Ямааны мах, гүзээ боловсруулах технологи, усны идэвхийн судалгаа
Сэдвийн үндэслэл. Монгол улсад ямааны тоо толгой 2014 онд 2011 оныхоос
6.0 саяар, үүнээс эм ямаа
2.6 сая, 2012 оныхоос 1.8 сая, 2013 оныхоос 1.3 саяар нэмэгдсэн байна. Зохистой хооллолтын үзэл баримтлалын үүднээс хүний хоногийн хэрэгцээт нийт уургийн 15 орчим хувь коллаген байна. Коллаген нь малын гүзээ, сархинаг зэрэг салслаг түүхий эдийн уургийн ихэнх хувийг эзэлнэ. Мах, махан бүтээгдэхүүний экспортын чухал шаардлагын нэг нь усны идэвхээр нянгийн бохирдлыг үнэлэх явдал юм.
Ямааны мах, дотор махыг технологийн шинэлэг аргаар боловсруулах, усны идэвхийг бууруулах технологийн хувилбаруудыг хослуулан хэрэглэж зохицуулах үйлчлэл бүхий, чанар, аюулгүй байдлын баталгаатай бүтээгдэхүүний технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага байна.
Судалгааны ажлын зорилго. Ямааны мах, гүзээгээр шинэ нэрийн хатаамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн оновчтой горимыг тогтоож, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг усны идэвхээр үнэлэх зөвлөмж-аргачлал боловсруулахад оршино.
Зорилтууд:
1. Ямааны мах, гүзээг хөргөж, хадгалах үеийн усны идэвх, рН, чийгийн агууламж, бактерийн ерөнхий тооны өөрчлөлт, хамаарлыг судлах;
2. Ямааны мах, гүзээ ашиглан хатаамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт хийж, оновчтой горимыг усны идэвхээс нь хамааруулан сонгох;
3. Хатаамал шинэ бүтээгдэхүүний хүнс-биологийн үнэт чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлж, үнэлгээ өгөх
Судалгааны ажлын шинэлэг тал. Ямааны мах, гүзээг 4oC-т хадгалахад усны идэвх, бактерийн ерөнхий тооны хооронд шууд хамаарал байгаа зүй тогтлыг илрүүлж, ямааны мах, гүзээг дулаанаар болон хөлдөөж хатаах технологийн оновчтой горимыг усны идэвхээс хамааруулан тогтоосонд оршино. Ажлын шинэлэг талыг “Колэл-1 уургийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга” (2013, АЗГ №2231), “Ямааны махан борц үйлдвэрлэх арга” (2014, АЗГ №2285) ашигтай загварын зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажуулав.
Судалгааны ажлын практик ач холбогдол. Махан бүтээгдэхүүний усны идэвхээр нянгийн бохирдлыг үнэлэх зөвлөмж-аргачлал болон ямааны мах, гүзээний хатаамал шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг мах боловсруулах үйлдвэрүүдэд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэнд судалгааны ажлын практик ач холбогдол оршино.
Докторын зэрэг горилсон бүтээлийн ерөнхий бүтэц: Энэхүү бүтээл нь удиртгал, 4 бүлэг, шүүн хэлэлцэхүй, нэгдсэн дүгнэлт, ашигласан хэвлэлийн жагсаалт гэсэн үндсэн хэсэг, бүлгүүд, 71 хүснэгт, 22 зураг агуулсан нийт 114 хуудастай болно.
Шинжлэх ухааны арга зүй, судалгааны объект ба материал. Ямааны мах, гүзээний хатаамал бүтээгдэхүүний технологийг судалгааны объект болгон системийн хандлага, онол-туршилтын аргаар судалж, үр дүнг математик-статистик аргаар боловсруулав.
Судалгааны материалаар Дорнод аймгийн Цагаан-овоо, Матад сумдаас “Улаанбаатар Мах маркет” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт нядалсан дунд зэрэг тарга хүчтэй, шүдлэн насны 30 толгой ямааны I зэргийн гулуузыг мах, Дорнод аймгийн дээрх сумдаас “Дорнод Мах маркет” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт нядалсан дундаас дээш тарга хүчтэй, шүдлэн насны 30 толгой ямааны нойтон гүзээг ашиглав.
Технологийн урсгалын онолын дагуу объектыг “түүхий эд-технологийн туршилт-бэлэн бүтээгдэхүүн” гэсэн харилцан уялдаатай дэд системүүд болгон судалгаа, туршилтын ажлыг төлөвлөж, гүйцэтгэсэн. Түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын судалгаанд задлан шинжилгээний багажит анализын болон стандарт аргуудыг ашигласан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0