Судалгааны зорилго, зорилт. Энэхүү ажлын зорилго нь сэтгүүл зүйн ярилцлагын түүхэн хөгжлийн ерөнхий дүр зургийг гаргахын сацуу улс орны хөгжлийн янз бүрийн үе шатанд сэтгүүл зүйн ярилцлагын хэлбэрт гарсан өөрчлөлт, ярилцлагаар дамжуулан тухайн нийгмийн янз бүрийн давхаргын сэтгэлзүйг тандаж болдгийг тодруулахад оршино. Түүнчлэн ярилцлага хийх ур чадварын гол гогцоо асуудлуудыг тодорхой болгож системчлэхэд судалгааны ажлын зорилго чиглэгдсэн болно. Судалгааны объект, судлагдахуун. Монголын сэтгүүл зүйн ярилцлагын түүхэн хөгжлийн ерөнхий дүр зургийг гаргаж, хөгжлийн янз бүрийн үе шатанд сэтгүүл зүйн ярилцлагын хэлбэрт гарсан өөрчлөлтийг тодруулан гаргаж ирэхийн тулд 1940-1980-аад оны “Үнэн” сонин, Монголын орчин үеийн сэтгүүлч, нийтлэлчид ярилцлагыг хэрхэн бичиж байгааг болон тэдний бичлэгийн агуулга, хэлбэр, ур чадвар, арга барил яаж өссөн, нийгмийн амьдрал, олон түмний санаа бодолд хэрхэн нөлөөлж буйг тодруулахын тулд өдөр тутмын “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинуудын хураамжид тулгуурлан судалгаа хийлээ. Судалгааны ажлын арга зүй, аргачлал. Түүх, онолын судалгааны хэсэгт эх бичвэр, баримт бичгийн судалгаа, харьцуулсан шинжилгээ хийх, задлан шинжлэх (анализ), нэгтгэн дүгнэх (синтез) зэрэг судалгааны аргыг хэрэглэв. Судалгаанд хамруулсан сонинуудын ярилцлагын сэдэв, агуулга, хэлбэр, үр нөлөө, ур чадварыг контент анализ, ажиглалт, санал асуулга, чанарын судалгааны аргуудаар судалж, математик боловсруулалт хийн харьцуулан жишиж нэгтгэлээ. Судалгааны ажлын шинэлэг тал. Монголын өдөр тутмын сонины ярилцлагын сэдэв, агуулга, хэлбэр, бичих ур чадварт гарч байгаа өөрчлөлт шинэчлэл, түүний үр нөлөөг сэтгүүлчийн ур чадвартай холбохоос илүүтэй ярилцлага өгч буй хүмүүсийн ажил мэргэжлийн онцлог, зорилго, нийгмийн сэтгэл зүйн талаас нь авч үзэн санал, дүгнэлт боловсруулсанд уг ажлын шинэлэг тал оршино. Түүнчлэн энэхүү судалгааны ажлын хүрээнд ярилцлагын онолын зарим ойлголт, ухагдахуун, нэр томъёо, тулгамдсан асуудлыг судалж тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлаар өөрийн онолын баримтлал, байр суурийг томъёолов.
Судалгааны ажлын бүтэц, хэмжээ. Диссертаци удиртгал, 2 бүлэг, 6 зүйл, дүгнэлт, номзүй, хавсралтаас бүрдэнэ. Ажлын нийт хэмжээ 132 нүүр хуудас болно. Судалгааны ажлын товч агуулга. Судалгааны ажлын нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд Монголын сэтгүүл зүйн түүхэнд хамгийн урт хугацааг эзэлж, ээдрээтэй замыг туулж, арвин туршлага хуримтлуулсан ярилцлагын онолын үзэл баримтлалыг нэгтгэн дүгнэж, өөрийн тодорхойлолтыг «Ярилцлага бол сэтгүүлчийн уран бүтээлийн лаборатори, эрлийн амьд талбай мөн. Ярилцлага бол чин үнэнийг хамтран эрэхийн тулд хоёр буюу түүнээс олон хүн биеэр уулзаж амьд яриа өрнүүлдэг шууд харилцааны хэлбэр» хэмээн дэвшүүлж гаргалаа. Харин энэ бүлгийн хоёрдугаар зүйлд дэлхийн сэтгүүлзүйн түүхэнд ярилцлага анх үүсч бий болсон тухай асуудлуудыг нэгтгэн дүгнэж, улмаар Монголын сэтгүүл зүйн ярилцлага хэмээх бичлэгийн төрөл зүйл үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодорхойлж, Монголын ууган хэвлэлүүд дэх ярилцлагын шинж чанар, онцлог, нийгэм - улс төрийн чиглэл, анхдагчдыг тодруулж, өөрчлөн байгуулалтын үзэл санааг дэлгэрүүлж, улмаар бодит ажил хэрэг болгон хувиргахад ярилцлагын гүйцэтгэсэн үүргийг тодорхойллоо. Диссертацийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлд Монголд чөлөөт ардчилсан сэтгүүл зүй үүсч, төлөвшсөнөөр ярилцлагын хэлбэрт гарсан өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, ололт, дутагдлыг нэгтгэн дүгнэв. Судалгааны ажлын хоёрдугаар бүлгийн нэгдүгээр зүйлд ярилцлагын сэдэв, агуулга өөрчлөгдсөнөөр уншигчдад хэрхэн нөлөөлсөн, агуулгаас хамаарч ярилцлагын хэлбэр хэрхэн өөрчлөгдөж байгааг тодруулан гаргав. Энэ бүлгийн хоёрдугаар зүйлд өнөөгийн сонин хэвлэлд ярилцлагын эзлэх байр суурийг бичлэгийн бусад зүйлтэй харьцуулан гаргаж, нийгмийн сэтгэлзүйд гарч байгаа өөрчлөлт, чиг хандлагыг тогтмол хэвлэлүүдэд нийтлэгдсэн ярилцлагуудад дүн шинжилгээ хийх замаар тодорхойлж, орчин үеийн сонины ярилцлагын ололттой болон дутагдалтай талыг гаргаж ирлээ. Бүлгийн гуравдугаар зүйлд ярилцлага бичих арга зүй, үр нөлөөг боловсронгуй болгох асуудлыг сэтгүүлчийн зорилго, сонгосон сэдэв, түүний дагуу ярилцлагчаа зөв сонгож, оносон асуулт тавьж, мэдээлэл олж авах чадвартай холбон авч үзэж өөрийн санал зөвлөмжийг тусгалаа.
Дүгнэлт. Ерээд оноос сэтгүүл зүй бүхэлдээ шинэчлэгдэж, нийтлэл-уран сайхны бичлэгийн зүйлүүд эрс цөөрч, мэдээллийн бичлэгийн зүйлүүд давамгайлсан бөгөөд мэдээ, ярилцлага хэмээх хоёр зүйл аль ч тогтмол хэвлэлд гол байр эзлэх болжээ. Ярилцлага эрс нэмэгдсэн нь дараах эерэг, сөрөг хоёр шалтгаантай холбоотой байна гэж үзлээ. Эерэг шалтгаан нь ярилцлагын эх сурвалж баталгаатай, итгүүлэн үнэмшүүлэх чадвар өндөр, мэдээллийн багтаамж сайтай, ярианы хэлэнд ойр дөт, гол зүйлийг сэтгүүлч бус, ярилцагчаар хэлүүлдэг зэрэг давуу тал мөн. Сөрөг тал нь богинохон хугацаанд олон сонин хэвлэл шинээр гарч, сэтгүүл зүйд мэргэжлийн бус хүмүүс олноор орж ирснээр ярилцлагыг асуулт хариултыг эвлүүлэн тавьдаг амар хялбар бичлэгийн зүйл гэж үзэх болсон явдал мөн. Чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн үед ярилцлага сэдэв, бичлэгийн арга барил, бүтэц зохиомжийн хувьд нэлээд чөлөөтэй болсон нь түүний дотооод хэлбэрүүд баяжиж, шинэ хэлбэрүүд төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ярилцлага нь асуулт хариулт хэлбэрийн идэвхгүй цуглуулга биш, ярилцагч, сэтгүүлчийн хоорондын хөөрөлдөөн, мэтгэлцээн, мэдээллийн нэгэн хэлбэр болж байна. Сэтгүүлч ярилцлагын аргаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээгээр уншигчийн алжаал ядаргааг тайлж, зугаацуулж, цэнгүүлэх зорилгоор хэн нэгэнтэй ярилцах болсон нь чөлөөт сэтгүүл зүйн үед гарч ирсэн шинэ хандлага мөн. Чөлөөт өрсөлдөөн, хувь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээр засаглалын төв нь төр засаг биш, ард түмний эрх ашиг болохыг ухамсарлуулан, хэлэх юмтай хүн болгон өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг сонины ярилцлагаар дамжуулан эдлэх болсон нь сэтгүүл зүйн туурвилд гарсан томоохон ололтын нэг мөн. Ярилцлагаар дамжуулан хувь хүн, хэсэг бүлгийн төлөөлөл өөрийн имиж, онцлог, хэрэгцээ сонирхол, зорилго, зорилт, шийдвэр, ухамсар, эрхэм дээд эрмэлзэл, ертөнцийг үзэх үзлээ олон түмэнд харуулж байна. Энэ утгаараа сонины ярилцлага ардчиллын мөн чанарыг илэрхийлэгч болж байна. Ярилцлагад зөвхөн сэтгүүлч бие хүнийг харуулж, судлаачид ч түүний ур чадварыг түлхүү авч үзэн судалдаг байсан бол, өнөө үед ярилцагчийн өнцгөөс харж, түүний мэдлэг оюуны чадавхи, нийгэмд эзлэх байр суурийг онцгой анхааран судлах шинэ хандлага гарч ирж байгааг онцлон тэмдэглэж байна.