Монгол хэл, соёлын өвөрмөц онцлог нэг талаас үндэстний ёс заншил, бэлгэдэл, утга соёл, нөгөө талаас хэлний гүн бүтэц, утга, хувиргал юм. Монгол хэлний тогтолцоо, утга, найруулга, соёл монгол хүний сэтгэлгээг илэрхийлж байдаг. Энэ онцлогийг харгалзан орчин үеийн нийгэм хэлшинжлэл, угсаа хэлшинжлэл, танихуйн хэлшинжлэлийн гол үзэл баримтлалыг тусган авч судлах шаардлага гарч байна. Энэхүү судалгаа Монголчуудын түүхийн явцад бүрэлдсэн аж төрөхүйн соёлын тусгал болох монгол гэрийн тухайт үг хэллэгийг түүвэрлэн, утгыг урласан онцлогийг нээн харуулахыг эрмэлзсэн төдийгүй монгол хэлний гэрийн тухайт үг хэллэгийг зөвхөн утга, хэлбэрийн хэв шинжээр нь судлаад зогсолгүй хэл-соёл, хэл-зан заншил, хэл-бэлгэдэл зэрэг олон ухааны уулзварт холбон үзэж үндэстнийхээ хэл соёлын дэлгэр хүрээнд судлахад чиглэсэн билээ.
Хэлийг дөрвөн талаас буюу гүн ухаан, логик, сэтгэл судлал, нийгэм
судлалын талаас судлах онолд тулгуурлан, монгол гэрийн тухайт үг хэллэгийн бүтэц, утгын онцлогийг тодруулахдаа
1. Гэрийн тухайт хэллэг угсарсан болон зэрэгцсэн холбоонд тулгуурлан бүтэх
онцлогийг гаргах
2. Гэрийн тухайт хэллэг дүрслэх болон найруулах ур маягаар илрэх байдлыг тодруулах
3. Гэрийн тухайт хэлц хэллэгээр хэвшмэл болон өвөрмөц утга илрэх онцлогийг харуулах
4. Гэрийн тухайт хэлц хэллэг Монголчуудын соёлын танилтыг хадгалсан мэдлэгийн үнэт сан бий болгох зорилтын хүрээнд авч үзэхэд,
Гэрийн тухайт өвөрмөц хэллэгээр илэрсэн тогтвортой нэгж нь:
- хэлцийн утга санааг түүний үг тус бүрд оногдуулан ойлгож болохгүй, харин хам сэдвийн утгаас ухаж мэддэг
- нэг хэсэг хэлцийн бүрэлдэхүүнд орсон үгийг утгын талаар задлан үзэж болох боловч түүний утга нь бүхэлдээ шилжсэн бөгөөд өөр юм үзэгдэлтэй зүйрлэн хэлсэн байдаг тул түүний утгыг зүйрлэж хэлсэн юмтай нь холбон бодож ухаардаг зэрэг онцлогтой байна. Мөн тухайн үндэстний хэлэнд байдаг, бүрдүүлсэн үг нь уг утгаа алдаад нэгэн нэгдмэл утга гаргах болсон хэсэг бүлэг үг, өгүүлбэр байдгийг өнгөц харахад энгийн бүтэцтэй, утга хялбар ухах мэт боловч гүн бүтцээрээ монголын соёл, ахуйн онцлогийг бат шингээсэн шилжмэл нарийн утгатай байна. Монголчуудын өвөрмөц хэлцийн нэгэн том, сонирхолтой хэсэг болох ёгтлолоор илрэх өвөрмөц хэллэгийн утга танилтын жишээ болгож монгол ардын оньсогыг авч үзсэн бөгөөд нэрлэж буй юм үзэгдэлтэйгээ учир зүйн холбоотой, юм үзэгдлийн агуулга мөн чанараас үүдэлтэй, хэлбэр, үзэмжээс үүдсэн, домгоос үүдсэн, монгол ардын зан заншилтай холбоо бүхий монгол ахуйгаас урган гарсан оньсогууд нь бүтэхдээ үзэгдэл юмыг тусгай шинжээр нь төлөөлүүлж бодит байдлыг нуун далдалж, нэг зүйлийн онцлогийг нөгөө зүйлийн онцлогт шилжүүлэн, өөр хийсвэр сэтгэлгээний орчин бий болгож, түүгээр дамжуулан анхны бодит юмын мөн чанарыг тайлбарлан мэдэх соёлын өргөн дэлгэр танилтыг үүсгэдэг болох нь ажиглагдлаа.
Өнөөгийн нийгмийн хөгжил, дэлхийн даяаршил, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн эрин зуунд хэвлэл, газарзүй, хөдөө аж ахуй, сургууль соёл, урлаг, утгазохиол гэх мэт бүх талын судалгаа өргөжин өрнөж байгаатай уялдан хэлний үгийн сангийн бүтэц, бүрэлдэхүүн богино хугацаанд олон шинэ үг, хэллэгээр баяжиж байгаа билээ.
Мөн гэрийн тухайт хэлц хэллэгийн бүрдүүлсэн сан дээр тулгуурлан утга, соёлын онцлогийг тодруулахад чиглүүлсэн бөгөөд ардын аман зохиолын арвин сан хөмрөг, туульс, ерөөл магтаал тэргүүн зэргийн эх хэрэглэгдэхүүн байлаа. Учир нь үндэстний уламжлалт соёлын зүйлс, ялангуяа ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан танилтын эртний ул мөр, хэв маягийг шингээсэн байдаг нь чухал байна. Соёлын аливаа үзэгдэл, баримт нь хүн төрөлхтний юм уу, эсвэл аль нэг тодорхой үндэстний ертөнцийг үзэх үзэл, түүнд тулгуурлаж ертөнцийг таньсан танилтынх нь хэв маяг, тогтсон хэм хэмжүүрийнх нь илэрхийлэл болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0