Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сурагчдын үндэсний ёс заншлын боловсрол, нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан үр дүн” (ЕБС-ийн 5,9,12-р ангийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3832
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : хүүхэд залуучуудад албан боловсролоор олгож байгаа уламжлалт ёс заншлын мэдлэг, чадвар, хандлагын түвшин

Аннотаци

Ёс заншил нь хүний өдөр тутмын амьдралаас урган гарах байгаль, нийгмийг танин мэдэх гэсэн бодит хэрэгцээнээс эхлэн үүсч бишрэн шүтэх, бэлгэдэх, цээрлэх ёс, зан үйл, ёс, зан заншлын зүй тогтлоос үүсэн бүрэлдсэн хүн биеэ авч явахад зайлшгүй дагаж мөрдөх зан үйлийн уламжлал, тухайн үндэстэн угсаатны өвөрмөц дэг жаяг юм. Уламжлал, ёс заншил гэх ойлголтууд нь хоорондоо нарийн уялдаа холбоотой. Уламжлал гэдэг монголчуудын өвөг дээдсээс дамжиж ирсэн дэг жаяг, түүхэн хөгжлийн явцдаа бүтээсэн үнэт зүйл бүхий цогц мэдлэг юм. Эдгээр нь өнөөгийн хүүхэд залуучуудын өдөр тутмын ажил, амьдралын үйл ажиллагаандаа мөрддөг зарчим, хандлага, үнэлэмж хэлбэрээр сэтгэлгээний хэв маяг болж төлөвших үйл явцыг бид үндэсний ёс заншлын боловсрол хэмээн тодорхойлж байна. Ёс заншил хадгалагдана гэдэг нь хүүхэд залуучуудын ухамсар, сэтгэлгээнд суух, одоо болон ирээдүйн үйлдэл, үйл ажиллагаа болж хэрэгжих үйл явц, үр дүн юм. Ёс заншил нь ерөнхий утгаараа монголчуудын оюун ухаан хөдөлмөр шингэсэн үнэт баялаг бөгөөд үүгээрээ бахархаж хэрэглээ болгох, хойч үедээ дамжуулах зайлшгүй хэрэгцээ болох нь үндэсний соёлын илрэл гэж үзэж байна.
Ёс заншил бол нийгмийн үнэт зүйл тул нийгэм, хүмүүнлэгийн боловсролын онол үзэл баримтлалын хүрээнд тайлбарлагдаж байна. Тухайлбал, үндэсний ёс заншлаа хадгалахад чиглэгдсэн бодлого, үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн, өөрчлөлт шинэчлэлийн онол, үзэл баримтлалын хүрээнд тайлбарладаг. Диффузийн онол нь хүн, нийгэм судлалын хүрээнд соёлыг бүх талаас нь буюу уламжлалт ёс заншил, домог, хэл, сүсэг бишрэл, нийгмийн зохион байгуулалт, технологийн санааг багтаан судалдаг.
Монгол Улсын төрийн бодлогын баримт бичигт ёс заншлын боловсролын зорилгыг “хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс болох ёс заншил, өв уламжлалыг шинжлэх ухаанд тулгуурлан монгол иргэн төлөвшүүлэхэд оршино” гэжээ. Төрөөс ёс заншлын боловсролыг дэмжих нийт 14 бодлогын баримт бичиг, үндэсний хэмжээний нийт 13 хөтөлбөрт ёс заншлын боловсролыг дэмжихээр тусгасан байна. Дээрх хөтөлбөрүүдэд ЕБС-ийн сурагчдыг оролцуулах, чадваржуулах, ёс заншлаа дээдлэх, хадгалж хамгаалах хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлнө гэж үзсэн. Энэ утгаараа төрийн бодлогыг хангалтгүй гэж үзэхгүй бөгөөд нэлээд арга хэмжээ авч байна.
Гагцхүү бодлогын хэрэгжилтийн механизмууд нь хангалгүй тусгагдсан, зарчим болж хэрэгжээгүйг ЕБС-ийн хүрээнд хийгдэж буй хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд харуулж байна. Тухайлбал, ЕБС-д зохион байгуулагдаж байгаа хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд нь санаачилга дээр суурилалгүй, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх дээрээс доошоо хандлагатай менежментгүй байна. Гэтэл уламжлал нь сэтгэлгээнд сууж иргэдийн бие даасан бүтээлч санаачилгатай үйлдэл, үйл ажиллагаанд илэрнэ. Ингэж байж уламжлал хадгалагдана хэмээн нийгэм, хүмүүнлэг, боловсролын онол үзэл баримтлалуудад тусгасан байдаг. Дээрх санаачилгагүй байдал нь багш нарын ажлын үнэлгээнд сурагчдын ёс заншлын мэдлэг, чадвар, хандлагыг оруулж өгөөгүйтэй холбоотой.
Диссертацийн хүрээнд сурагчдын үндэсний ёс заншлын мэдлэг чадварын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн ба ёс заншлын боловсролын талаарх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөр, арга хэмжээг хангалтгүй гэж хэлэхгүй ч судалгааны хүрээнд ЕБС-ийн сурагчдын ёс заншлын мэдлэг, чадвар, хандлага “хангалтгүй” үр дүнтэй гарсан. Энэ нь сүүлийн 9 жилд ЕБС-ийн 1-12 дугаар ангиудад мөрдөж байгаа 12 жилийн болон цөм хөтөлбөр, уламжлалт ёс заншлын мэдлэг, чадвар олгож үнэлж буй 164 хичээлийн сургалтын хөтөлбөр, 41 сурах бичигт чанарын шинжилгээ хийж, бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд зааглан боловсруулсан даалгаврын гүйтгэлийн үр дүн юм. Хөтөлбөрийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд бага боловсролын зорилгын хувьд, 2014-2015 оны хичээлийн жилд хэрэгжиж эхэлсэн цөм хөтөлбөрийн хүрээнд сонгон авсан хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийн зорилгод үндэсний уламжлалт ёс заншлыг эрхэмлэн дээдлэх, өвлүүлнэ хэмээн тусгасан бол 12 жилийн хөтөлбөрт зөвхөн Иргэний боловсрол хичээлийн сургалтын хөтөлбөрт уг ойлголтыг зорилго болгон тусгасан байна.
Агуулгын хувьд, цөм хөтөлбөрийн хүрээнд Иргэний боловсрол, Хүн-Нийгэм хичээлүүдийн үндэсний ёс заншлын мэдлэг, чадвар, хандлагын талаарх агуулгын давхцал байгааг илрүүллээ.
12 жилийн хөтөлбөртэй харьцуулахад цөм хөтөлбөр нь сурагчдад үндэсний ёс заншлын мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой агуулга нэлээд тусгаж өгсөн байна.
Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд үндэсний ёс заншлын мэдлэг, чадвар, хандлагыг хөтөлбөртөө тусгасан хичээлүүдийн зорилго, агуулга, үнэлгээний шалгуурт шинжилгээ хийхэд үндэсний ёс заншлын мэдлэг, чадвар, хандлагыг албан боловсролын хүрээнд эзэмшүүлэх асуудал хөтөлбөрийн хүрээнд агуулга, зорилгодоо байгаа боловч, үнэлгээний шалгуур хангалтгүй байна. Тэгвэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хэрэглэгдэхүүн болох сурах бичигт ёс заншлын мэдлэг, чадвар, хандлага олгох уламжлалт соёл, ёс заншил, үнэт зүйлээ эрхэмлэн дээдлэх үзэл төлөвшүүлэх эх, дасгал, даалгавар хэр оруулсанг 1-12 дугаар ангийн 41 сурах бичигт дүн шинжилгээ хийж үзэхэд сурах бичигт орсон эх болон дасгал, даалгавар нь агуулгын хувьд үндэсний ёс заншил, уламжлалтай холбоотой боловч сурагчдад мэдлэг, чадвар, хандлага эзэмшүүлэхэд хангалтгүй боловсруулагдсан байна.
Монгол хэл, Түүх, Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийн агуулгын давхцал нэлээд байгаа нь хичээл, анги хоорондын агуулгын шинэлэг байдал, уялдаа холбоо, хичээлүүдийн онцлогт тохирсон байдал хангалтгүй байна.
Бүрэн дунд боловсролын хүрээнд 11-р ангийн Монгол хэл, 11,12-р ангийн Иргэний боловсрол /11, 12/ хичээлийн сурах бичгүүдэд бусад хичээлээсээ түлхүү дасгал, даалгавар оруулж өгсөн боловч хөтөлбөрийн үнэлгээний шалгуурт үндэсний ёс заншилтай мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх шалгуур дутмаг байлаа. Тухайлбал, Монгол хэлний хичээлд үндэсний сэтгэлгээ, ёс заншлын талаарх даалгавар олон боловч үнэлгээнийн шалгуурт хэлзүйн чадавхийг үнэлэхээр тусгаж өгсөн байна. Бүрэн дунд боловсролын сурах бичгийн үндэсний ёс заншлын мэдлэг, чадвар, хандлага олгох асуулт даалгавар нь бага, суурь боловсролын сурах бичгийн даалгавар, хөтөлбөрт тусгасан агуулгаас бага байгаа нь сургалтын хөтөлбөр, сурах бичиг хоорондоо уялдаа холбоогүй байна.
Бага боловсролын нийгэм, хүмүүнлэгийн ухааны сурах бичигт үндэсний ёс заншлын боловсрол олгох даалгавар
0.5% -ийг эзэлж байгаа бол суурь боловсрол 11%, бүрэн дунд боловсрол
0.7% нь байна. ЕБС-ийн сургалтын хөтөлбөр болон сурах бичигт цөөн ч гэсэн зохих хэмжээгээр тусгаж өгсөн боловч даалгаврын боловсруулалт хангалтгүй ажиллах эх, асуултаа оновчгүй сонгосон (Монгол ардын үлгэр “Тэнэг хулгайч” эх). Мөн ажил амьдралдаа хэрэглээ болгож байгаа, бахархах, хадгалах, дамжуулах хүсэл эрмэлзлэл зэрэг агуулга байхгүй байна.
