Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Домгийг бүтэц-тэмдэг зүйн үүднээс шинжлэх нь (Монгол аман зохиолын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2963
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Хосолмол эсрэгцэл, бүтцийн загвар, зуучлагч, логик арга хэрэгсэл, домгийн ухамсар, домгийн сэтгэлгээ

Аннотаци

Өнөөгийн мэдээлэл-технологийн иргэншлийн үед амьдарч буй хүний оршихуй, танин мэдэхүй, үнэлэмжийн асуудал хурцаар тавигдаж байна. Хүний оршихуйн утга учир, түүний мөн чанарыг танин мэдэх оюуны эрэл хайгуулын нэгэн сурвалж нь домог юм.
Философийн антропологийг үндэслэгчдийн нэг, XIX-XX зууны зааг үеийн Германы философич Макс Шелер (1874-1928) түрүү үеийнхээ бүтээлүүдэд философийн бүхий л асуудлыг хүн гэж юу вэ? хүн ахуй, ертөнцөд ямар метафизик байр суурь эзэлж байна вэ? гэсэн асуулт руу шилжүүлж болно гэж үзсэн байна. XX зууны Францын структуралист философич Клод Леви-Стросс (1908-2009) “ер нь сэтгэхүйд хөгжил дэвшил байдаг уу?”, “эсвэл энэ дэвшил сэтгэхүйд өөрт нь биш, харин хүн төрөлхтний амьдрал, түүхэн явцтай тулгарч буй янз бүрийн шинэ үзэгдэлд илэрдэг зүйл юм уу? ” гэсэн онтологи-танин мэдэхүйн суурь асуулт тавьсан нь хүнийг хүн болгодог, хүмүүнжүүлдэг түгээмэл зүй тогтлыг хайж эрэлхийлсэн явдал бөгөөд энэ нь домгийн бүтцэд байгааг олж харжээ. Тэрээр “домгийн сэтгэлгээнд цаг хугацаа, орон зайн хувьд харьцангуй тогтвортой бүтэц байдаг” гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд энэ бүтцийг математик томьёололд оруулсан байна. Энэ бол байгалийн мөн чанарын зүй тогтлыг илэрхийлсэн физикийн томьёоллын адилаар хүний мөн чанарын зүй тогтлыг илэрхийлсэн томьёолол болжээ. Структурализмын арга зүйн баримтлал нь субьективизм, психологизмоос ангид байж, судалгааны объектоо мөн чанараар нь судлах давуу талтай юм. Домгийн харьцангуй тогтвортой бүтцийг таньж мэдэх нь өнөөгийн даяаршлын үеийн хүний хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал хэрэгцээтэй болно.
Монголчуудын ертөнцийн тухай үзэл, төсөөлөл, сэтгэлгээний онцлог шинжийг тусгасан түүхэн сурвалж материал, эд өлгийн зүйл, оюуны соёлын үнэт дурсгалыг археологич, түүхч, аман зохиол судлаач, хэл шинжээчид өргөн хүрээнд судалсаар иржээ. Гэвч монгол домгийг философи, бүтэц-тэмдэг зүйн үүднээс тусгайлан шинжилсэн бүтээл өнөө хэр байхгүй байна Философичид домгийн судалгааг хүн өөрийн оюуныг танин мэдэх нэгэн арга хэмээн үзэж, түүнд ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Монголчуудын өөрийн ухамсар, соёл, сэтгэлгээний онцлог шинжийг судлахын тулд аман болон аман бус хэлбэрээр дамжиж домгийн бүтцийг ирсэн нийгэм-хүмүүнлэгийн ухааны, ялангуяа сонгодог бус философийн олон ургальч үзэл баримтлал, арга зүйн тодорхой чиглэл, хандлагын үүднээс, тухайлбал бүтэц-тэмдэг зүйн арга зүйн үүднээс шинжлэх хэрэгцээ шаардлага байна.
Судалгааны ажлын зорилго нь домгийг бүтэц-тэмдэг зүйн үүднээс шинжилж, монгол домгийн бүтцийн онцлог шинжийг аман зохиолын жишээн дээр тодруулахад оршиж байгаа болно.
Энэ зорилгынхоо хүрээнд юуны өмнө домог хэмээх ойлголтыг философийн түүхэнд хэрхэн авч үзэж буйг тоймлон үзэхийн зэрэгцээ домгийн бүтэц-тэмдэг зүйн үндсийг тодруулж үзэв. Мөн монголын болон гадаадын философичид, аман зохиол судлаач, хэл шинжээчдийн судалгааны ололт амжилтад тулгуурлан, монгол аман зохиол дахь домгийн бүтцийг шинжлэн үзэх зорилт тавьсан юм.
Философийн үүслийг танин мэдэхүй эсвэл домгоос үүсэлтэй гэх хандлагуудын дутагдалтай талыг тодруулж, домог нь философийн үүслийн урьдач нөхцөл болдог ба домгийн утга санаа нь гүнзгий хямралд орсон үед философи нь боломжтой байдгийг судалгааны материал дээр тулгуурлан үндэслэсэн. Домгийн бие даасан оршихуй, мөн чанар, танин мэдэхүйн асуудлыг сонгодог ба сонгодог бус философийн эх сурвалжид тулгуурлан авч үзсэн юм.
Мөн домгийн бүтэц-тэмдэг зүйн шинжлэлийн давуу тал, онцлогийг түрүү үеийн структуралист философичдын эх зохиолд тулгуурлан авч үзсэн төдийгүй тэдгээрийн дутагдалтай талыг хожуу үеийнх нь философичид хэрхэн даван туулж байгааг харьцуулж авч үзсэн.
Монгол домгийн талаарх судалгааны бүтээлүүдийн ололт амжилтыг домгийн философийн үүднээс шинжлэх гэж оролдсоны үр дүнд зарим дутагдалтай тал байгааг олж харсан. Тухайлбал, бэлгэдлийн болон харьцуулсан шинжлэлээс хэтрээгүй, домогт философийн үүднээс тэр бүр хандаагүй зэрэг болно. Энэ дутагдалтай талыг домгийн бүтэц-тэмдэг зүйн шинжлэлээр нөхөж болох гарцыг дэвшүүлснээрээ бидний судалгааны ажил нь шинэлэг талтай юм. Түүнчлэн аман зохиолын бичвэрийн жишээн дээр монгол домгийн бүтцийн онцлогийг тодруулсан нь судалгааны ажлын шинэлэг тал нь юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 324
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Зочин . 3/21/2021 11:36:23 PM

Амжилт хүсье. Сонин судалгаа хийжээ

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :