Сэдвийн тулгамдаж буй байдал. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх зарчим, ёс зүй, хэв шинжид тулгуурласан, аж ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нийтлэг арга барил бүхий үндэсний компани, бизнес эрхлэгчдийг төлөвшүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас 2011 онд “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилтуудын нэг нь “компанид өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хяналтын тогтолцоог бүрдүүлэх явдал” гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагын эрх зүйн зохицуулалтад (Банкны тухай хууль /2011/, Компанийн тухай хууль /2011/, Төсвийн тухай хууль /2011/) шинэчлэгдэж хийж, эдгээр аж ахуйн нэгж, байгууллагад дотоод хяналт, дотоод аудитын тогтолцоог бүрдүүлэхийг хуульчилсан. Хөгжингүй орнуудын компанийн засаглалын практик нь өмчлөгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд компанийн үйл ажиллагааг хянах дотоод хяналтын үндсэн хэлбэр нь дотоод аудит байдаг. Манай улсад ч сүүлийн жилүүдэд арилжааны банкууд, томоохон компаниудад дотоод аудит бодит зүйл болж, хэрэгжиж эхэлж байна. Гэвч энэ үйл явц эхлэлийн шатанд байгаа учраас цаашид судалж, шийдвэрлэвэл зохих хариулт хүлээсэн олон асуудал байна. Тухайлбал, өмчийн эзэд, бизнес эрхлэгчид төдийгүй төр засаг, судлаачдын хүрээнд байгууллагын дотоод хяналт, дотоод аудитын тогтолцоо, удирдлагад гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй, компанид дотоод аудитыг зохион байгуулах болон хэрэгжүүлэх арга зүйн удирдамж дутагдалтай байгаа юм. Компанийн сайн засаглалыг бий болгох, хяналтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх нь нийгмийн ардчилсан зарчимд тулгуурласан, дэлхий нийтийн бизнесийн хөгжлийн чиг хандлага мөн тул манайд бий болоод байгаа дотоод аудитын тогтолцоог судалсны үндсэн дээр олон улсын жишиг, өөрийн орны онцлогт нийцүүлэн оновчтой хэлбэрээр бүрдүүлэх, дотоод аудитын зарим арга зүйг бий болгож нэвтрүүлэх асуудал нь шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзэж дотоод аудитын асуудлыг судалгааны сэдэв болгон сонгож авсан.
Сэдвийн судлагдсан байдал. XIX зууны сүүлээс эхлэн А.Аренс, Р.Адамс, Ф.Л.Дефлиз, Дж.Лоббек, Дж.Робертсон зэрэг аудитын салбарын эрдэмтэд дотоод аудитыг аудитын нэг төрөл гэж үзэж, зохиол, бүтээлдээ түүний мөн чанарыг тодорхойлж ирсэн. Харин 1940-өөд оны үед АНУ-ын Нью-Йоркийн их сургуульд Виктор З. Бринк (Victor Z. Brink), Колумбын Их сургуульд С.Обри Смит (Aubrey Smith) нарын докторын зэрэг хамгаалсан бүтээлүүд нь дотоод аудитын асуудлаар хийсэн анхны онолын судалгаа болсон. Түүнээс хойш дэлхийн улс орнуудад энэ асуудал тасралтгүй судлагдсаар онолын тогтсон чиглэл, практик бодит хэрэглээтэй болж боловсронгуй болон хөгжсөөр байгаа билээ. Харин постсоциалист улсуудад нийгмийн өөрчлөлтийн дараа буюу 1990-ээд оноос хойш дотоод аудитын асуудлыг судалж эхэлсэн бөгөөд Б.А.Аманжолова, В.Д.Андреев, В.В.Бурцев, А.К.Макальская, Г.В.Максимова, Л.С.Малкова, И.В.Новоселов, С.С.Ованесян, С.Н.Орлов, В.И.Подольский, Б.Н.Соколов, Л.В.Сотникова, A.M.Сонин, Л.П.Северенкова зэрэг ОХУ-ын эрдэмтэд дотоод аудитын онол, арга зүй, компанид дотоод аудитыг зохион байгуулах асуудлаар судалгааны бүтээлүүд туурвижээ. Дотоод аудит нь манай улсын аж ахуйн нэгж, байгууллагад шинэ тутам бий болж байгаа тул онолын судалгаа төдийлөн хийгдээгүй. Харин ерөнхий аудитын онол, арга зүй, компанийн засаглалын асуудлаар Л.Мөнх-Очир “Санхүүгийн аудитын хөгжлийн зарим асуудал” (2009), Б.Батбаяр “Төрийн аудитын тогтолцоо, арга зүйн шинэчлэлийн зарим асуудал” (2009) сэдвээр, Т.Цэнд-Аюуш “Монголын компанийн засаглалыг сайжруулах арга замууд” (2012) сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Компанийн дотоод аудитын зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэргэжлийн хөгжлийн талаар эрдэмтэн судлаачдаас гадна олон улсын мэргэжлийн байгууллагууд, түүний дотод Олон улсын дотоод аудиторуудын институтээс болон Эрнст энд Янг, ПрайсуотерхаусКуперс, КПМЖ зэрэг дэлхийд нэр хүнд бүхий аудитын компаниуд олон улсын хэмжээнд тогтмол судалгаа хийж байгаа нь энэ асуудлын эрэлт, ач холбогдлыг харуулж байна.
