“Улаанбаатар хотын зорчигч тээврийн системийн судалгаа” сэдэвт бизнесийн удирдлагын ухаанаар доктор (Ph.D) –ын зэрэг горилсон бүтээл нь удиртгал, 3 үндсэн бүлэг, 13 дэд бүлэг, ерөнхий дүгнэлт, ашигласан материалын жагсаалт, зөвлөмж, хавсралтуудыг агуулсан нийт 145 хуудас бичлэг, 24 хүснэгт, 84 зурагнаас бүрдсэн.
Нэгдүгээр бүлэг буюу “Зорчигч тээврийн үйлчилгээний онол, арга зүйн үндэс” хэсэгт гадаадын улс орнууд болон манай улсын судлаачдын бүтээлийг харьцуулан судалж зорчигч тээврийн үйлчилгээ, түүний эрэлт, мөн чанар, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, системийн динамик загварчлал ашиглах арга зүйн асуудлыг тодорхойлсоны үндсэн дээр Улаанбаатар хотын зорчигч тээврийн салбарын зарим асуудлыг боловсронгуй болгох шаардлагатайг тодорхойлсон.
Хоёрдугаар бүлэг болох “Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээний өнөөгийн байдлын судалгаа” хэсэгт Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээний өнөөгийн байдлыг бүрдүүлэгч хүчин зүйлс тус бүрээр нь авч үзсэн байна. Тухайлбал тээврийн хэрэгсэл, зорчигч тээврийн сүлжээ, зорчих эрэлтийн судалгааг хийж, хүчин зүйлсүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлаж, саналаа дэвшүүлэн тавьсан. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, зорчигч тээврийн салбарт хийгдсэн төсөл хөтөлбөрүүдийг судлан үзэж дүгнэсэн. Судалгааны ажлын хүрээнд зорчигч тээврийн эрэлтэнд нөлөөлж буй хүчин зүйлсүүдийн хоорондын хамаарлыг статистик аргачлалаар судлаж тогтоосон.
Гуравдугаар бүлэг болох “Улаанбаатар хотын иргэдийн зорчих эрэлтийн хэтийн төлөвийг таамаглах асуудал” хэсэгт Улаанбаатар хотын зорчигч тээврийн эрэлтийг тодорхойлохдоо системийн динамик загварчлалын аргыг ашиглаж сүүлийн 20 жилийн статистик мэдээлэлд тулгуурлан компьютерийн программ хангамж ашиглан загвар боловсруулсан. Зорчигч тээврийн эрэлтийн динамик загвар нь зогчигч тээврийн үйлчилгээнд нөлөөлж буй хүчин зүйлсийн өөрчлөлтийг хугацааны эгшин бүрт хэрхэн нөлөөлж байгааг системтэйгээр судлах боломжийг олгож байгаа нь шинжлэх ухааны ач холбогдолтой болсон.
Иргэдийн зорчих эрэлтийн динамик загварыг ашиглан Улаанбаатар хотын хэтийн 20-30 жилийн иргэдийн зорчих эрэлтийг тодорхойлож, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгааг гаргасан. Загварын үр дүнд үндэслэн зорчигч тээврийн төрлүүдийн хүчин чадалд тулгуурлан ашиглах боломжтой хувилбаруудыг санал болгосон. Тухайлбал Улаанбаатар хотын иргэдийн зорчих эрэлтэнд тулгуурлан 2015-2016 онд тусгай замын автобусны үйлчилгээ (BRT), 2020 онд бага багтаамжийн метро (LRT), 2027-2028 онд их багтаамжийн метро (MRT)-г тус тус зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах боломжтой гэж үзсэн.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг болох зорчигч тээврийн үйлчилгээний өнөөгийн байдлыг иж бүрэн судлан үзэж, цаашид боловсронгуй болгох чиглэлээр тодорхой санал, зөвлөмжүүдийг диссертацид оруулсан. Энэхүү эрдэм шинжилгээний ажилд санал болгосон Улаанбаатар хотын иргэдийн зорчих эрэлтийн динамик загвар болон зорчигч тээврийн үйлчилгээнд динамик загварчлал ашиглах асуудал нь цаашид Улаанбаатар хотын зорчигч тээврийн салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд өнөөдрийн замын хөдөлгөөний хэт ачаалал, эдийн засгийн үргүй зардал, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн юм.
Уг бүтээл нь судалгааны ажлын орчин үеийн онол арга зүйд тулгуурласан, гадаад дотоодын судлаачдын бүтээл, интернетийн мэдээллүүд болон статистикийн түүвэр судалгаа, орчин үеийн дэвшилтэт аргачлалаар зорчих эрэлт тодорхойлох арга зүй, загварчлал, статистикийн аргуудыг өргөнөөр ашигласан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0