Манай орон 1990-ээд оны эхээр зах зээлийн чөлөөт нийгэмд шилжиж улс хоорондын хамтын харилцаа эрчимтэй хөгжих болсонтой холбоотойгоор дан ганц орос хэл биш өөр бусад гадаад хэлийг үзэх нь түгээмэл үзэгдэл болсон бөгөөд өдгөө бүр эрчимжиж байна. Үүнтэй уялдан манай улсын их дээд сургуулиудад гадаад хэлийг тэр тусмаа англи хэлийг мэргэжлийн онцлогоос хамааран сонгон үзэх болсон. Улмаар хэлний бус инженерийн мэргэжлийн оюутны англи хэлний сургалтын хөтөлбөрийг амжилттай эзэмшүүлэх нь ШУТИС-ийн англи хэлний багш нарын тулгамдсан асуудал болсоор байна. Аливаа гадаад хэл сургах үйл явц бол тухайн хэлний үгсийн сангаас хүнтэй харилцах хэмжээнд тодорхой үгсийг яах аргагүй цээжлэх хэрэгтэй болдог. Оюутан аль болох бага хугацаанд тухайн хэлний чадварыг төгс эзэмшихийг эрхэм болгодог учраас сурган хүмүүжүүлэгчид бас оюутны энэ хандлагыг сургах ухаандаа анхаарч ашиглах нь чухал юм. Тиймээс аль болох зөв арга барилыг сонгон цаг хэмнэн төлөвлөсөн цагтаа оюутанд англи хэлний тодорхой мэдлэг, чадварыг өгөх нь үр дүнд суурилсан сургалтын арга зүйд шилжих үндэс болно.
Сургалтын үр дүнгээс үзэхэд оюутны өөрсдөө мэдлэг бүтээхэд ой тогтоолт гэдэг танин мэдэхүйн чухал эх суурь болох сэтгэл зүйн ойлголт яах аргагүй бидний анхаарлыг татсан. Оюутанд мэдлэг өгөхөөс өмнө тэдний юу мэдэж сурах гэсэн зорилгыг нь тодорхойлуулж, суралцах арга барилд сургах нь нэн тэргүүний зорилт болоод байна. Суралцах арга барилыг эзэмшүүлэхийн тулд тэдний анхаарлыг төвлөрүүлж мэдээлэл хүлээн авч боловсруулдаг ой тогтоолтыг нь онцлон үзэх эрхэм зорилт шууд хамааралтай болно. Тархи судлаачид сургалтад сэтгэл хөдлөл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэдгийг баталсан. Тиймээс сурах үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд оюутанд баяр баясгалан, хүсэл тэмүүлэл төрүүлэх нь чухал. Уураг тархи хэрэггүй гэж үзсэн мэдлэгийг бид маш хурдан мартдаг. Энэ тохиолдолд хадгалах газар нь хязгаарлах хүчин зүйл биш, «Тархи нь уран бүтээл, оюуны тоглоомонд орон зай үлдээхийн төлөө тэмүүлж байдаг.» гэж Америкийн тархи судлаач эрдэмтэн, Нобелийн шагналт Эрик Кандел үздэг. Ой тогтоолт бидний амьдралын түүхийг бичдэг. Хүн бүрийн туршлага, түүний сурах процесс бидний тархийг өөрчилдөг. Тархи судлаачдын үзэж байгаагаар бидний үзэж туулсан амьдрал нейроны түвшинд хадгалагдан үлддэг. Өдгөө шинжлэх ухаан насанд хүрсэн хүний уураг тархи өөрийн мэдрэлийн уян чанарын ачаар хөгждөг гэж баталсан. Бидний өдөр тутмын амьдралдаа үзэж туулсан зүйл, сургууль дээр үзэж судалсан эрдмээсээ шалтгаалан өдөр бүр бага багаар өөрчлөгддөг учир нь уураг тархины бүтэц хөгжин үүний үр дүнд хувь хүнийг өөрчилж байдаг. Энэ нь сайн ба муу хоёр талтай өөрчлөлт байдаг: ой тогтоолтод арилгах товчлуур байдаггүй. Иймээс бид нар оюутанд өгч байгаа боловсролдоо маш хариуцлагатай хандах ёстой, тэд нар олж авсан мэдлэгээ бүтээлчээр ашиглаж, амжилтад хүрэх мөн түүнчлэн асуудлыг шийдэхэд суралцах ёстой. Өдгөө судлаачид санах процессын үед хүний уураг тархинд болж байгаа бүхий л процессууд төдийгүй мэдээллийг хадгалах арга, механизм, мөн түүнчлэн зарим нэгэн өгөгдөлд харьцангуй их зай зориулагддаг байхад ,зарим нь яагаад толгойд тогтдоггүй талаар баялаг мэдлэгтэй болсон байгаа.
Сургалтын чанар сайжрахгүй, ахиц гарахгүй байгаа нь юутай холбоотой болох талаар оюутнаас асуулга авахад үгийн баялаг муу учраас бусадтай харилцах болон хэлийг эзэмшихэд ихээхэн хүндрэл учруулж байгааг тэд онцолсон. Үүнээс үндэслэн үг хэллэгийг тогтооход бэрхшээл тулгарч байгааг тогтоох зорилгоор объектив ба субъектив ой тогтоолтыг тодорхойлох гурван бүлгээс бүрдсэн нийт 33 асуулт бүхий асуулгаар судалгаа авч дүгнэхэд хүний хэлсэн зүйлийг мартах зэрэг богино хугацааны ойн хүндрэлүүд “Үргэлж”, эсвэл “Дандаа” гардаг, ном зохиол уншиж дуусаад эхний бүлэгт юу гарсныг санадаггүй, сонин сэтгүүл уншиж байхдаа уншиж байгаа утгат хэсгээсээ өмнөх 3-4 өгүүлбэрт юун тухай өгүүлснийг санахгүй байх зэрэг хүндрэлүүд “Үргэлж” эсвэл “Дандаа” тохиодог гэсэн хариултууд гол төлөв гарсан нь аливаа нэгэн зүйлийг хийхэд голлох үүрэг гүйцэтгэдэг ажлын ой бидний анхаарлыг их татсан. Иймээс оюуны боловсруулалт ихээхэн шаарддаг ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудыг ашигласнаар ажлын ойг сайжруулах, улмаар англи хэлний мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх боломж байгааг бид анзаарсан. Аливаа хэлийг сурахад хамгийн чухал зүйл байхаас гадна утгыг зөв мэдрэн ойлгож харилцах гол хэрэгсэл болдог үгийн нөөцийг эзэмших чадварыг сайжруулах нь сүүлийн үеийн гадаад хэлний сургалтын зайлшгүй хэсэг учраас энэ ажил цагаа олсон сэдэв болсон. Оюуны боловсруулалт ихээхэн шаарддаг ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудыг судлах судалгааны ажил 1960-аад онд эхэлсэн. Иймээс мэдрэлийн шинжлэх ухаантай нягт холбоотой ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудыг ашиглан оюутны гадаад хэлний үгсийн санг баяжуулж, тэдний сурлагын амжилтыг ахиулах туршилт хийсэн нь шинэлэг тал болох юм.
Сэдвийн судлагдсан байдал
Англи хэл сургах ном, зохиолд оюутны үгийн санг нэмэгдүүлэхэд ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудыг судалсан ажлууд бага байдаг ч гэсэн үгийн санг хөгжүүлэх талаар ул суурьтай ажлууд цөөнгүй байдаг. Үгийг сурах нэг аргыг өөр бусад аргуудтай харьцуулсан судалгаа хамгийн түгээмэл байдаг. Жишээлбэл, МакДаниэл, Преслей (1989) хоёр Түлхүүр үгт аргыг хам сэдвээс үгийн утгыг ойлгох аргатай харьцуулан үзсэн байдаг. Хэл сурч байгаа оюутанд шинэ үгийг тогтоохдоо түлхүүр үгийг ашиглах аргыг заасан. Уг судалгаагаар сонсголын болон төсөөллийн холбоос ашигласан оюутан хам сэдвээс үгийн утгыг ойлгох аргыг ашигласан оюутнаас илүү сайн тогтоосон гэдэг нь батлагдсан. Дараа нь түлхүүр үгт аргыг үгийг заахдаа ашигласан судалгааг Lawson (Лавсон), Hogben (Хогбен) (1998) хоёр хийжээ. Сургалтын дараа сургалтад хамрагдсан оюутан шинэ үгийг сурахдаа түлхүүр үгийг ашиглах улмаар удаан хугацааны дараа ч үгсийг санах чадвартай болсон байна. Үүний нэгэн адил Cohen (Кохен), Apek (Апек) (1980) хоёр еврей хэлийг заахдаа хос нийлэмжийн (paired-associaton) аргыг ашиглахыг оюутанд заасан нь тэд үгсийг удаан хугацааны дараа ч санаж байснаас гадна бусад аргыг ашигласнаас илүү үр дүнтэй байгааг илрүүлжээ. 1980 онд Roediger (Роедигер) лоси аргыг түгээмэл ашиглагддаг өөр бусад гурван аргатай харьцуулсан судалгааг явуулжээ. Уг судалгаагаар туршилтад хамрагдсан дөрвөн бүлгийн оюутан 20 үгийг хяналтын бүлгээс илүү сайн санаж байсныг нотолсон. Мөн түүнчлэн 2008 онд Kron-Sperl (Крон-Сперл), Schneider (Щнейдер) ба Hasselhor (Хасселхор) нар цэцэрлэгийн хүүхдэд гадаад хэлийг заахдаа ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудыг ашиглах нь үр өгөөжтэй байдгийг судалсан байна. Судалгааны үр дүнд ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудыг ашиглаж сурсан хүүхдүүд үгийг санахдаа илүү сайн байсан гэдгийг тогтоожээ. Харин манай орны эрдэмтэн судлаачид гадаад хэлийг сургах арга зүйн асуудал болон нэр томъёоны талаар нэлээдгүй судалгааг (Х. Цэдэв (1998), Б.Дэмид (1998), Б. Нансалмаа (2003), Ц. Үрэлмаа (2008), Р. Наранцэцэг (2009), Ц. Бурмаа (2011) г.м.) хийсэн ч гэлээ оюутны англи хэлний мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэхэд ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудыг ашигласан судалгаа үгүйлэгдэж байна.
Судалгааны ажлын зорилго:
• Англи хэлний сургалтад харилцан яриа, тайлбар үг, пег ба түлхүүр үг зэрэг ой тогтоолтыг хөгжүүлэх оюуны цэгцлэх аргуудыг ашиглан оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх, эдгээр аргууд тэдний сурлагын амжилтад ямар нөлөөтэй байгааг тодруулахад оршино.
Судалгааны ажлын зорилтууд :
• Ой тогтоолт болон гадаад хэлний үгийн нөөцийг сайжруулах арга замын талаарх онол, үзэл баримтлалыг тоймлон судлах;
• Оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудыг сонгон, тэдгээрийн онцлогийг тодорхойлох;
• Ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудын тусламжтайгаар оюутны үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх;
• Харилцан яриа, тайлбар үг, пег ба түлхүүр үг зэрэг оюуны цэгцлэх аргуудын оюутны сурлагын амжилтад үзүүлэх нөлөөг судлах
Судалгааны асуулт
Харилцан яриа, тайлбар үг, пег ба түлхүүр үг зэрэг оюуны цэгцлэх аргууд оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлж, тэдний сурлагын амжилтад нөлөөлөх боломжтой юу?
Судалгааны таамаглал 1
H0- Англи хэлний сургалтад ой тогтоолтыг хөгжүүлэх харилцан ярианы арга оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх боломжгүй.
H1 -Англи хэлний сургалтад ой тогтоолтыг хөгжүүлэх харилцан ярианы арга оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлнэ.
Судалгааны таамаглал 2
H0- Англи хэлний сургалтад ой тогтоолтыг хөгжүүлэх тайлбар үгт арга оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх боломжгүй.
H1 -Англи хэлний сургалтад ой тогтоолтыг хөгжүүлэх тайлбар үгт арга оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлнэ.
Судалгааны таамаглал 3
H0- Англи хэлний сургалтад ой тогтоолтыг хөгжүүлэх пег арга оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх боломжгүй.
H1 -Англи хэлний сургалтад ой тогтоолтыг хөгжүүлэх пег арга оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлнэ.
Судалгааны таамаглал 4
H0- Англи хэлний сургалтад ой тогтоолтыг хөгжүүлэх түлхүүр үгт арга оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх боломжгүй.
H1 -Англи хэлний сургалтад ой тогтоолтыг хөгжүүлэх түлхүүр үгт арга оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлнэ.
Судалгааны таамаглал 5
H0- Харилцан ярианы арга оюутны сурлагын амжилтад сөргөөр нөлөөлнө.
H1 -Харилцан ярианы арга оюутны сурлагын амжилтад эерэг нөлөө үзүүлнэ.
Судалгааны таамаглал 6
H0- Тайлбар үгт арга оюутны сурлагын амжилтад сөргөөр нөлөөлнө.
H1 -Тайлбар үгт арга оюутны сурлагын амжилтад эерэг нөлөө үзүүлнэ.
Судалгааны таамаглал 7
H0- Пег арга оюутны сурлагын амжилтад сөргөөр нөлөөлнө.
H1 -Пег арга оюутны сурлагын амжилтад эерэг нөлөө үзүүлнэ.
Судалгааны таамаглал 8
H0- Түлхүүр үгт арга оюутны сурлагын амжилтад сөргөөр нөлөөлнө.
H1 -Түлхүүр үгт арга оюутны сурлагын амжилтад эерэг нөлөө үзүүлнэ.
Судалгааны объект
• Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутны англи хэлний сургалтын үйл ажиллагаа
Судлагдахуун
• Англи хэлний мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэхэд ой тогтоолтыг хөгжүүлэх харилцан ярианы арга, тайлбар үгт арга, пег арга ба түлхүүр үгт аргуудын туршилт, үр дүнгийн шинжилгээ;
• Харилцан ярианы арга, тайлбар үгт арга, пег арга ба түлхүүр үгт аргуудын оюутны сурлагын амжилтад үзүүлж байгаа нөлөө
Судалгааны арга
Судалгааны ажлыг харьцуулалтын болон логик хандлага дээр тулгуурлан авч судалсан. Судалгааны ажилд дараах аргуудыг ашигласан болно. Үүнд:
• Дотоодын болон гадаадын эрдэмтдийн ой тогтоолт болон гадаад хэлний үгсийн сан тухайлбал мэргэжлийн үгийн нөөцийн талаарх онол болон туршилттай холбоотой материалыг судлахдаа баримт бичгийн судалгааны арга;
• Ой тогтоолтын бэрхшээл тодруулах судалгааны үр дүнг боловсруулахдаа US17 программ;
• Судалгааны үндсэн объект болох судалгаанд хамрагдсан ШУТИС-ийн оюутнуудын ой тогтоолтын сурахуйн давамгайлах хэв шинжийг тогтоохдоо асуулгын арга;
• Гадаад хэлний мэргэжлийн үг хэллэгийн санг өргөжүүлэх харилцан яриа болон тайлбар үгт арга, пег болон түлхүүр үгт арга;
• Англи хэлний мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх ой тогтоолтыг хөгжүүлэх аргуудын туршилтын үр дүнг тодруулахдаа SPSS программ
Судалгааны онол арга зүйн үндэслэл
Манай орны их дээд сургуулиудад англи хэлний сургалт 1990 – ээд оноос нэлээд эрчимтэй эхэлснээс хойш бараг гучин жил болох гэж байна. Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох үндэс нь оюутны оюуны болон практик хэрэглээ, бодит хэмжээсийг судлах явдал юм. Оюутны үгийн сангийн нөөцийг баяжуулах асуудал бол сургалтын үйл явцыг оновчтой зохион байгуулах гол нөхцөл хэмээн үзээд гадаад хэл сурах арга барилын судалгааг хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал, мэдрэл судлал зэрэг шинжлэх ухааны зааг дээр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын 1970-аад оноос хойш хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан хийсэн болно. Онол, түүхийн ном, баримт бичгүүдийг харьцуулан, гадаад хэл суралцагчдын сургалтын арга зүй, үе шатны асуудлыг эхийн судалгааны аргаар, сэтгэц судлаач, тархи судлаачдын судалгаа, үзэл онолд шинжилгээ хийх аргаар, оюутны ой тогтоолтыг хөгжүүлэх дүрслэхүйн арга зүйн олон хувилбарт асуудлыг, туршилт судалгааны явцыг, харилцан яриа, асуулга, хэлэлцүүлэг, сорилын аргуудыг дангаар болон хосолсон байдлаар ашигласан болно.
ССудлаач Ф. С Белезза (F.S.Belezza) 1981 онд ''Mnemonic devices: Classification, Characteristics, and Criteria'' сэдэвт боловсролын салбарт хийгдсэн судалгааг тоймлон өгүүлэл тавихдаа ээж аргууд ба сурахуйн бүхий л үндсэн зарчмуудын давуу талыг ашигладаг.ой тогтоолтыг хөгжүүлэх арга барилууд нь тухайн материалыг дурсамжтай болгох ямар нэг зүйлийг нэмж байдаг. Тиймээс ч харааны буюу үгээр илэрхийлсэн ‘’боловсруулалт’’ гэж нэрлэгддэг нь тэдгээрийн бас нэг онцлог юм. Ийм боловсруулалт судлах гэж буй зүйл ба тухайн хүний мэддэг зүйл хоёрын хооронд утга төгөлдөр холбоо үүсгэдэг, гэж үзэн өгүүлэх системийн ач холбогдлыг цохон тэмдэглэж байжээ.
Пег арга 1960-аад оны дунд үед Хенри Хердсон лоси системийг өргөжүүлэх тэр мөчид үүссэн гэж судлаачид үздэг. Ойролцоогоор 1879 оны үед Джон Самбрук сүүл холбосон үеүдийг ашигласан тоог илэрхийлэх нэгэн систем ба үгсийг анх толилуулжээ.
Түлхүүр үгийг орос хэл (Аткинсон ба Рауф, 1975), герман хэл (Десрочерс, Уиэланд ба Коте, 1991), голланд хэл (ВанХелл ба Махн, 1997), тагалог хэл (Томас ба Уанг, 1996), хятад (Уанг ба Томас, 1992), араб (Элхелоу, 1994), латин (Шапиро ба Уатерс, 2005) ба итали (Хогбен ба Лаусон, 1994) гэх мэт бусад хэлүүдийг сурах буюу тэдгээр хэлээр ярихад ашиглаж байсан байна. ДеБени, Мое (2003) хоёр дүрслэлд суурилсан цээжлэх аргууд шинэ үгсийг цээжлэхэд төдийгүй, эх сэдвүүдийн хэсгийг судалж байхад бичгийн аргуудыг бодвол арай илүү үр дүнтэй байдаг гэдгийг баталсан. ДаСилва, Яасуда (2009) хоёр боловсрол нимгэн насанд хүрэгсэд ангилах аргуудын оронд оюуны дүрслэлд суурилсан аргуудыг ашиглавал илүү үр дүнтэй гэдгийг зөвлөжээ. Туршилт судалгаанд ой тогтоолтыг хөгжүүлэх Өгүүлэх системт аргын хувилбар болох Харилцан яриа ба Тайлбар үгт арга, Пег ба Түлхүүр үгт зэрэг аргуудыг арга судлалын үүднээс авч үзсэн болно.
Хенри Хердсоны (1960) нийлэмжийн онол, Ф. С Белезза (1981), Л. К. Хигбий (2001) нарын гештальт онол, ой тогтоолтын мэдээлэл боловсруулах загвар (Волфе 2001, Бергер 2005), Аткинсоны (1975) оюуны цэгцлэх аргуудыг үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглах үзэл баримтлал, Оксфорд (1990)-ын таксоном ба Нэйшен (2005) болон бусад судлаачдын түгээмэл хэрэглэгддэг үгийн давтамжийн судалгаа бидний ажлын онол арга зүйн үндэслэл болсон.
Хамгаалах зүйл
• Англи хэлний сургалтад харилцан яриа болон тайлбар үгт арга, пег арга болон түлхүүр үгт аргыг ашиглан оюутны ой тогтоолтыг хөгжүүлж, тэдний мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх боломжийн судалгаа, үр дүнгийн шинжилгээ;
• Үгийн нөөцийг нэмэгдүүлэх харилцан яриа болон тайлбар үгт арга, пег болон түлхүүр үгт арга зэрэг оюуны цэгцлэх аргуудын оюутны сурлагын амжилтад үзүүлэх нөлөө, туршилтын дүн шинжилгээ
Судалгааны практик ач холбогдол
• Бидний хийсэн энэхүү судалгааны ажил гадаад хэл тэр тусмаа англи хэлний багш нарт сургалтаа чанаржуулах, улмаар судлаачдад туршилт хийхэд нь ихээхэн дэм болохоос гадна судалгааны материалууд бодитой болохоор шууд ашиглаж болох гарын авлага болохуйц сайн талтай.
• Харилцан яриа ба тайлбар үгт арга, пег ба түлхүүр үгт зэрэг аргуудыг ашиглан оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлснээр ШУТИС-ийн Бизнесийн болон Шинжлэх ухаан, технологийн англи хэлний хөтөлбөрийн
2.1-
2.5-д заасан унших, ярих, бичих, сонсох чадваруудыг эзэмшүүлснээр сургуулийн англи хэлний хөтөлбөрийн зорилтыг биелүүлсэн.
Судалгааны ажлын шинэлэг тал
• Сэтгэл судлал, хэл шинжлэл болон англи хэлний заах арга зүй зэрэг гурван шинжлэх ухааны уулзвар дээр үгийн утгын ерөнхий нийлэмж, харааны болон хараа- дуу хосолсон аргуудыг ашиглан оюутны мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх боломж
• Харилцан яриа болон тайлбар үгт арга, пег болон түлхүүр үгт арга зэрэг оюуны цэгцлэх аргууд оюутны англи хэлний үгийн нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг илрүүлсэн.
• Харилцан яриа болон тайлбар үгт арга, пег болон түлхүүр үгт зэрэг аргууд оюутны сурлагын амжилтад эерэг нөлөөтэй болохыг тодорхойлсон нь бидний судалгааны ажлын шинэлэг тал болно.
Судалгааны ажлын үе шат
• 2006-2009: Ой тогтоолтын онол арга зүйн ном зохиол, өгүүлэл судлан орчуулга хийн харьцуулалт хийв.
• 2010-2012: Гадаад хэлний үгсийн сангийн талаар судалсан эрдэмтдийн зохиол бүтээлүүдтэй танилцаж өөрийн гэсэн дүгнэлтүүдийг хийсэн.
• 2013-2018: Ой тогтоолтыг хөгжүүлэх сургалтын арга барилуудыг туршиж үзэн, туршилтын үр дүнгээ өгүүлэл болон илтгэл хэлбэрээр эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэв.
Судалгааны ажлын хэлэлцүүлсэн ба хэвлүүлсэн байдал
Судалгааны ажлын хүрээнд 15 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж 10 өгүүллийг дотоодод, 5 өгүүллийг гадаадад хэвлүүлсэн бөгөөд дотоодын болон гадаадын ЭШХ-д 12 удаа илтгэл хэлэлцүүлсэн.
Судалгааны ажлын бүтэц, хэмжээ
Энэхүү диссертацийн ажил 3 бүлэг, 9 зүйл, бүлэг бүрийн дүгнэлт, ашигласан номын жагсаалт бүхий 160 хуудаснаас бүрдсэн. Тус бүтээлд 73 хүснэгт, 49 зураг, товчилсон үгийн тайлбар ба 19 хавсралт багтсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0