Судалгааны зорилго, зорилтууд. Дотоод аудитын мөн чанар, удирдлагад гүйцэтгэх үүргийг тодорхойлж, түүнийг компанийн хэмжээнд зохион байгуулах хэлбэр, хэрэгжүүлэх арга зүйн хүрээнд судалгаа явуулан, өөрийн орны компаниудын дотоод аудитын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж гаргахад энэхүү судалгааны ажлын зорилго чиглэгдэнэ. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
- компанийн засаглалд дотоод аудитын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, дотоод аудит бий болоход нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох;
- судлаачдын үзэл баримтлал, олон улсын мэргэжлийн байгууллагын гаргасан стандарт, арга зүйн материалд тулгуурлан дотоод аудитын мөн чанар, онолын үндэслэлийг тодорхойлох;
- компанид дотоод аудитыг зохион байгуулах, хэрэгжүүлэх хэлбэрийг судалж дүгнэлт өгөх;
- дотоод хяналтын зорилго, зохион байгуулалт, дотоод хяналтыг хэрэгжүүлэгч нэгжүүдийн үүрэг, дотоод хяналтыг бүрдүүлэгч элементүүдийн талаар эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, олон улсын мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг үндэслэн компанийн дотоод хяналтын тогтолцооны оновчтой загварыг тодорхойлох;
- манай улсын компанийн дотоод аудитын хөгжлийн өнөөгийн байдлыг судалж дүгнэлт өгөх, практикт тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, судалгааны үр дүнд үндэслэн дотоод аудитын эрх зүйн болон удирдлага, зохион байгуулалт, арга зүйг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмжийг дэвшүүлэх.
Судалгааны арга зүй. Судалгааны баримт материалыг нэгтгэн боловсруулахдаа ажиглалт, загварчлал, хийсвэрлэл гэх мэт шинжлэх ухааны танин мэдэхүйн ерөнхий аргууд, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх гэх мэт логикийн ерөнхий аргуудаас гадна эх сурвалж, баримт бичиг судлах, динамик өөрчлөлт, бүтэц чиг үүрэг, агуулгын шинжилгээ хийх, харьцуулах зэрэг чанарын болон тоон судалгааны аргуудыг хэрэглэсэн.
Судалгааны шинэлэг тал. Энэхүү диссертац нь манай улсын хувьд компанийн дотоод хяналтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болсон дотоод аудитын чиглэлээр онол, практикийн түвшинд хийгдэж буй судалгааны анхны ажил болохын зэрэгцээ дотоод аудитын мөн чанар, үүссэн эрэлт, хэрэгцээ, удирдлагад гүйцэтгэх үүрэг, түүний шинэчлэл, компанид дотоод аудитыг зохион байгуулах хэлбэр, дотоод аудитын стратеги төлөвлөгөө боловсруулах эрсдлийн хүчин зүйлийн үнэлгээний загвар боловсруулах асуудлыг авч үзсэн нь энэхүү ажлын шинэлэг тал болж байна. Уг ажлыг хүрээнд дараах асуудлуудыг судалж шийдвэрлэсэн болно. Үүнд:
- Аудитын нэг төрөл болох дотоод аудитын үүсэл, хөгжлийн үе шат ба эдгээр үе шат бүрд байгууллагын удирдлагад түүний гүйцэтгэж ирсэн үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээ, арга зүйн онцлогийг судалсны үндсэн дээр дотоод аудитын хөгжлийн үечлэл, орчин үеийн компанийн засаглалд дотоод аудитын гүйцэтгэх үүргийг тодорхойлсон. Компанийн өмчлөгчид, хөрөнгө оруулагчдын зүгээс гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг хянах дотоод хяналтын бодит эрэлт, даяршлын нөлөөгөөр дэлхий дахинаа нэгдсэн кодекс, ёс зүйн дагуу бизнес эрхлэх шаардлага, хөрөнгийн зах зээлд оролцогч компаниудад дотоод аудитыг хэрэгжүүлэх эрх зүйн заалт зэрэг нь орчин үеийн компанийн засаглалд дотоод аудитын зайлшгүй байх үндсэн нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд хөгжлийн өнөөгийн шатанд дотоод аудит нь компанийн сайн засаглалын үндсэн элемент, бизнесийн эрсдлийг бууруулахад чиглэсэн удирдлагын орчин үеийн арга хэрэгсэл мөн гэсэн дүгнэлтийг хийлээ.
- Дотоод аудитын мөн чанар (зорилго, захиалагч буюу хэрэглэгчид, үйл ажиллагааны үндсэн зарчмууд, хөндлөнгийн аудитаас ялгаатай байдал, үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ)-ыг тодорхойлох судалгаанд үндэслэн дотоод аудит нь “өмчлөгчид болон дээд түвшний удирдлагын зүгээс байгууллагад хэрэгжүүлж буй хянах, зөвлөх үүрэгтэй, хараат бус үйл ажиллагаа бөгөөд хөрөнгө оруулагчдыг шийдвэр гаргахад нь үнэн бодит мэдээллээр хангах, эрсдлийг оновчтой удирдах талаар гүйцэтгэх удирдлагад зөвлөгөө өгснөөр удирдлагын үр ашгийг дээшлүүлэх үндсэн зорилготой үйл ажиллагаа” гэж тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ. Зохион байгуулалтын хувьд дотоод аудитын алба нь ТУЗ-ийн Аудитын хороонд бүрэн харъяалагдахын хэрээр хараат бус байдал нь хангагдаж, үр нөлөө нь сайжрах ба харин хэрэгжүүлэх хэлбэрийн хувьд бие даасан албатай байх, эсвэл аутсорсинг, косорсингийн хэлбэрийг ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрлээ.
- Манай улсын дотоод аудитын эрх зүйн орчны үндсэн баримт бичгүүдийн агуулга, тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд дотоод аудитын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд үндсэн өөрчлөлт гарч, банк, улсын секторт эрх зүйн орчин, удирдлагын тогтолцооны үндсэн элементүүд бүрдэж байна. Харин банкнаас бусад компаниудын хувьд дотоод аудитын эрх зүйн тогтолцоог цаашид илүү боловсронгуй болгох, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх саналуудыг дэвшүүлсэн.
- Дотоод хяналтын мөн чанар, компанийн дотоод хяналтын тогтолцоонд дотоод аудитын эзлэх байр суурийг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаанд үндэслэн дотоод хяналтыг “стратегийн зорилгыг хэрэгжүүлэхэд учрах эрсдлийг удирдах зорилгоор компанийн өмчлөгчид, гүйцэтгэх удирдлагын зүгээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бөгөөд эрсдлийн удирдлагын арга хэрэгсэл” гэж үзсэн ба дотоод аудит нь дотоод хяналтын тогтолцооны нэг бүрэлдэхүүн бөгөөд дотоод хяналтын нэг хэлбэр болохыг тодорхойлсон. Компанийн дотоод хяналт нь өмчлөгчдийн зүгээс дотоод аудитаар дамжуулан хэрэгжүүлэх хяналт ба гүйцэтгэх удирдлагаас өдөр тутам хэрэгжүүлэх хяналтаас бүрдэнэ гэж үзэж компанийн эрсдлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцооны загварыг боловсруулсан.
- Дотоод аудитын арга зүйн харьцуулсан судалгаанд үндэслэн манай компаниудад “эрсдэлд суурилсан арга зүй”-г хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үндэсний 25 томоохон компанийн дотоод аудитын үйл ажиллагаанд хийсэн судалгаагаар манай улсын компаниудын дотоод аудитын арга зүй нь өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг шалгах, үнэлгээ дүгнэлт өгөхөд чиглэгдэж, харин компанийн зорилгод нөлөөлж болзошгүй эрсдлийг илрүүлэх, түүнийг удирдах талаар зөвлөмж өгөх үүргээ төдийлэн хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн тул аудитын объектын эрсдлийг үнэлсний үндсэн дээр дотоод аудитыг төлөвлөх “эрсдлийн хүчин зүйлийн үнэлгээний арга”-ыг санал болгон “Магнайтрейд групп” ХХК-д туршсан үр дүн диссертацид харууллаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0