Ургийн хөгжлийг биометрийн хэвийн лавламж үзүүлэлттэй харьцуулан үнэлж, эмгэг байдлыг илрүүлэн судлах нь жирэмсний тээлтийн эрт үеийн хэт авиан шинжилгээний гол зорилго юм. Ф.П Хэдлок (1981-1984) нар ургийн биометрийн хэмжээсүүдийг харьцуулан хэмжиж, ургийн жинг тооцоолон гаргасан ч Европ жирэмсэн эхчүүдийн ургийн хэмжээсэд суурилсан тул ази эмэгтэйчүүдийн дунд хэрэглэхэд тохирохгүй байгааг эрдэмтэн, судлаачид тэмдэглэсээр байна. ДЭМБ –ын зөвлөмжид үндэстэн ястан бүрт ургийн хэмжээ нь угсаа зүй, газар нутаг, хэрэглэдэг хоол тэжээлээс хамааран ялгаатай байдаг тул ургийн эмгэгийг илрүүлэх, өсөлт хөгжилтийг хэт авиан шинжилгээгээр үнэлэхдээ тухайн үндэстний стандарт хэмжээсийг ашиглахыг зөвлөсөн байдаг. Үр хөврөлийн хугацааг нарийн тогтоох нь ургийн өсөлтийн хэвийн байдлыг жирэмсний тээлтийн туршид үнэлэх, ургийн кариотип тодорхойлох шинжилгээний цаг хугацааг тогтоох, жирэмсний тээлтийн хугацаатай хамааралтай байдаг оношлогооны ач холбогдол бүхий даавар, уургийн хэвийн үзүүлэлтүүдийг үнэлэх, хууль эрх зүйн (дутуу төрөлт болон зулбалтыг ялган оношлох, жирэмснийг таслах) шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, жирэмсний тээлтийн хожуу хугацаанд ургийн өсөлтөд үнэлгээ өгөх, ургийн өсөлт баригдах хам шинжийг оношлох, төрөлтийг шийдэх цаг хугацааг тодорхойлох зэрэг ач холбогдолтой. Хэт авиан шинжилгээгээр ургийн бүтэц болон хөгжлийг жирэмсний туршид бодитойгоор үнэлэх боломжтой тул Монгол улсад сүүлийн арван жилд нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт орж байгаа ургийн хөгжлийн гажигийг жирэмсний эрт хугацаанд илрүүлэх аргыг боловсруулах нь манай улсын эх ургийн анагаахын салбарын тулгамдсан асуудлын нэг болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0