Энэүү нэг сэдэвт бүтээл нь орчин үеийн нийгмийн хэлшинжлэл, хэлний бодлого, хэл төлөвлөлтийн судалгаанд чиглэгдсэн болно.
Даяаршил нь нийгэм, эдийн засаг, мэдээлэл харилцаа гэх мэт олон салбарт хүчтэй нөлөөлөхийн зэрэгцээ аливаа улс үндэстний хэл соёлын амьдралд ч ихээхэн өөрчлөлт, хувьсалыг буй болгож байна. Нэг талаас лигвафранка буюу нийгмийн харилцаанд нэг хэл давамгайлах үзэгдэл хүчтэй явагдаж байхад нөгөө талаас үндэстэн, угсаатны цөөнхийн хэлнүүд хэрэглээнээс шахагдан гарах явдал хурдацтай болж байна. Аливаа үндэстэн угсаатны хэл нь хүн төрөлхтний бүтээсэн дахин давтагдашгүй үнэт өв, соёл болохын хувьд түүнийг хэрхэн хамгаалах асуудал олон улсын байгууллагууд, дэлхийн улс гүрнүүд, төр засгийн анхаарлыг ихээхэн татах боллоо. Ийм ч учраас хэлийг хамгаалах, хөгжүүлэх талаарх хэлний бодлого, хэл төлөвлөлтийн судалгаанууд өнөө үед эрчимтэй хийгдэх болсон билээ.
Дэлхийн ихэнх улс орнууд хэлийг ижилсүүлэх, нэгтгэх бодлогыг түлхүү явуулж байгаа нь үндэстэн, угсаатны цөөнхийн хэл, нутгийн аялгуунууд аажмаар уусан үгүй болох нөхцлийг бүрдүүлж байна. Иймд олон улсын байгууллагаас хэл, аялгуунуудыг хүний хэлний эрхийг хамгаалах бодлогын хүрээнд дэмжин ажиллах бүхий л боломжийг эрэлхийлж, олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Мөхөх аюулд байгаа хэлнүүдийн улаан ном, атлас, картуудыг буй болгож, бичих, баримтжуулах ажлыг бүс нутаг, тив, дэлхийн хэмжээнд эрчимтэй зохион байгуулж байгаа юм.
Иймд бид ч гэсэн Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа угсаатан, ястны хэл болох нутгийн аялгуунуудыг орчин үеийн нийгмийн хэлшинжлэлийн онол, арга зүйн үүднээс судлан үзэх нийгмийн шаардлага зүй ёсоор урган гарч байгаа тул энэхүү сэдвийг сонгон авч судалгаа хийхээр шийдсэн билээ.
Судалгааны ажлын зорилго
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголчуудын нутгийн аялгууны өнөөгийн байдлыг судалж, олон улсын шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан тэдгээрийн амьдрах чадварын түвшинг тодорхойлоход чиглэсэн болно.
Судалгааны ажлын зорилт
Дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.Үүнд:
• Орчин үеийн нийгмийн хэлшинжлэл, хэлний бодлого, хэл төлөвлөлтийн талаарх онолын бүтээлүүдийг судлах, эрдэмтдийн үзэл бодлыг нэгтгэн дүгнэх,
• Даяаршил нь угсаатны цөөнхийн хэл болон нутгийн аялгуунуудад хэрхэн нөлөөлж байгааг судлах, хэлийг хамгаалах өнөөгийн шаардлагыг тодорхойлох,
• ЮНЕСКО олон улсын байгууллагуудаас явуулж байгаа хэлийг хамгаалах бодлогын хэрэгжилт, хууль эрх зүйн орчин, менежментийг судлах,
• Монголчуудын нутгийн аялгууны өнөөгийн байдлыг судлах, олон улсын шалгуур критерүүдийг баримтлан нутгийн аялгууны амьдрах чадварын түвшинг тодорхойлох
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0