Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн актын системчлэлийн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3780
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : кодификаци, байгууллагын эрх зүй, захиргааны дотоод эрх зүй, хөдөлмөрийн дотоод журам

Аннотаци

Монгол Улсын Их Хурал 1998 онд эрх зүйн бодлогын цаашдын чиг хандлагыг тодорхойлсон “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг батласан бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгон тогтвортой хөгжүүлэхэд уг хөтөлбөрийг үндэс болгоно хэмээн зааж яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг батлан мөрдүүлэх, яамдын үйл ажиллагааны хүрээнд хууль тогтоомж, стандартыг сахиулах замаар төрийн байгууллын эрх зүйн үндсийг боловсронгуй болгохыг чухалчилсан билээ.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд захиргааны үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг эхлүүлж, үүний үр дүнд өнөөдөр захиргааны эрх зүйн салбарт хамаарах 250 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буйн дотор “Цагдаагийн байгууллагын тухай” (1993), улмаар “Цагдаагийн албаны тухай” (2013), “Цагдаагийн албаны тухай” (Шинэчилсэн найруулга) (2017) хуулиуд батлагдсанаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үндэс бүрдэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бодит ахиц гарсаар байна.
Харин эрх зүйн дэд зохицуулалтын хүрээнд, өөрөөр хэлбэл, хуульд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх, дотогш чиглэсэн эрх зүйн актуудыг бий болгон мөрдүүлэх, тэдгээрийг боловсронгуй болгон системчлэх асуудал онолын болон практикийн хүчин зүйлүүдтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд мэргэжилтэн, судлаачдын анхаарлын төвд байх болов.
2008 оны байдлаар ЦБ-ын үйл ажиллагаанд хэм хэмжээ тогтоосон 450 орчим эрх зүйн актыг цагдаагийн төв байгууллагын дарга дангаараа болон төрийн захиргааны бусад байгууллагын даргатай хамтран баталж мөрдүүлсэн байдаг бөгөөд эдгээр нь хууль зүйн техникийн хувьд төгс бус, эрх зүйн хийдэл, давхардал, зөрчил агуулсан, хэрэгжүүлэх механизм нь хангалтгүй, эх сурвалж нь тодорхой бус, зарим тохиолдолд хүчинтэй эсэх нь эргэлзээтэй зэргээс үүдэлтэйгээр цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байв.
Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллага, алба хаагчдад эрх олгож, үүрэг хүлээлгэсэн 90 гаруй хуулийн 166 зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэх бүтцийн нэгж, ажилтан томилогдоогүй, эдгээр харилцааг зохицуулах дүрэм, журам, зааврыг боловсруулаагүй явж ирсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн.
Эрх зүйн орчны боловсронгуй бус байдал нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж, ялангуяа цагдаагийн алба хаагч хуулийг зөв хэрэглэхгүй байх, үүний улмаас иргэд хохирох, алба хаагчийн өөрийнх нь эрх ашиг хөндөгдөх явдал олонтоо гарч байв.
Түүнчлэн эрх зүйн актуудыг янз бүрийн цаг хугацаанд, өөр өөр байгууллага, албан тушаалтан батлан гаргасан, нэмэлт, өөрчлөлт оруулсан нь тодорхой бус, мэдээлэл дутмаг, олон жилийн туршид мөрдөж ирсэн зарим дүрэм, журам, заавар илтэд хуучирч шинэ тутам бий болсон эрх зүйн харилцааг зохицуулж чадахгүй болсон зэрэг нэн даруй шийдвэрлэвэл зохих тулгамдсан олон асуудал нь цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн эрх зүйн актуудыг кодификацчилах, системчлэх, стандартыг бий болгож мөрдүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгов.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж цагдаагийн байгууллагын олон талт үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэлбэрэлтгүй явуулах үүднээс “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам” (ЦБҮАЖ, 2011)-ыг судалгаанд түшиглэн, гадаадын зарим орны жишигт нийцүүлэн боловсруулж, мөрдүүлж эхлээд цөөн жил болж байна.
Уг журам нь цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг цогц байдлаар, нарийвчлан зохицуулсан анхны тохиолдол мөн бөгөөд байнга боловсронгуй болох механизмыг өөртөө агуулдагийн хувьд амьд эрх зүйн акт болж чадсан хэмээн судлаачид үздэг.
Нэгдсэн журмыг боловсруулах, батлуулах, бүртгэх, түүнийг кодификацчилах, улмаар мөрдүүлж эхлэх ажилд горилогч биечлэн оролцсон бөгөөд цагдаагийн төв байгууллагад бодлогын баримт бичиг, эрх зүйн акт боловсруулах, алба хаагчдын эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий нэгжийн ажилтан, улмаар удирдлагын багийн гишүүний хувьд журмын хэрэгжилтийн практикт удаа дараа дүн шинжилгээ хийж байр сууриа илэрхийлж ирэв.
ЦБҮАЖ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин мэдэгдэхүйц сайжирч, хүний эрх, эрх чөлөөг хангах, олон улсын стандартыг нэвтрүүлэх нөхцөл бүрдэж, байгууллагын олон талт ажил эрх зүйн нэгдмэл зохион байгуулалтанд орж, тэдгээрийн хяналт дээшлэн үр өгөөж нь нэмэгдсэн юм.
Эдгээр сайн эхлэл байгаа хэдий ч нэгдсэн журам хэрэгжсэн цөөн жилийн практикт судлаачийн хувьд дүн шинжилгээ хийж үзэхэд кодификацчилсан зарим журмын онолын үндэслэл бүрхэг, үзэл баримтлал нь тодорхой бус, боловсруулалт дутмаг байгаагаас үүдэн эрх зүйн зохицуулалтад зарим нэгэн сул талууд ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, түүний системчлэлийг улам боловсронгуй болгохын тулд түүнийг эрх зүйн шинжлэх ухааны өнцөгөөс танин мэдэх, үзэл баримтлалыг тодорхойлох, онолын ойлголт, ухагдахуунуудыг тайлбарлах, эрх зүйн зарим нэгэн шинэ санааг дэвшүүлэх, практикт дүн шинжилгээ хийх замаар зөрчил, хийдлийг нь арилгах, алдааг залруулах шаардлага үүсээд байна.
Эдгээр болон бусад хүчин зүйл, түүнчлэн цагдаагийн байгууллагын эрх зүйн актуудыг боловсронгуй болгон системчлэх асуудлыг иж бүрнээр судлах, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх хэрэгцээ нь сэдвийг сонгон авах үндэслэл болсон юм.
Судалгааны явцад захиргааны болон цагдаагийн эрх зүйн шинжлэх ухааны хүрээнд тайлалаа олох таамаг төдий төсөөлөгдөж байгаа зарим, тухайлбал: 1) Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, захиргааны акт, хөдөлмөрийн дотоод журам, стандартын хооронд ямар ялгаа, хамаарал байна вэ?; 2) Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын системчлэл ба үүргийн гүйцэтгэлийн чанарын хооронд хамаарал байна уу? г.м. тодорхой асуултад хариулт олох оролдлогыг хийсэн болно.
Сэдвийн судлагдсан байдал. Судалгааны энэ сэдэв захиргааны эрх зүй, цагдаагийн эрх зүй, харьцуулсан эрх зүй, эрх зүйн онол, эрх зүйн түүх, эрх зүйн философи, криминологи, криминалистик зэрэг мэдлэгийн салбарын уулзварт оршиж буй харилцан шүтэлцээ бүхий хэд хэдэн асуудлыг хөндөж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам нь цагдаагийн эрх зүйн эх сурвалж болохын хувьд түүний ойлголт, мөн чанар, үүсэл хөгжлийн үйл явцыг, хууль зүйн техник талаас нь түүнийг бүтээх ажиллагаа, системчлэлийн асуудлыг, түүнчлэн тоо бүртгэл, тогтолцоо, төрийн байгууллагын засаглалын үйл ажиллагааны элемент гэдэг утгаар нь гадаад, дотоодын цөөн бус эрдэмтэн, мэргэжилтэнүүд судалсан байдаг.
Зарим судлаачид тухайлбал, Б.Чимид захиргааны эрх зүйн үндсэн асуудал [1], Ж.Амарсанаа эрх зүйн хэм хэмжээ тогтоох процесс [2], С.Жалан-Аажав хууль тогтоомжийн тоо бүртгэл, системчлэлийн талаар [3], Д.Баярсайхан хууль тогтоомжийн төрөлжүүлэлтийн талаар [4], Ч.Нямсүрэн хууль зүйн техникийн ойлголт, төрөл, эрх зүйн актыг системчлэх техник, хууль тогтоомжийн тоо бүртгэл, хууль тогтоомжийн тогтолцооны асуудлыг [5] тус тус судалж өөрсдийн бүтээлүүддээ тусгасан байна.
Хөдөлмөрийн эрх зүйн судлаачид тухайлбал, Л.Баасан [6,7], Б.Уранцэцэг [8] аливаа байгууллага хөдөлмөрийн сахилгын хүрээнд авч үздэг хөдөлмөрийн дотоод журмын талаар судалж тодорхойлолт өгсөн.
Ж.Долгорсүрэн [9], Д.Дашцэдэн [10], О.Амархүү [11], Ш.Цогтоо [12], П.Одгэрэл [13] нарын эрдэмтэд Захиргааны эрх зүйн ерөнхий ба тусгай ангийн, А.Думбурай [14], Ж.Долгорсүрэн [15] нар цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаа, цагдаагийн эрх зүйн, Б.Чимид нар хамтын бүтээлээр [16] болон Ж.Долгорсүрэн [17], А.Эрдэнэцогт [18] нар захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар бүтээлүүд туурвисан.
Б.Жамьян [19] БНМАУ-д эрхийн хэм хэмжээ тогтоосон актуудыг ангилах ба эмхлэн цэгцлэх талаар, О.Амархүү [20], Д.Лүндээжанцан [21] нар хууль зүйн техник, түүн дотроо хууль тогтоомжийн системчлэл гэсэн томьёолол, эрх зүйн актын системчлэлийн ойлголт, төрөл, арга хэлбэрийн талаар судалсан байна.
ОХУ-ын судлаачид болох Елеонский В.О. [22] дотоод хэргийн байгууллагын үйл ажиллагааны хэлбэр болох эрх зүйн хэм хэмжээний актыг бүтээх үйл ажиллагааг хууль зүйн техникийн арга зүйтэй холбон авч үзэх хандлагын талаар, Воронина Т.Н. [23] эрх зүйн онолд байгууллагын хүрээнд гаргах эрх зүйн актын нэг төрөл болох локал актууд буюу зөвхөн тус газар, байгууллагын хүрээнд үйлчлэх дотоодын дүрэм, журам, заавар чухал ач холбогдолтой болж байгаа талаар, Соловей Ю.П. [24] ОХУ-ын цагдан сэргийлэх байгууллагын эрх зүйн зохицуулалт, Адиньяев С.И. [25] хууль сахиулах тогтолцоонд цагдаагийн байгууллагын үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын байдал, Числов В.И. [26] дотоод хэргийн байгууллагаас иргэдэд үйлчлэх үйл ажиллагаанд мөрдөх журам, заавар боловсруулах талаар тус тус судалжээ.
Мөн ОХУ-ын Кашанина Т.В эрх зүйн мэдлэгийн нэг салбар болох хууль зүйн техникийн салбар нь эрх зүйн онолын нэг хэсэг болж хөгжиж ирсэн боловч орчин үед практик зорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн хууль зүйн шинжлэх ухааны бие даасан салбар болж байгааг батлаад хууль зүйн арга хэрэгслээ эзэмшээгүй хуульч бол жирийн иргэнээс ялгах үнэлэмжгүй болох тул үүний ач холбогдлыг ойлгож мэдрэх шаардлага байгааг тодорхойлсон байна .
Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаатай холбоотой гадаад орны судлаачдын бүтээлүүд цөөнгүй байгаагаас Цагдаагийн захиргааны үйл ажиллагаа: бүтэц, үйл явц, зан үйл [28], Цагдаагийн захиргааны үйл ажиллагаа: манлайллын хандлага [29] бүтээлүүдийг дурьдаж болох бөгөөд эдгээрт цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаа, захиргааны эрх зүйн зохицуулалтын онолын үндэслэлийг хөнджээ.
Монгол Улс дахь цагдаа судлалын өнөөгийн байдал [30] судалгаанаас үзэхэд цагдаа судлалын хүрээнд сүүлийн 50 орчим жилийн хугацаанд буюу 1970-2015 оны хооронд нийт эрдэм шинжилгээний 242 илтгэл, өгүүлэлийг нийтлүүлснээс агуулгаараа “цагдаагийн байгууллагын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, системчлэх” сэдвээр хамгийн их буюу 98 илтгэл, өгүүлэл байгаа нь бидний судалж буй сэдэвтэй шууд хамааралтай харагдавч “хууль тогтоомж” гэсэн ойлголтыг өргөн утгаар нь ойлгож, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бүхий л эрх зүйн актуудыг хамруулж үзсэн байх тул бидний судалгааны сэдэвтэй шууд хамааралгүй гэж үзэж болохоор байна. Эдгээрийн дийлэнх нь тодорхой ажиллагааны, тухайлбал, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, тодорхой гэмт хэрэг илрүүлэх, тодорхой албан тушаалтны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын, эсхүл алба хаагчийн эрх зүйн байдлын асуудлыг нарийвчлан үзсэн бол цөөн хэдэн бүтээл бидний судалж буй сэдэвтэй шууд хамааралтай байв.
Судлагдсан байдлын тоймд дараах дүгнэлт хийв: 1) Сонгож авсан сэдвийн хүрээнд, өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн нэгдмэл актын системчлэлийг, ялангуяа, түүний онол, практикын асуудлыг иж бүрнээр тусгайлан судалсан дорвитой бүтээл Монгол Улсад өнөөг хүртэл гараагүй байна; 2) Эрх зүйн актын системчлэлийг хийхэд ашигладаг кодификаци, инкорпораци, консолидаци, классификацийн аргын тухай, хууль бүтээх техникийн талаар монгол судлаачийн бүтээл 1960-аад онд туурвигдсан байх атлаа эрх зүйн хөгжил дэвшилд хөтлөгдсөн удаах он жилүүдэд энэ сэдвээр бүтээл гараагүй нь анхаарал татаж байна; 3) Гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын захиргааны ба цагдаагийн эрх зүй, эрх зүйн онол, эрх зүйн философи зэрэг мэдлэгийн салбарт туурвисан бүтээлүүд нь бидний судалгааны онолын үндэслэлийг, практик үйл ажиллагаанд хийсэн судалгааны материалууд нь практик судлалын үндэслэлийг хангалттай бүрдүүлж чадахуйц байна; 4) Гадаад орны судлаачдын дурьдсан бүтээлүүдээс дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцооны үнэт зүйл, эрх зүйн соёл, шинэ, дэвшилтэт, түгээмэл ач холбогдол бүхий зохицуулалтын аргыг судлаж нэвтрүүлэх замаар харьцуулсан эрх зүйн хөгжилд бодит алхам хийх боломж байна; 5) Дурдсан болон ном зүйд тусгасан бусад бүтээлүүдэд дүн шинжилгээ, боловсруулалт, харьцуулалт хийж, тодорхой гаргалгаа, дүгнэлтүүдэд хүрсэн нь бидний судалгааны ажлыг шинэлэг, өвөрмөц байхад нөлөөлөв.
Судалгааны ажлын объект, судлах зүйл. Цагдаагийн байгууллагын хэмжээнд үйлчлэх, дотогш чиглэсэн эрх зүйн актуудыг бий болгох (хэрэгцээг тодорхойлох, хэм хэмжээг үүсгэх, батлаж албажуулах), дагаж мөрдүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгохтой холбоотой үүсэж буй эрх зүйн болон бусад харилцаа, тэдгээрийн зүй тогтлууд нь судалгааны обьект нь болж байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн практик, статистик болон бусад судалгаа, архивын материал, хууль тогтоомж, эрх зүйн бусад эх сурвалж, тухайн сэдвээр бичигдсэн ном, сурах бичиг, гарын авлага, тухайн чиглэлээр боловсруулсан бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төрийн болон төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан ажлын тайлан зэрэг нь судлах зүйл буюу судлагдахуун болов.
Судалгааны ажлын зорилго, зорилт. Цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааны эрх зүйн актууд, тэдгээрийг системчлэх онол, арга зүйн үндсийг тодорхойлж, цагдаагийн байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх, дотогш чиглэсэн эрх зүйн актуудыг системчлэх ажлыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн санал дэвшүүлэхэд судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны ажлын зорилгыг ханган биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ:
• Захиргааны болон цагдаагийн эрх зүйн хүрээнд үүсэж хөгжсөн эрх зүйн болон бусад онол, үзэл баримтлал, хандлагыг судлах;
• Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх;
• Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын системчлэлийн техникийг судлаж, дүн шинжилгээ хийх;
• Гадаадын зарим орны цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг харьцуулан судлаж дүн шинжилгээ хийх;
• Захиргааны дотоод эрх зүй, эрх зүйн актын системчлэлийг боловсронгуй болгох, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх гарц, арга замыг эрэлхийлэх.
Судалгааны ажлын онол, арга зүйн үндэс. Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын онолын бүтээлүүд, олон улсын ба үндэсний эрх зүйн эх сурвалж, бодлогын баримт бичгүүд нь судалгааны ажлын онолын үндсийг, судалгааны ажлын тайлан, илтгэл, статистикийн материал, журмын хэрэгжилтийн практик зэргийг харьцуулах, задлан шинжлэх, бүлэглэх, нэгтгэн дүгнэх замаар баримт бичгийн судалгаа хийх, асуулга явуулах замаар социологийн судалгаа хийх, контекст болон нэгдмэл тойм хийх, чанарын, онолын, математик статистикийн судалгааны аргуудыг тодорхой аргачлалын дагуу ашигласан нь судалгааны ажлын арга зүйн үндсийг бүрдүүлж байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд санал асуулга явуулах, фокус ярилцлага, ажиглалт хийх болон баримт бичигт дүн шинжилгээ хийх, тоон мэдээлэл цуглуулах, математик, статистикийн арга зүй (SPSS), хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, нарийвчилснаас ерөнхий дүгнэлт хийх, ерөнхийгөөс тусгай дүгнэлт хийх зэрэг шинжлэх ухааны түгээмэл арга зүйг ашиглалаа.
Түүнчлэн шинжлэх ухааны таамаглал (гипотез) дэвшүүлэн шалгах аргыг судалгаандаа ашигласан нь зохих үр дүнгээ өгөв. Үүний тулд "Үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн актуудыг системчлэн мөрдүүлэх нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд эерэг үр нөлөө үзүүлдэг” гэсэн таамаглал дэвшүүлж, түүнийг цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд явуулсан санал асуулгын дүнг ашиглан батлах оролдлогыг хийсэн болно.
Судалгааны таамаглалыг шалгахын тулд үл хамаарах болон хамаарах хувьсагчийг тодорхойлж, тэдгээрийг тоон үнэлгээнд шилжүүлж, улмаар өгөгдөхүүнүүдэд математик боловсруулалт хийснээр эерэг үр дүнд хүрсэн нь бидний дэвшүүлсэн таамаглал үнэн магадтай болохыг харууллаа.
Судалгааны ажлын шинэлэг тал. Цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн нэгдмэл актын системчлэлийг, ялангуяа, түүний онол, практикын асуудлыг анх удаа иж бүрнээр тусгайлан судлаж байгаад судалгааны ажлын шинэлэг тал оршиж байна. Түүнчлэн судалгааны ажлыг “журам” гэх суурь актыг сонгож хийсэн нь шинэлэг талын бас нэг онцлог болов.
Хамгаалалтад оруулах асуудал. Судалгааны явцад онолын болон практик шинжтэй тулгамдсан тодорхой асуудлуудыг нээн илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх гарц, арга замыг эрэлхийлэх, таамаг төдий төсөөлөгдөж байсан зарим санаа, үзэл бодлыг магадлах оролдлогыг хийж, үр дүнд нь бид зарим гаргалгаа, дүгнэлтэнд хүрсэн бөгөөд эдгээрийг хамгаалалтанд оруулахаар санал болгож байна.
1. Бид судалгааны үр дүндээ түшиглэн "Захиргааны дотоод эрх зүй" хэмээх нэр томьёог санал болгож буй бөгөөд эл ухагдахуунаар байгууллагын чиг үүрэг, зорилго, зорилтыг ханган биелүүлэхэд чиглэсэн, захиргааны дотоод үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй, процедурын шинжтэй хэм хэмжээ, журмын цогцыг илэрхийлнэ.
Захиргааны дотоод эрх зүйн тухай ойлголтыг бий болгон хөгжүүлснээр захиргааны эрх зүйн шинжлэх ухааны онол шинэ ойлголтоор баяжиж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтад зарим нэгэн эерэг өөрчлөлт үүснэ гэж үзэж байна.

2. Эрх зүйн актын системчлэлийн техник зүйн мэдлэгийг зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд явцууруулж хэрэглэх бус, захиргааны дотоод эрх зүйн хүрээнд хамаарах бүхий л эрх зүйн актыг бүтээхэд ашиглах ёстой хэмээн үзэж, энэ саналын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын тодорхойлолтод "системчлэгдсэн" байх шинжийг суулгаж, горилогч дараах онолын тодорхойлолтыг дэвшүүлж байна:
"Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам гэж цагдаагийн байгууллагаас байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд эрх хэмжээгээ хэрэгжүүлэх зан үйлийн горимыг тогтоосон, зөвхөн цагдаагийн байгууллагын хэмжээнд үйлчлэх, системчилсэн эрх зүйн хэм хэмжээний акт мөн".

3. Төрийн албаны харилцааг хөдөлмөрийн ердийн харилцаанаас ангид авч үзэх болсонтой холбоотойгоор хууль тогтоомжид ижил нэр томьёогоор илэрхийлж ирсэн өөр өөр ухагдахууныг ялгаж зааглах үүднээс хуульд өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байна:
- Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн
10.3,
10.4,
10.5 дахь хэсэгт заасан "хөдөлмөрийн дотоод журам" гэснийг "захиргааны дотоод журам" гэж өөрчлөх. Захиргааны дотоод журмыг “захиргаанаас байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааг зохион байгуулж үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхийн тулд баримтлах зан үйлийн дэг горим тогтоосон эрх зүйн хэм хэмжээ” гэж тодорхойлох.
Ийнхүү өөрчилснөөр төрийн захиргааны байгууллагаас батлан гаргах захиргааны дотоод эрх зүйн актуудыг хөдөлмөрийн эрх зүйн эх сурвалжтай хольж ойлгох явдал арилж, захиргааны дотоод эрх зүйн зохицуулалтад ахиц гарна хэмээн үзэж байна.

4. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ болон цагдаагийн байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх, дотогш чиглэсэн эрх зүйн актуудын хүрээг хамарсан онолын судалгаанд түшиглэн эл журмын хийдэл, давхардал, зөрчлийг арилгах, онолын үндэслэлийг нь тодорхой болгох, системчлэлийг нь боловсронгуй болгон сайжруулах, хэрэгжилтийг нь хангуулах, практик судлалыг нь хөгжүүлэхэд чиглэсэн саналыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр нь цагдаагийн байгууллага төдийгүй төрийн захиргааны бусад байгууллагын дотоод эрх зүйн актыг бүтээхэд гарын авлага болно хэмээн үзэж хамгаалалтанд оруулахаар шийдвэрлэв.

5. Судалгааны явцад шинжлэх ухааны таамаглал (гипотез) дэвшүүлэн шалгах аргыг хэрэглэж зохих үр дүнд хүрсэн бөгөөд үл хамаарах болон хамаарах хувьсагчийг тодорхойлон тэдгээрийн тоон үнэлгээнд боловсруулалт хийх замаар таамаглалын үнэн магадтайг тогтоох математик аргачлалыг эрх зүйн хүрээний асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болно гэсэн санааг дэвшүүлж байна.
"Үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн актуудыг системчлэн кодлож, мөрдүүлэх нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд эерэг үр нөлөө үзүүлдэг” гэсэн таамаглалыг дэвшүүлж, түүнийг цагдаагийн алба хаагчдын дунд явуулсан санал асуулгын өгөгдлүүдэд математик аргачлалаар боловсруулалт хийж батлах (үгүйсгэх) оролдогыг хийв.
Үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн актуудыг нэгтгэн системчлэх талаар цагдаагийн алба хаагчийн хүлээлт, шаардлага (
4.09), ЦБҮАЖ-ын системчлэл, журмын кодын талаарх ойлголт, мэдээлэл (
3.55), ЦБҮАЖ-ын хэрэглээ (
3.65), ЦБҮАЖ-ын сургалт (
4.36), ЦБҮАЖ-ын алба хаагчдад очиж буй хүртээмж (
4.0), ЦБҮАЖ-ын практик дахь хэрэгжилт (
3.25), тэдгээр хувьсагчийн хамаарал
3.82 буюу 76 хувьтай гарсан нь энэ ажлыг үр дүнгээ өгч байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа бөгөөд "Үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн актуудыг системчлэн кодлож, мөрдүүлэх нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд эерэг үр нөлөө үзүүлдэг” гэсэн таамаглалыг баталж байна.
Судалгаанд оролцогчдын
23.7% хувьд сөрөг үнэлгээ гарсан нь алба хаагчдаас ирүүлсэн нээлттэй асуулгаар тодорхойлогдож байгаа тулгамдсан асуудлууд буюу үйл ажиллагааны журмыг хөгжүүлж боловсронгуй болгон зохицуулалтын дутууг нөхөх гэсэн санал нийт хариултын 48,9 хувийг эзэлж байгаа, 36,8 хувь нь журмын хүртээмж муу гэж дүгнэсэн нь нөлөөлсөн гэж үзэж болох бөгөөд энэ нь бидний дэвшүүлсэн таамаглалыг үгүйсгэх үзүүлэлт биш хэмээн бид тооцлоо.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол. Судалгааны ажлын шинэлэг байдлаар түүний онолын болон практик ач холбогдол илэрхийлэгдэж байна.
 Цагдаагийн байгууллагын хэмжээнд үйлчлэх, дотогш чиглэсэн эрх зүйн актын тухай нэгдмэл ойлголтыг бий болгосон, тодорхой ухагдахуун, нэр томьёо зэргийг тайлбарласан, эрх зүйн дэд зохицуулалтын хүрээнд шинэ санаа дэвшүүлсэн зэрэг нь судалгааны ажлын онолын ач холбогдлыг тодорхойлж байна.
 Судалгааны ажлын үр дүн болон дэвшүүлж буй санал, зөвлөмж нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгон системчлэхэд, түүнчлэн судлаач, мэргэжилтнүүд, оюутан, сонсогчдын сургалт, судалгааны эх сурвалж болгон ашиглахад практик ач холбогдолтой юм.
Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж, нийтэд танилцуулсан байдал. Бид цагдаагийн төв байгууллагын хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачдын хамтаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх эрх зүйн актуудын ангилал болон тухайн системчлэлийн дагуу үйл ажиллагааны журмыг цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр батлуулсан нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байна.
Цагдаагийн байгууллагын тухай хууль (1993)-д цагдаагийн байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх дотогш чиглэсэн эрх зүйн актыг баталж мөрдүүлэх эрх хэмжээг тусгасан зохицуулалт байхгүй байсан тул Цагдаагийн албаны тухай хуулийг 2013, 2017 онуудад шинэчлэн батлах үед цагдаагийн төв байгууллагын даргын эрх хэмжээнд энэ талаар тусгах боломжтой болсон.
Цагдаагийн байгууллагын дотоод эрх зүйн актуудыг системчлэн нэгдмэл акт болгон мөрдөх эрх зүйн үндэслэлийг баталгаажуулах, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх зорилгоор судлаач бидний санал болгон томьёолсны дагуу УИХ-аас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн
21.1.3 дахь заалтад цагдаагийн төв байгууллагын дарга “... цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах” бүрэн эрхийг тусгуулсан байна.
УИХ-аас 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн
19.5-д заасан жишиг стандарт,
20.1.3-т заасан эрх зүйн актыг баталж мөрдүүлэх хүртэл хугацаанд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг дагаж мөрдөнө” гэж шилжилтийн үеийн зохицуулалт хийж байсан нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага-хууль тогтоогчоос Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг баталгаажуулсан явдал болсон.
Бид судалгааныхаа үр дүнг янз бүрийн хэлбэрээр туршиж (апробаци хийж), шинжлэх ухааны эргэлтэд оруулаад байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам нийт 3 удаа хэвлэгдсэн, түүний цахим хувилбар (Police Code) хийгдэж хэрэглээнд нэвтэрсэн байна.
Диссертацийг ХСИС-ын Цагдаагийн эрх зүйн тэнхмийн 2017-08-25-ны өдрийн хурлаар, Цагдаа судлалын профессорын багийн 2017-06-15, 08 дугаар сарын 30-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаар тус тус хэлэлцэж дэмжсэн ба мөн сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2017-10-15-ны өдрийн хуралдаанаар урьдчилсан хамгаалалт хийсэн.
Судалгааны ажлын бүтэц. Энэхүү судалгааны ажил нь удиртгал, 3 бүлэг, 8 дэд бүлэг, дүгнэлт, эх сурвалжийн жагсаалт, хавсралтаас бүрдэнэ.
II. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТОВЧ АГУУЛГА
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онол, эрх зүйн үндэс гэсэн I бүлэгт хууль дээдлэх үзэл санааг илүү бодит эрх зүйн хэм хэмжээ болгодог зүйл нь хууль ёсны зарчим мөн болох, үүнд төрийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдах, тэрхүү үйл ажиллагааг зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээ нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой талаар эргэцүүлэв. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа эрх зүйд үндэслэсэн байх; шударга үр дүн; үйл ажиллагааны шударга байдал нь цагдаагийн байгууллагын хууль ёсны зарчмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр нөлөөний буюу үйлчилгээний чанарыг илэрхийлэх хүчин зүйлүүд юм. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсны зарчмыг хангаж үйл ажиллагааны үр нөлөө буюу чанарыг нэмэгдүүлэхэд эрх зүйн хэм хэмжээний үүрэг, ялангуяа хууль тогтоомж, хэм хэмжээний актыг биелүүлэх үйл ажиллагаанд захиргааны дотоод журам буюу захиргаанаас тогтоосон эрх зүйн хэм хэмжээний актын үүргийн талаар авч үзсэн.
Захиргаанаас тогтоосон эрх зүйн хэм хэмжээний актын нэг төрөл корпоратив буюу байгууллагын эрх зүйн талаарх онолын хандлагуудыг судалж бодит зан үйлд биелэлээ олж үйлчилдэг зохицуулалтын механизмыг бий болгох үндэс нь эрх зүйн тогтолцоог бүрдүүлэгч олонлогууд жигд үр нөлөөтэй ажиллах явдал бөгөөд эрх зүйн тогтолцооны нэг хэсэг болох төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны технологийг тогтоодог захиргааны дотоод эрх зүйн хэм хэмжээний актын онолын үндэслэл, системчилэгдсэн байх шаардлагыг авч үзлээ.
Ром-германы эрх зүйн бүлийн эх сурвалжийн хэлбэр, эрх зүйн актууд дэслэн захирагдах шаардлагын үндсэн дээр байгууллагын дотоод эрх зүйн актын эрэмбийг тодорхойлж, эрх зүйн бусад дэд актуудаас ялгагдах онцлогийг судлав.
Зүйл бүрт болон бүлэг бүрт дүгнэлт хийсэн бөгөөд нэгдүгээр бүлгийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа эрх зүйд үндэслэсэн байх; үр дүн; үйл ажиллагааны шударга байдлыг тогтоох нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөний чанарыг илэрхийлэх бөгөөд чанарын удирдлагыг хэрэгжүүлэхэд байгууллагын дотоод эрх зүйн хэм хэмжээний актыг боловсруулж хэрэгжүүлдэг. Захиргааны дотогш чиглэсэн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт нь эрх зүйн онолын хувьд локал акт, корпоратив эрх зүй, байгууллагын эрх зүй, корпорацийн эрх зүй, фирмийн эрх зүй, захиргааны дотоод журам, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн дотоод журам гэх мэтээр томьёолсон байна. Эдгээрийг нэг мөр болгох үүднээс “захиргааны дотоод эрх зүй” гэж томьёолж нэгдсэн ойлголттой болох нь зүйтэй гэж дүгнэв. Захиргааны дотоод эрх зүйн нэг хэлбэр нь бидний судалж байгаа цагдаагийн байгууллагын дотоод эрх зүйн хэм хэмжээний системчлэгдсэн акт болох цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам юм. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам нь эрх зүйн ерөнхий онолын хүрээнд эрх зүйн “зохион байгуулах үйл ажиллагааны процедурын” хэм хэмжээний төрөл, захиргааны эрх зүйн “захиргааны дотоод эрх зүйн” төрөлд тус тус багтах эрх зүйн хэм хэмжээний акт мөн. Тэдгээр эрх зүйн хэм хэмжээний актыг эмхлэн цэгцэлж тэдгээрийг нэгдмэл уялдаатай системд оруулах хууль зүйн техникийг ашигласнаар цагдаагийн байгууллагын захиргааны удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, алба хаагчдын мэргэжлийн ур чадварт эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэлээ.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн актын системчлэлийн онол, арга зүйн үндэс гэсэн II бүлэгт Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон системчлэгдсэн эрх зүйн актынхаа хувьд түүний философийн үндэс, мөн чанарыг танин мэдэхийн тулд эрх зүйн түүх, түүн дотроос эрх зүйн төрлүүдийн, эрх зүйн салбаруудын, хууль зүйн техникийн, эрх зүйн актын системчлэлийн техникийн талаар судалж үзсэн. Энэ бүлэгт хууль зүйн техник, түүн дотроо эрх зүйн актын системчлэлийн үүсэл хөгжил, манай улсад энэхүү асуудлыг судалж хэрэгжүүлж ирсэн уламжлал болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн актын системчлэлийн уламжлал, хөгжлийн талаар судалж, Их засаг хуулиас хойшхи эрх зүйн баримт бичиг, эх сурвалжид тулгуурлан эрх зүйн актын системчлэлийг Бичмэл нэгдмэл хуулийн үе (1206-1911); Кодификацийг хэрэглэсэн үе (1912-1958); Шинжлэх ухаанчаар хандаж эхэлсэн үе (1959-1982); Консолидацийг хэрэглэсэн үе (1982-1992); Эрх зүйн шинэтгэлийн үе (1992 оноос эдүгээг хүртэлх) гэж үечлэн авч үзсэн. Эрх зүйн хэм хэмжээний системчлэлийн төрөл болох хууль тогтоомжийн он дараалсан инкорпораци хийх, системчилсэн инкорпораци хийж эрх зүйн хэм хэмжээг нэгтгэн төрөлжүүлж эмхлэн цэгцлэх ажиллагааг цагдаагийн байгууллага дээр тогтмол хийж ирсэн байдаг. Эдгээрийн ихэнх нь батлан гаргасан субъектээр буюу эрх зүйн актын төрлөөр системчлэгдсэн буюу эрх зүйн хэм хэмжээний актыг нэгтгэн төрөлжүүлэх системчилсэн инкорпорацийн, харин зарим хэсэг нь хамаарагдах субъект, үйл ажиллагааг нь төрөлжүүлж нэгтгэсэн инкорпорацийн аргыг ашиглаж иржээ.Түүхэн цаг хугацаанд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дотоод эрх зүйн актуудын кодификацийг хийж байгаагүй бөгөөд эрх зүйн хэм хэмжээний актын системчлэлийн бусад аргыг дотоод эрх зүйн актуудыг системчлэхэд ашиглаж байгаагүй байна.
Эрх зүйн актын системчлэлийн объектив болон субъектив шалтгаанууд, системчлэлийн төрлүүд, тэдгээрийг харьцуулсан судалгаа, эрдэмтэн судлаачдын системчлэлийн техникийн талаар санал болгосон хувилбарууд, тэдгээрт үндэслэн судлаачийн хувьд өөрийн хувилбарыг дэвшүүлж зөв юм хийхийг үр дүн, харин юмыг зөв хийхийг үр ашиг [31] гэдэг утгаараа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зөв аргаар хийж гүйцэтгэх, тэрхүү зан үйлийг удирдах үйл ажиллагаа нь эмхлэгдсэн байх ёстой гэж дүгнэсэн. Удирдлагын шинжлэх ухааны удирдлагын баримт бичгийн системчлэл, технологийн шинжлэх ухааны технологи, хууль зүйн шинжлэх ухааны эрх зүйн актын системчлэл болон корпоратив эрх зүйн акт, эдгээрийн аль аль нь эмх цэгц, үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байдаг тул тэдгээрийг харилцан хамааралынх нь үндсэн дээр практикт нэвтрүүлж ашиглавал илүү үр дүнтэй, үр ашигтай байх саналыг дэвшүүлсэн.
Үүний тулд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын өөрийнх нь мөн чанарыг судлан гаргах зорилгоор захиргааны дотоод эрх зүйн хэм хэмжээний актыг системчлэх техникийн талаарх хандлагууд, гадаад орнуудын болон олон улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг системчилсэн төрөл ангилал, бүтэц, агуулгатай харьцуулан үзэв. Харьцуулсан судлалын үр дүнд хууль зүйн техник улс орнуудыг эрх зүйн салбарын хувьд ойртуулж хууль зүйн техникийн нийтлэг мөрддөг дүрэм нэмэгдсээр байна гэж дүгнэлээ.
Энэ бүлэгт хийсэн дүн шинжилгээнд үндэслэн 2010 оныг хүртэлх хугацаанд манай улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан захиргааны дотоод эрх зүйн актуудын кодификаци болон консолидаци хийгдэж байгаагүй байна, эрх зүйн хэм хэмжээний актыг системчлэх зорилго, шаардлагатай уялдуулан зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд бус эрх зүйн бүхий л актуудыг системчлэх техникийг улс орон даяар нэвтрүүлбэл манай улсын эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэхүү дүгнэлтэд үндэслэн “хууль тогтоомжийн системчлэл” гэж байгааг агуулгын хувьд илүү оновчтой илэрхийлэх шаардлагын үүднээс “эрх зүйн актын системчлэл” гэж томьёолох санал дэвшүүлэв.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн актын системчлэлийг сайжруулах арга замууд гэсэн III бүлэгт цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дотоод эрх зүйн актуудын системчлэлийн талаар албан хаагчдын үзэл бодол, шүүмжлэл, саналыг авч, журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал, түүний хэрэглээ, ач холбогдлыг тодорхойлох, цаашид эрх зүйн актуудын системчлэлийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн актуудыг системчлэн, кодлон мөрдүүлсэн нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд эерэг үр нөлөө үзүүлж байна” гэсэн таамаглал дэвшүүлж түүнийг шалгахын тулд үл хамаарах болон хамаарах хувьсагчийг тодорхойлсон ба үл хамаарах хувьсагч, хамаарах 6 хувьсагчийг тодорхойлж үл хамаарах хувьсагчийн дундаж үнэлгээг гаргав.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг системчлэн бүтээх болсон үндэслэл, систмчлэлийн талаар эрдэмтэн судлаачид болон практик ажилтнууд хэрхэн дүгнэж байгааг судалж, системчилсэн практик нь эрх зүйн актын системчлэлийн техникийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд шинжилгээ хийж бидний санал болгож туршсан ангилагчийг бүтээсэн техник нь эрх зүйн актын системчлэлийн техникт тавигддаг шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн ба цаашид эрх зүйн шинэтгэлийн үйл явц, хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох, хууль зүйн зарим техникийг дотоод эрх зүйг бүтээхэд нэвтрүүлэх талаар санал дэвшүүлсэн.
Гуравдугаар бүлгийн төгсгөлд өмнөх бүлгүүдэд хийсэн онолын дүн шинжилгээ, харьцуулсан судалгааны дүнд тулгуурлан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны нөлөөлөл, хэрэгжилтийн байдал, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйл, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг системчилсэн практикийг эрх зүйн актын системчлэлийн техниктэй харьцуулан цаашид боловсронгуй болгох арга хэмжээг уялдуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн.
Дүгнэлт. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын системчлэлийн асуудлыг онол, практикийн хүрээнд судлан шинжилж, эрх зүйн ерөнхий онол, захиргааны эрх зүй, хөдөлмөрийн эрх зүйн шинжлэх ухаан, хууль зүйн техник, эрх зүйн актын системчлэл, чанарын удирдлагын харилцан хамаарал, эрх зүйн актыг системчлэн бүтээх бодит шаардлагад тулгуурлан дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
Нэг. Захиргааны дотоод эрх зүй, түүний системчлэлийн хүрээнд:
1. Хууль дээдлэх ёсны зарчмыг хэрэгжүүлэх, бодит зан үйлд биелэлээ олж үйлчилдэг эрх зүйг бий болгох, бодит зохицуулалтын механизмыг бий болгох үндэс нь эрх зүйн тогтолцоог бүрдүүлэгч олонлогууд жигд үр нөлөөтэй ажиллах ба үүний нэг хэсэг болох захиргааны үйл ажиллагааны технологийн горимыг тогтоох буюу захиргааны дотоод эрх зүйн хэм хэмжээний актыг онолын үндэслэлтэй, чанартай бүтээж ашиглах шаардлага нь энэ судалгааны ажлын үндэс юм.

2. Эрдэмтэн судлаачдын бүтээлд дурдсанаар захиргааны дотоод эрх зүй нь ямар нэг хэмжээгээр иргэдэд шууд бусаар эрх зүйн нөлөөлөл үзүүлж байдаг; түүний зохицуулалт нь хууль, бусад эрх зүйн хэм хэмжээнд үндэслэгдсэн бие даасан зохицуулалт болдог; захиргааны үйл ажиллагааны бие даасан хэлбэр болдог; захиргааны байгууллагын шаталсан бүтцийн хувьд хаяглагдсан этгээд буюу алба хаагч, ажиллагсад нь заавал биелүүлэх шаардлагатай байдаг шинж бүхий эрх зүйн эрх сурвалж мөн.

3. Захиргааны дотоод эрх зүйн нэг хэлбэр нь бидний санал болгож байгаа цагдаагийн байгууллагын дотоод эрх зүйн хэм хэмжээний системчлэгдсэн акт болох цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам юм. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам нь эрх зүйн ерөнхий онолын хүрээнд эрх зүйн “зохион байгуулах үйл ажиллагааны процедурын” хэм хэмжээний төрөл, захиргааны эрх зүйн “захиргааны дотоод эрх зүйн” төрөлд тус тус багтах эрх зүйн хэм хэмжээний акт мөн.

4. Эрх зүйн актын системчлэл нь эрх зүй үүссэн цагаас тэдгээрийг эмхлэн цэгцлэх зорилготой үүсэн бий болж түүхийн олон шалгуурыг даван туулж хөгжиж иржээ. Эрдэмтэн судлаачдын “Эрх зүйн актын системчлэл нь эрх зүйн актуудыг эмхлэн цэгцэлж, тэдгээрийг нэгдмэл, уялдаатай системд оруулахад чиглэсэн үйл ажиллагаа” гэж тодорхойлсонтой санал нэгдэж байна.

5. Эрдэмтэн судлаачдын санал болгосон хувилбаруудын бүхий л шинжүүдийг багтаасан томьёоллынх нь хувьд кодификаци нь эрх зүйн хэм хэмжээг эрх зүйн тогтолцоонд оруулах, иж бүрэн жагсаалтаар эмхэлж системчилсэн нэгдмэл акт болгох, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрэмбэ тогтоох болон эрх бүхий этгээдээс тогтоосон хэм хэмжээнүүдийг зөвшилцсөн дэс дараалалд оруулах зэргээр нэг дор цуглуулж, эмхэлж цэглэх үйл явц гэж дүгнэж байна.

6. Цаашид судалгааны үр дүнгээр илэрч байгаа зарим асуудлыг тодорхойлж шийдвэрлэх, тухайлбал, эрх зүйн актын системчлэлийн болон захиргааны дотоод эрх зүйн асуудлыг гүнзгийрүүлэн судлах шаардлага байна.
Хоёр. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг системчлэн бүтээх техникийн хүрээнд:

7. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2011 онд батласан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам бол эрх зүйн хэм хэмжээний системчлэлийн кодификаци хийгдсэн, цагдаагийн төв байгууллагын даргын батлан мөрдүүлж байсан дүрэм, журам, зааврыг агуулгын хувьд боловсруулах үндсэн дээр байнга тогтвортой үйлчлэх шинжтэй, эмхтгэн нэгтгэж төрөлжүүлэн бүтээсэн шинэ акт мөн юм.
Цагдаагийн байгууллагын системчлэгдсэн үйл ажиллагааны журам нь байгууллагыг нэгдсэн удирдлага, нэгдсэн стандартад оруулах, мэргэшсэн байх үндэс болно.

8. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг системчлэн бүтээсний эерэг нөлөөллийг тооцож үзэхэд хувьсагчуудын хамаарал
3.82 буюу 76 хувьтай гарсан нь энэ ажлыг үр дүнгээ өгч байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

9. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг системчлэн боловсруулж мөрдүүлсэн 7 жилийн хугацаанд энэхүү актын талаарх цагдаагийн алба хаагчдын ойлголт мэдлэг хангалттай байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Харин үйл ажиллагааны журмыг хэвлүүлж түгээх ажил хангалтгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, нийт бүрэлдэхүүний 40 хувьд хүрэлцээгүй буюу ашиглаж чадахгүй байгаа нь анхаарал татсан асуудал юм. Иймд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу алба хаагчдад хүрэлцэхүйц хэмжээгээр хэвлэж түгээх шаардлагатай.

10. Судалгаанд оролцогчдын
23.7% хувиас сөрөг үнэлгээ өгсөн нь нээлттэй асуулгаар тодорхойлогдож байгаа тулгамдсан асуудлууд буюу үйл ажиллагааны журмыг хөгжүүлж боловсронгуй болгон зохицуулалтын дутууг нөхөх гэсэн санал нийт хариултын 48,9 хувийг эзэлж байгаа, 36,8 хувь нь журмын хүртээмж муу гэж дүгнэсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.

11. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг системчлэн бүтээсэн нь хууль зүйн техникийн шаардлага, зарчимд нийцсэн байна. Эрх зүйн актын системчлэлийн техникийг хэрэглэж ангилагч жагсаалт тогтоох, индексжүүлэх, тэдгээрийг бүртгэх, үйл ажиллагааны журмыг өөрийг нь бүтээх процедур болгон тусгасан нь ач холбогдолтой байна.

12. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэхэд хөтлөх баримт бичгийн загваруудыг гаргах нь үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой гэж дүгнэж байна
Судалгааны ажлын гол үр дүнг нийтлүүлсэн байдал
Нэг.Бүтээлийн жагсаалт
1.Цагдаа. //Цагдаа.
2008. №1/103, 10-16 дугаар тал;

2.Гадаадын зарим орны цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандарт журмын системчлэлийн туршлага. ЦЕГ-аас зохион байгуулсан Цагдаагийн байгууллагын эрх зүйн актын кодификаци сэдэвт ЭШБ хуралд хэлэлцүүлсэн илтгэл. //Цагдаа.
2010. №1/105, 15-16 дугаар тал;

3.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандарт журмын системчлэл. //Гэмт явдалтай тэмцэх асуудал, 2011, №3;

4.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын системчлэл. //Хууль сахиулахуй.
2015. №2;

5.Хууль сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, чиг хандлага. //Хууль сахиулахуй.
2016. №3;

6.“Гэмт хэргийн хохирогчид төрөөс туслах үйл ажиллагаа” өгүүлэл, //Цагдаа. 2009, №3/103, 14-16 дугаар тал;

7.Цагдаагийн байгууллагын эрх зүйн актын системчлэлийн талаар судлагдсан байдлын тойм. //Гэмт явдалтай тэмцэх асуудал. 2017, №3; 64-76 дугаар тал

8.Эрх зүйн актын системчлэл ба цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн актуудын системчлэлийн үүсэл хөгжлийн төлөв байдал //Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал ОУЭШХ-ын эмхэтгэл.
2017. 281-303 дугаар тал.

9.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсны зарчмыг хэрэгжүүлэх нь. //Хууль дээдлэх ёс. 2017 №3(63) 54-64 дэхтал.
Хоёр.Судалгааны сэдвийн хүрээнд гаргасан системчилсэн эмхтгэл
1. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам эмхтгэл (2011);

2. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам эмхтгэл (2012);

3. Монгол Улсын Дотоодын цэргийн үйл ажиллагааны журам эмхтгэл (2012), (системчлэхэд оролцсон);

4.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам эмхтгэл (2013);

5.Белмонтын цагдаагийн газрын бодлого журам, (Standard operation procedure), (2009), (редактораар ажилласан);

6.Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагааны журам. (2017), (цахим хувилбарыг бүтээсэн);
Гурав.Судалгааны үр дүнг хуулийн төсөл, бодлогын баримт бичигт тусгуулсан байдал
1.Цагдаагийн албаны тухай хууль (2013);

2.Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 475
Сүүлийн сард 19
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :