Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цагаан суврагын зэс-молибдены порфирын ордын гранитоидын геохими ба хүдэржилт



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3075
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, АДАКИТ, ТОГТВОТОЙ ИЗОТОП

Аннотаци

Цагаан суваргын Cu-Mo-ны орд нь Улаанбаатар хотоос зүүн урагш 560 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос баруун урагш 220 км, Мандах сумын төвөөс урагшаа 73 км-ийн зайд оршино. Цагаан суваргын ордын талбай нь хожуу девоны Цагаан суваргын гранитоид массив, доод карбоны вулканоген-тунамал хурдас болон хожуу карбоны дэл судлын биетүүдээс тогтох ба хожуу үеийн мезозойн вулканоген ба тунамал хурдсаар зарим хэсгээрээ хучигдсан байдаг. Цагаан суваргын зэс-молибдены ордыг агуулсан гранитоид нь шохойлог-шүлтлэг эгнээний, кали-натрийн шүлтшилтэй (Na2O+K2O:
8.04-
11.5%), хөнгөнцагаанаар дунд зэрэг ханасан (ASI=
0.97-1.14), хоорондоо фацын аажим шилжилттэй I төрлийн гранитиод юм. Цагаан суваргын зэс-молибдены ордыг агуулсан гранитоид нь ионы радиус томтой (LILE) Rb, Ba, Sr зэрэг элементүүдийг харьцангуй их, өндөр цэнэгтэй (HFSE) Nb, Ta, Ti зэрэг элементүүдийг бага агуулсан, хөнгөн бүлгийн ГХЭ нь дунд ба хүнд бүлгийнхээс харьцангуй их, Eu-ийн гажилгүй буюу сулхан эерэг гажил бүхий тархалтын онцлогтойн дээр хүнд бүлгийн элементүүд (Er, Tm, Yb, Lu) нь дунд бүлгийн элементээс бага зэрэг их агуулагдсан байдаг өвөрмөц шинжтэй. Цагаан суваргын ордын гранитоидод цахиурын исэл 64%-ийн дундаж агуулга үзүүлэх ба (SiO2)
61.39-
70.60% хооронд, хөнгөн цагааны ислийн (Al2O3)
13.80-
18.61% агуулга өндөртэй, K2O/Na2O харьцаа нь
0.51-1.42 хооронд, Al2O3/(CaO+Na2O+K2O) молийн
0.97-1.14 харьцаатай ба MgO (
0.13-0,
63.%)-ийн бага агуулгатай. Хольц элементийн хувьд стронцийн өндөр агуулгатай (Sr:239-840 дундаж
496.3ppm), Sr/Y харьцаа 14-
93.2 (дундаж
44.7), Хүнд ГХЭ буюу Yb-
0.8-1.78ppm бага, Y-
6.64-
15.43ppm агуулгатай байгаа нь адакит төрхийг илэрхийлнэ. Sr-Nb-ийн изотопын судалгаагаар уг гранитоид нь стронцийн анхдагч харьцааны ( 87Sr/86 Sr)I
0.70380, неодимийн изотопын харьцаа (143Nd/144Nd)
0.512662-
0.512732, дундаж нь
0.512398 чулуулагт хэлбэлзэл багатай бөгөөд неодимийн анхдагч (143Nd/144Nd)I изотопын утга
0.512487 гэж тооцоолож εNdO-ийн утгыг тооцоолоход +
0.35~+1.83 хооронд εNdt-ийн утгыг +
3.5~+
5.8 эерэг үзүүлэлтэй байна. Цагаан суваргын гранитоид чулуулгийг хожуу девонд үүссэнийг Sm-Nd-ийн изотопын изохрон нас (367±
0.4 сая. жил), циркон дээр хийсэн SHRIMP U-Pb аргаар (366±
5.2 ба 369±1.2 сая.жил), тогтоосон.
Уг ордын хүдрийн биет нь кварц-сульфидын, кварц-сульфид-серицитийн судланцар агуулсан штокверк хэлбэртэй. Судланцарууд голдуу баруун хойш чиглэлтэй ан цавшлын бүсийг дүүргэж тогтох ба хүдэржилт нь судал судланцар-шигтгээ хосолсон, сарнимал шигтгээт хүдрийн төрөлтэй. Ордод исэлдсэн ба анхдагч хүдрийн бүс ялгагдаг. Исэлдлийн бүс 30-40, хааяа 50м хүртэл гүнийг хамаарах ба хүдэр нь малахит, азурит, тенорит, аранжин зэс зэрэг эрдсээс бүрдэнэ. Анхдагч хүдэр голлох байрыг эзлэх ба халькопирит, молибденит, борнит зэрэг эрдсээс бүрэлдэнэ. Цагаан суваргын ордын хүдэржилтийн үе шат, хүдрийн эрдсийн бүрэлдэхүүний эвшил, хүдэр агуулсан уусмалын найрлага, хүдэр үүссэн орчинг тодруулах зорилгоор эрдэслэг бүрэлдэхүүн, эрдсийн химийн найрлага, флюид ормын болон тогтвортой изотопын судалгааг хийсэн болно. Цагаан суваргын ордын хүдэржилт нь үүсэл хөгжлийн 4 үе шатаар хөгжсөн. Ордын талбайд хүдэр агуулагч чулуулаг нь голлох К-хээрийн жоншжих, филлитжих ба пропилитжих зэрэг гидротермаль-метасоматоз хувиралд өртсөн байдаг. Хүдэр агуулагч кварцын судалд хийгдсэн хүчилтөрөгчйн (δ18O) изотопын найрлага нь
9.15‰-
11.8‰ хооронд хэлбэлзэх бөгөөд хүдрийн уусмалын хүчилтөрөгчийн изотоп
3.25-
5.9‰ бодит утгатай, ордын хувирлын хэсгээс авсан мусковитод устөрөгчийн изотопоор тогтоогдсон H2O-ын агуулга
2.6-
2.9% байх ба δD-ийн утга нь -110‰ байна. Флюид ормын судалгаагаар Цагаан суваргын Cu-Mo-ны хүдэржилт агуулагч чулуулгийн кварц дахь уусмалын төлөв бүтэц нь 3 төрлийн (шингэн -хий, CO2- шингэн-хий болон хий) флюид ормын бүтэцтэй,
5.8-
6.9 жин.% уусмалын давсны концентрацитай, +2770C-+3400C (дундаж температур +3330C) гомогенжилтийн температуртай байна.
Дээр дурьдсан геохимийн үр дүнгээс үзвэл Цагаан суваргын зэс-молибдены ордыг агуулсан гранитоид нь ювенил царцдасын оролцоотой, мантийн бодисоор баяжсан, хэсэгчилсэн хайлалтын магмын эх үүсвэртэй байна.
Цагаан суваргын зэс-молибдены хүдэржилт нь хожуу девоны цаг үед сүбдүкцийн бүсийн нөлөөлөлтэй магмын нумын геодинамик нөхцөлд хүдэр төрүүлэгч уусмалын эх үүсвэр нь гранитоид чулуулгийн талсжилтийн явцад үүссэн магмын гидротермаль уусмалтай холбоотой, шингэн-хийн фазын бүтэц давамгайлсан, давсны уусмалын багавтар концентрацитай, дунд зэргийн температурт үүсчээ. Цагаан суваргын гранитоид магматизм ба хүдэржих явц хожуу девоны хүдэр-магмын нэгэн систем юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 361
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :