсэд ажиллаж, амьдарч байгаа аж ахуй, иргэдийн асуудал биш юм. Иймээс төр засаг, засаг захиргаа, хувийн хэвшил, ард иргэдийг нэгдсэн үзэл баримтлал, хөгжлийн гарцын нэг цэгт зангидах хэрэгтэй байна. Одоогоор төр нь засаг захиргаа, хувийн хэвшил, ард иргэддээ найдсан, харин засаг захиргаа, хувийн хэвшил, ард иргэд нь төр засгаа харсан, хүлээсэн байдалтай байна. Нэг талаас төр засаг нь бүс нутгийг бодитойгоор дэмжих үзэл баримтлалтай, нөгөө талаас бүс нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж өөрөө өөрийгөө удирдан санхүүжүүлэх эрмэлзлэлтэй байх нь чухал юм. Судалгаанаас харахад сүүлийн 6 жилд 2008 оныг эс тооцвол төсвийн хөрөнгө оруулалт тогтмол өсч ирсэн байна. Харин гадаадын төсөл хөтөлбөрөөр хийгдсэн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна. Хувийн хөрөнгө оруулалтад банкны зээлийн хөрөнгө оруулалт давамгайлсаар байна. Хэдийгээр төсвийн хөрөнгө оруулалт давамгайлж байгаа боловч хувийн хөрөнгө оруулалт хурдац удаантай хэдий ч өсөх хандлага ажиглагдаж байна.

9.Хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлсоны үндсэн дээр хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтэнд дараалал тогтоох хэрэгтэй. Өнөөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт ирээдүйн өсөлтийг тооцолгүйгээр жигд тараах хэлбэрээр хийгдэж байна. Иймээс бүсийн аймгуудад бодит өсөлтийг хангаж хүрэлцэхгүй хэмжээний санхүүжилт хийх бус хугацааны цуваа тогтоон бодлоготойгоор, ээлж дараатайгаар томоохон цогц хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх шаардлага зүй ёсоор тавигдаад байна. Бүсчилсэн хөгжлийн хувьд хөрөнгө, санхүүгийн нөөцийн ашиглалт хангалтгүй, хөрөнгө оруулалтад зах зээлийн өнөө үетэйгээ нийцсэн агуулгаар хандаж чадахгүй байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг хангах үйл явц хүний хүчин зүйлээс ихээхэн хамааралтай болохоор хүмүүн капиталд хийх хөрөнгө оруулалтыг орхигдуулж болохгүй бөгөөд баруун бүсэд үүнд чиглэсэн хөрөнгө оруулалт тун хангалтгүй байгаа юм. Судалгаанас үзэхэд баруун бүсийн хөрөнгө оруулалт гадны шокийн нөлөөнөөс маш их хамааралтай байна. Эдийн засаг сэргэж буй үед огцом өсөлттэй байхад эдийн засаг уналттай байгаа мөчлөгт өсөлтийн хандлага тогтвортой байна. Харин хөрөнгө оруулалтын өсөлт удаашрах үед тус бүсийн бүтээмжийн өсөлтийн хурд бараг тогтмол, хөрөнгө оруулалт өссөн үед бүтээмжийн өсөлт хурдсах хандлагатай байна. Урт хугацаанд эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлийн нэг болох бүтээмжийг дээшлүүлэхгүйгээр бүс нутгийг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хөрөнгө оруулалт үр ашиг буурах болно.

10.Бүс нутгийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахын тулд хөрөнгө оруулалтын нэгдсэн судалгаа, нэгтгэл, үр ашиг тооцоолол тогтмол хийдэг системийг бий болгох; бүсийн хөрөнгө оруулалтыг удирдах боловсон хүчний оновчтой тогтолцоог бүрдүүлж, сайжруулах; бүсийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн хяналтын болон хариуцлагын тогтолцоог сайжруулах асуудлыг онцгой анхаарах шаардлагатай гэж байгаа юм. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцож, цаашдын хандлагыг тодорхойлоход сайтар хийгдсэн судалгаа шинжилгээ ихээхэн ач холбогдолтой нь тодорхой. Гэтэл Монгол Улсад хөрөнгө оруулалтын \бүх эх үүсвэрийн хүрээнд\ нэгдсэн судалгаа, нэгтгэл, үр ашгийн тогтмол тооцоолол зэрэг нь өнөөг хүртэл иж бүрнээр хийгдэхгүй байна. Энэ байдал нь хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулах, түүний үр дүнгүй, ач холбогдолгүй байх нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй ирээдүйн ямар ч төлөвлөлт хийх, хөгжлийн чиглэл, хөрөнгө оруулалтын бодит үр ашигтай төсөвлөлт хийх боломжгүй болгож байна. Иймээс энэхүү судалгааны ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүдийн нэгтгэлийн маягтыг боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн нь дэмжигдэж, хэрэгжилтийн шатандаа ороод байна.

11.Бүс нутгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл нь хөрөнгө оруулалтын ямар загварыг сонгож хэрэгжүүлэхээс эхлээд түүний үр ашгийг дээшлүүлэх гээд өргөн цар хүрээтэй асуудлыг багтаана. Хөрөнгө оруулалтын шинэчлэл, түүний үр ашгийг дээшлүүлэх асуудлыг төрийн бодлогын ба бүс нутгийн гэсэн хоёр түвшинд авч үзэх зүйтэй. Хэдийгээр олон нийтлэг суваг сэжмээр холбогдсон байдаг ч гэсэн эдгээр түвшний зааг ялгааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, төр засгийн зүгээс бүс нутгийн хөгжлийг хөрөнгө оруулалтаар дэмжих арга хэрэгсэл, зохицуулалт нь бүс нутгийн түвшнээс ихээхэн ялгаатай. Тогтолцооны үүднээс хандвал эхний ээлжинд дараах үндсэн гурван тогтолцоог оновчтой зөв хэлбэрээр бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй. Үүнд: Бүсийн хөрөнгө оруулалтыг удирдах боловсон хүчний тогтолцоог бүрдүүлж, сайжруулах, Хөрөнгө оруулалтын нэгдсэн судалгаа, нэгтгэл, үр ашиг тооцоолол тогтмол хийдэг системийг бий болгох, Бүсийн удирдлагын хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг болно.

12.Бүс нутгийн хөгжлийг хөрөнгө оруулалтаар дэмжих чиглэлийн хүрээнд судалж боловсруулах асуудлын нэг бол бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин үеийн хэлбэрүүд юм. Эдгээрийн дотроос төрөл бүрийн парк, чөлөөт бүсийн асуудлыг судалгаа боловсруулалт төдийгүй бодлого, хэрэгжүүлэлтийн түвшинд тодорхой хэмжээгээр шийдвэрлэх эхлэл тавигдсан гэж үзэж байна. Парк, чөлөөт бүс байгуулах замаар бүсийн хөгжлийг хөрөнгө оруулалтаар дэмжих стратеги ирээдүйтэй гэж үзэж байна. Цаашлаад бүс нутгийн хөгжлийг хөрөнгө оруулалтаар дэмжихдээ орчин үеийн хэлбэрүүдийг ашиглах, тэр дотроос кластерийг хөгжүүлэх асуудлыг тусгайлан боловсруулах шаардлагатай байна. Кластерийн асуудлыг өндөр хөгжилтэй орнуудад ихээхэн анхаарч судалж байгаа боловч бидний бодлоор манай нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж ойлгож байна. Учир нь, парк болон чөлөөт бүсийг бодвол кластер нь нэг тодорхой үйлдвэрлэлд хөрөнгө хүч, анхаарлаа төвлөрүүлж түүнийг тойруулж бүх холбогдох үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлдэг давуу талтай. Үүнтэй холбогдоод бүс нутгий хөгжлийн хөтөлбөрийн арга зүйг эргэж харах нь зүйтэй санагдана. Өнөөг хүртэл хөгжлийн хөтөлбөрийг бүсийн хэмжээнд биш аймаг эсвэл бүсийн тулгуур төвүүдийн хүрээгээр хязгаарлаж боловсруулж ирсэн арга зүйг өөрчилж шинэчлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүс нутгийг нийтэд нь хамарсан хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах арга зүйг ашиглах нь чухал болж байна. Тэгвэл аль нэг аймагт илүүтэй байгаа хөрөнгө хүч, байгалийн баялаг, давуу талд тулгуурлаж хөтөлбөр боловсруулах боловч түүнд бүс нутгийг бүхэлд нь хамруулах чиг баримжааг хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь, Увс аймагт Жимс, жимсгэний үйлдвэрлэл, судалгаа хөгжлийн хөтөлбөр боловсруулахдаа түүнийг дагаж бусад аймагт энэ чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг яаж хөгжүүлэх вэ гэдгийг цогцоор нь шийдвэрлэнэ гэсэн үг юм. Энэ загвараар бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах арга зүйг шинэчлэх нь бүс нутгийн хөгжлийг хөрөнгө оруулалтаар дэмжих, тэнд аж үйлдвэрийг хөгжүүлэх ирээдүйтэй чиглэл болно гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 250
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :