Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж, арга зам (Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3789
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Эдийн засаг, аймаг, нийслэл, дүүрэг, уул уурхай

Аннотаци

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар, эрх зүйн орчны байдалд судалгаа, шинжилгээ хийж үзсэний үндсэн дээр төрийн хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгон сайжруулах стратеги, төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэстэйгээр судлан боловсруулах шаардлагын үүднээс энэхүү диссертацийг бичсэн. Олон улсын өрсөлдөх чадварын онол, арга зүйг судалсны үндсэн дээр Монгол Улсын өрсөлдөх чадварын өнөөгийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, улмаар Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогоор дамжуулж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга замыг гаргахад зохих үндэслэл болгох зорилгоор уг судалгааг өрнүүлсэн юм.
Судалгаанд Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн өрсөлдөх чадвар судлалын арга зүй, макро үзүүлэлтүүдийн харьцуулалт (бусад орнуудтай болон Монголын эдийн засгийг өнгөрсөн онуудтай), социологийн судалгаа, ярилцлага болон статистик, индексжүүлэлт зэрэг аргуудыг ашигласан. Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах асуудлыг төрийн бодлогын төвд тавьж, энэ талаар баримтлах бодлогын төсөл болон үндэсний хөтөлбөр боловсруулахдаа дэлхийн шилдэг сайн жишиг шалгуурыг ашиглан үзүүлэлт бүрээр дүн шинжилгээ хийж, ирээдүйд хүрэх зорилго, зорилтыг тодорхойлохдоо зөрүүг шинжих gap-analysis аргачлалыг ашиглав.
Олон улсын аргачлалаар Монгол Улсын Өрсөлдөх чадварыг анх удаа цогц байдлаар судалж, түүний давуу ба сул тал, нөлөөллийн хүчин зүйл, эрэмбэ, чиг хандлагыг тодорхойлж, өрсөлдөх чадварыг тодорхойлох арга замыг боловсруулсан. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлого, менежментийг сайжруулах замаар Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ямар боломж, арга замыг байгааг тодорхойлсон. Өрсөлдөх чадварыг Суурь өгөгдөхүүн (байгалийн баялаг, газар зүйн байршил, хүн ам, газар нутаг г.м.), Микро түвшин (компани буюу бүтээгдэхүүн, кластер, бизнесийн орчин) болон Макро (төрийн институт, макро-эдийн засгийн бодлого) гэсэн гурван түвшинд судалдаг бөгөөд энэхүү судалгаа нь Монгол Улсын хувьд эдийн засгийн бодлого, төрийн институтийг хамарсан макро түвшний анхны судалгаа гэж үзэж байна.
Судалгааны хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын байдалд түүхчилсэн судалгаа хийж, Монгол Улсын Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлого болон засаглалын хүрээнд үүсэж буй сул тал, хоцрогдлыг арилгаж, шинэтгэл хийх талаарх саналаа Төрийн бодлого ба үндэсний хөтөлбөрийн төсөл хэлбэрээр боловсрууллаа. Судалгааны ажлын хүрээнд ашигласан арга зүй, дүгнэлт, санал нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар баримтлах төр засгийн бодлого, стратегийг боловсруулах болон хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэ цэнтэй чухал эх сурвалж болно. Судалгааны ажлын холбогдох хэсгийг эдийн засаг, санхүү, менежмент болон эрх зүйн салбарын бакалавр, магистр, докторантурын сургалт судалгаанд ашиглах практик ач холбогдолтой. Судалгааны ажилтай холбоотойгоор Монгол Улсын Өрсөлдөх чадварыг эхлээд ижил төстэй 14 улс, дараа нь дэлхийн 60 гаруй улстай болон өмнөх онтой нь харьцуулсан судалгаа хийж, тусгай болон нэгдсэн тайланг монгол, анги хэлээр 8 удаа хэвлүүлж нийтийн хүртээл болгосон. Өрсөлдөх чадварын судалгааны арга зүйг нутагшуулж 2013 оноос эхлэн Аймгуудын өрсөлдөх чадварыг судалж, таван тайланг монгол, англи хэлээр хэвлүүлсэн бөгөөд, www.aimagindex.mn вэбсайт дээр байрлуулж, олон нийт хаанаас ч, хэзээ ч ашиглах боломж бүрдүүлсэн.
Нийслэлийн дүүргүүдийн Өрсөлдөх чадварын анхны тайланг боловсруулж, нийтийн хүртээл болгосон бөгөөд дүүрэг бүрд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Монгол Улсын хөгжил, өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн 1 товхимол, 4 нийтлэлийг монгол, орос, англи хэлээр тус тус хэвлүүлсэн болно. Үндэсний хэмжээний чуулга уулзалтад 4 удаа илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргасан байна. Мөн Өрсөлдөх чадварын судалгаа ба хөгжлийн бодлогын чиглэлээр Зүүн бүс (Баруун-Урт хот, 2015), Говийн бүс (Мандалговь хот, 2016) болон Хангайн бүсийн (Мөрөн хот, 2017) өрсөлдөх чадварын чуулган зэрэг Бодлогын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээнд холбогдох аймгуудын удирдлага, төр засгийн байгууллагын төлөөлөгчид оролцсон. Эдүгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон аймгийн засаг дарга нар Өрсөлдөх чадварын тайланг захиалдаг, ашигладаг, мэтгэлцдэг болж байгаа нь чухал үр дүн гэж үзэж байна.
Монгол Улсын Өрсөлдөх чадварын тайлан судалгаа нь төр, засгийн бодлого шийдвэр гаргахад ч ашиглагдаж эхэлж байна. Мөн Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн тэргүүн, нэрт эрдэмтэн Профессор Стефан Гарелли (2011 онд), улс үндэстэн сэргэн мандах, аль эсвэл уруудаж доройтохын учир шалтгааныг судалсан эрдэмтэн Жэймс. А. Робинсон (2016 онд) нарыг Монгол Улсад урьж, өрсөлдөх чадвар, засаглалын сэдвээр уулзалт, лекц, семинарыг хамтран зохион байгуулсан.
Диссертаци нь удиртгал, үндсэн 3 бүлэг (I бүлэг: Улс үндэстний өрсөлдөх чадвар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт; II бүлэг Монгол Улсын өрсөлдөх чадвар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт; III бүлэг: Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сайжруулах боломж, арга зам), ерөнхий дүгнэлт, санал, ашигласан мэдээлэл, ном зүйн хавсралт, 15 хүснэгт, 106 зургаас бүрдсэн 174 хуудас бүтээл болно.
Монгол Улс 1990 оноос хойш өөрийн гэсэн хөгжлийн бодлого явуулах боломжтой золгосон бөгөөд байгалийн арвин их баялагтай, хүн ам цөөтэй, дэлхийн том зах зээлд ойр, хөгжих гадаад, дотоод таатай орчинтой боловч хөгжлийн агуулгыг илэрхийлдэг үзүүлэлтээр дэлхийн олон орноос хоцрогдонгуй байна. Улам хоцрох хандлага ч байна. Үүнд хөрөнгө оруулалтын бодлого, засаглалын хүчин зүйл шууд нөлөөлж байна гэж таамаглаж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тогтвортой татах бодлого боловсруулж, түүнийг зөв менежментээр хэрэгжүүлэх нь Монгол Улс улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлж, тогтвортой хөгжих нэг үндсэн нөхцөл гэж үзэж байна. Монгол Улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ба засгийн газрын өр зээл хоёр нь урвуу хамааралтай. Гадаад өрөөр санхүүжсэн төсвийн тэлэх бодлогын үр дүнд бий болсон эдийн засгийн өсөлт нь тогтворгүй байдгийг Латин Америкийн орнуудын хямралт түүх бэлээхнээ харуулдаг. Харин Гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих бодлого илүү амжилтад хүрснийг Зүүн Азийн орнуудын үсрэнгүй хөгжил харуулдаг. Иймд өрсөлдөх чадвартай хүчирхэг эдийн засагтай болохын тулд гадаад өр зээлд найдах биш, харин мэдлэг, ноу-хау оруулж ирдэг тогтвортой, өгөөжтэй гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь өнөөдрийн манай нийгэм, эдийн засгийн хамгийн чухал тулгамдсан асуудлын нэг болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 502
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :