Судалгааны зорилго
Тус ажлын зорилго нь дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний бодлогын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөв, чиг хандлага болон улс төр, геополитикийн нөхцөл байдлыг судлах үндсэн дээр Монгол Улсын эрчим хүчний нөөц, потенциал, бодлого стратеги, бүс нутагт эзлэх байр суурийг тодорхойлоход чиглэнэ. Уг зорилгын хүрээнд:
- Эрчим хүчний бодлогын мөн чанар, үүрэг зорилгыг тодорхойлох, эрчим хүчний асуудлыг улс төр, геополитикийн аспектаар авч үзэх;
- Дэлхийн улс төрд эрчим хүчний эзлэх байр суурь, олон улсын харилцаанд үзүүлэх нөлөөллийг судлах, бүс нутаг ялангуяа Зүүн Хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа, өрсөлдөөний өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийх, бүс нутгийн хэмжээний эрчим хүчний харилцаанд Монголын эзлэх байр суурь, чиг хандлагыг тодорхойлох ;
- Монголын улсын гадаад бодлогод эрчим хүчний хүчин зүйлийн үзүүлэх нөлөөг судлан шинжлэх, Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого, үйл ажиллагаа болон гадаад орчин, геополитикийн хүчин зүйлийг үнэлж цэгнэх, Монголын Улсын эрчим хүчний нөөц потенциалыг гадаад бодлогын арга хэрэгсэл болгох нөхцөл бололцоог эрэлхийлэхэд тус ажлын зорилт оршино.
Судалгааны онол, арга зүй
Судалгааны ажлын онолын үндэс нь эрчим хүчний улс төрийн бодлогын асуудал, эрчим хүчний харилцааны хөгжлийн орчин үеийн хандлагыг олон улсын харилцаа, улс төр, эдийн засгийн салбар дахь гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын зохиол бүтээлд тусгагдсан олон улсын эрчим хүчний харилцаа, эрчим хүчний гадаад дотоод бодлогын талаарх онол, үзэл баримтлалд тулгуурлав. Судалгааны ажлын арга зүйн үндэс нь гадаад бодлого, олон улсын харилцааны зүй тогтол болон динамик өөрчлөлтийг судлахад чиглэсэн улс төр судлал, геополитикийн болон системийн хандлагад үндэслэсний зэрэгцээ харьцуулсан шинжилгээ, баримт бичгийн судалгаа, үйл явдлын анализ, улс төрийн прогнозчлол зэрэг арга, зарчмийг ашигласан болно.
Судалгааны шинэлэг тал
- Зүүн Хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааны асуудалд Монгол Улсын оролцоо нөхцлийг тодорхойлох, улс төр, геополитикийн үүднээс системчлэн авч үзэх;
- Бүс нутгийн эрчим хүчний харилцааны орчин үеийн өрнөл хөгжлийг нарийвчлан шинжлэх замаар бүс нутгийн харилцаа, улс төр, эдийн засгийн хүчний харьцаанд гарч буй өөрчлөлт, тэр дундаа Монголын эзлэх байр суурь, үүрэг ролийг тодорхойлох;
- Монгол Улсын эрчим хүчний сонирхол, бодлого стратегид Зүүн Хойд Азийн улс төр, геополитикийн нөхцөл байдлын үзүүлэх нөлөөллийг авч үзэх;
- Монгол Улсын эрчим хүчний бодлого стратегийг дэлхийн эрчим хүчний чиг хандлага, бүс нутгийн орнуудын интеграци, бодлого үйл ажиллагаатай уялдуулан судлах үндсэн дээр эрчим хүчний бодлогоор дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах бололцоо нөхцлийг тодорхойлоход тус тус чиглэнэ хэмээн үзсэн болно.
Судалгааны ач холбогдол
Эрчим хүчний бодлогын улс төр, олон улсын харилцааны асуудал, Зүүн Хойд Ази дахь эрчим хүчний харилцаа, геополитикийн нөхцлийг судлах үндсэн дээр бүс нутагт эрчим хүчний хамтын ажиллагаанд Монгол Улсын эзлэх байр суурийг тодорхойлох, бодлого стратегийг үнэлж дүгнэх, Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэхэд эрчим хүчний нөөц, потенциалыг хөшүүрэг болгон ашиглах бололцоог онолын үндэслэлтэй судлах, боловсруулахад оршино. Мөн тус ажил нь олон улсын харилцаа, гадаад бодлого, эдийн засаг, улс төр судлалын гарын авлага болохын зэрэгцээ эрчим хүчний бодлогын талаар судлаач шинжээчдийн цаашдын судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн, судалгаа шинжилгээний материал болох бололцоотой.
Товч дүгнэлт
Эрчим хүч бол олон улсын талбарт Монголын улсын эрх ашгаа хангах, хамгаалах, хөрш гүрнүүдийн нөлөөллийг тогтоон барих, аюулгүй байдлаа хангах гол нөөц хэрэгслийн нэг юм. Эрчим хүчний хэрэглээний том зах зээл бүхий бүс нутаг дахь байршил болон эрчим хүчний глобал тоглогчид, үндэстэн дамнасан корпорациас Монголын эрдэс баялаг, эрчим хүчний нөөцийг хамтран ашиглах, хөрөнгө оруулалт хийх сонирхлын зэрэгцээ далайд гарцгүй байдал, эрчим хүчний их гүрнүүд болох Орос, Хятадын дунд түгжигдсэн байршил нь геополитикийн байдал нь Монголын эрчим хүчний сонирхлыг нөхцөлдүүлж байна. Улмаар хөрш гүрнүүдийн нөлөөллийг тэнцвэржүүлэхийн тулд “эрчим хүчний гуравдагч хөрш”, эрчим хүчний томоохон тоглогчдын оролцоог хангах явдал нь Монгол Улсын эрчим хүчний стратегийн мөн чанар юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0