Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Наваандоржийн Жадамбын цэрэг, улс төрийн үйл ажиллагаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3681
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : Цэргийн түүх, Монголын түүх, Намтар судлал, Улс төр, Нам, цэрэг

Аннотаци

Судалгааны үндэслэл: ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн намтар үйл ажиллагаа, үзэл баримтлалыг судлахгүйгээр Монголын түүхийн зангилаа асуудлуудыг үнэн зөвөөр гаргах бололцоогүй билээ. Тухайн үед төр, цэргийн удирдлагад ажиллаж байсан зарим хүмүүс улс орны хөгжил, гадаад харилцааны талаар шинэ үзэл бодол, байр суурь баримталж байсан бөгөөд тэднийг “Баруунтан” хэмээн буруутгаж улс төрийн тавцангаас зайлуулсан байна. Тэдгээр “Баруунтан” хэмээгдсэн хүмүүсийн удирдагчдын нэг нь Н.Жадамба байв. Тэрээр улс орны хөгжлийн талаар зарчмын өөр байр суурь баримталж байсан бөгөөд нам, цэргийн удирдлагад ажиллаж байх хугацаандаа багагүй зүйлийг санаачлан хийж хэрэгжүүлсэн ажээ.
Гэтэл цэрэг, улс төрийн удирдлагад Н.Жадамба 1921-1928 оны эцэс хүртэл ажилласан тухай тусгайлан судлан шинжилсэн бүтээл гараагүй бөгөөд ихэвчлэн бусад асуудлын дашрамд бичигджээ.
Монголын эх түүхийн нэгэн тодорхой үе буюу 1921 оноос хойших төрийн бодлогын олон асуудлыг судлан үзэхэд төрийн гадаад бодлого, батлан хамгаалах, эдийн засгийн олон асуудлаар зохих шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэхэд Н.Жадамба идэвх санаачлагатай оролцож байжээ. Тиймээс Монголын түүхийг үнэн мөнөөр тодруулахын тулд Н.Жадамбын намтар үйл ажиллагааг нэхэн судлах нь Монголын түүх, тэр дундаа цэргийн түүхэнд зайлшгүй шаардлагатай юм.
Н.Жадамбын Монгол Улсын хөгжлийн талаарх үзэл баримтлал, байр суурийг нь тодруулах, түүний төр, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, Монгол цэргийн түүхэнд эзлэх байр суурийг нэхэн судалж, нээн харуулах шаардлага тавигдаж буйг үндэслэн энэхүү сэдвийг сонгож авав.
Судалгааны зорилго: ХХ зууны эхэн үеийн Монголын төр, цэргийн зүтгэлтэн Н.Жадамбын цэрэг, улс төрийн үзэл баримтлал, үйл ажиллагааг судлан шинжилж, Монгол улсын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодорхойлж, үнэлэн дүгнэх.
Судалгааны зорилт:
Н.Жадамбын улс төрийн үйл ажиллагаа болон Монгол орны хөгжлийн талаарх байр суурийг судлан тодорхойлох;
МАХЦ-ийг хөгжүүлж бэхжүүлэхэд Н.Жадамбын гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг судлан шинжилж үнэлэлт өгөх.
Хамгаалахаар дэвшүүлж буй асуудлууд: Уг судалгааны ажлын хүрээнд хамгаалахаар дэвшүүлж байгаа асуудал нь:
Н.Жадамбын Монгол Улсын хөгжлийн талаар дэвшүүлж байсан үзэл баримтлал;
Н.Жадамба төр, цэргийн зүтгэлтэн болох талаарх нотолгоо;
“Баруунтан”-ы удирдагч гэж буруутгагдсан Н.Жадамба нь Монгол орны хөгжил, дэвшлийг ухраах бус, харин өнөөгийн олон тулгуурт гадаад бодлого, аливаа улс оронтой харилцан ашигтай, эрх тэгш харилцах байр суурь баримталж байсан чиглэл зэргийг судлан дүгнэлт хийхэд.
Н.Жадамбын улс төр, нийгмийн үйл ажиллагаа гэсэн нэгдүгээр бүлэгт: Н.Жадамбын угсаа гарал, гэр бүл, нутаг ус, Н.Жадамбын улс төр, нийгмийн үйл ажиллагаа, БНМАУ-ын эдийн засгийн хөгжилд Н.Жадамбын оруулсан хувь нэмэр зэргийг тус тус тусгасан бол цэргийн зүтгэлтэн Н.Жадамба гэсэн хоёрдугаар бүлэгт: Цэрэг, ардыг сурган боловсруулах үйл хэрэгт Н.Жадамбын оруулсан хувь нэмэр, Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Н.Жадамба улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн нь зэрэг судалгаа хийж зорилго зорилтоо шийдвэрлэхийн тулд диссертациа удиртгал, 2 бүлэг, 6 зүйл, ерөнхий дүгнэлт, эшлэл авсан эх сурвалж, судалгааны бүтээл, хавсралт гэсэн бүтэцтэй боловсруулсан.
Улс Монголынхоо тусгаар тогтнол, хүн ардын эрх, эрх чөлөө, сайн сайхан аж байдал, эх орныхоо ирээдүйн төлөө чин санаа тавьж, төр, цэрэг, нийгмийн албанд 1921-1928 оны хооронд тасралтгүй ажиллаж эрүүл биеэ эмгэг хуучтай болтол нь үнэнчээр зүтгэж явсан сэхээтэн, төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн бол Н.Жадамба юм.
Иймд Н.Жадамбын Монгол улсын хөгжлийн төлөө хийсэн үйл ажиллагаа үзэл баримтал, намтар, цэрэг, улс төрийн үйл ажиллагааг архивын баримтад тулгуурлан судалсны үндсэн дээр түүний талаар намтар судлалын тулгуур зарчимд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
Нэг. Нам төрийн зүтгэлтний хувьд Н.Жадамба нь хамтран зүтгэгчдээсээ харьцангуй насаар залуу байсан ч нам төрийн үйл хэрэгт олон жил зүтгэж дадлага туршлага олж авсан А.Амар, Ж.Цэвээн нарын адил бусдаасаа дутахааргүй туршлагажиж чаджээ. Н.Жадамбын улс төрийн үзэл бодол, байр суурь нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг онцгойлон анхаарч, нэн бэрх цаг үед ч Монгол улсын оршин тогтнох гадаад, дотоод таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх, эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байсан нь судалгааны баримт хэрэглэгдэхүүнээс тодорхой мэдэгдэж байна.
Мөн Монгол орны уламжлалт аж ахуй, эдийн засгийг хөгжүүлэхэд нүүдлийн мал аж ахуй болон газар тариалан, аж үйлдвэрийг орчин үеийн нөхцөл байдалд зохистойгоор хөгжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэргээс гадна улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангасан эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөө үндэсний ардчилсан үзэл баримтлалыг тууштай баримтлан хүчин зүтгэж байв.
Хоёр. Цэргийн зүтгэлтний хувьд Н.Жадамба нь иргэний нийгмийн үйл хэрэгт хүчин зүтгэхийн хажуугаар цэргийн алба хааж цэргийн эрдэм мэдлэг эзэмшээгүй хэдий ч цэргийн үйл хэрэгт хүчин зүтгэх гараагаа Цэрэг, ардыг сурган боловсруулах үйл хэргээр эхэлж “Цэрэг дайчдыг нам, улс төрийн үзэл бодлоор хүмүүжүүлэхийн зэрэгцээ мэдлэг, боловсролтой, бичиг үсэгтэй” болгоод зогсохгүй тэднээр дамжуулан ард иргэдэд бичиг үсэг сургаж соёлын үрийг тарьж байв.
Н.Жадамба нь цэргийн удирдах дээд байгууллагуудыг 5 жил толгойлон ажиллахдаа МАХЦ-ийг орчин цагийн жишгийг харгалзсан байнгын цэрэг болгож чадсан төдийгүй нутгийн цэргийн ангиудыг байгуулснаар орон нутгийн хамгаалалтын тогтолцооны эх үндэс тавигджээ. Н.Жадамба нь БЦЗ-ийн тэргүүлэгчээр ажилласан анхны Монгол хүн байсан бөгөөд Монгол улсын төрд үнэнхүү гавьяа байгуулсныг нь үнэлж анх 1926 онд цэргийн гавьяа байгуулагсдыг хөхүүлэн шагнах төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны 1 дүгээр зэргийн одон”-гоор анхлан шагнагдсан байна. Мөн Цэрэг, ардыг сурган гэгээрүүлэх үйл хэрэгтээ хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг оролцуулж анхны цэргийн сонин болох “Ардын цэрэг” сониныг Д.Нацагдоржтой хамтран эрхлэн гаргажээ.
Гурав. Өнөөгийн өндөрлөгөөс харахад “Баруунтан” Н.Жадамба нарын үзэл бодол, байр суурь, үйл ажиллагаа нь Монголын ард түмний эрх ашиг, тусгаар тогтнолын эсрэг хандсан, Монгол орны нийгмийн хөгжлийг сааруулах гэсэн бус харин ч өнөөгийн ойлголтоор олон тулгуурт гадаад бодлого, улс төр, эдийн засгийн харилцан ашигтай байдал, олон хэвшилт эдийн засгийг бий болгохын төлөө, ард түмнийхээ язгуур эрх ашигт нийцсэн үндэсний ардчилсан үзэл баримтлалыг гол чиг шугам болгож байжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 392
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :