Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны хөдөө, орон нутгийн авто замын сүлжээний төсөллөлтийн ба технологийн оновчтой шийдлийн судалгаа.



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3013
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Хучлага, гүүр, хоолой, хурд, техникийн шаардлага

Аннотаци

ОРШИЛ.
Хүн амын хүнсний хангамжийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх шаардлага нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар хөдөө, орон нутгийн замыг сайжруулах асуудалтай хослон тавигдаж байна.
Монгол орны хөдөө, орон нутгийн чанартай зам үндсэндээ ердийн хөрсөөрөө байгаа бөгөөд олон салаа хөрсөн зам зэрэгцэн гарч газрын гадаргуу, ургамалтай хөрсийг сүйтгэж, тоос босон агаар, байгаль орчныг ихээр бохирдуулах боллоо.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн “Монгол орны хөдөө, орон нутгийн авто замын сүлжээний төлөвлөлтийн ба технологийн оновчтой шийдлийн судалгаа”-г хийж, байгаль цаг уур, нийгэм эдийн засгийн онцлогт нийцсэн замын сүлжээг хөгжүүлэх стратегийн үзэл баримтлал, төсөллөлтийн стандарт, технологийн болон хучлагын тооцооны үндсүүдийг оновчтой тогтоож, улмаар хэрэгжүүлэх нь улс орны нийгэм эдийн засагт төдийгүй, шинжилгээ, судалгаа, онол практикийн ач холбогдолтой хэмээн үзсэн юм.
Үндэслэл:
Монгол орны хөдөө, орон нутгийн чанартай зам үндсэндээ ердийн хөрсөөрөө байгаа учир байгаль орчныг сүйтгэхийн зэрэгцээ тээврийн зардал өсч, хөдөө нутгийн иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна.
“Авто замын тухай хууль”-ийн ангилалд хөдөө нутгийн замыг орхигдуулсан нь тэдгээрийг төлөвлөх, төсөллөх, барьж байгуулах, ашиглахдаа орон нутгийн замын нэгэн адил авч үзэж байгаа учир өртөг зардал нь өсөж хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулж байна. Мөн түүнчлэн улсын замын сүлжээг хөгжүүлэх бодлого, ерөнхий төлөвлөгөөнүүдэд хөдөө нутгийн зам орхигдож, улмаар замын төлөвлөлт, хэрэгжилт урсгалаараа явж байна.
“Нэгдмэл бодлого, ерөнхий төлөвлөгөөгүйгээр зам барих явдал нь тохиромжтой, эдийн засгийн үр ашигтай замын сүлжээг бий болгож чаддаггүй” гэж олон улсад үздэг учир Монгол улсын замын сүлжээг хөдөө нутгийн замын хамт, нийтэд үр агшигтай хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна.

Судалгааны ажлын зорилго, зорилт.
Хөдөө, орон нутгийн замын сүлжээний хөгжлийн стратеги, чиг хандлагыг тогтоох, сүлжээг хөгжүүлэх, шийдэл гаргах, төлөвлөх болон төсөллөлтийн оновчтой хувилбаруудыг сонгох онол арга зүйн үндсийг Монгол орны байгаль цаг уур, нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдуулан боловсруулахад судалгааны зорилго оршино.
Энэ зорилгыг шийдвэрлэхийн тулд хөдөө, орон нутгийн замын сүлжээг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа гадаад орнуудын туршлага, өөрийн орны өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийсний үндсэн дээр дүгнэлт өгч, улмаар замын сүлжээг хөгжүүлэх үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнийг хялбар, энгийн аргаар тооцох арга зүйн загвар боловсруулах, замын төсөллөлт, технологийн болон бүтээцийн үндсэн үзүүлэлтүүдийг Монгол орны нөхцөлд тохируулан тооцох арга зүйн үндэслэл, загвар боловсруулах зэрэг үндсэн зорилтуудыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэхийг зорив.
Судалгааны арга зүй, аргачлал.
Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, үзэгдэл, юмсын мөн чанарын тухай арга зүйн хандлагад тулгуурласан тухайн үеийн нийгэм эдийн засгийн тогтолцооны хуулиудад тулгуурлах замаар судалгааг хийсэн.
Судалгаанд нийгэм эдийн засаг, статистикийн задлан шинжилгээ, хөгжлийн зүй тогтол болон график зураглалыг ашигласны зэрэгцээ, замуудын өнөөгийн байдлыг судлахдаа газар дээр нь явж үзэх болон таамаглал, хоёр дахь эх үүсвэрийн судалгааны аргыг, төсөллөлтийн үндсэн хэмжээсүүдийн судалгаанд олон улсын хэмжээнд хэрэглэдэг программуудыг болон лабораторийн шинжилгээг ашигласан.
Диссертацын бүтэц.
Нэгдүгээр бүлэг нь “Авто замын сүлжээний судалгаанй тойм” нэртэй бөгөөд энэ бүлэгт хөдөө нутгийн замын үүсэл хөгжил, олон улсын туршлага, Монгол орны хөдөө, орон нутгийн замын байдал, тээврийн хөдөлгөөний эрчим, түүнээс байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, авто замын ангилал, хөдөө, орон нутгийн замын сан, тэдгээрийн үр дүнг судалж дүгнэлт өгсөн.
Хоёрдугаар бүлэг нь “Замын сүлжээг оновчтой байгуулах шаардлага, үндэслэл” нэртэй бөгөөд энэ бүлэгт хөдөө нутгийн замыг хөгжүүлэж буй олон улсын туршлага, хөдөө нутгийн замыг ангилалд тусгах үндэслэл, орон нутгийн засаг захиргаадын үйл ажиллагаа, төлөвлөлтөд тээвэр эзэмшигчид болон орон нутгийн иргэдийг оролцуулах шаардлага, хөдөө, орон нутгийн зам харилцааны цогц төлөвлөлийн үйл явц зэргийг судалж дүгнэлт өгч, санал боловсруулсан.
Гуравдугаар бүлэг нь “Хөдөө, орон нутгийн замын сүлжээг оновчтой байгуулах арга зүйн үндэс” нэртэй бөгөөд энд замын сүлжээ байгуулах, замын хувилбаруудыг харьцуулах техник эдийн засгийн онолын үндэс ба олон улсын туршлагыг судалж авто замын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг тооцох энгийн арга зүйг санал болгосон. Мөн бүлэгт хөдөө нутгийн иргэдийн зорчин явалт ба зорилго, хөдөлгөөний эрчмийн судалгаанд үндэслэн тээврийн хэрэгслийн тооцоот хурд, хөдөлгөөний эрчмийн хувьсалыг тооцоох арга зүй, математик загвар, замын сүлжээний иж бүрдэл ба сүлжээг оновчтой байгуулах арга замыг хөдөө нутгийн 2 баг ба 1 сумын жишээн дээр хийсэн. Энэ бүлэгт Монгол улсын хөдөө нутгийн замын сүлжээг сайжруулах үе шатны асуудлыг хөндөж , замыг сайжруулах арга, технолгийн сонголтыг хийсэн.
Дөрөвдүгээр бүлэг “Хөдөө, орон нутгийн авто замын төсөллөлт ба технологийн оновчтой шийдлийн судалгаа” нэртэй бөгөөд энд хөдөө, орон нутгийн замын төсөллөлтийн стандартыг бий болгох үндэслэлийг гаргаж улмаар тээврийн хэрэгслийн судалгаа, замыг төсөллөх онол дээр үндэслэн Монгол орны хөдөө, орон нутгийн замын төсөллөлтийн үндсэн хэмжээсүүд, замын зурвас газрыг тооцоолж санал болгосон. Мөн энэ бүлэгт замын хучлагын тооцооны онол дээр үндэслэн хөдөлгөөний эрчим багатай зам, Монгол орны авто замын уур амьсгал, геотехникийн нөхцөлтэй уялдуулан хучлагын 15 төрлийн тооцоог хийж санал болгосны зэрэгцээ дайрган материалын 9 төрлийн орц, материалын техникийн шаардлагыг санал болгосон.
Судалгааны ажлын шинэлэг тал ба дэвшүүлсэн санал.
Монгол орны хөдөө, орон нутгийн замын сүлжээг хөгжүүлэх стратеги болон “Хөдөөгийн зам харилцааны цогц төлөвлөлт” боловсруулах, хөдөө нутгийн замыг ангилалд оруулах үзэл баримтлал, хөдөө нутгийн замын тооцоот хурдыг тогтоох үндэслэл гаргаж, замыг төсөллөх үндсэн үзүүлэлтүүдийн тооцоо, технолгийн сонголт хийж, судалгааныхаа үр дүнд түшиглэн санал болгон дэвшүүлсэн нь судалгаа, шинжилгээний ажлын шинэлэг тал болно.
Судалгааны ажлын ач холбогдол.
Судалгааны ажлыг авто замын тухай бодлогын чанартай бичиг баримт, зам, тээврийн хөгжлийн бодлого, стратеги боловсруулах, хөдөө, орон нутгийн засаг захиргааны ажилтнууд “Зам, тээврийн цогц төлөвлөлт” боловсруулах, замын сүлжээ хөгжүүлэх, чиглэл тогтоох, хөдөө, нутгийн замын төсөллөлтийн стандарт бий болгох, хөдөлгөөний бага эрчимтэй замын технологийн сонголт хийх, хучлагын оновчтой, хямд бүтээц бий болгох зэрэгт ашиглаж болохын хувьд практик ач холбогдолтой болно.
ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ, ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАЛУУД.
Монгол орны хөдөө, орон нутгийн замын сүлжээ нь шинлэх ухааны үндэслэлтэй байгуулагдаагүй, зөвхөн олон жилийн турш авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үр дүнд бий болсон, олон салаа бүхий ердийн хөрсөн замууд байгаа нь улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн хэрэгцээг хангаж чадахгүй болсоны зэрэгцээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр газрын гадаргуу, хөрс ургамал эвдрэн сүйдэж байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна.
Хөдөө нутгийн замын ангиллыг “Авто замын тухай хууль”-д орхигдуулснаас түүнийг төсөллөх, барьж байгуулах стандартууд болон арчлан хамгаалах, ашиглахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
Хөдөө нутгийн авто замын зурвас газрын өргөнийг 18 метрээс ихгүйгээр тогтоосноор замын зурвас газрын өргөн 42 метрээр багасаж, улсын хэмжээнд
352.8 мянган га газар замын зурвас газраас чөлөөлөгдөж, газар ашиглалт сайжрах, төсөллөлтийн стандартыг бий болгосноор замыг барьж байгуулах өртөг, зардал дундчаар 25-30%-иар, гүүр, хиймэл байгууламжийн өртөг 40-45%-иар буурах боломжтой байна.
Улсын хэмжээнд хөдөө нутгийн нийт замын сүлжээг оновчтой төлөвлөн байгуулвал наад зах нь замын урт 25,0%-иар буюу 21,2 мянган км ээр багасаж, улмаар хөрсөн зам гарсан 9646 мянга гаруй га газар чөлөөлөгдөж, байгалийн унаган төрхөндөө орох, авто замын зурвас газрын өргөнийг 18 метрээр тогтоосноор замын зурвас газрын өргөн 42 метрээр багасаж, 266,5 мянган га газар замын зурвас газраас чөлөөлөгдөж, газар ашиглалт сайжрахаар байна.
Судалгааны дүнг үндэслэн дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд:
1.Монгол улсын хөдөө, орон нутгийн зам, тээврийн хөгжлийн стратеги бий болгож бодлогын чанартай бичиг баримтуудад тусгах. Энэ бичиг баримтад дараах асуудлыг тусгах:
•Хөдөө, орон нутгийн зам, тээврийн цогц төлөвлөлтийг бий болгох;
•Хөдөө нутгийн замын тооцоот хурдыг 15-40 км/цагаар тогтоох,
•Монгол улсын хөдөө, орон нутгийн замын сүлжээг хөгжүүлэхдээ тухайн хот, суурин, хот айл, үйлдвэрийн бааз нь “наад тал нь 1 чиглэлийн замын шугамтай байх ёстой” гэдэг үзэл баримтлалтай байх;
•Хөдөө, орон нутгийн замаар явж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн жилийн хугацаанд үргэлжлэх байдлаас нь хамааруулж “Бүх улирлын зам” буюу “байнгын хөдөлгөөнтэй зам”, “тодорхой улирлын зам” буюу “улиралын хөдөлгөөнтэй зам” гэж ангилах;
•Байнгын болон улиралын хөдөлгөөнтэй замаас “2000 метрийн зай дотор орших тосгон, айл өрхийг замтай холбогдсон” гэж үзэх зэрэг болно.

2.Монгол улсын хууль, тогтоомжид хөдөө нутгийн замын ангиллыг тусгаж дараах асуудлуудыг шийдэх. Үүнд:
•Нэр томьёог тодорхойлох;
•Хөдөө нутгийн замын өмчлөгч, эзэмшигчийг тогтоох;
•Хөдөө нутгийн замын зурвас газрын өргөнийг 18 метрээс ихгүйгээр тогтоох;
•Хөдөө нутгийн замын барилга, засварын хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг юм.

3.Хөдөө, орон нутгийн замын сүлжээг оновчтой байгуулах, хөдөө, орон нутгийн зам, харилцааны цогц төлөвлөлтийг хэрэгжүүлэх арга хэмжээг орон нутгийн засаг захиргаадын түвшинд хэрэгжүүлэх.

4.Хөдөө нутгийн замын төсөллөлтийн стандартыг бий болгож мөрдөх.

5.Хөдөө, орон нутгийн авто зам, замын байгууламжийг хямд өртгөөр барьж байгуулах, хяналт тавих гарын авлага бий болгож нийтийн хүртээл болгох.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 167
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :