Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улс дахь Хаант Оросын санхүүгийн зөвлөх түшмэлийн үйл ажиллагаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2851
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : С.А.Козин, зээл, тогтмол орлого, тогтмол зарлага, цельков, түрээс

Аннотаци

XIX зууны сүүл ХХ зууны эхэн үед нэг талаас Хаант Оросын Монгол орны талаарх геополитикийн болон эдийн засгийн ашиг сонирхол өссөн, нөгөө талаас халх монголчууд хүч нөлөө нь суларсан манж Чин гүрнээс салан тусгаарлаж, төр улсынхаа тусгаар тогтнолыг байлдан олж авах үйл хэрэгтээ Орос улсыг өмөг түшгээ болгон сонгосон явдал нь тус хоёр орны аль алины эрх ашигт нийцсэн хэрэг байжээ. Хаант Оросын бодлого бол их гүрний нөлөөнийхөө хүрээг хадгалах шинжтэй, харин Монголын төр умард хөрш рүүгээ хандсан явдал нь олон улсын харилцаанд тогтсон хуулийг үндэс болгож аливаа төр улс оршин тогтнох тусламж хүсч Хаант Орос улстай бие даасан төр улсын ёсоор найрсаг сайнаар харилцан туслалцаж хөгжихийг хүссэн бодлогын илэрхийлэл байлаа.
Хаант Орос Монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, гагцхүү Дундад иргэн улсын харьяаны автономит эрхийг хүлээн зөвшөөрөхийн сацуу гэрээ хэлцэл байгуулж Монгол дахь оросын иргэдэд онцгой давуу байдал, зарим хөнгөлөлт үзүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэхэд гол анхаарал нь чиглэгдэж байв. Чингэхдээ Монгол улсыг гаднын хүчирхэг улс орнуудаас хамгаалах хариуцлагатай хэцүү үүргийг өөрийн засгийн газарт ноогдуулалгүй, гагцхүү Монголын газар нутгийг улс төр ба стратегийн жийргэвч бүс болгож, Монголоос эдийн засгийн ашиг олж байх бодлогыг анхнаасаа эхлэн баримталсан байна. Энэ үүднээс санхүүгийн зөвлөх түшмэл илгээж, тус улсын нийгмийн амьдралын бүхий л хүрээг тагнан туршиж, мэдээлэл засгийн газартаа дамжуулж байх механизмыг буй болгож чадсан юм. Үүний бодит жишээ бол Монголын засгийн газрын дэргэд зөвлөх түшмэлийн алба байгуулагдсан явдал мөн.
Ар Монгол дахь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалт монголчуудын хөгжилд цоо шинэ эрин үеийг нээжээ. Монгол улсын засгийн газар төр улсаа төвхнүүлэхийн төлөө, ялангуяа эдийн засаг, санхүү аж ахуйгаа хөгжүүлж улс шиг улс болохын төлөө үлэмжхэн хүчин чармайлт гаргаж байжээ. Улсынхаа санг бүрдүүлэхийн тулд бүхий л дотоод нөөц бололцоогоо дайчилж нилээд зүйлийг хийсэн боловч мөнгө санхүүгийн гачигдалтай байдлаас болж Хаант Орос улсаас удаа дараа зээл авахад хүрч байсан юм. Хаант Оросын засгийн газар ч хатуухан болзолтой зээл олгож, түүнийхээ эргэн төлөгдөх нөхцөлд анхаарал, хүчин чармайлт тавьж байсны нэгэн илрэл нь Монголын засгийн газарт зөвлөх түшмэл С.А.Козинг илгээсэн явдал байв. Зөвлөх түшмэл илгээх асуудлыг анх Хаант Орос улс сэдсэн бөгөөд 1912 онд Монголын засгийн газар Оросоос 2 сая рублийн зээл хүсэхэд Оросын тал санхүүгийн зөвлөх аваач гэсэн саналыг тавихад монголын тал татгалзсан юм. Төдөлгүй 1913 онд Оросоос дахин 3 сая рублийн зээл хүсэхэд уг зээлийг олгох асуудлыг дагалдуулан санхүүгийн зөвлөх илгээх шаардлагыг тулгажээ. Хэдийгээр тийнхүү харь орны зөвлөх авах асуудал дээр анхандаа Монгол улсын засгийн газар татгалзаж байсан ч хэрэг явдлын өрнөлт нь санхүүгийн зөвлөх авахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байна. Эл үед Монголын хил хягаар нэн түгшүүртэй болж мөнгө санхүүгийн хувьд төрийн данс “улайссан” учраас арга буюу Оросын шаардлагыг хүлээн авсан байна.
Зөвлөх түшмэл илгээх асуудлаар хоёр улсын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсангүй, харин Монгол улсын ерөнхий сайд Т.Намнансүрэн С.А. Козин хэмээх хувь хүнтэй гэрээ байгуулжээ. Анхлан санхүүгийн зөвлөх гэж илгээгдсэн С.А.Козин нь “Монгол улсын засгийн газрын зөвлөх түшмэл” гэсэн том нэртэйгээр хүрэлцэн ирж тус орны эдийн засгийн аливаа хэргийг зохион байгуулах ба улсын хөрөнгийг арвижуулах хэрэгт зөвлөх түшмэл болохоос гадна улсын хэргийг шинэтгэн засах дүрэм журмыг зохиох үүрэгтэй байхын зэрэгцээ Хаант Оросоос зээлсэн мөнгөний зарцуулалтанд хяналт тавих мөн зарим талаар тэдгээр мөнгийг захиран зарцуулах эрхтэй нэгэн байжээ.
Монголчууд төрийн тусгаар тогтнолоо байлдан олж авах үйл хэрэгтээ Хаант Орос улсыг өмөг түшгээ болгон сонгосон нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Хаант Орос нь энэ байдлыг ашиглан Ар Монголд өөрийнхөө нөлөөг улам бататгаж өргөтгөх, тус орны нийгмийн амьдралын бараг бүхий л салбарт хараа хяналтаа тавих боломжийг зөвлөх түшмэлээр дамжуулан олж авчээ. Үүнийг нотлох баримт бол тухайн үедээ нууц гэсэн ангилалтай байсан өдгөө нууцлалын хугацаа нь дуусч нийтэд нээлттэй болсон ОХУ-ын Архивын баримтууд юм. Эдгээр баримтуудыг ашиглах боломжтой болсон явдал Хаант Оросоос илгээсэн С.А.Козин болон түүний хөдөө аж ахуй хариуцсан зөвлөх барон Витте нарын Монголын засгийн газарт зөвлөх түшмэлээр хэрхэн ажилласныг бүх талаас нь судлах боломж олгосон юм.
Монголд ажиллаж байсан орос зөвлөхийн үүрэг нилээд өвөрмөц байв. Тэрээр Нийслэл Хүрээн дэх Оросын Ерөнхий консулаас нууцаар удирдамж авахын зэрэгцээгээр, хэрэг дээрээ Монголын Засгийн газрын зааврын дагуу ажиллаж буй бие даасан этгээд мэтээр харагдаж, монголчуудын итгэл найдварыг олж авах ёстой байв. Зөвлөх түшмэлийн үйл ажиллагааны улс төрийн талыг авч үзвэл түүнд удирдамжийг Гадаад хэргийн яам нь өгч, санхүү болон засаг захиргааны үйл ажиллагаа нь сангийн яаманд хамаарагдаж байжээ. Монгол дахь томилолт нь дуусахад тэрээр эх орондоо эргэн очоод Дотоод яамандаа ажиллах гэрээг хийсэн байна.
Зөвлөх түшмэлийн бүхий л үйл ажиллагааны тайлан, мэдээлэл болон түүний ажил төрлийн талаарх консулын мэдээлэл зэрэг баримтууд өдгөө Оросын архивуудад хадгалагдаж байгаа. Тэдгээр баримтууд болон өөрийн орны архивын баримтуудыг үндэс болгож Орос улсаас Монгол улсын сангийн хэргийг зөвлөх түшмэлээр ирсэн С.А.Козиноос 1913 оны 12 сарын 25-нд гэрээ бичиг хэлэлцэн тогтоосноос эхлэн зөвлөхийн алба татан буугдсан Олноо Өргөгдсөний 7 дугаар оны цагаан сар хүртэл үйлдсэн албаны хэргүүдийг үр дүнг нэгтгэн дүгнэвээс зөвлөх түшмэлийн хийж гүйцэтгэсэн нэр бүхий арван найман ажил болон төлөвлөн бэлтгэсэн боловч хэрэгжүүлж амжаагүй таван ажил нь Монголын талд ихээхэн ач тустай зүйл байсан хэдий ч маш их хэмжээний мөнгө зарцуулж, тэдгээрээс гарсан үр дүн нь чамлахуйц бага байгаад хэргийн гол нь оршино.
Гэхдээ энд бид зөвхөн зарцуулсан мөнгө, улсад орсон орлогыг баримтлан үнэлэлт дүгнэлт өгөх нь бас учир дутагдалтай. Тиймээс түүний ажлын эерэг дэвшилттэй талыг онцлон тэмдэглэх нь зүйд нийцнэ.
Улс орны эдийн засгийн амьдралтай холбоотой арван дүрэм боловсруулан хэрэгжүүлж эхэлсний үр дүнд Олноо өргөгдсөний анхны жилүүдээс гаалиас олох орлого 1/4 хувьтай байсан бол 1915 он гэхэд улсын орлогын 2/3 хувийг гаалиас хураах болж гааль, албан татварын бодлогыг нилээд цэгцэлжээ. Монгол орныг судлах хоёр удаагийн экспедиц зохион байгуулан шинээр орлого оруулж болохуйц эх сурвалжуудыг тогтоосон нь чухал зүйл байлаа. Харин дээрх шинжилгээний ангиудын цуглуулсан олон баримт сурвалжуудын хуулбарыг ОХУ-ын архивуудаас авч Монголдоо авчирвал ХХ зууны эхний арван жилийн тус орны нийгэм-эдийн засаг, соёлын хөгжлийн түүхийг судлахад нэн чухал сурвалжууд учир монголын түүх судлалд ихээхэн тустай хэрэг болно.
Улсын орлого, зарлагыг тооцоолж, төсвийг зохиох ажлыг цэгцлэн явуулсан нь ихээхэн дэвшилтэд үйл хэрэг байжээ. Гэхдээ эл асуудлыг зөвхөн Сангийн яамны хэмжээнд хэрэгжүүлж буй нь учир дутагдалтай байв. Яваандаа аливаа чуулган, аймаг, хошуу, сум, баг, шавь, отгуудад орох орлого, зарах зарлагыг тус бүр төсөвлөж, хошууны төсөвлөснийг чуулганы газар хянаж, чуулган аймгуудын төсөвлөснийг улсын яаманд хянах зэргээр цөмийг хавсруулж орлогыг зарах зарлагад хүрэлцэхээр улсын төсөвлөх дансанд төвлөрүүлж засгийн газар хянан Богд хаанд айлтган батлуулаад, гадаад олон улсын журмаар хууль болгон явуулбаас зохимой хэмээн зөвлөсөн нь тухайн үеийн дэлхийн тэргүүний хөгжилтэй орнуудын жишгээр тогтоохыг зөвлөсөн хэрэг байжээ. Улмаар улсын орлого зарлагын дансыг цэгцлэн эрхлэх хэргийг Улсын орлого зарлагыг хянан байцаах газар байгуулж, түүнд эрхлүүлэх хэрэгтэйг дурьдсан байна. Хэрвээ гэнэт дайн болох буюу ардад гамшиг тохиолдож сүйдэх зэргийн дансанд ороогүй чухал зарлага гаргах хэрэг тохиолдвоос олноос алба нэмж хураах буюу бусдаас мөнгө зээлдэж болох юм гэж бас заажээ. Мөн Улсын орлого зарлагыг төсөвлөн баталсан данс ба мөн дансыг дагуулж явуулсны сүүлд үнэхээр орсон зарсан зэргийг тодорхойлсон дансуудыг гадаад улсууд тусгай дэвтэр ба сонин бичигт гаргаж хүн бүрт улсын сангийн мөнгөн хөрөнгөний байдлыг олон нийтийн сонорт хүргэдэг ёс байдгийн тухай монголчуудад мэдээлж, цаад утгаараа Монголын засгийн газар ч ингэх нь зүйтэй гэсэн санааг илтгэжээ. Засгийн газар өөрийн эрх үүргийн хүрээнд зарим нэгэн бие даан эцсийн шийдвэр гаргах болсон нэгэн жишээ бол энэ улсын төсөв зохиох, орлого зарлагаа тооцоолсон зэрэгт Богд хааны таалал заавал шаардлагагүй, харин ерөнхий сайд дангаараа хянан шийдвэр гаргах болсон явдал байв.
Тус улсын үл хөдлөх байгалийн хөрөнгийг хэрхэн бүртгэн авах, түүнээс түрээс хураан орлого олох ажлыг үүсгэн санаачлан, эл хэргийг эрхлэн явуулах “Улсын хөрөнгийг эрхлэн захирах газрыг” байгуулж, улмаар хэд хэдэн салбар хороо байгуулан ой мод, хадлан бэлчээрийн зэрэг газар дэлхийн элдэв түрээс хураах явдлыг эрхлэн явуулах болсон нь улсын орлогыг нэмэгдүүлэх нэгэн чухал ажил хэрэг болсон байна.
Зөвлөх түшмэлийн үйл ажиллагаа нь засгийн хэргийг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг төсөвлөх нэгэн үүрэгтэй байсныхаа хувьд тэр үеийн Монголын нийгэмд зайлшгүй шаардлагатай байсан институтыг байгуулах талаар тодорхой саналуудыг дэвшүүлжээ. Эл үед Улсын Дээд, Доод хуралд зөвлөх түшмэлийн албанаас боловсруулсан саналуудыг хэлэлцүүлж байсан хэд хэдэн баримт хадгалагдан үлджээ. Улсын хурал нь Засгийн газарт зөвлөх эрхтэй, доороос гарч ирсэн саналыг Доод танхимаараа хэлэлцээд Дээд танхимдаа оруулж тэндээс төрийн яамдууд руу санал илгээж хэлэлцэн, санал нэгдвээс Богд хаанд өргөн барьж батлуулдаг журамтай байсныг учир дутагдалтай байна хэмээн үзсэн байна. Иймд засгийг сайжруулах хэргийг зөвлөлдөх хурал шинээр байгуулж шинэ дүрэм журмын эх зохиож, засгийн газар өргөж хууль батлуулж ажиллах ёстойг өөрөөр хэлбэл хууль санаачлах эрх бүхий хурал байгуулах, мөн элдэв албыг Сэргийлэх газар байгуулж, тогтсон хууль дүрэм зэргийг зөрчүүлэхгүйгээр бүх монгол хүмүүсээр мөрдүүлэх, бас улсын хил хязгаарыг сахин хамгаалах, худалдааг гаальгүйгээр хийлгэхгүй байхыг хариуцах үүргийг өгч байжээ. Түүнчлэн Хянан байцаах хурал байгуулж тэрхүү хуралд бусад газрын албагүй тусгай монгол сайд түшмэдийг оруулж хуулийг явуулбаас элдэв алба хураах, зарлага гаргах зэргийг хянан байцаалгаж, улсын санд хортой ба ашиг алдагдуулах зэргээр явсан түшмэлийг хууль ёсоор чангалан шийтгэх зэрэг хэргийг эрхлүүлэх нь зохилтой гэх мэт засаглал хуваах зарчмын талаар зөвлөгөө өгч байсан нь бүрэн утгаар нь хэрэгжүүлвээс ихээхэн дэвшилттэй зүйл байв.
Орос зөвлөхийн үед Монгол улсын сангийн хэргийг сайжруулах хэрэгт нийтдээ
2.
197.745 цаас 59 мөнгө зарцуулсан байх бөгөөд Орос улсаас зээлсэн хоёр удаагийн том зээлийн (5 сая рубль) мөнгөнөөс
2.
220.612 цаасыг нь дээр дурьдсан бүх үйл ажиллагаанд зарцуулсны зөвхөн зөвлөхийн алба л гэхэд гурван жилийн дотор өөрийн үйл ажиллагаандаа нийтдээ 1.
024.438 цаас зарцуулжээ. Энэ бол тухайн үед Монголын хувьд их хэмжээний мөнгө байв. Тиймээс ч Козины үйл ажиллагааг дүгнэн бичихэд тэр үед Оросын ерөнхий консул түүнийг хэтэрхий их үрэлгэн байна, Данзан, Элбэгдорж, Ринчинотой экспидицээр хөдөө хамт явж байхдаа шинжилгээний ангийн ажилд их мөнгө зарцуулж байгаагаас болж муудаж хэрэлдсэн болон, хожим И.М. Майский “Козин Монголын эзэн юм шиг байсан” хэмээн бичсэн нь үнэний ор буйг харуулна. Үлэмжхэн хэмжээний мөнгө зарцуулсан нь түүний үйл ажиллагааны нэгэн сөрөг тал болжээ.
Зөвлөхийн үйл ажиллагаа үр бүтээлтэй байхад сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлүүд ч байжээ. Үүнд, тус оронд ажиллаж байсан Хаант Оросын төлөөлөгчдийн үйл ажиллагааны уялдаа холбоо муу, өөр хоорондоо зөрчилтэй байсан явдал байжээ. Энэ зүйлд хамааруулан дүгнэхэд С.А. Козин үнэн сэтгэлээсээ Монголд ачтай тустай зүйл хийе гэсэн санаатай байжээ. Тиймээс ч Ерөнхий консулын зүгээс түүнийг Гадаад яамандаа: энэ Козин Оросын эрх ашгийг умартаж байна хэмээн шүүмжлүүлэхэд хүргэсэн байна. Мөн Монголын тал ч гэсэн түүнд төдийлөн дотно хандахгүй, түүнийг бүх зүйлийг хойш мэдээлэгч гэсэн нүдээр харж, гэрээг сунгахаас татгалзан, тус улсад Оросын зөвлөх түшмэл хойшид ч хэрэггүй гэсэн байр суурьтай байснаас зөвлөхийн үйл ажиллагаанд хэрхэн хандаж байсныг илтгэх буюу.
Зөвлөхүүдийн эхлүүлсэн үйл хэргүүдийг удаан хугацааны туршид тууштай явуулж боловсронгуй болгох, эцсийн үр дүнг үзэх хугацаа байгаагүйтэй ч дээрх явдал бас ч холбоотойг үгүйсгэх аргагүй. Эцэст нь зөвлөх түшмэл С.А.Козин бол Дорнодахин судлаач хүн байсан бөгөөд түүний Астраханьд хийсэн орон нутгийн захиргаа, газар эзэмшлийн шинэчлэлийн ажил нь Монголд хийх гэж байгаа шинэчлэлийн бодлогын хажууд өчүүхэн бага албан үүрэг байсан бөгөөд тэрээр эдийн засгийн, ялангуяа төсөв санхүүгийн ямарч мэдлэггүй учир Улсын сан хөрөнгө арвижуулах ёстой үндсэн үүрэгт ажлаа эрхлэх чадвар үнэхээр дутсан ч байж болох юм.
Зөвлөх түшмэл нь Монголын засгийн газартай байгуулсан гэрээний заалтуудыг хагас дутуу хийж гүйцэтгэсэн бөгөөд түүнтэй ажлын хариуцлага тооцох явдал огт хийгдсэнгүй өнгөрчээ. Хаант Орос улс Монголын асуудалд дан өөрийн эрх ашгийн үүднээс хандаж байсан бөгөөд Монгол улсын хувьд ч гэсэн буурай хөгжилтэйн улмаас харь гүрний шахалт хавчилтанд орох явдал байжээ. Ийм түүх Монгол улсын түүхэнд хожим нь ч гэсэн тохиож байсанг түүх гэрчилнэ. Гагцхүү бид тэрхүү үйл явдлыг нэхэн судалж үнэн бодит түүхийг дэлгэн гаргаснаар өмнөх түүхээсээ сургамж авахад дөхөмтэй болох ажгуу.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 373
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :