Өнөөдөр суралцагчийн суралцах хандлага, төлөвшлийн асуудлыг чухлаар авч үзэж байна. Суралцагчийн хандлага нь сурах үйлд хэрхэн нөлөөлж байгааг судлах нь бас чухал асуудал болж байна. Бид нөгөө талаас нь суралцах үйлд хэрхэн хандаж буйг судлах, суралцах үйлд хандах хандлагад нь нөлөөлж буй сургалтын орчноос хамаарсан хүчин зүйлийг судлах хэрэгцээ байна гэж үзсэн. Иймээс бид суралцах хандлагад нөлөөлөх зарим хүчин зүйлсийн нөлөөллийг судлах нь зүйтэй гэж үзэж эл судалгааны ажлыг хийсэн болно.
Суралцагчдын суралцах хандлагыг судалсан эрдэмтэд “Суралцах үйл ажиллагаа нь суралцах хандлагын бүтэцтэй холбоотой байдаг’’ гэж үздэг. Суралцагчдын гүйцэтгэх үйл ажиллагааг үйлийн хэлбэрээр нь дүгнэн цэгцлэх, зохих түвшинд бүрэн хийх, сурах үйлээ боломжийн хүрээнд гүйцэтгэх гэж ангилдаг байна. Сурах үйлийг үндсэн шинжээр нь сурах үйлийн гүн бат чанар, үйлээ ухамсарлах чадвар, баримжаалан ухаалаг хийх чадвар” гэж ангилан судалжээ (Ишков, А.Д. 2012).
Ийнхүү сурах үйлийн чанар, үйлээ ухамсарлах чадвар, ухаалгаар хийж гүйцэтгэх чадварт болон суралцах үр дүнд нөлөөлж буй асуудлыг судлах нь Оюутан залуусыг нийгэмшүүлэх шинэ арга технологийг турших зайлшгүй шаардлагатай мэдлэг эзэмших сонирхол хандлагыг төлөвшүүлэхэд чухал үр дүн олж харна хэмээн үзсэн болно. Өөрөөр хэлбэл их, дээд сургуулийг төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар буюу сургалтын чанар нь суралцах орчноос хамаарна хэмээн үзэж дээд боловсролын сургалтын орчинг сайжруулах үндэслэлийг ул суурьтай тодорхойлох шаардлага байна. Сургалтын үйл ажиллагаа нь оюутан-багш-сургууль гэсэн 3 талын оролцоотой бөгөөд түүний үр дүн болон чанарт сургалтын орчин ихээхэн нөлөөтэй. Иймд сургалтын орчны шинжилгээ, үнэлгээг хийж, цаашид сайжруулах арга замыг тодорхойлох шаардлага урган гарч байна (Гэрэлтуяа, Т. 2017).
ШУТИС-ийн 2007-2012 оны элсэгчид болон 2012-2016 онуудад сургууль төгсөгчдийг харьцуулж үзвэл төгсөгчдийн тоо нь элсэгчдээс (36%-иар) бага байна. Эндээс үзэхэд оюутны суралцах хандлагад нөлөөлөх олон хүчин зүйлүүд буйг илэрхийлнэ. Ингээд сурах үйл явцад судалгаа хийж, үүнийг улирал бүрд үнэлбэл цаашид боловсролын үйл ажиллагааг сайжруулан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх, дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулахад нөлөөлөх судалгаа болно гэж үзлээ.
Сэдвийн судлагдсан байдал:
Дээд сургуульд оюутны суралцах амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийг ОХУ-ын эрдэмтэн С.Д.Смирновагийн 2004 оны өгүүлэлд авч үзсэн ангиллаар оюутны хөгжил, нийгмийн оюун санаа, тусгай чадвар, бүтээлч байдал, нийцтэй байдал, сургалтын сэдэл, өөрийн үнэлгээний түвшин, өөрийгөө зохион байгуулах дадал эзэмшсэн байдал, өөрийн үйл ажиллагаагаа хянах байдал гэж хуваасан байна (С.Д.Смирнова, 2004). Мөн түүнчлэн И.Л.Соломин 2000 онд сургалтын үйл ажиллагааны амжилт нь оюун ухааны түвшин ба бүтэц, бие хүний шинжийн илрэл зэргээс төдийгүй хэрэгцээний агуулгаас хамаарна гэж үзсэн байна (Ишков, А.Д. 2012). Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, сурган хүмүүжүүлэгчийн үйл ажиллагааны чиглэлүүдийг ОХУ-ын эрдэмтэн В.В.Богославский, Н.В.Кузьмина, И.Я.Лернер, А.К.Маркова, И.С.Якиманская зэрэг судлаачид, суралцагчдын танин мэдэхүйн сонирхлыг хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөг В.А.Беликов, А.Ю.Дейкина, И.С.Морозова, Г.И.Щукина зэрэг судлаачдын бүтээлд авч үзсэн. Суралцах хандлагыг бүрдүүлэн төлөвшүүлэх асуудлыг Н.И.Вожович бие хүн төлөвшүүлэх асуудал юм гэж үзжээ. Сурагчдын зан төлөв бүрдэхэд сурган хүмүүжүүлэх харилцааны олон талт чиг үүргийн талаар сэтгэл судлаач Б.Ф.Ломов судалсан байна. Хүний сэтгэл зүйн хандлагын бүтцийн талаар эрдэмтэн А.Смит олон жилийн судалгааны үр дүндээ тулгуурлан танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, зан үйлийн гэж тодорхойлсныг орчин үеийн нийгмийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд ашиглаж байна. Хандлагыг хэмжих анхны аргууд Луис Тёрстоун (Ижил интервалын арга, 1928) Ренсис Ликерт (Нийлбэр үнэлгээний арга, 1932), Чарлз Осгуд (Семантик дифференциалын арга, 1957), Кук нар Минесотагийн Багшийн хандлагын үнэлгээний хэрэгсэл Minesota Teacher Attitude Inventory (MTAI-60), (Cook W.W, Leeds C.H, Callis R. 1951) хандлагыг хэмжих өвөрмөц аргуудыг боловсруулсан байна.
Харин их, дээд сургуулийн оюутны суралцах хандлагын асуудлаар А.К.Макарова, А.В.Орлов, В.А.Якупиж, Н.И.Вожович, В.Г.Леонтьев зэрэг судлаачид, хандлагын онолын талаар В.Н. Мясишев, хандлагын бүтэц, бүрэлдэхүүний талаар А.Смит нар судалсан нь тэдний бүтээлээс тодорхой харагдаж байна.
Эрдэмтдийн үзэл баримтлал, бүтээлүүддээ дурдсан дараах санаа нь судалгааны ажлын онол, арга зүйн үндэслэл болсон. Тухайлбал, Монгол улсад суралцагчдын суралцах хандлагын үнэлгээний зарим чиглэлээр О.Мягмар, Х.Тамир, Ц.Бурмаа, Э.Октябрьжаргал, Ш.Ичинхорлоо, Б.Туяа, Т.Батболд, Ч.Байгалмаа, сургалтын хөтөлбөр, оюутны мэдлэг чадварын үнэлгээ чиглэлээр Б.Дуламсүрэн, Ч.Уранчимэг, П.Булга, Б.Отгончимэг, Ж.Булган, Д.Туяа, Т.Гэрэлтуяа нар дээд сургуулийн оюутны суралцах чадварын төлөвшлийн талаар Г.Пүрэвсүрэн, оюутны суралцах орчны үнэлгээний талаар Я.Гэрэлт-Од, оюутны ажил хэрэгч чадварыг хөгжүүлэх сургалтын менежментийн зарим асуудлын талаар Н.Тэгшжаргал, их, дээд сургуульд суралцаж байгаа мэргэжилтний түгээмэл ба өвөрмөц шинжүүд, мэргэжлийн зайлшгүй чанарыг судалж тэдгээрийн бие хүний төлөвшил, бүтээлч чанарт нөлөөлдөг хүчин зүйлтэй холбон сурган хүмүүжүүлэх ухаан-сэтгэлзүйн үүднээс дүгнэн боловсруулсан залуу боловсон хүчний мэргэших үйл ажиллагааг загварчлах үндэслэл, арга зүйн талаар Ц.Содов нар бүтээлдээ тусгасан байна.
Энэ бүхнээс бидний судалгааны үндсэн асуудал нь оюутны суралцах хандлагад нийгэм соёлын гадаад орчны нөлөөнөөс гадна суралцах хандлагад нөлөөлж буй суралцах орчныг ялган авч үзэх түүнчлэн судалж байгаа зарим хүчин зүйлийг судлах аргачлалыг тодорхойлохыг чухалд үзлээ.
Судалгааны ажлын зорилго: Оюутны суралцах хандлагад нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалж өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох, тэдгээрийг үнэлэх арга зүйг боловсруулан туршиж, үнэлгээ дүгнэлт гаргахад оршино. Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Үүнд:
1.Бакалаврын оюутны суралцах хандлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг онол арга зүйн түвшинд харьцуулан судлах, энэхүү судалгааны ажилд хандах байр сууриа тодорхойлохОюутны суралцах хандлагыг үнэлэх онол, арга зүйн үндсэн дээр ШУТИС-ийн оюутны суралцахуйн үйл ажиллагаанд судалгаа, оношлогоо хийх
2.Судалгаа оношлогооны үндсэн дээр оюутны суралцах үйлд хандаж буй байдалд үнэлгээ хийх арга зүйн хувилбар боловсруулах
3.Их, дээд сургуулиудын оюутны суралцах хандлагад нөлөөлөх хүчин зүйлийн талаар үнэлгээ, дүгнэлт өгөхСуралцах хандлагад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, туршилт хийх, оюутны суралцах хандлагад нөлөөлөх хүчин зүйлийн талаарх цаашдын чиг хандлагад суурилан зөвлөмж гаргах.
Судалгааны ажлын таамаглал:
Хандлагын (танин мэдэхүй, зан үйлийн болон сэтгэл хөдлөл гэсэн бүрэлдэхүүн хэсэгт) онол арга зүйд суурилан холбогдох арга хэрэгслүүд ашиглан лабораторийн судалгаагаар оюутны суралцах үйлд хандах хандлагад нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодорхойлж, үнэлгээ хийх аргазүй боловсруулан практик үйл ажиллагаанд хэрэглэж болно.
Судалгааны судлагдахуун: ШУТИС-ийн оюутны суралцах хандлага.
Судлах зүйл: Оюутны суралцах хандлагад нөлөөлөх зарим хүчин зүйлс.
Судалгааны хамрах хүрээ: ШУТИС-ийн 1-5-р курсийн оюутнууд
Судалгааны арга, аргачлал: Харьцуулан дүн шинжилгээ хийх, ажиглалт, асуулга авах, хэмжих, статистик боловсруулах, туршилт судалгааны арга болон Matlab, SPSS, GDV program Scientific Laboratory, Imaton, MS Excel, MS Visio, DrawIO, DropBox, OpenOffice зэрэг аргуудыг ашигласан болно.
Судалгааны ажлын шинэлэг тал:
-Оюутны суралцах хандлагад нөлөөлөх хүчин зүйлийн талаар судалгаанд хамрагдсан оюутнуудын мэдээлэлд үндэслэн үнэлгээ дүгнэлт өгсөн.
-Оюутны суралцах хандлагад нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээг ШУТИС-ийн оюутнуудын судалгааны үр дүнд тулгуурлаж харьцуулан судалсан.
-Сургалтын орчны шинжилгээнд хийн цахилалтыг дүрслэх арга, аргачлалын дагуу лабораторийн туршилт хийсэн.
Практик ач холбогдол: Оюутны суралцах хандлагад нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийн зарим үзүүлэлтүүдийг сургуулийн удирдлага, багш нар сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэх боломжтой. Тодруулбал:
-Сургалтын үр дүнг хэлэлцэх, сургалтын орчныг сайжруулах, сургалтын программыг оновчтой боловсруулах зэрэгт оюутны суралцах хандлагад нөлөөлөх хүчин зүйлийн үр дүнг ашиглах
-Сэтгэл судлал болон боловсрол судлалд хийн цахилалтыг дүрслэх лабораторийг ашиглах нь баримт нотолгоонд суурилан статистик боловсруулалт шинжилгээ хийж бодит үр дүнг хэрэглэх боломжтой болохыг нотлон харуулах
-Их, дээд сургуулийн оюутнуудын суралцах хандлагад нөлөөлөх хүчин зүйлийн талаар харьцуулан судалснаар дараагийн судлаачид судлагдахуун болгон ашиглах зэрэг ач холбогдолтой болно.
Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж, баталгаажуулсан байдал: Судалгааны ажлын үр дүнг хэсэгчилсэн болон бүхэлд нь ШУТИС, Олон улсын дээд боловсролын төвийн эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан, Дархан-Уул аймгийн Инженер, технологийн боловсролын хөгжлийн хандлага олон улсын эрдэм шинжилгээний хуралдаан, Е-нээлттэй институтийн MIT-2017 олон улсын онлайн хуралдаан, МУБИС-ийн Орчин үеийн боловсролын бодлого, менежмент, Боловсролын чанар үр дүн олон улсын эрдэм шинжилгээний хуралдаанаар тус тус хэлэлцүүлсэн. Үүнд:
-2015 оны 11 сард ШУТИС ЭХС-ийн ЦСА-ын багийн профессорын семинарт Компьютерийн техник, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ангийн оюутнуудын орчны цахилгаан соронзонгийн нөлөөллийн талаар
-2017 онд Улаанбаатар-Эрдэм сургуулийн эрдмийн зөвлөлд
-2017 онд ОУДБСТ-ийн судалгааны ажлын зөвлөх комисст
-2017 онд ОУДБСТ-ийн Эрдмийн зөвлөлд
-2018 оны 1 сард ШУТИС, ЭХС-ийн Цахилгаан техникийн тэнхимд
-2018 оны 2 сард БУХС-ийн Нийгмийн ухааны тэнхимд
-2018 оны 3 сард ОУДБСТ-ийн Эрдмийн зөвлөлд
-2018 оны 5 сард ОУДБСТ-ийн судалгааны ажлын зөвлөх комисст
-2018 оны 6 сард урьдчилсан хамгаалалтад орж тус тус хэлэлцүүлсэн болно.
Хэвлэлд нийтлүүлсэн бүтээл: Судалгааны ажлын хүрээнд нийт эрдэм шинжилгээний 47 өгүүлэл боловсрол судлалын чиглэлээр гадаадад 6, дотоодод 11 өгүүлэл хэвлүүлж, сэдвийн дагуу 10 илтгэлийг өөрийн биеэр хэлэлцүүлсэн.
Судалгааны ажлын бүтэц, хэмжээ: Судалгааны ажил нь удиртгал 2 бүлэг, 6 зүйл, бүлэг тус бүрийн дүгнэлт, ерөнхий дүгнэлт, зөвлөмж, ашигласан ном хэвлэлийн жагсаалт болон хавсралтаас бүрдсэн нийт 115 хуудастай. Диссертацид нэр томъёоны тайлбар, зураг 40, хүснэгт 20, хавсралт 12 орсон болно
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0