Энэхүү докторын (Ph.D) диссертаци нь удиртгал, 3 бүлэг, 10 дэд хэсэг, дүгнэлт, санал, ном зүй, хавсралтаас бүрдсэн бөгөөд Unicode Standart фондоор бичигдэж үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1,5 хэмжээтэй бөгөөд диссертаци нь стандартын шаардлагыг бүрэн хангасан 174 хуудас бүхий бүтэцтэй болно.
Нэгдүгээрт: Ялын зорилго нь нийгмийн шударга ёсыг тогтоох, ялтныг засан хүмүүжүүлэх, шинээр гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог учраас гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдэд шүүхээс ял ногдуулж, эдлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд ялангуяа хүнд ба онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдэд шүүхээс хорих ял ногдуулах ба түүнийг биечлэн эдлүүлэх явдал байсаар ирсэн, цаашдаа байсаар байх болно. Энэ учраас хорих ял эдэлж буй эмэгтэйчүүдийн ялыг эдлүүлэх журам нөхцөл, тэднийг нийгэмшүүлэх асуудлыг судлан шинжилж, эрүүгийн ба ял эдлүүлэх хууль тогтоомжийг төгөлдөржүүлэх явдал хууль зүй судлалын судалгааны нэг чухал объект мөн.
Монгол улсад гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдэд хорих ял ногдуулж, биечлэн эдлүүлэхэд дараахь хүчин зүйл нөлөөлж байна.
1.1. Хорих ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн үйлдсэн гэмт хэргийн ангиллыг сүүлийн 10 жилийн байдлаар судлахад 90 гаруй хувь нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг үйлджээ. Ялангуяа бусдыг санаатай алах, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг зонхилж байна.
1.
2. Хорих ял эдлэж буй эмэгтэйчүүдийн дунд урьд нь хорих ял эдэлж байсан эмэгтэйчүүдийн хувийн жин өндөр байна. Сүүлийн 5 жилийн дунджаар судлахад хорих ял эдэлж буй эмэгтэйчүүдийн гурван хүний нэг нь урьд нь хорих ял эдэлж байжээ. Энэ нь шоронжих хандлага эмэгтэйчүүдийн дунд багагүй байгааг нотлон харуулж байна.
Хоёрдугаарт: Эмэгтэй хүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх асуудал зөвхөн тэр хувь хүний тухайд бус үр хүүхдийг нь өнчрөлд оруулж, гэр бүл салж нийгэмд олон сөрөг үр дагаврыг авчирдаг байна. Энэ нь өөрсдөөс нь шалтгаалдаг хэдий ч бидний хийсэн судалгааны үр дүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдэд хорих ял ногдуулж биечлэн эдлүүлэх явдлын хүрээ цар нэг талаас хууль тогтоох бодлого нөгөө талаас эрүүгийн ялын бодлого зэргээс шалтгаалж иржээ.
Эрүүгийн хуульд заасан ялыг чангатгах түүний хүмүүнлэг шинжийг нь бууруулахад л хорих ялаар шийтгүүлсэн, биечлэн эдэлсэн эмэгтэйчүүдийн тоо үлэмж өсөх хандлага ажиглагдаж байна. Бидний хийсэн судалгаагаар сүүлийн 50 (1963-2012 он) жилийн дотор үүнээс 1963-1982 он хүртлэх 20 жилд нийтдээ 6895 эмэгтэй ял шийтгүүлж байжээ. Тэгвэл 2003-2012 он хүртлэх сүүлийн 10 жилд 7705 эмэгтэй шүүхээр ял шийтгүүлсэн байна. Ийнхүү сүүлийн 10 жилд ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 1963-1982 он хүртлэх 20 жилд ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тооноос даваж байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийг хэт хатууруулах түүний санкцыг шүүхээс сонголт хйх боломжгүй болгосонд оршино. Энэ учраас 2002 оны эрүүгийн хуулийн эл алдааг цаг алгуурлахгүй засах шаарлагатай болжээ.
Төр засгийн дээд түвшинд нэг талыг барьсан эрүүгийн бодлогыг явуулснаас болж шүүхээр ял шийтгүүлэгчдийн тоог эрс нэмэгдүүлэх явдал гарч байв. Тухайлбал 1983 онд тэр үеийн МАХН-ын Төв хорооноос хууль сахиулах байгууллагад гарч байсан алдаа завхралын талаар 316 дугаар тогтоол гаргаж, ял тэнсэх, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах журмыг шүүхээс хэрэглэх асуудалд хөндлөнгөөс оролцож, эдгээр институтыг хэрэглэхгүй байх чиглэлийг өгч байжээ. Үүнээс болж зөвхөн 1984-1986 онд хоёрхон жилийн дотор 1942 эмэгтэй хорих ял шийтгүүлсэн байна. Гэтэл 1963-1972 он хүртлэх 10 жилд 1900 эмэгтэй хорих ялаар шийтгүүлж байв. Өмнө дурдсанаас дүгнэхэд Эрүүгийн хуульд аливаа хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулд тохирсон ялыг буй болгох, шүүх ялыг шударга ногдуулах зэрэг нь эмэгтэйчүүдэд хорих ялыг биечлэн эдлүүлэх явдлыг одоогийнхоос хавьгүй илүүгээр бууруулах нөхцлийг бүрдүүлэх болно гэж үзэв.
Гуравдугаарт: 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр зарим төрлийн онц хүнд гэмт хэрэгт онцгой тохиолдолд хорих ялыг дээд хугацааг 25 жил, ердийн дээд хэмжээ 10 жил байсныг 15 жил болгосон явдал эмэгтэйчүүдийн хувьд хүндээр тусаж, тэднийг удаан хугацаагаар шоронд суулгаж, шоронжуулах байдалд хүргэжээ. Ийм учраас хорих ялын хугацааг багасгах саналыг дэвшүүлж байна.
Дөрөвдүгээрт: Хорих ялын агуулгыг тодорхойлдог үндсэн шинж нь хорих ялын дэглэм мөн. Манай улсад 1966 оноос эмэгтэйчүүдийн хорих ялыг эдлүүлэх дэглэмийг жирийн ба чанга гэсэн төрөлд ангилж ирсэн бөгөөд тэдгээрийн зааг ялгааг эргэлт, уулзалт, захидал харилцааны жилд авах тоогоор тогтоож ирсэн боловч одоогийн нөхцөлд зарчмын шинжтэй ялгаагүй болсон нь судалгааны явцад тодорхой болов.
Монгол улсад буй эмэгтэйчүүдийн ганц хорих анги бөөнөөр нь хорих шоронгийн шинжтэй байгаа юм. Энэ нь ялтны засрал хүмүүжилд эерэг нөлөөлөл үзүүлж чадахааргүй болжээ. Энэ учраас нээлттэй, хагас нээлттэй, хаалттай дэглэмийг буй болгох шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрэв.
Тавдугаарт: Эмэгтэйчүүдэд хорих ял эдлүүлэх явцад тэднийг хөдөлмөрлүүлэх асуудалд онцгой анхаарал тавих нь суллагдсны дараа амьдрах эх сурвалжтай болох, тэдний бие махбодийг чийрэгжүүлэх, өвчнөөс сэргийлэх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, мэргэжил дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой. Эмэгтэй ялтны хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна эдийн засаг, санхүү, хүний нөөцийн мэргэжлийн ихээхэн чадавхи шаардагдахыг судалгааны үр дүн харуулав.
Зургадугаарт: Ялтныг засаж хүмүүжүүлэх ажил нь, шинээр гэмт хэрэг үйлдүүлэхгүй байлгах, ялтны гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гэмт зан үйлийг нийгэмд аюулгүй болгоход чиглэгдэх учиртай. Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болох “Иргэний болон улс төрийн эрхийн тухай Пакт”-ын 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хорих байгууллагын дэглэмийн нэн чухал зорилго нь: “хоригдлыг засан хүмүүжүүлж нийгмийн хэвийн гишүүн болгох явдал байна” гэж заажээ. Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу энэхүү Олон улсын гэрээ нь манай улсын үндэсний хууль тогтоомжийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно. Хэрэв манай улс Эрүүгийн хуулийн ялын зорилгоос ялтныг хүмүүжлүүлэх зорилгыг хасахад хүрвэл (Гэмт хэргийн тухай хуулийн төслөөс ялын хүмүүжүүлэх зорилгоос хасчээ) нэг талаар хүний эрхийн Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн өмнө дурдсан Олон улсын пактыг ноцтой зөрчсөн асуудалд холбогдоход хүрч болзошгүй. Нөгөө талаар ялтныг цээрлүүлэх агуулга үлдснээр ялтанд сөргөөр нөлөөлж хорих ялын дэглэм журмыг сахиулахад хүндрэл бэрхшээлтэй тулгарч зөвхөн харуул хамгаалалтын хүчийг зузаатгах журмаар ялтныг тогтоон барихад хүргэнэ. Улмаар шорон дахь эрүү шүүлтэд хүчтэй нөлөөлөх болно.
Долдугаарт: Бидний хийсэн судалгааны явцад хоригдлууд дотор сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин зонхилох байрыг эзэлж байгаа нь ажиглагдсан юм. 150 эмэгтэй хоригдол тутмын 26,6% нь бэлгийн замын халдварт өвчтэй байжээ. Хоригдож байх хугацаандаа нийт ялтны 46,6% нь үр хөндүүлж, 20% нь үр зулбуулсан байна. Сүүлийн (2003-2012) 10 жилд өвчний учир ялаас чөлөөлөгдсөн ялтны тооны өсөлт бууралтанд дүн шинжилгээ хийж үзэхэд
2003 оныг 2012 онтой харьцуулахад 40%-аар өссөн эмэгтэй ялтны эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулах шаардлага үүсснийг харуулж байна. Энэ чиглэлээр манай улс НҮБ-ээс тавьж буй олон улсын наад захын шаардлагыг хангах ёстой гэсэн дүгнэлтийг хийв.
Наймдугаарт: Судалгааны явцад докторант шоронгийн байгууламжийн архитектурын талаар тусгайлан судалж, шоронгийн байр байшин, түүний доторхи орчин ямар байвал зохих асуудлыг тусгайлан хөндөж (диссертацын 2 дугаар бүлгийн дөрөв дэх хэсгийг үзнэ үү) энэ чиглэлээр манай улс НҮБ-аас батлан гаргасан “хоригдлуудтай харьцах наад захын жишиг”-т нийцүүлэх зайлшгүй шаардлагатай болсон гэж дүгнэв.
Есдүгээрт: Диссертацид эмэгтэй ялтныг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл, ялангуяа хорих ял эдэлснээс хойш үүсэх эрх зүйн үр дагаврыг судалсны үндсэн дээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацааг амьдралд хэт хавтгайруулан хэрэглэснээс шалтгаалж ялангуяа эмэгтэй ялтанд олон сөрөг үр дагавар бий болж байна. Ял шийтгэлтэйд тооцох хугацаанд тодорхой ажил, албан тушаалд авахгүй байх асуудлыг хэд хэдэн хууль тогтоомжид хуульчилсан нь судалгааны явцад тодорхой болов. Тэр ч атугай байгууллага, аж ахуйн нэгж хүнийг ажилд авахдаа цагдаагийн байгууллагаас тодорхойлолт заавал авчрахыг шаарддаг болж хэрэв ял шийтгүүлсэн нэгэн байвал орон тоогүй хэмээн ялгаварлан гадуурхах явдал газар авчээ. Энэхүү ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох талаар хүний эрхийг хамгаалсан хууль тогтоох ажиллагааг нэн даруй хийх шаардлагатай болсон гэж үзэв.
Арав дугаарт: Эмэгтэйчүүд хорих ял эдэлснээс тэдэнд эрх зүйн олон сөрөг үр дагавар бий болж байна. Нөгөө талаар эмэгтэй хүн эх хүн болохынхоо хувьд эрүүл мэндээрээ хохирч байна. Ял эдэлж байгаа хүнд нөхцлөөс шалтгаалж олон зуун эмэгтэй үр зулбуулж үр хөндүүлж байна. Эмэгтэйчүүдийн хорих ялын хугацаа урт байгаагаас шалтгаалж тэд нөхөн үржихүйн идэвхтэй насаа хорих ял эдэлж өнгөрүүлж байгаагаас насаараа хүүхэдгүй эмэгтэй байх нөхцөл бүрдэж байна.
Арван нэгдүгээрт: Хорих ялаас чөлөөлөгдсөн эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэх асуудлыг тусгайлан судалсны үндсэн дээр нэг талаас суллагдах хугацаа дөхөхийн хэрээр нийгэмшүүлэх бэлтгэлийг хангах олон талт ажлыг дэс дараалалтай зохион байгуулах явдлыг хуульчлах шаардлагатай байна. Эмэгтэй ялтныг суллагдахаас өмнө түүний байнга оршин суугаа аймаг, сум, дүүргийн засаг даргын тамгын газарт гэр орон, хөдөлмөрийн чадвар, мэргэжлийн талаар хорих байгууллагын захиргаа бичгээр мэдэгдэж, улмаар оршин суугаа газрын засаг захиргаа суллагдагсдыг ажлаар хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах шаардлагатай юм.
Нөгөө талаар хорих газраас суллагдагсдад үзүүлэх наад захын туслалцааг хуульчлах явдал онцгой чухал: Тухайлбал,
1. Монгол улсын Засгийн газраас тогтоосон журмыг дагуу оршин суугаа газартаа очих унаа, хоол хүнс, замын мөнгө олгох
2. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд улирлын хувцасгүй тохиолдолд улсын зардлаар хувцас олгож, Засгийн газраас тогтоосон нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгох
3. Насанд хүрээгүй хүнийг хорих газрын ажилтан дагалдаж орон гэр, эцэг эхэд нь хүргэж өгөх
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0