Бидний багш Бурхан Шагжамунын айлдсан Билиг барамидын ёсны аймаг нь Бурхан багшийн сургаалын Их хөлгөний (Махаяна) ёсны охь шим нь байдаг юм. Билиг барамидын аймаг нь Ширчин до-д хураагдах ба тэр нь ганц Ширнэнсударт хураагддаг гэдэг. Тэгвэл Ширнэн судрын нууц увидас нь нууц тарнийн ганц А үсэгт багтдаг байна. Түүнчлэн, Бурхан багшийн айлдсан хоёрдугаар номын хүрдэн эргүүлэлтийн үндэс, охь шим болсон Билиг барамидын аймгийн бүхий л утга Чойрын Билиг барамидын ганц ботид хураагдах ба түүний хураангуй нь Илт онолын чимгийн “Найман бод, далан утгат” хэмээх багавтар шастир байна. Төвдийн Сэра игчааны сургалтанд энэ нь “Илт онолын чимгийн өгүүлэгдэхүүн найман бод, далан утгыг дээд аргаар магадлан үйлдэгч хир үгүй оршвой хэмээх шастир” гэсэн нэртэй байдаг. Энэ судар хэрхэн үүссэн түүхийг авч үзвэл, Асанга Ширчин до судрын утга санааг ойлгохгүй байсан тул агуйд сууж тарнийн ёсны бясалгал үйлдснээр Майдар бурхантай нүүр тулан уулзаж улмаар тэнгэрийн оронд түүний аман айлдварыг сонсож улмаар хүний ертөнцөд эргэж ирээд Майдарын таван ном гэж алдаршсан бүтээлээ туурвисан байна. Майдар бурханы айлдсан Билиг барамидын тулгуур утгыг Асанга дамжуулж “Илт онолын чимэг” гэсэн нэртэй шастир бүтээжээ. Асангаас уламжлагдсан ёсыг агуу их явдлын мөр гэх тул Илт онолын чимэг нь Бурханы шашны судрын ёсны гэгээрлийн мөрийн мөн чанартай найман бодоос бүрддэг. Илт онолын чимгийн гүн ухааны гол үндэс найман бод хүмүүний хэрхэн бүрэлдэх вэ гэвэл Их хөлгөний ёсоор орж бодь сэтгэлийг олж бодьсадвын мөрөөр замнах үеэс эхэлдэг юм. Хэдийд дуусах бэ гэвэл Бурхан болж гэгээрэлд хүрэх үед дуусна. Энэ талаар Энэтхэгийн бандида Вимуктасена “Илт онолын чимгийн тайлбар” бүтээлдээ “Бод хаагдсан тул амирлангуй хэмээвэй” гэснээс үзэхэд нирваанд орших үед бод хаагдах ажээ. Эндээс Бодьсадва нарын бод хаагдах энэ үед бодь сэтгэл нь хаагдах уу гэх гүн ухааны асуулт үүднэ. Тэгвэл XIV Далай лам Данзанжамц тэргүүтэн орчин үеийн Төвдийн Бурханы шашны мэргэд үзэхдээ нирваанд оршсноор бусдыг хайрлах их нигүүлсэхүй цааш нь үргэлжилнэ гэж олонтaa айлддаг билээ. Эндээс их нигүүлсэхүй сэтгэл хэдий үе хүртэл үргэлжлэх вэ? гэсэн асуулт гарч ирэх ба энэ нь хамаг амьтан төгс гэгээрэлд хүрч ертөнц хоосрох хүртэл үргэлжлэх юм байна. Хэдийгээр энэхүү эх болсон зургаан зүйл хамаг амьтад нь тэргүүлшгүй цагаас эхтэй гэж үздэг ч түүн лүгаа адил нэгэн цагт орчлон хорвоо хоосорно гэдгээс үүдэн судар бүхний төгсгөлийг “Ум, Сайн амгалан болтугай” хэмээн төгсгөдөг. Энэхүү судалгааны ажилд Майдар бодьсадвийн “Илт онолын чимэг” шастирын найман бод, далан утгын тайлбар болох “Илт онолын чимгийн өгүүлэгдэхүүн найман бод, далан утгыг дээд аргаар магадлан үйлдэгч хир үгүй оршвой” хэмээх шастирын гол үндэслэлийг задлан дэлгэрүүлэх үүднээс найман бод, далан утга нэг бүрийг орчин үеийн судалгааны аргаар задлан шинжлэх оролдлого хийхдээ орчин үеийн Монголын билиг барамидын судалгааг илүү дэлгэрүүлж уламжлалт тайлбартай хослон илэрхийлсэн юм. Тус судалгааны эхний хэсэгт Энэтхэг, Төвд, Монголд Билиг барамид буюу Илт онолын чимгийн үе залгамжлалыг түүхчилсэн нь билиг барамидын судалгааг илүү дэлгэрүүлж уламжлалт тайлбартай хослон илэрхийлэх хэрэг болой. Орчин үеийн Билиг барамидын судалгаанд оруулж буй шинэлэг тал нь Сэра игчааны уламжлалд гол тулгуур болгон Илт онолын чимгийн найман бод хийгээд далан утга тус бүрд Чойрын игчааны үндэс бүрийн дагуу задлан шинжлэх дээ найман бод тус бүрийн утганд герменевтик аргачлалаар тайлбарлах оролдлого хийсэн болой. Үүний тулд найман хэсэгт задлаж авч үзсэн юм.
1-р бодын хувьд, хамгийг мэдэгч бод нь 4-р бодоос 8 бод хүртэл таван бодийн үр дүн гарсан байна. 8-р бодийн үр номын биеэр Хамгийг мэдэгч болно. Хамгийг мэдэгч нь Бурхан, бурхан нь Хамгийг мэдэгч юм. Үүнийг эхний бодод гаргаж өгсөн юм.
2-р бодын хувьд, мөрийн мэдэл байна. Мөрийн мэдлээр илт онолын мөрийг мэдэж, түүний үе шатыг бүрэн дадуулна. Энэ үйл явцыг бодьсадвын арван газартай холбох нь зүйтэй. Бодьсадвын замын эцэс болох арав дахь газарт мөрийн мэдлийн билиг билгүүнээр очдог. Иймээс мөрийн мэдэл нь илт онолын зам мөрийн үндсийг тодорхойлох юм.
3-р бодын хувьд, суурийн мэдэл гэж байна. Энэ нь сэтгэлээр олох егүзэрвийн билгүүн юм. Үүний орших газар нь Их хөлгөнд орших мөн чанартай. Их хөлгөний таван мөрийн үзэхүйн мөрд суурийн мэдэл орших ба үүнийг энд тодорхойлсон юм.
4-р бодын хувьд, дөрвөн барилдлагын мөн чанар оршино. Илт онолын чимгийн хамгийн олон задаргаатай хэсэг нь юм. Гэхдээ эцэстээ 4 барилдлага болж хураагдах ба сэтгэлийн егүзэрвийн гол үндэс энэ хэсэгт бүрэлдэж нэгэн мөн чанарт хураагддаг. Илт онолын онохуй эрдмийн гол үндэс ч энд бүрэлдэнэ. Иймээс гурван айлдварын мөн чанарын хураангуй ч гэж хэлж болох юм. Түүнээс цааш үр номын биеийн эцсийн эрдэм ойрхон болсон байна.Гэхдээ үүнээс цааш дөрвөн бодын эрдэм үлдсэн байдаг.
5-р бодын хувьд, сэтгэлийн егүзэрвийн үзүүрт хүрсэн эрдэм тул үзүүрт хүрсэн бод гэж нэрлэгджээ. Нэгэнт үзүүрт хүрсэн тул уналгүй болно. Илчийн үзүүрийн барилдлага тэргүүтэн найман зүйлийн билгийг бүтээснээр үзүүрт хүрч цаад хязгаарт нь гарна.
6-р бодын хувьд, өмнөх бодын дараа шат болж эцэст хүрсэн эрдмийг олох тул үлэмж зургаан барамид тэргүүтэн 13 эрдмийн билгийг эзэмшиж дараагийн эрдмийг олно.
7-р бодын үед, нэгэн агшины барилдлага нь өмнөх бүх эрдэм нэгэн агшины үр дүнд хүрнэ. Энэ нь дөрвөн хоосны бэлгэ билгийн мөн чанартай эрдэм байна. Үүнийг хоёр инчдэхийн хугацаанд олох эрдэм ч гэж хэлж болно. Энэ бодод хир удаан орших нь бясалгаачийн өөрийн эрдмээс шууд шалтгаалах ба эцэстээ нэгэн агшинд туулах юм.
8-р бодын үе нь Их хөлгөний сүүлчийн дөрвөн үе шатны эцэс юм. Энэхүү үр номын бие нь Их хөлгөний зарим уламжлалд 3 бие, заримд нь 4 биеэр тодорхойлогдоно. Эглийн бие Бурханы биед шилжснээр үр номын бие болж хувирдаг. Үүнийг Нууц тарнийн ёсний төгс жаргалангийн бие лугаа адилтгаж болох юм.
Дээрхээс Илт онолын үндсэн утга нь дараах утгаар тодорхойлогдож байна. 1-3 бод нь найман бодын хураангуй утга гэж үзэж байна. Үүнд нэгдүгээр бод нь Бурханы эцсийн үр дүн, хоёрдугаар бод нь түүний мөрийн утга, гуравдугаар бодь сэтгэлийн егүзэрва буюу бэлгэ билгийн хураангуй утга гэсэн дүгнэлтэнд хүрлээ. 4-ээс 8-р бодийг дээрх гурван айлдвар буюу хураангуй утгын таван үе шат бүхий задаргаа гэж үзэж байна. Бурханы гол шүнгүүдэд ч ингэж байдаг. Сүүлчийн таван бодоор эхний гурван бодийн эрдэм тодорхойлогдож байна. Ингээд эцэст нь Сэра игчааны Жэвзунба ламын Илт онолын найман бод, далан утгат бүтээл нь янагуух утгандаа Бурхан болох мөрийн зэрэг буюу чанагуух утгандаа Бурханы хоосон чанарыг оносон гүн ухааны сонгодог бүтээл юм гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа билээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0