Ачааны автомашины бүтээлд техник ашиглалтын үзүүлэлтүүдийн нөлөөллийн шинж чанар, ашиглалтын үзүүлэлт тус бүрийн болон нийт үзүүлэлтүүдийн цогц нөлөөллийн судалгааны аргыг боловсруулав. Энэ үндсэн дээр техник ашиглалтын үзүүлэлтүүдийг сайжруулах арга хэмжээний зарчим, чиглэлийг хөндсөн тодорхой саналууд дэвшүүлсэн. Шинжилгээний үр дүнд доорхи зорилтуудыг шийдвэрлэсэн. Үүнд: Автотээврийн хэрэгслийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх асуудлаар судалгааны өмнөх ажлуудад шинжилгээ хийж энэ хүрээнд гадаадын болон үндэсний судлаачдын арга туршлагыг нэгтгэн баяжуулав. Ачааны автомашины бүтээл техник-ашиглалтын үзүүлэлтүүдээс хамаарч өөрчлөгдөх зүй тогтол, шинжилж судлах арга зүйг боловсруулсан. Судалгааны ажлын үр дүн болон автотээврийн хөгжлийн хэтийн прогнозыг үндэслэн монгол улсад ачааны автомашины ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлийг тодорхойлсон нь практикт нэвтэрч үр дүнгээ өгч байна. Ачаа тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг сонгох, даацын оновчтой хэмжээг тогтоох, автопоезд хэрэглэх арга зүйн зөвлөмжүүд нь гадаад валютын хязгаарлагдмал нөөцтэй өнөөгийн нөхцөлд тээвэрлэгч, тээвэрлүүлэгч байгууллагуудад зайлшгүй шаардлагатай, тээврийн хэрэгслээ сонгох, паркаа бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Хот хоорондын автотээвэрт их даацын дизель автомашин хэрэглэх, ачааны терминаль байгуулах техник эдийн засгийн үндэслэл нь Монгол улсад тээвэрлэлтийн терминаль систем нэвтрүүлэхэд арга зүйн чухал материал болж байна.