Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Оюутны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргыг боловсрол судлалын семинарын хичээлд хэрэглэсэн нь” судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3582
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : бүтээлч арга барилууд, оюутны сэтгэхүйн хөгжил, төлөвшилт, үр дүн, ахиц өөрчлөлт

Аннотаци

Нийгэм эдийн засгийн хурдтай өөрчлөлтийн өнөө үед бүтээлч сэтгэхүйтэй мэргэжилтэн бэлтгэх явдал чухал байна. Өнөөдөр их, дээд сургуулийн оюутны бүтээлч сэтгэхүйн түвшин хангалтгүй байна. Иймээс их, дээд сургуулийн сургалтын технологи, арга зүйн асуудлыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай юм.
Сэдвийн судлагдсан байдал:
Монгол улсад бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх асуудлаар академич Б. Жадамбаа, (Ph.D) Ц. Оюун, (Ph.D) Б. Цэрэнжав, (Ph.D) Ч. Ганцэцэг, (Ph.D) А. Энхмаа, (Ph.D) О. Энхтуяа, (Ph.D) С. Эрдэнэчимэг, (Ph.D) М. Мөнхжаргал, (Ph.D) А. Сүнжидмаа, (Ph.D) Л. Хишигсүрэн, (Ph.D) Б. Энхцэцэг, (Ph.D) Ц. Баасандорж нарын зэрэг эрдэмтэд судалсан байдаг. Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх асуудлын талаар их, дээд сургуулийн түвшинд төдийлөн хангалттай хэмжээнд судлагдаагүй байна.
Судалгааны ажлын зорилго
Их, дээд сургуулийн боловсрол судлалын семинарын сургалтын арга зүйн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудыг хэрэглэх хувилбар аргачлал боловсруулан, семинарын хичээлд туршин, судлахад судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны ажлын зорилтууд
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан болно. Үүнд
- Бүтээлч сэтгэхүйн талаарх эрдэмтдийн үзэл баримтлалыг судлан, тэдгээрийн нийтлэг үндэслэлийг тодруулах
- Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргын мөн чанар, онцлогийн талаар судлан, дүн шинжилгээ хийх
- Боловсрол судлалын семинарын хичээлийн сургалтын арга зүйн өнөөгийн байдлыг тандан судалж, дүн шинжилгээ хийх,
- Боловсрол судлалын семинарын хичээлд бүтээлч сэтгэхүйн аргуудыг оновчтой сонгон, хувилбар аргачлал боловсруулан, туршин судалж, үр дүнд боловсруулалт хийх
- Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудыг хэрэглэх зарчмуудыг тодорхойлох зэрэг болно.
Судалгааны ажлын арга
Судалгааны ажилдаа анкет асуулга, ажиглалт туршилт, фокус бүлгийн ярилцлага, ганцаарчилсан ярилцлагын арга, анализ синтез, математик, статистик боловсруулалт хийх, SPSS программ, бүлэг хоорондын хамаарлын T-тест зэрэг судалгааны аргуудыг хэрэглэсэн болно.
Судалгааны ажлын таамаглал
Энэхүү судалгааны ажлын хүрээнд бид дараах таамаглалыг дэвшүүлсэн болно. Их, дээд сургуулийн семинарын хичээлд бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудаас оновчтой сонгон, бүтээлчээр хэрэглэснээр оюутны бүтээлч сэтгэхүйг тодорхой түвшинд хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
Судалгааны ажлын шинэлэг тал
Их, дээд сургуулийн боловсрол судлалын семинарын хичээлд оюутны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудыг хэрэглэх боломжийг судлан үзэж, түүгээрээ дамжуулан дээд боловсролын сургалтын технологийг боловсронгуй болгох асуудлыг судалгааны объект болгон авч, үзсэнээрээ шинэлэг талтай.
Судалгааны ажлын хамрах хүрээ
Судалгааг МУБИС, МУИС, ХИС–ийн харьяа Билиг Дээд Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль зэрэг сургуулиудын багш, оюутнуудыг хамруулан, түүврийн аргаар хийсэн болно.
Судалгааны ажлын практик ач холбогдол
Орчин үеийн онол болох прагматизм, когнитив, конструктивизмийн онолд үндэслэн оюутан суралцагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх арга замыг тодорхойлон, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудыг семинарын хичээлд хэрэглэх хувилбар аргачлал боловсруулсан зэрэгт онол, практикийн ач холбогдол оршино.
Хамгаалах зүйл
- Боловсрол судлалын семинарын хичээлд бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудыг хэрэглэсэн туршилт, судалгааны үр дүн
- Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудыг хэрэглэсний үр дүнд оюутны бүтээлч сэтгэхүйд гарах ахиц, өөрчлөлт
- Оюутны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргыг хэрэглэх арга зүйн зарчим, боломж
Судалгааны ажлын бүтэц
Энэхүү нэг сэдэвт бүтээл нь удиртгал, үндсэн 3 бүлэг, 6 зүйл, дүгнэлт, санал зөвлөмж, ном зүй, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд нийт 128 хэвлэмэл хуудастай. Тус бүтээлд 43 зураг, хүснэгт 23, хавсралт 20 орсон болно.
Судалгааны ажлын үндсэн хэсэг
Бүтээлч сэтгэхүйн мөн чанарын талаар олон арван эрдэмтэд судалсан байдаг бөгөөд судалгааны ажлын явцад эрдэмтдийн гаргасан онол үзэл баримтлалд үндэслэн бүтээлч сэтгэхүйн мөн чанарыг бид өөрсдийн зүгээс тодорхойлох оролдлогыг хийсэн. Үүнд, “Аливаа зүйлийг олон талаас нь эрэгцүүлэн тунгааж, шүүмжлэлттэй, уян хатан олон хувилбартайгаар сэтгэх, логик зүй тогтлыг нээн илрүүлэн, шинэ санаа гаргах, асуудлыг шийдвэрлэх үйл явцын үр дүнг бүтээлч сэтгэлгээ гэж үзсэн. Оюутны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд сургалтын арга барилууд шийдвэрлэх үүрэгтэй. Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргууд болох оюуны довтолгооны арга, оюуны зураглал, бүтээлчээр бичүүлэх 6-3-5”-ийн арга, бүтээлч хэлэлцүүлэгийн сэтгэлгээний 6 төрлийн малгай” зэрэг аргуудыг семинарын хичээлд бүтээлчээр, тогтмол системтэй, тууштай хэрэглэснээр оюутан суралцагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн, төлөвшүүлэх бүрэн боломжтой юм.
Ерөнхий дүгнэлт
Бид судалгааны ажлын үр дүнд дараах дүгнэлтэд хүрлээ. Үүнд:
1.Боловсрол судлалын семинарын жишээн дээр хийсэн тандалт судалгааны үр дүнгээс үзвэл их, дээд сургуулийн семинарын хичээлийн технологи нь мэргэжилтэн бэлтгэх өнөөгийн эрэлт шаардлагад нийцэхгүй байна. Үүний шалтгаан нь
- Багшийн зүгээс: сургалтын сэтгэл зүйн болон үйлийн орчин бүрдүүлэх
тал дээр төдийлөн хангалттай түвшинд ажиллаж чадахгүй байна.
-Сургалтын орчин талаас: материаллаг бааз төдийлөн хангалттай бус байна.
-Суралцагч талаас: СӨБ болон ЕБС-ээс эхлээд уламжлалт арга барилд
дассан тул бие даах чадвар сул, сурах ерөнхий арга барил эзэмшээгүй байна

2..Туршилт сургалтын үр дүнд туршилтын бүлгийн оюутнуудын бүтээлч сэтгэхүйн чадварын 1-р түвшинд (хангалтгүй) эзлэх оюутны хувь 29,5% болж, 42,1%-иар буурсан. 2-р түвшинд (дунд зэрэг) эзлэх оюутны хувь 20,5%-иар өссөн. 3-р түвшинд (сайн) эзлэх оюутны тоо 13,6%-иар өсөж, 4-р түвшинд (маш сайн) эзлэх оюутны хувь 8% болон өссөн байгаа нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудыг хэрэглэснээр бүтээлч сэтгэхүйг тодорхой түвшинд хөгжүүлэх боломжтой болохыг бидний туршилт судалгааны үр дүн харуулж байна.

3. Хяналтын бүлгийн оюутнуудын хувьд бүтээлч сэтгэхүйн өсөлтийг түвшингээр нь авч үзвэл I түвшин буюу хангалтгүй түвшинд эзлэх оюутны хувь 44,3%, II түвшинд эзлэх оюутны хувь 44,3%, III түвшин буюу сайн түвшинд 9,1% , IV түвшинд 2,3 % болж бага зэргийн өсөлт ажиглагдаж байгаа нь уламжлалт сургалтын аргыг бүрэн үгүйсгэж болохгүйг харуулж байна.

4. Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудаар семинарын хичээлийг зохион байгуулснаар бусадтай хамтарч ажиллах, бусдаас суралцах, аливаа асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, шүүмжлэлтэй үндэслэлтэй, уян хатан, олон хувилбарт санаа дэвшүүлэх, аливаад хариуцлага хүлээх, бие дааж суралцах арга барил дадлыг эзэмшин, бие даан бүтээлчээр сэтгэн бодох зэрэг орчин цагийн боловсон хүчинд тавигдаж буй олон чадваруудыг оюутнуудад төлөвшүүлэх бүрэн боломжтой юм.

5. Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудаас багш, оновчтойг нь сонгон авч, тэдгээр аргуудыг сургалтад хэрэглэх хувилбар аргачлал боловсруулан туршиж, судлаж үр дүнг нь тууштай тооцдог байх шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 575
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :