ХХ зууны Монголын бүжгийн урлагийн нэрт төлөөлөгчдийн нэг нь бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжид юм. Тэрбээр орчин цагийн монголын урлагийн “алтан үе”-ийн уран бүтээлчдийн нэг буюу анхны мэргэжлийн бүжигчин, бүжиг дэглээчдийн нэг юм. ХХ зууны II хагасын бүжигчдийн бүхэл бүтэн үеийг төлөвшүүлэхэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн сурган хүмүүжүүлэгч хүн. Иймд түүний амьдрал, уран бүтээлийн замнал орчин цагийн монголын бүжгийн урлагийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Ц.Сэвжидийн туурвисан бүжгийн сор бүтээлүүд цаг хугацааны шалгуурыг давж, монголын бүжгийн урын санд хүндтэй байр суурийг эзэлж, тайзны монгол бүжгийн шилдэг өв болоод байна. Түүнчлэн монгол үндэсний соёл урлагийг дэлхийн олон улс оронд сурталчлан таниулах, монгол бүжгийг дэлхийн тавцанд гаргахад Ц.Сэвжидийн уран бүтээлүүд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Судалгааны ажлын зорилго. Бүжиг дэглээч Ц.Сэвжидийн уран бүтээлийг бүжиг судлалын онол, арга зүйн үүднээс судалж уран сайхны онцлог, ур чадварыг нь нээн илрүүлж, бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг тодруулахыг зорив.
Судалгааны ажлын арга зүй. Судалгааны ажлын онолын суурь дэвсгэр нь бүжиг судлалын онол, арга зүй болов. Ялангуяа францын балетмейстер, онолч Ж.Ж.Новер, Зөвлөлтийн нэрт балетмейстер Р.Захаров , И.В.Смирнов нарын бүжиг болон балет дэглэн найруулах онол, арга зүйг судалгааны ажил хийх явцдаа удирдлага болгосон болно. Эрдмийн зэрэг горилсон ажлыг бичихдээ харьцуулан шинжлэх аргыг хэрэглэж, задлан шинжилж, нэгтгэн дүгнэхийг эрмэлзэв. Мөн судалгааны эх хэрэглэгдэхүүн цуглуулахдаа ярилцлагын аргыг өргөн хэрэглэсэн.
Судалгааны шинэлэг тал.
- Бүжиг дэглээчийн намтар, үйл ажиллагаа, урлах эрдмийг нэгэн бүхэл болгон цогцоор авч үзэхийг эрмэлзсэн.
- Уран бүтээлийг нь төрөлжүүлэн судалж, бүжиг дэглэх ухаан, ур чадвар, арга барилыг нь олон талаас нь нээн харуулахыг зорьсон.
- Бүжиг дэглээчийн урлах эрдмийг судлахдаа архивын олон баримт сэлт, эх сурвалж, бичгийн мөрд буусан санаа оноо, ялангуяа хамтран зүтгэгчдийн дурсамж, хөөрөлдөөнийг судалгааны эргэлтэд анх удаа оруулсан болно.
Судалгааны ач холбогдол.
Бүжиг дэглээч Ц.Сэвжидийн намтар, уран бүтээлийг судалснаараа Монголын бүжиг судлалд уран бүтээлчийн намтар судлалыг цаашид хөгжүүлэхэд жишиг болох ач холбогдолтой. Монголын бүжгийн урлагийн түүхэнд холбогдох аман болон бичгийн шинэ эх хэрэглэгдэхүүнүүдийг судалгааны эргэлтэнд оруулснаараа цаашид судалгааг өргөжүүлэх өргөн боломжийг нээж өгч байна. Уг бүтээл залуу уран бүтээлчдэд бүжиг дэглээчийн ур чадвар, туршлагаас суралцах, санаа сэдэл өгөх бодит ач холбогдолтой. Мөн “Монголын бүжгийн урлагийн түүх” хичээлд сургалтын эх хэрэглэгдэхүүн болох практик ач холбогдолтой гэж үзэж байна.
Ерөнхий дүгнэлт.
1. Ц.Сэвжидийн урын санг судалсны үндсэнд түүний уран бүтээлийг дараах байдлаар ангилан судлав. Үүнд:
-Монгол ардын бүжиг тэр дундаа бий биелгээг “гэрийн бүжиг”-ээс тайзны уран бүтээлийн түвшинд хүргэн туурвихдаа язгуур намба төрх, сэтгэлгээг нь хадгалж уламжлал, шинэчлэлийн шүтэлцээнээс ургуулж зохистой хослуулж чадсан юм.
-Нүүдэлчин монголчуудын ахуйн соёл, сэтгэлгээний мөн чанарыг бүжгийн хэлээр илэрхийлэх өргөн боломжийг нээж, нийтлэг жишиг тогтоож өгсөн.
-Хүүхдэд зориулсан бүжгүүд нь сор болсны гол учир нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлог болон танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх ач холбогдлыг нарийн нягт бодолцсонтой холбогдоно.
2. Ц.Сэвжидийн уран бүтээлүүдээс уран сайхны хэд хэдэн онцлог урган гарч байна. Үүнд:
-Уран бүтээлээ концертын бүжгийн хэлбэрээр туурвихдаа гоцлол, хоёрол, гурвал, цөөхүүл, олуул, эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн болон дуут бүжиг гэсэн олон хэлбэрийг ашиглан зохиомжилжээ.
-Ардын бүжгийн, байгалийн буюу мал амьтны, ахуй амьдралын, ажил хөдөлмөрийн хөдөлгөөнүүдийг гярхай ажиглаж, ургуулан сэтгэж бүжгийн хөдөлгөөнүүдээ олдог байж. Тухайн бүжгийн дүр, утга санааг илэрхийлж чадах сэдэв хөдөлгөөнийг олон янзаар хувилбарлуулан баяжуулж бүжгээ дэглэдэг төдийгүй бүжиг бүр нь давтагдашгүй өөр өөр хөдөлгөөнүүдтэй байдаг нь түүний уран бүтээлийн баялаг чанарыг илтгэнэ.
-Ц.Сэвжид монгол үндэстний өвөрмөц байдал, амьдралын олон талыг хүн болон амьтныг хүншүүлсэн дүрээр дамжуулан илэрхийлсний дотор гоо үзэсгэлэнт, ажилч хөдөлмөрч монгол бүсгүйчүүдийн дүрийг нас намба, зан чанараар нь илүү товойлгон гаргажээ.
-Уран бүтээлүүддээ 1. Бүжгийн хувцас болон тайз засал чимэглэлийг бүжгийн дэглэлтэнд хамруулсан.
2. Бүжгийн хэрэглэлийг уран илэрхийллийн арга хэллэгийн түвшинд хүргэж хөгжүүлсэн.
3. Бүжгийн дүрийг тодотгох шигтгээг олон бүжгүүддээ оруулж өгсөн нь түүний уран бүтээлийн ур чадварыг илтгэнэ.
3. Монгол үндэсний соёлын өвөрмөц байдлыг илэрхийлсэн тайзны монгол бүжгийн урын сан, хөдөлгөөний сан, бүжгийн хэлийг баяжуулж, мэргэжлийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд Ц.Сэвжид жинтэй хувь нэмэр оруулж, шинэчлэл хийсэн юм. Түүний уран бүтээлүүд ХХ зууны тайзны монгол бүжгийн шилдэг туурвил, үнэт өв болон уламжлагдаж байна.
4. Ц.Сэвжидийн уран бүтээлүүд тайзны монгол бүжгийг дэлхийн тавцнаа гаргаж “үндэсний бахархал”-ын нэг болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Энэ утгаараа дэлхийн бүжгийн урлагт “Монгол бүжиг”-ийн хэв маягийг таниулж зохих байр суурийг эзлүүлж чадав.
Дээр дурдсан бүхнийг нэгтгэж үзвэл Монгол ахуйгаас төрсөн сэтгэлгээгээ гүнзгийрүүлэн бясалгаж, төгс төгөлдөр уран бүтээл болгож чадсанд бүжиг дэглээч Ц.Сэвжидийн бүжгийн урлах эрдэм, ур чадвар оршино гэсэн дүгнэлт гарч байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0