Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гуравдугаарт “ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН” хэсэгт “ Монголын онцлогтой, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг Монгол эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил хөдөлмөр хийх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй Монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт байх болно” гэж заасан байна.Үүний үндсэн дээр
боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны тэргүүлэх 4 чиглэлийн дагуу 1. Сурагч, оюутан, багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэл хийх,
2. Боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Орчин үеийн нийгмийн хөгжил нь өөртөө болон өөрийн эзэмшсэн мэргэжлийн ур чадвартаа итгэх итгэлтэй, хариуцлага хүлээх чадвартай, ирээдүйд бүрэн дүүрэн итгэх чадварыг суралцагсаддаа олгодог боловсролын шинэ системийг шаардаж байна [7]. Энэхүү асуудлыг шийдэх арга замын нэг нь мэргэжилтэн бэлтгэх бүхий л шатанд орчин үеийн сургалтын дэвшилтэт бүтээлч арга, технологийг хэрэглэх явдал юм.
Энэхүү сэдвийг судлах үндэслэл нь их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх, ялангуяа багш нарын багшлахуйг сайжруулах, орчин үед олон оронд хэрэглэгдэж байгаа сургалтыг идэвхижүүлэх арга барилуудыг өргөн ашиглаж, оюутнуудыг өөрөө мэдлэг бүтээх арга барилд сургах, мэдлэгийг бүтээлчээр эзэмших, эзэмшсэн мэдлэг чадвараа амьдралд хэрэгжүүлэх чадамжтай, хувь заяандаа эзэн болж чаддаг бүтээлч мэргэжилтэн бэлтгэх асуудал хангалтгүй байгаатай холбоотойгоор олон улсын стандартад нийцсэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтын арга хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна.
Үүнтэй холбогдуулан горилогч 2002-2013 онуудад дараах 3 үе шатаар судалгааны ажлаа хийсэн юм. Үүнд:
I үе шат (2002-2009он). Гадаад, дотоодын их, дээд сургуулийн профессор багш нарын сургалтандаа хэрэглэж буй дэвшилтэт арга зүй технологийг судлах,
II үе шат (2010-2013 он). Сургалтын кейс аргыг сэтгэл судлалын хичээлд хэрэглэх сурган хүмүүжүүлэх туршилт судалгаа явуулах ( 2010-2011, 2011-2012, 2012-2013 оны хичээлийн жилд).
III үе шат. Энэхүү туршилт судалгааныхаа үр дүнг дүгнэж судалгааны бүтээл туурвих.
Судалгааны зорилго.
Сургалтад кейс арга хэрэглэх хэрэгцээ, нөхцөл, боломжийг судлан сэтгэл судлалын хичээлд кейс аргын хэрэглээг оновчлох туршилт судалгаа хийж, үр дүнг тооцоход судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны зорилт.
oБагш нарын багшлахуйд зарим дүн шинжилгээ хийх;
oСургалтад кейс аргын хэрэгцээ, хэрэглэх боломжийг тандан судлах;
oКейс аргын хэрэглээг оновчлох туршилт явуулах;
oСургалтад кейс аргыг хэрэглэсний үр дүнд SWOT шинжилгээ хийж, зөвлөмж гаргах
Судлах зүйл.
Сэтгэл судлалын хичээлд кейс аргыг хэрэглэж буй байдал.
Судалгааны арга. Диссертацийн ажлын зорилгыг шийдвэрлэхэд:
•Харьцуулсан судалгаа
•Түүвэр судалгаа
•Фокус бүлгийн ярилцлага
•Ажиглалт
•Ганцаарчилсан ярилцлага
•SWOT шинжилгээ
•Математик статистикийн арга
Судалгааны ажлын шинэлэг тал.
•Их, дээд сургуулийн сургалтад кейс аргыг хэрэглэх хэрэглээг оновчлох арга замыг туршилтаар баталсан
•Кейсийн аргыг хэрэглэсэн туршилтын үр дүнгийн боловсруулалтад хүчин зүйлсийн шинжилгээ корреляцийн аргыг хэрэглэсэн
•Кейс аргыг сэтгэл судлалын хичээлд хэрэглэх туршилт судалгаа явуулж үр дүнд SWOT шинжилгээ хийсэн.
Онол, практикийн ач холбогдол.
•Их, дээд сургуулийн сургалтад кейс аргыг хэрэглэхтэй холбогдуулан арга зүйн зөвлөмж гаргасан
•Кейс аргаар оюутны сурах үйл явцыг үнэлэх үнэлгээний системийн боловсронгуй болгох
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0