Орчин үед явагдаж буй, зэвсэгт тэмцэл, дайн, байлдааны ажиллагааны хамрах цар хүрээ, хугацаа, орон зай, оролцох бүрэлдэхүүн, зэвсэглэлийн байдал, талуудын хүч тэнцвэргүй харьцаанаас шалтгаалан операц, байлдаан гэдэг томъёоллын агуулга өргөжин тэлж байна. Тухайлбал байлдаан, операц гэдгийг 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж буй “Байлдааны дүрэм -д “Байлдаан – дайсныг бут цохих (хохирол учруулах, байлдааны хангалт, удирдлага ба бусад тогтолцоог эвдэх, ажиллагааг саатуулах) хүч, гал, радио электрон, мэдээлэл-сэтгэл зүй, орон зайд ноёрхлоо тогтоох (байлдан авах, хадгалах, барьж байх, хүчжүүлэх) зорилгоор тэмцэлдэгч талуудын тактикийн хэмжээнд явагдах цохилт, гал, маневр болон аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийн нэгдэл мөн”, 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж буй “Байлдааны дүрэм-д “Байлдаан-цэргийн тактикийн ажиллагааны үндсэн хэлбэр бөгөөд хязгаарлагдмал районд богино хугацааны дотор дайсныг устгах (бут цохих) түүний цохилтыг няцаах буюу бусад үүргийг биелүүлэхийн тулд зорилго, байр, цаг хугацаагаар нь уялдуулан зохицуулж, зохион байгуулсан, нэгтгэл, анги, салбарын цохилт, гал, маневр, байлдааны ов мэх ба аюулгүй байдлаа хангах ажиллагаа мөн”, Стратеги бүтээлд “Операц- стратегийн үүргийг биелүүлэхийн тулд тогтоосон хугацаанд, стратегийн чиглэлд эсвэл тодорхой нэг томоохон районд, нэгдсэн бодлого төлөвлөгөөгөөр нэгэн зэрэг буюу дэс дараалан явуулж байгаа зорилго, үүрэг, байр, цаг хугацаагаар нь уялдуулан зохицуулсан, ерөнхий цэргийн нэгдлийн цохилт, маневр, байлдаан, тулалдаан, байлдааны ов мэх ба аюулгүй байдлаа хангах ажиллагааны цогц юм” гэж гал, цохилт, маневр гэсэн гурван элементийг “аюулгүй байдлыг хангах” гэсэн дөрөв дэх элементээр тус тус өргөжүүлэн тодорхойлсон байна.
Мөн аюулгүй байдлыг хангах ажиллагааг “Аюулгүй байдлыг хангах ажиллагаа” нь байлдааны үүргийг аль болох бага эрсдэлтэйгээр биелүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээний цогц мөн. Энэ арга хэмжээнд “бие бүрэлдэхүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ёс суртахуун сэтгэл зүйн өндөр чанар, зэвсэг, байлдааны техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах, материал хэрэгслийг үр ашигтай зарцуулах, цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах, зэвсэгт мөргөлдөөний явцад олон улсын эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хамрагдана.” гэж томъёолсон байна.
Байлдааны дүрмийг мөрдсөнтэй холбогдуулан боловсруулсан “Газрын артиллерийн байлдааны ажиллагааны заавар -т “Байлдаан-дайсныг бут цохих (хохирол учруулах, байлдааны хангалт, удирдлага ба бусад тогтолцоог эвдэх, ажиллагааг саатуулах) хүч, гал, радио электрон, мэдээлэл-сэтгэл зүй, орон зайд ноёрхлоо тогтоох (байлдан авах, хадгалах, барьж байх, хүчжүүлэх) зорилгоор тэмцэлдэгч талуудын тактикийн хэмжээнд явагдах цохилт, гал, маневр болон аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийн нэгдэл мөн” гэж дээрх жишгээр томъёолол оруулан 2006 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.
Түүнчлэн дээрх баримт бичгүүдэд өгсөн тодорхойлолтыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн шинэ “Байлдааны дүрэм”-д “... байлдаан нь тактикийн ажиллагааны үндсэн хэлбэр бөгөөд ахлах даргаас тогтоосон орон зай, хугацаанд хийх орон тооны болон нэмэгдүүлсэн хүч хэрэгслийн зорилго, үүрэг, байр, зааг, чиглэл, цаг хугацаагаар уялдуулсан тактикийн цохилт (атак), гал, маневр, аюулгүй байдлаа хангах ажиллагааны цогц мөн” гэж баталгаажуулсны зэрэгцээ аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг хүчин зүйлсийн талаар товч өгүүлснээр хязгаарласан байна.
Судлаачдын бүтээлийн хувьд З.Болдбаатар “Цэргийн аюулгүй байдлыг хангах арга замыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдвээр цэргийн аюул, заналын тухай ойлголтын хүрээнд цэргийн ухааны докторын зэрэг горилсон диссертацийг 2001 онд; Д.Эрдэнэцогт цэргийн албаны өдөр тутмын ажиллагаа, сахилга хариуцлагын хүрээнд “Цэргийн албаны аюулгүй байдлыг хангах үндэслэл” сэдвээр цэргийн ухааны докторын зэрэг горилсон диссертацийг 2002 онд тус тус туурвисан.
Мөн Б.Түмэн, Г.Бүлтэн нарын эрдэмтэн судлаачид судалгааны бүтээлдээ цэргийн албаны аюулгүй байдлын талаар дурдах төдий оруулсанаас өөр судалгаа хийгдээгүй байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангах болон байлдааны ажиллагааны нэг цогц болгож авсан аюулгүй байдлыг хангах тухай ойлголтын талаар ямар нэгэн тусгайлсан судалгаа хийгдээгүй байлдааны дүрэм болон зааварт тусгагдсан томъёоллоор ойлгож байна.
Иймд байлдаан тодорхойлтод оруулсан “аюулгүй байдлыг хангах” ойлголтын мөн чанар, артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа хийх зайлшгүй шаардлага бий болж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд цэргийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэн цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн байлдааны дүрэм, заавар, цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн мөрдүүлэх; мэргэшсэн, чадварлаг зэвсэгт хүчинтэй байх шалгуур шаардлагыг хангах нь сэдвийг сонгон судлах шаардлага, хэрэгцээг нөхцөлдүүлж байна.
Тэгэхээр “Артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангах боломжийн судалгаа” сэдэв нь урд өмнө судлагдаж байгаагүй сэдэв юм.
Судалгааны ажлын зорилго:
Цэргийн анги, салбарын аюулгүй байдал, түүнийг хангах онол, арга зүйг, судалсны үндсэн дээр артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангаж буй өнөөгийн байдалд шинжилгээ хийж аюулгүй байдлыг хангах арга зам, хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны ажлын зорилт:
- Цэргийн анги, салбарын аюулгүй байдал, түүнийг хангах онол, арга зүйг судлах;
- Артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангаж буй өнөөгийн байдалд шинжилгээ хийх;
- Артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангах, арга зам, хэрэгжүүлэх боломжийн санал, зөвлөмж боловсруулах.
Судалгааны ажлын хязгаарлалт:
Артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангах боломжийг байлдааны байнгын бэлэн байдал, түүнд тавигдах шаардлагад нийцүүлэн авч үзнэ.
Судалгааны арга:
Задлан шинжлэх, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх, түүвэрлэсэн судалгаа хийх, ажиглах, загварчлах, ярилцлагын болон системийн шинжилгээний аргуудыг хэрэглэв.
Онол-арга зүй, практикийн ач холбогдол:
Судалгааны ажлын онол, арга зүйн ач холбогдолын хувьд:
- Аюулгүй байдлын танин мэдэхүйн ойлголтод тулгуурлан үйл ажиллагааны байлдаан системийн бүрэлдэхүүнд “аюулгүй байдал” гэсэн элемент байх үндэслэлгүй болохыг тогтоосонд;
- Цэргийн анги, салбарын аюулгүй байдал нь: тайван цагт байлдааны байнгын бэлэн байдлыг хангах, дайны байдлын үед байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжих үеийн цэргийн албаны аюулгүй байдал хангагдсан байх төлөв гэж шинэ томъёолол оруулсанд;
- Үйл ажиллагааны байлдаан системд дөрөв дэх элемент байх нь зөв, үүнийг үндэслэж цэргийн хамгаалалт гэж нэрлэх нь зохимжтой байгааг санал болгосонд тус тус оршиж байна.
Судалгааны ажлын практикийн ач холбогдолын хувьд:
- Артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангах арга замыг хэрэгжүүлэх, шийдэлд хүрэх арга зүйн зөвлөмжийг цэргийн мэргэжлийн удирдах дээд байгууллага, албан тушаалтнуудад боловсруулсанд;
- Артиллерийн анги, салбарын аюулгүй байдал нь: тайван цагт байлдааны байнгын бэлэн байдлыг хангах, дайны байдлын үед байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжих үеийн цэргийн албаны аюулгүй байдал хангагдсан байх нөхцөл гэсэн томъёоллыг хэрэглээнд нэвтрүүлж байгаад ;
- Байлдааны байнгын бэлэн байдлыг хангахад артиллерийн өндөр цэцтэй галт хэрэглэлийг нэвтрүүлж ашиглах боломжийг санал болгож буйд;
- Байлдааны байнгын бэлэн байдлыг хангахад артиллерийг хэрэглэх зарим боломжит хувилбарыг боловсруулж хэрэглэхийг санал болгож буйд ;
- Байлдааны байнгын бэлэн байдлыг хангахад артиллерийн перископт буссолийн шөнийн гэрэлтүүлгийн олон төрлөөр цэнэглэгддэг хэрэгслийн шинэ загвар /MFNA-PAB/-ыг бүтээж практикт нэвтрүүлж байгаад тус тус оршиж байна.
Судалгааны ажлын шинэлэг тал:
Нэгд, Артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангах боломжийн судалгаа нэг сэдэвт бүтээлийн төвшинд анх удаа боловсруулсанд;
Хоёрт. Аюулгүй байдлын танин мэдэхүйн ойлголтод тулгуурлан үйл ажиллагааны байлдаан системд дөрөв дэх элемент байх онолын үндэслэлийг гаргаж түүний томъёолол нь “аюулгүй байдлыг хангах” биш, “цэргийн хамгаалалт” гэж нэрлэх нь зохимжтой болохыг тодорхойлсонд;
Гуравт, Цэргийн анги, салбарын аюулгүй байдлыг “тайван цагт байлдааны байнгын бэлэн байдлыг хангах, дайны байдлын үед байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжих үеийн цэргийн албаны аюулгүй байдал хангагдсан байх төлөв” гэж шинээр тодорхойлсонд;
Дөрөвд, Артиллерийн анги, салбарын аюулгүй байдал, түүний үр дүнд нөлөөлөх дайсны чирүүлдэг болон өөрөө явагч артиллертэй тэмцэх шаардлагатай артиллерийн хэрэгцээг тооцох загварын боловсруулалтыг санал болгож буйд;
Тавд, Артиллерийн анги, салбарын аюулгүй байдлыг хангах зарим арга замын зөвлөмж болон артиллерийг хэрэглэх хувилбар, өндөр цэцтэй сум, минэ-ийг нэвтрүүлэх боломж, артиллерийн перископт буссолийн шөнийн гэрэлтүүлгийн олон төрлөөр цэнэглэгддэг хэрэгслийн загвар (MFNA-PAB)-ыг шинээр бүтээж хэрэглээнд нэвтрүүлэхийг санал болгож байгаад тус тус оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0