Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гэрээслэлээр өв залгамжлалын эрх зүйн шинэчлэлтийн тулгуур асуудал”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3755
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : гэрээслэл, хувийн өмч, эрх залгамжлал, бүрэн эрх залгамжлал, өв залгамжлагч,

Аннотаци

МУИС-ийн Хууль зүйн сургуульдаа Иргэний эрх зүйн багшаар олон жилийн турш ажиллаж ирсэн маань иргэний эрх зүй түүний дотор өв залгамжлах эрх зүй, гэрээслэлтэй холбогдсон эрх зүйн асуудлыг тусгайлан сонирхон судлахад хүргэсэн юм.
Монгол улсын Үндсэн хууль (1992)-иар хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, иргэд газар, байр сууц, үйлдвэр, аж ахуйн газар, барилга байгууламж, газар тариалан зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг хувьдаа өмчлөх болов. Гэрээслэлээр болон хуульд зааснаар өв залгамжлагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Нотариатын болон шүүхийн практикт өв залгамжлалын маргаан тогтвортой өсөх чиг хандлага ажиглагдаж байна. Манай улсын Иргэний хуулийн V хэсэгт заасан өвлөх асуудлаарх эрх зүйн хэмжээ өнөөгийн бодит амьдралаас ихээхэн хоцорчээ. Өв залгамжлалын эрх зүйн салбарт шинэчлэлт даруй хийх цаг үетэй тулгарч байна. Энэ бүхэн нь эл сэдвийг сонгоход нөлөөлсөн бодит хүчин зүйл болсон гэдгийг ийнхүү товчхон багцлан тэмдэглэж байна.
СУДАЛГААНЫ ОНОЛ-АРГА ЗҮЙ. Эрх зүйн шинжлэх ухаан нь түүх болон хэл шинжлэлтэй салшгүй хүйн холбоотой юм. Ийм учраас гэрээслэлийг түүхэн талаас нь судлахыг оролдов. Монгол улсын түүхийн төв архивт хадгалагдаж буй сан хөмрөгөөс гэрээслэлтэй холбогдсон асуудлыг судалгааны явцад эрж хайж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулав.
Нэр томъёоноос хууль бүтдэг. Иймээс судлан буй асуудлын нэр томъёог монгол хэлний үүднээс төдийгүй Латин, Англи, Орос хэл дээр харьцуулан авч үзэх аргыг хэрэглэв.
Энэхүү судалгааг хийхдээ удирдлага болгосон онолын гол үзэл баримтлалыг тоймлон өгүүлбэл:
1/ Эрх залгамжлалын тухай эрх зүйн ба иргэний эрх зүйн онолд суурилсан.
2/ Бүрэн эрх залгамжлалын үзэл баримтлалыг гол болгосон. Ингэхдээ эх газрын болон Англо-Саксоны өв залгамжлалын эрх зүй зарчмын ялгаатай болохыг харгалзан үзэв.
3/ Өв залгамжлалын нийтлэг үндэслэлд тулгуурласан.
4/ Гэрээслэл нь өв залгамжлалын үндсэн эх үүсвэр гэж үзсэн. Өвлүүлэгч гэрээслэл үйлдээгүй нөхцөлд хуулийн дагуу өв залгамжлал үүснэ.
5/ Гэрээслэлийн эрх зүйн сайтар бодож боловсруулсан зохицуулалттай байхыг аливаа улс гүрнүүд ихэд чухалчилдаг байна. Монголын өв залгамжлалын хууль зүйн үндэс нь Оросын (зөвлөлтийн) эрх зүйтэй олон талаар уялдаж, улмаар Ромын эрх зүйн соёлтой ойртсон онцлогоос уялдан судалгааны явцад Ромын, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Японы өв залгамжлалын эрх зүйтэй харьцуулан судлах аргыг өргөн хэрэглэсэн болно. Эрх зүйн харьцуулсан судалгааг тусгайлан бүлэг болгон авч үзэхгүйгээр харин судалж буй асуудал бүрт хөндөхийг оролдов.
СУДАЛГААНЫ ШИНЭЛЭГ ТАЛ. Энэхүү бүтээлд гэрээслэлийн онолын үндэс нь эрх залгамжлал бөгөөд тэр нь өв залгамжлалд бүрэн эрх залгамжлалаар илэрдэг болохыг нээж тавьсан. Гэрээслэлээр өв залгамжлах харилцааны эрх зүйн зохицуулалт, түүний практикийг бүхэлд нь задлан шинжилж, Европын болон хөрш орнуудын гэрээслэлээр өвлөх эрхийн зохицуулалттай харьцуулан, иргэний эрх зүйн онолын үүднээс нэгтгэн дүгнэсэн цогц судалгаа болсон. Гэрээслэлээр өвлүүлэх эрхийн үндсэн асуудлын талаарх шинэ зохицуулалтыг иргэний болон нотариат, холбогдох бусад хууль, нотариатын үйлдэл хийх зааварт тусгах замаар эрх зүйн орчны хэтийн төлвийн төслийг боловсруулан, санал болгосон болно.
ХАМГААЛАХААР ДЭВШҮҮЛЖ БУЙ АСУУДАЛ. Монгол улсад өв залгамжлал түүний дотор гэрээслэлтэй холбогдсон хууль тогтоомжийг цаг алгуурлалгүй нэн даруй шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг үндэс болгон, энэ талаарх үзэл баримтлалаа боловсруулан дэвшүүлсэн.
СУДАЛГААНЫ ОНОЛ-ПРАКТИКИЙН АЧ ХОЛБОГДОЛ. Эл бүтээл нь монголын иргэний эрх зүй судлал түүний бие даасан институт болох өв залгамжлалын эрх зүй ялангуяа гэрээслэлийн хууль зүйн онол-практикийн асуудлыг тусгайлан судлан судлах үйлсэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа болно. Эл бүтээлд дэвшүүлэн гаргасан санааг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль зүйн практикийг төгөлдөржүүлэхэд ашиглах бүрэн боломжтой.
ДҮГНЭЛТ. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээс гаргаж авсан дүгнэлтээ дараах байдлаар нэгтгэж байна. Үүнд:
1. Монгол улсын иргэд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх болсон, анхны хуримтлал явагдаж буй өнөөгийн нөхцөлд монгол айл өрх, түүний гал голомт, монголчуудын амьдралд өв залгамжлалын эрх зүйн хэм хэмжээ улам бүр түгээмэл хэрэглэгдэж, олон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж, шүүхийн маргааны зүйл, нотариатын гол чухал үйлдэл, захиргааны актын зүйл болж, өв залгамжлалын эрх зүй нь улмаар монголын иргэний эрх зүйн бие даасан томоохон институт болон хөгжих хэмжээнд хүрч байна.

2. Өв залгамжлалын эрх зүй түүний дотор гэрээслэлийн онолын үндэс нь эрх зүйн онол дахь эрх залгамжлал-ын асуудалтай салшгүй нягт холбоотой болохыг судалгааны явцад тогтоов. Гэвч манай улсын эрх зүйн болон иргэний эрх зүйн онолд эрх залгамжлалын тухай асуудал бараг судлагдаагүй орхигджээ. Судалгааны үр дүнд өв залгамжлалын эрх зүй нь бүрэн эрх залгамжлалд суурилж, өвлүүлэгчийн эрх төдийгүй үүрэг цул, нэгдмэл байдлаар өвлөгчид шилжих ёстой болохыг тогтоов.

3. Манай улсын Иргэний хуулийн V хэсэгт заасан өв залгамжлалын эрх зүйн хэм хэмжээ өнөөгийн бодит амьдралаас илт хоцорсон байна. Дагаж мөрдөж буй Монгол улсын иргэний хуулийн “Өвлөх” буюу V хэсэг нь үндсэндээ одоогоос бараг 55 жилийн өмнө баталсан 1963 (1963 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр баталсан) Иргэний хуулиас бараг ялгагдахааргүй байгаа нь үүнийг нотолж байна. Гэтэл энэ хугацаанд манай орны нийгэм-эдийн засаг, улс төр, хууль зүйн болон ард түмний амьдралд зарчмын шинжтэй эрс шинэчлэлт өөрчлөлт гарсан билээ. Энэ учраас өв залгамжлалын эрх зүйн салбарт шинэчлэлт нэн даруй хийх зайлшгүй шаардлага үүдэн гарч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 902
Сүүлийн сард 28
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :