Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд хуурай замын цэргийн анги салбарыг ашиглах нь”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3628
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : терроризм, алан хядах ажиллагаа, сөрөг тусгай ажиллагаа

Аннотаци

Сэдвийн үндэслэл
Хүн төрөлхтөний хөгжлийн түүхийг, цэргийн шинжлэх ухааны байр сууринаас авч үзвэл, улс, үндэстнүүд өөр хоорондоо “оршин тогтнохуйн” эрх ашгийн төлөө явуулж ирсэн зэвсэгт тэмцлийн түүх байдаг.
Ийм тэмцэл, зэвсэгт мөргөлдөөн олон зууны туршид үргэлжлэхдээ тухайн үеийн нийгмийн хөгжлийн төвшин, хүмүүсийн хүсэл сонирхол, нийгмийн бүлэглэлийн бодит зорилгоос улбаалж өөр өөр аяс, өнгө төрх, цар хүрээ, арга хэлбэртэй явж иржээ.
XX зууны сүүлийн хагас, XXI зууны эхэн үед хүн төрөлхтөний соёл иргэншил, хөгжлийн төвшингөөрөө урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрч, шинжлэх ухаан, техник, технологийн эрчимтэй дэвшил, бүхнийг хамарсан мэдээллийн эрин, даяаршлын давалгаанаар ертөнцийн ирээдүйн хандлагыг тодорхойлох болов. Үүнтэй уялдаж улс, үндэстэн хоорондын улс төрийн харилцаа өвөрмөц байдлаар өөрчлөгдөж, улмаар цэргийн хэрэг, зэвсэгт тэмцлийн онол, практик, арга тактикт цоо шинэ зүйлүүд нэвтрэн орж ирсээр байна.
Хүний нийгмийн хөгжлийн ийм шинэ хандлага, улс хоорондын зөрчил, сөргөлдөөнийг эцэс болгож чадаагүй, харин ч зарим талаар улам хурцатгаж, улс төр, эдийн засаг, нийгэм, газар нутаг, үндэс угсаа, шашин, нийгмийн амьдралын хэв маягаас улбаатай хатуу ширүүн тэмцлийн шалтаг, шалтгаан болох нь улам бүр нэмэгдсээр байна. Ийм зөрчил гүнзгийрснээр хямралт байдалд хүргэх, улмаар хүч хэрэглэсэн зэвсэгт мөргөлдөөн гарах, орон нутгийн болон бүс нутгийн дайнд хүргэх тохиолдох цөөнгүй давдагдах боллоо.
XX зууны сүүлээр ”Хүйтэн дайн” эцэс болсон ч дэлхий нийтэд энх амгалан байдал бүрэн тогтсонгүй. Харин ч элдэв шалтгаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй байна. Социалист хамтын нөхөрлөл үгүй болж, ЗХУ тарж бутарсан, түүнчлэн урьд нь үзэл суртлаар “заагласан” байсан жижиг улс орнуудын хувьд их гүрнүүдээс хараат байдал тодорхой хэмжээгээр суларсан боловч, “барууны” гэгдэх соёл иргэншил ба юуны өмнө исламын дэг журам хоорондын эвлэрэшгүй тэмцэл, мөн сүүлийн жилүүдэд АНУ-ын зүгээс Ойрх Дорнод, Хойт Африк, Зүүн Европын зарим оронд хэрэгжүүлж буй улс төр-цэргийн бодлогоос үүдэлтэйгээр бүс нутгийг хамарсан, энд оршин буй улс, үндэстнийг бүхэлд нь “донсолгосон” зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Ийм үйл явдлуудын давтамж сүүлийн үед улам нэмэгдэх болж байгааг “Global Terrorism Database”-ийн гаргасан судалгаа харуулж байгаа. Тухайлбал, 2000-2014 оны хооронд буюу 15 жилийн хугацаанд гэхэд л нийт 61 мянган удаа болсон террорист халдлагын улмаас 140 мянга орчим хүн амь үрэгдсэн байна.
Энэ халдлага мөргөлдөөнд, хууль бус зэвсэгт бүлэглэлийн оролцоо улам бүр нэмэгдэх болсноос үүдэж, дэлхий нийтийн сэтгэл, санааг түгшээсэн нэгэн сөрөг хүчин зүйл бүрэлдэн тогтож байна. Ийнхүү шинэ нөхцөл байдал нь, олонх улс орнууд батлан хамгаалах бодлого, цэргийн номлолоо “эргэж харах” шаардлагыг тулгаж байгаа, гэж болно. Ялангуяа, 2001 онд АНУ-д болсон террорист халдлагын дараагаас эхлэсэн, дээрх хүчин зүйл нь, цэргийн урлагийн судалгааны объект болох хэмжээнд хүрч яригдах боллоо.
Улс орнууд, хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх талаар тодорхой туршлага хуримтуулж зарим үр дүнд хүрч байгаа хэдий ч, хэрэгжүүлсэн арга хэмжээ бүр нь амжилттай болж чадахгүй, бүтэлгүйтсэн тохиолдол байгаа. Энэ нь асуудлыг цэргийн шинжлэх ухааны, түүний дотор цэргийн урлаг судлалын байрнаас авч үзэх, тусгайлан судлах зайлшгүй шаардлага бий болсныг мэдрүүлж, хэргийн учир юунд байгааг тодруулах нь орчин үеийн чухал асуудлын нэг болоод байна.
Юуны өмнө олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн үндэслэл, хууль бус зэвсэгт бүлэглэлийн эсрэг явуулах цэргийн ажиллагааны онол, практикийн үндэслэлийг боловсруулах нь чухал юм. Хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх ажиллагаань улс орон болгонд, бүс нутаг бүрт өөрийн онцлогтой байж болох хэдий ч, олон улсын эрх зүйн төвшинд тогтоосон үндсэн зарчим ба цэргийн урлагт нийтээр хүлээн зөвшөөрсөн арга тактик, норматив зэрэгт тулгуурлаж байж гэмээж нь амжилтад хүрэх нөхцөл буй болно. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх асуудал цэргийн урлаг судлалын тулгамдсан асуудал болж тавигдаж байна.
Германы цэргийн онолч К.Клаузевиц, “Дайн бол өөр арга хэрэгслээр явуулж буй улс төрийн бодлогын үргэлжлэл мөн” гэж [
72.55] үзэж байсантай бид санал нийлдэг. Тэгвэл “терроризм” бол өөр арга хэрэгслээр явуулж буй улс төрийн тэмцлийн үргэлжлэл мөн” гэж Охлахома мужийн Улс төр судлалын их сургуулийн профессор, доктор Стивен Слоун хэлсэн нь бий.
Ер нь энэ асуудал бол цэргийн урлагт цоо шинэ зүйл биш. Гэхдээ, XXI зуун эхлэснээс хойш, ялангуяа Ойрх Дорнод, Ирак, Афганистан, Сири, Кавказ, Хойт Африкт явагдсан, бас одоо үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн нь асуудалд шинэлэг байдлаар хандаж, аливаа бүс нутагт хууль бус зэвсэгт бүлэглэлийн эсрэг явуулсан тэмцлийн туршлагыг нэгтгэн дүгнэх, орчин үеийн цэргийн хэргийн хөгжилд гарч буй шинэ хандлагад тулгуурлаж хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаанд Зэвсэгт хүчнийг, түүний дотор Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахын чухлыг харуулж байна.
Дээр дурдсан тайлбарт тулгуурлаж, энэхүү диссертацын буюу судалгааны ажлын сэдвийг сонгож авсан үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
- хууль бус зэвсэгт бүлэглэл, түүний зэвсэгт үйлдэлд хамаарах асуудлыг олон улсын сургамж, жишээн дээр нэгтгэн судлаж, Монгол Улсад ийм бүлэглэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зайлшгүй шаардлага байна;
- хууль бус зэвсэгт бүлэглэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтэрч орсон буюу улсын дотоодод ийм бүлэглэл үүсгэхийг оролдсон, эсвэл үүссэн тохиолдолд тэдний зэвсэгт үйлдлийн мөн чанар, зорилго, агуулга, хэлбэр, арга тактикийн болзошгүй хувилбарыг урьдчилан тогтоох нь чухал байгаа;
- хууль бус зэвсэгт бүлэглэлийн аливаа үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах шаардлага, үндэслэл, тэдгээрийн чадавх, боломж ямар байхыг судлаж, цэргийн сургалт, бэлтгэлийг онол, практикийн үндэслэлтэй боловсруулах нь тулгамдсан асуудал болж буй;
- хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох Хуурай замын цэргийн анги, салбарыг удирдах, арга хэрэгслийг тодорхойлж шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах бодит шаардлага бий болсон зэрэг болно.
Сэдвийн судлагдсан байдал
Дэлхийн олон улс, оронд хууль бус зэвсэгт бүлэглэл, түүний үүсч байгуулагдсан учир шалтгаан, өдөөж явуулсан террорист ажиллагааны хэлбэр, шинж чанар, нийгэмд учруулсан хор хөнөөл, ийм бүлэглэлтэй тэмцэж ирсэн туршлага, арга замын талаар судалгаа, шинжилгээний цөөнгүй ажил хийгдэж, онолын гэж хэлж болохоор үзэл баримтлал, үнэлэлт, дүгнэлтийг боловсруулсаар байна. Гэхдээ энэ нь одоогоор улс орон бүрт, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын дэвшүүлэн тавьсан зорилго, зорилтоор хязгаарлагдсан байдалтай байгаа нь, нийтийг хамарсан түгээмэл шинж чанар, гэж үзэхээргүй юм.
Жишээлбэл, Peter Paret. “Makers of modern strategy”. Princeton. 1986; “Insurgency operations” US army Command and Staff college Leavenworth, 1990; John Keegan. “The Iraq War”. Penguin. 2005; Партизаны и армия: “История утерянных возможностей”,
2001. Автор: Боярский В.И.; Требин М.П. “Терроризм XXI века”, 2003; Матвеев В.А. “Это другая война”. М. Наука, 1984; Кожушко Е.П. “Современный терроризм, анализ основных направлений” 2000, /Б.Шагдарын орчуулга, УБ. 2002/; “Малая война. Организация и тактика боевых действий малых подразделений”, Трасов А.Е. 1998; Александров И. “Исламский фактор в подрывной стратегии”. М. Мысль, 1986; Лерой Томпсон ”Террористуудтай тэмцэх тактик” /Ц.Сангарагчаагийн орчуулга/, УБ.
2007., зэрэг олон ном, бүтээл, судалгааны ажлын тайланг дурдаж болох байна.
Манай зарим судлаачид, тухайлбал, шинжлэх ухааны доктор /D.Sc – Doctor of Science/, профессор Д.Мягмар, Ш.Палсамдорж, доктор /Ph.D– Philosophy Doctor/, профессор Б.Шагдар, Б.Түмэн нарын эрдэмтэд, хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх арга зам, түүний дотор зэвсэгт хүчний анги, салбарыг ашиглах асуудлаар зарим судалгаа хийж, үр дүнг нь нийтлүүлж олны хүртээл болгосны зэрэгцээ, гадаад оронд хэвлэгдсэн сонирхолтой, сургамжтай, гэж үзсэн судалгааны цөөнгүй бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлжээ.
ҮБХИС-ийн БХУА-ийн багш, сонсогчдын хийж буй эрдэм шинжилгээний ажлын явцад, терроризм ба хууль бус зэвсэгт бүлэглэлийн тухай асуудалд багагүй анхаарал хандуулж, нэлээд тооны тайлан, магистрын ажил бичигдсэн байна.
Гэсэн хэдий боловч эдгээр судалгааны ажил нь, асуудалд цэргийн хэрэг, улс төр судлалын ерөнхий онолын үүднээс хандсан, танин мэдэхүйн ба тайлбарлан ойлгуулахын шинжтэй байгаа юм. Монгол Улсад хууль бус зэвсэгт бүлэглэл үүсэж болзошгүй нөхцөл байдал, түүний шалтгаан, ийм аюул заналын мөн чанар, тэдгээр бүлэглэлийн болзошгүй халдлагын хэлбэр, агуулга, шинж төрхийг нарийвчлан судлах талаар гүнзгий судалгаа явагдаагүй. Гол нь хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах асуудлыг цэргийн шинжлэх ухааны судлах зүйлийн байр сууринаас авч үзэх талаар учир дутагдалтай байдал ажиглагдаж байна.
Судалгааны ажлын зорилго, зорилт
Энэхүү судалгааны ажлын зорилго нь “Хууль бус зэвсэгт бүлэглэл үүсэн бий болох нөхцөл байдал, учир шалтгаан, халдлагын шинж чанарыг судлаж ийм бүлэглэлийн эсрэг, сөрөг тусгай ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах үндэслэл, боломжийг судлаж, арга замыг тодорхойлох”-д оршиж байгаа болно.
Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд судалгааны дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Үүнд:
1.Хууль бус зэвсэгт бүлэглэлийн үүсэн бий болох нөхцөл байдал, учир шалтгаан, үйл ажиллагааных нь мөн чанар, зорилго, агуулга, хэлбэр, арга тактикт дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх;

2.Хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх асуудлын онолын үзэл баримтлалыг гүнзгийрүүлэн судлах, олон улсын туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн анги, салбарын ийм төрлийн байлдааны ажиллагаа явуулах чадавх, боломжийг тодорхойлох, тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх;

3.Хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйлдлийн сөрөг тусгайажиллагаанд Хуурай замын цэргийн анги, салбарыгашиглах онол, арга зүйн үндэслэлийг боловсруулах, удирдлага, хэлбэр, арга тактикийн үндсийг судлан тодорхойлж, холбогдох санал зөвлөмж боловсруулах.
Судалгааны обьект, судлах зүйл:
Хууль бус зэвсэгт бүлэглэлтэй хийх тэмцлийн онол, практикийн асуудал нь энэхүү судлагааны үндсэн обьект болно.
Хууль бус зэвсэгт бүлэглэлтэй хийхтэмцэлд Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах асуудлыг энэхүү судалгааны ажлын судлах зүйлээр авч үзлээ.
Судалгааны ажлын хязгаарлалт
Судалгааны ажлыг явуулахдаа диссертацын сэдэвт хамаарах олон талт асуудлын дотроос цэрэгжсэн зохион байгуулалт бүхий, хууль бус зэвсэгт бүлэглэлийн буюу “тухайн улсын хууль тогтоомжийг үл тоомсорлон байгуулагдсан, хууль ёсны Засгийн газрын хяналтаас гадуур үйл ажиллагаагаа явуулж буй зэвсэг бүхий бүлэг хүмүүс болон террорист бүлэг”-ийн байлдааны зэвсэг, техник ашиглан явуулж буй зэвсэгт үйлдлийн эсрэг явуулах сөрөг тусгай ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглахасуудлын болон гадаад, дотоодын эх сурвалжид илээр нийтлэгдсэн судалгааны материалуудын хүрээнд судалгааны үндсэн асуудлуудыг хязгаарлан авч үзлээ.
Хууль бус зэвсэгт бүлэглэлийн дотроос террорист ажиллагаа явуулах зорилго бүхий бүлэглэлийг сонгон авч судалгааг явуулсан.
Ийм бүлэглэлтэй явуулах тэмцлийн асуудлыг урьдчилан сэргийлэх, Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглахтай холбож судалсан.
Судалгааны арга зүй
Судалгааны ажилд, мэдээлэл цуглуулах, харьцуулах, задлан шинжлэх, нэгтгэж логик дүгнэлт хийх, математикийн статистик, магадлалын онол зэрэг загварчлал боловсруулахад ашиглах шинжлэх ухааны нийтлэг аргыг хэрэглэнэ.
Үүнээс гадна, манай Зэвсэгт хүчний хэмжээнд явагдаж байсанКШС, КШХС, анги, салбарын ТХС, энхийг дэмжих ажиллагаанд оролцох манай цэргийн багийн урьдчилсан бэлтгэл, олон улсын хамтарсан хээрийн сургуулийн туршлагыг нэгтгэж дүгнэх зэрэг цэргийн шинжлэх ухааны тусгай аргыг хэрэглэсэн.
Судалгааны ажлын шинэлэг тал
Судалгааны ажлын шинэлэг тал нь, орчин үед Монгол Улсад хууль бус зэвсэгт бүлэглэл үүсэн гарч болзошгүй нөхцөл байдал, хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах асуудлыг анх удаа хөндөж, тодорхой чиглэл, зорилгоор гүнзгийрүүлэн судласан, бусад улс орны хувьд энэ асуудлыг шийдвэрлэж буй туршлага сургамжийг нэгтгэж дүгнэсэн, асуудлын онол, практикийн тулгуур ойлголтыг гаргаж ирж цэргийн шинжлэх ухааны байр сууринаас үнэлэлт, дүгнэлт өгсөнд оршино.
Монгол Улсад хууль бус зэвсэгт бүлэглэлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаанд Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах асуудлын үзэл баримтлалыг тодорхойлж, байлдааны ажиллагаа явуулах онолын үндэслэл, арга тактикийг боловсруулах асуудлыг тусгайлан авч үзсэн нь энэхүү судалгааны бас нэг шинэлэг тал болно.
Судалгааны ажлын бүтэц, агуулга
Судалгааны ажлын зорилго, зорилтууд, тавьсан хязгаарлалттай уялдуулан судалгааны ажлыг удиртгал, гурван бүлэг, төгсгөл, хавсралттайгаар боловсруулав.
“Хууль бус зэвсэгт бүлэглэл үүсэн бий болох нөхцөл байдал, түүний үйл ажиллагаанышинж чанар, арга тактикт хийсэн дүн шинжилгээ: Монгол Улсад хамаарах нь” гэсэн нэгдүгээр бүлэгт хууль бус зэвсэгт бүлэглэлийн үүсэх нөхцөл байдал, үйл ажиллагааных нь арга тактикийг олон улсын туршлага, сургамж, жишээн дээр тулгуурлан онол, аргазүйн талаас нь авч үзэж, Монгол Улсад хууль бус зэвсэгт бүлэглэл үүсэж болох нөхцөл байдал, тэдгээрийн ажиллагааны болзошгүй шинж чанартай уялдуулан задлан шинжилж, үнэлэлт, дүгнэлт өгөв.
“Хуурай замын цэргийн анги, салбарыг хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд ашиглах зарим асуудал“ нэртэй хоёрдугаар бүлэгт хууль бус зэвсэгт бүлэглэлийн зэвсэгт үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, ийм төрлийн үүрэг гүйцэтгэх боломж, чадавхыгнь үнэлэн, сөрөг тусгай ажиллагааны арга, тактикийн зарим асуудлыг тусгайлан авч үзэж, тэдгээрийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг тодорхойлов.
“Хуурай замын цэргийн анги, салбарын хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх арга зам”гэсэн гуравдугаар бүлэгтХуурай замын цэргийн анги салбарыг хууль бус зэвсэг бүлэглэлийн эсрэг явуулах тэмцэлд ашиглах сургалт бэлтгэлийн тогтолцоог бий болгох үндэслэлийг боловсруулан, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг нь тусгайлан авч үзэж, цаашидболовсронгуй болгох арга замыг тодорхойлон, холбогдох санал, зөвлөмжийг боловсрууллаа.
Төгсгөл хэсэгт, судалгааны ажлын зорилго, зорилтуудын биелэлт, үр дүнг нэгтгэн дүгнэж, тэдгээрийн онол, практикийн ач холбогдлыг илэрхийлсэн ба энэхүү судалгааны ажлын үр дүн цэргийн удирдлага зохион байгуулалт, цэргийн урлагийн онол, практикт нэвтрүүлэх арга замыг зааж, цаашид эрдэм шинжилгээний судалгааны ажлыг гүнзгийрүүлэх, хөгжүүлэх зарим чиглэлийг тодорхойлсон болно.
Хавсралт хэсэгт,судалгаа явуулахад ашигласан зарим мэдээлэл, анхдагч баримт, тоон үзүүлэлт бүхий лавлах материал, судалгааны ажлын зарим үр дүнг бичвэр, хүснэгт, бүдүүвчийн хэлбэрээр боловсруулан хавсаргав.
Судалгааны ажлын гол үр дүн нь
- хууль бус зэвсэгт бүлэглэл үүсэх нөхцөл байдал, түүний мөн чанар, зэвсэгт ажиллагааны зорилго, агуулга, хэлбэр, арга тактикт үнэлэлт, дүгнэлт өгсөнд;
- хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах онол, практикийн үндэслээ гаргаж, асуудлыг бодитойгоор судлаж тодорхойлсонд;
- хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох Хуурай замын цэргийн анги, салбарын сургалт, бэлтгэлийн тогтолцоо, захирагч, штабын ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгоход чиглэсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий санал, зөвлөмж боловсруулсанд тус тус оршино.
Энэхүү судалгаа нь цэргийн шинжлэх ухааны, тухайлбал, цэргийн урлагийн онол, практикийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмэр оруулахаас гадна, судалгааны ажлын үр дүнг цаашид явуулах эрдэм шинжилгээ, судалгааны бусад ажил, анги, салбарын сургалт бэлтгэлийн төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход ашиглах боломжтой нь, түүний онолын ба практикт ач холбогдлыг харуулж байгаа болно.
Түүнчлэн байлдааны дүрэм, ажиллагааны заавар, командлалын удирдамж бүхий шинж чанартай баримт бичиг боловсруулах, тэдгээрийг амьдралд нэвтрүүлэхэд ашиглах тулгуур материал, эх сурвалж, туршлагын багц болгох бололцоотой нь судалгааны ажлын бодит үр дүн, гэж үзнэ.
Хамгаалалтад оруулахаар дэвшүүлж буй асуудал
Судалгааны ажлын үр дүнд тулгуурлаж, дараах гурван асуудлыг хамгаалалтад оруулж байна. Үүнд:
1.Хууль бус зэвсэгт бүлэглэл үүсэн бий болох нөхцөл байдал, тэдгээрийн болзошгүй ажиллагааны арга тактикийн хандлагад хийсэн дүн шинжилгээний дүгнэлт;

2.Хууль бус зэвсэгт бүлэглэлийн зэвсэгт үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн анги, салбарыг ашиглах боломж, тэдгээрийн чадавх, байлдааны боломжийн үнэлгээ, ийм төрлийн байлдааны ажиллагааг зохион байгуулж, явуулах хувилбар;

3.Хуурай замын цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх эрх ашигт нийцүүлэн боловсронгуй болгох, энэхүү сөрөг тусгай ажиллагааг зохион байгуулж явуулах захирагч, штабын ажлыг боловсронгуй болгох арга замын талаарх санал, зөвлөмж зэрэг болно.
Энэхүү диссертацыг БСШУСЯ болон ҮБХИС-иас докторын диссертацад тавьж буй шаардлага, дүрэм журмыг нягт баримтлан боловсрууллаа. Батлан хамгаалах салбарын нэр хүнд бүхий судлаачид, ҮБХИС, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид, багш нар, БХЯ, ЗХЖШ болон цэргийн нэгтгэл, ангид ажиллаж буй мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөмжийг талархалтайгаар хүлээн авч, нэг бүрчлэн тунгааж тусгахыг хичээсний зэрэгцээ бусад судлаачдын энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг бүрэн дүүрэн ашиглахыг эрмэлзлээ. Диссертацад хэрэглэсэн нэр томъёоны тайлбарыг нэгдүгээр хавсралтаар оруулсан болно.
Мөн диссертацын судалгааны сэдэвтэй холбоо бүхий асуудлаар4 удаагийн хуралд илтгэж тавьж хэлэлцүүлэн, эрдэм шинжилгээний 12 өгүүлэл, нийтлэл бичиж нийтлүүлсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 265
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :