Монгол хувцасны гарал, үүрэг зориулалт нь нийгмийн хөгжлийн явцад энгийнээс төгөлдөржин хувьсан өөрчлөгдөж ирснээс гадна өнөөгийн даяарчлагдаж буй нийгэмд бие биедээ уусан шингэх, ижилсэн ондооших, мартагдан гээгдэх хандлага түгээмэл болж байна. Иймд үндэсний соёлын өв, ардын уламжлалт мэдлэг ухааныг олон үе улируулан хадгалж, хөгжүүлж ирсэн нүүдэлчдийн хэл-соёлын онцлогийг биет соёлын өв болох хувцасны холбогдолтой нэрээр төлөөлүүлэн судлах нь хэлний баримтаар илэрч байгаа монгол үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг тодруулахад ач холбогдолтой юм.
Монгол үндэстний уламжлалт хувцасны төрөл зүйлийн нэр, тэдгээрийн утгыг эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан тайлбарлах, тэдгээрийг утгын талаас зүйлчлэн үздэг зарчимд тулгуурлан ангилж нэршлийн онцлогийг тодруулсан болно.
Монгол хүний хувьд амьдралын туршлагаас байгаль, юм үзэгдлийн шинж чанарыг танин мэдсэний үндсэн дээр өөр хооронд нь жишин харьцуулж, адилтган зүйрлэж нэрлэх нь түгээмэл бөгөөд монгол хувцастай холбоотой тогтвортой хэллэгийг ажиглавал бүрэлдэхүүний ихэнх нь дээрх зүй тогтлын дагуу бий болсон бөгөөд байгаль орчин, мал аж ахуй, хүний бие мах бод, зан харьцаа, амьдралын өдөр тутмын үйл хөдлөл, шашин шүтлэг, ёс заншил, аж төрөхүйн онцлогийг тусгасан сэтгэлгээний тогтвортой хэв шинж (стереотип) ажиглагдаж байгаа бөгөөд ийнхүү тогтвортой байхын үндэс нь утгын хувиргал буюу дүрслэх ур маягаар бүтсэнд оршино. Энэ нь хэл-соёлын нэгж (лингвокультурема)-ийн талаас судлах гол оньс гэж болно.
Монгол хувцасны нэршил болон түүнд хамаарах хэлц нэгжийг судлахдаа хэлийг агуулга ба хэлбэр, зогсонги ба хөдлөнгө талаас нь судалсан судалгааг түшиглэн нэг зүйлийн тал талын утга агуулгыг харьцангуй шинжийг барьж 1.мэдэгдэхүүн (культурные семы),
2.ухагдахуун (культурные констант),
3.ухахуун (культурный концепт),
4.мэдэхүүн (культурный фон) гэсэн дөрвөн хүрээнд авч үзэж утга, соёлын онцлогийг тодруулсан болно. Ингэхдээ малгай, дээл, гутал (оймс), бүс тус бүрийг мэдэгдэхүүний талаас бодит утгыг тайлбарлах, ухагдахууны талаас ойролцоо, эсрэг нэгж бүхий төрөл зүйлийн утгын хүрээг, ухахууны талаас бүтсэн ур маягаар нь ангилан тодорхойлох, мэдэхүүний талаас эерэг, сөрөг үнэлэмжийн утгыг тус тус тодорхойлон зохих үнэлэлт, дүгнэлтийг хийсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0