Судалгааны хүрээнд хүчин зүйлийг судалж үзсэн ёс заншлын боловсролыг олгож буй хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийг нөлөөтэй гэж үздэг ба тэдгээрийн сурах бичиг тухайн сурах бичгээр хичээл зааж буй багшийн мэдлэг, чадвар, өргөн хүрээндээ багшийн ажлыг үнэлэхэд ёс заншлын боловсролыг хэрхэн эзэмшүүлж байгааг тооцдог эсэх зэргийг хүчин зүйлд тооцдог хамааруулан судалж үзлээ.
Үндэсний ёс заншлын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлсэн сурагчдад нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээл ордог нийт 340 багшийн ёс заншлын мэдлэг, чадвар үнэлэхэд ерөнхий түвшин дундаж байна.
Сурагчдын үндэсний ёс заншлын мэдлэг, чадварт нөлөөлж буй хүчин зүйлийг сурагчийн, багшийн, хөтөлбөрийн, эцэг эхийн гэсэн 4 бүлэг хүчин зүйл болгон судлахад сурагчийн бүлэг хүчин зүйлсээс зөвхөн хандлага нөлөөтэй, багшийн бүлэг хүчин зүйлсээс зөвхөн багшийн мэдлэг чадвар нөлөөтэй, харин хөтөлбөрийн бүлэг хүчин зүйлс бүгд нөлөөтэй, эцэг эхийн хүчин зүйл нөлөөтэй болохыг харууллаа.
5, 9, 12 дугаар ангийн сурагчдын үндэсний ёс заншлын мэдлэг, чадварын онооны дунджийг хүйсээр харьцуулахад 5-р ангийн эмэгтэй сурагч, эрэгтэй сурагчаас
0.38 оноогоор өндөр байгаа бол 9-р ангийн сурагчид эсрэгээрээ эрэгтэй сурагчид эмэгтэй сурагчдаасаа
0.41 онооны дунджаар илүү байна. Харин 12-р ангийн эмэгтэй сурагч эрэгтэй сурагчаас
0.12 оноогоор илүү буюу дундаж онооны зөрүү их биш байна.
Сурагчдын үндэсний ёс заншлын мэдлэг, чадварт байршил буюу бүсийн нөлөө их байлаа.3 ангиар нь мэдлэг, чадварын дундаж авсан оноог харьцуулахад зүүн бүсийн 5, 12-р ангийн сурагчдын оноо бусдаасаа өндөр байгаа бол төв, баруун бүсийн сурагчид доогуур байна. Харин хангайн бүсийн 9-р ангийн сурагчдын авсан дундаж оноо бусдаасаа өндөр байгаа бол 5, 12-р ангийнх дундаж байна. Ерөнхийд нь дүгнэхэд зүүн бүсийн /Дорнод, Сүхбаатар/ сурагчид бусад бүсээс өндөр үнэлэгдсэн бол Улаанбаатар хот болон төвийн бүсийн сурагчид арай доогуур байгаа нь бидний таамаглаж байсан хөдөө сурч буй сурагчдын үндэсний ёс заншлын мэдлэг, чадварын түвшин нь хотын сурагчдаас илүү байна.
Сурагчдын үндэсний ёс заншлын хандлага, хөтөлбөр дэх чадвар, заах цаг, сурах бичгийн даалгавар болон багшийн үндэсний ёс заншлын мэдлэгийн түвшин нь сурагчийн үндэсний ёс заншлын мэдлэг, чадварт нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, бусад хүчин зүйлс тогтмол байхад сурагчийн хандлагын үнэлгээ нэг оноогоор нэмэгдэхэд сурагчийн үндэсний ёс заншлын мэдлэг чадварын үнэлгээ дунджаар
0.23 оноогоор нэмэгдэх нийт цагийн хувьд нэг цагаар нэмэгдэхэд сурагчийн үндэсний ёс заншлын мэдлэг чадварын үнэлгээ дунджаар
0.02 оноогоор, багш нарын үндэсний ёс заншлын мэдлэг, чадварын үнэлгээ нэг оноогоор нэмэгдэхэд сурагчийн үндэсний ёс заншлын мэдлэг чадварын үнэлгээ дунджаар
0.12 оноогоор, даалгаврын тоо нэмэгдэх тусам сурагчийн мэдлэг, чадварын түвшинг дунджаар
0.04-өөр нэмэгдэхээр байна.
Дээрхээс үзэхэд ЕБС-ийн сурагчдын ёс заншлын боловсролын тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцыг тодорхойлоход найдвартай үндэслэл болохуйц үр дүн гарлаа. Өөрөөр хэлбэл ёс заншлын боловсролын талаарх төрийн бодлогын хэрэгжилтэд нөлөөлж буй дээрх хүчин зүйлүүдийг тус тусад нь дэд бодлогын түвшинд авч үзэж, тэдгээрийн уялдаа холбоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг системтэй төлөвлөж, шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тасралтгүй үнэлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай болж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 549
Сүүлийн сард 25
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :