Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Лимбэ,лимбэдэх урлагийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3816
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Монгол, үлээвэр, арга, уламжлал, шинэчлэл

Аннотаци

Монгол лимбэний хийц-бүтээц, хөг-эгшиглээ, эгшиглэгээ, лимбэдэх урлагийн онцлогийг судлан тодруулахад энэхүү судалгааны зорилго оршино.
Энэ судалгааны үндэслэл: Лимбэ төст хөгжмийн зэмсэг, тэдгээрээр хэрхэн хөгжимдөх талаар дэлхий дахинд өргөн судалгаа хийгдсэн нь дамжиггүй. Гэсэн хэдий ч, эртний хөгжмийн зэмсэг болохын хувьд монгол лимбэ, түүний гарал үүсэл, түүхэн уламжлал, шинэчлэлийн талаас нь судалсан судалгаа, бие даасан нэг сэдэвт бүтээл өнөө хэр нь гараагүй байна. Хэдий олон зуун жил үе үеийн ахмад багш, хөгжимчид, судлаачид өөрсдийн бүтээл, туурвилаар дамжуулан лимбэ хэмээх хөгжмийн зэмсгийн онцлогийг өргөн дэлгэр мэдээлж байгаа хэдий ч эдгээр мэдээллийг цуглуулж, харьцуулан жишиж, туршиж, нэгтгэн дүгнэх шинжлэх ухааны бага ч болов ач холбогдолтой суурь судалгаа үгүйлэгдэж байна. Энэхүү суурь судалгааг монголын болоод олон улсын хэмжээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгааны эргэлтэнд оруулах төдийгүй, цаашилбал олон талт шинжлэх ухааны уулзвараар хөгжимдөх болоод лимбэдэх урлагийн зүй тогтлыг онолын үүднээс боловсруулах өргөн талт ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн зөвхөн монгол лимбэ бус хөгжим судлал, түүн дотроо үлээвэр хөгжим, үндэсний хөгжмийн судалгаанд бага боловч хувь нэмэр оруулах болно хэмээн үзэж байна.
Судалгааны арга: И.Кванц, Н.И.Платонов, Ю.А. Толмачев, В.Ю. Дубок, Ю.Усов, Н.Жанцанноров, Л.Цэрэндорж, М.Бадам, М.Лхагвагэрэл, Н.Баянжаргал нарын зэрэг гадаад, дотоодын эрдэмтэн судлаач,өндөр ур чадвартай хөгжимчдийн хөгжим судлалын хүрээнд дэвшүүлсэн санал таамаглал, онол, арга зүйд тулгуурлан, лимбэний түүх судлал, лимбэдэх арга барил, лимбэний хийц-бүтээц, хөг-эгшиглээг шинжлэх ухааны ажиглалт, харьцуулалт, сорилт, туршилт хийх, томьёолох, үр дүнг нэгтгэн дүгнэх, системчлэх зэргээр судалгааны ерөнхий болон тусгай аргуудыг судалгаандаа хэрэглэсэн болно.
Энэхүү нэг сэдэвт бүтээлд, эдүгээ монголын хөгжмийн урлагийн сургалт, судалгаанд хэрэглэгдэж, харьцангуй тогтож хэвшиж буй онолын нэр томьёог Н.Жанцанноровын 1996 онд хэвлүүлсэн “Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь”-ийг баримтлан, шууд авч хэрэглэлээ. Мөн судлаач Ж.Бадраа, Ц.Батчулуун, Ж.Бүрэнбэх нарын нэг сэдэвт бүтээлийг ашигласан болно.
Шинэлэг тал:
- Лимбийг “хийц-бүтээц”, “хөг-эгшиглээ”, эгшиглэгээ гэх ойлголтын хүрээнд;
- Монгол лимбэ, лимбэдэх арга барилыг хөгжимчний бие махбод, тэдгээрийн үүрэг оролцоо,
харилцан хамаарлын хүрээнд;
- Битүү амьсгаа, дөрвөн хуруугаар лимбэдэх урлагийг монгол уламжлалт сэтгэхүй-урлахуйн цогц
ойлголтын хүрээнд авч үзсэнээрээ шинэлэг болно.
Сэдвийн ач холбогдол: Энэхүү сэдвийг судалснаар монгол лимбэний хийц-бүтээц, хөг-эгшиглээ, эгшиглэгээ, лимбэдэх арга барилын онцлогийг лимбэ төст хөгжмийн зэмсэгтэй харьцуулан тодруулж эрдэм шинжилгээ, судалгааны идэвхтэй эргэлтэд оруулж буйгаараа ач холбогдолтой билээ.
Мөн Лимбэ нь тодорхой үндэстний тухайн цагийн хөгжмийн эгшиглэгээг хадгалдаг зэмсэг болох;
Монгол лимбэчдийн битүү амьсгаа, дөрвөн хурууны аргаар үндэсний уламжлалт дуу, хөгжим, тэдгээрийг лимбэдэх нь сэтгэхүй-урлахуйн онцлогтой хамааралтай гэх таамаглалыг дэвшүүлж байгаа нь сэдвийн ач холбогдолыг өргөн хүрээтэй болгосон юм.
Судалгааны ач холбогдол: Монгол лимбэ, лимбэдэх урлагийг суурь судалгааны түвшинд авч үзсэнээр дараах үр дүнгүүд гарав.
- Азийн зарим үндэстний лимбэ, лимбэ төст зэмсэг, ахмад лимбэчдийн урын санд тулгуурлан, монгол лимбэний хийц-бүтээц, хөг-эгшиглээ /строй-тембр/, эгшиглэгээ/лад/- ний онцлогийг;
- Монгол лимбээр лимбэдэх арга барилын төрөл, онцлогийг системийн онолын үүднээс;
- Үндэсний сэтгэлгээний онцлогт тулгуурлан монгол лимбэчний сэтгэхүй-урлахуйн онцлогийг
тодруулсан;
- Битүү амьсгаа, дөрвөн хурууны арга, зарим чимэглэлийн аргуудад тэмдэг тэмдэглээг оноосон зэрэг ач холбогдолтой болно.
Туршилтын материал:
- Судалгааны ажлын хүрээнд монгол лимбэчдийн лимбэдэх урлагийн онцлогийг тодруулах үүднээс битүү амьсгааны үйл явцыг рентген дүрс оношлогоо, 3D загварчлалаар;
- Лимбэчний лимбэдэх үеийн амны хайрцаг, хэлний авиажих хэлбэрийн харилцан хамаарлыг анагаахын дүрс, оношилгооны лабораторит туршиж үзсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 238
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :