Утга зохиол судлалд болзолт дүрслэлийг ерөнхий, тодорхой хоёр хүрээнд авч үзэн, хоёр түвшинд хуваан тайлбарладаг байна. Үүнд:
1.Ерөнхий хүрээнд авч үзсэн судлаач эрдэмтэд “Анхдагч шатны болзолт дүрслэл” буюу “болзолт шинж” гэж нэрлээд, энэ шинжийг урлагийн өөрийнх нь мөн чанартай холбон тайлбарладаг. Хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний суурь мөн чанар болдог тул уран зохиол бүхэлдээ энэ шинжид захирагддаг. Бодит байдал, уран сайхны үнэний хоорондох харьцааг тодруулан гаргаж, урлаг, уран зохиолын өөрийнх нь онцлог шинж, мөн чанараар тодорхойлогддог онолын суурь судлагдахуунуудын нэгийг ийнхүү нэрлэдэг байна.
2.Тодорхой хүрээнд авч үзсэн судлаач эрдэмтэд болзолт дүрслэлийг “Хоёрдогч шатны болзолт дүрслэл” гээд болзолт шинжийн дээд түвшин, уран зохиол доторх уран сайхан дүрслэлийн нэг арга гэж үзсэн байдаг.
Бидний анхаарлыг энэхүү хоёр дахь чиглэлийнхний үзэл ойлголт, болзолт шинжийн дээд түвшин, урлаг уран зохиол дахь болзолт дүрслэл татаж байгаа тул эл судалгааны ажилд уран сайхны болзолт дүрслэлийг уран зохиолын нэг өвөрмөц арга, хэлбэр болох талаас авч үзсэн юм.
Өнөөгийн нийгэм, цаг үед аливаа зүйлийг танин мэдэх хэрэгцээг энгийн байдалд, тухайн үзэгдэл юмсыг чухам оршин буй хүрээ, орчин, хэрэглээнд нь тулгуурлан танин мэдэхийг чухалчлах болжээ. Энэ байдлыг дагаад уран зохиолыг танин мэдэж байгаа байдал ч бас энгийн болж, хэлбичгийн ухаан хийгээд утга зохиол судлалд шилдэг сайн уран бүтээлийн уран сайхны туурвил зүйн сэтгэлгээний асуудлыг буюу уран сайхны хэлбэрийг утга агуулгын адил чухалчлах болжээ.
Дээрх өөрчлөлттэй холбоотойгоор монгол уран зохиолын асуудлыг шинээр авч үзэж, задлан тайлбарласан С.Дулам, Ч.Билигсайхан, Д.Галбаатар, С.Байгалсайхан, С.Энхбаяр, Г.Галбаяр, Б.Мөнхбаяр зэрэг судлаач шүүмжлэгчийн бичсэн сурах бичиг, толь, судалгааны бүтээлүүд гарсаар байна. Энэ нь манай утга зохиол судлал урагшлан хөгжиж байгаагийн тодорхой нэг илрэл юм. Ингэхийн хэрээр судалгааны судлагдахуун гүнзгийрч, утга зохиол судлаачид асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэх болжээ.
Утга зохиолын онолын суурь судлагдахууны нэгээхэн хэсэг бодит байдал, уран сайхны харьцааг монголын утга зохиол судлалд авч үзэхдээ бодит байдал, эсвэл түүхэн үнэнийг уран зохиолд хэрхэн бодитоор тусгадаг талаарх судалгааг түгээмэл хийсэн байдаг. Энэ бол сонирхолтой сэдвийн нэг юм. Тэгэхдээ бодит байдал юм уу түүхэн баримтыг хэрхэн яаж уран сайханжуулсаар ирсэнд анхаарлаа хандуулснаас бус, уран зохиол дахь уран сайхан нь ямар хэлбэртэй ямар арга хэлбэрээр илэрдэг болохыг аман зохиолын судалгааг эс тооцвол харьцангуй бага авч үзжээ.
Тийм учраас бид нийгмийн болон хэлбичгийн ухааны эл шинэ зорилгыг тодорхой хэмжээнд биелүүлэн шийдвэрлэх үүднээс буюу болзолт дүрслэлийг уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэгэн илрэл болох талаас нь сонгон судаллаа.
Сэдвийн судлагдсан байдал: Оросын эрдэмтэд болзолт дүрслэлийг уран сайхны бие даасан арга болох талаас нь авч үзсэн суурь болон хавсарга судалгааг цөөнгүй хийсэн байдаг бөгөөд энэ судалгааны ажил өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Бидний сонирхож байгаа уг сэдвийн талаар дагнан авч үзсэн хэд хэдэн судалгааны бүтээл 1960-аад оны үеэс Орос-Зөвлөлтийн утга зохиол судлалд гарч эхэлжээ. Тухайлбал, судлаач А.А.Михайловагийн “Уран сайхны болзолт дүрслэлийн тухай” /“О художественной условности” 1966/ гэсэн судалгааны бүтээлд болзолт дүрслэлийн үүргийн талаар авч үзэж, амьдралыг бодитоор тусгадаг реалист чиглэлийн зохиолд хэрхэн илэрдэг болохыг судлан шинжилжээ. Үүнтэй зэрэгцэн Т.Аскаровын “Болзолт дүрслэлийн гоо зүйн мөн чанар” /“Эстетическая природа условности” 1966/ хэмээх онол судлалын бүтээл гарчээ. Түүний дараа гарсан судлаач В.А.Дмитриевийн “Реализм ба уран сайхны болзолт дүрслэл” /“Реализм и художественная условность” 1974/ хэмээх судалгааны бүтээлд болзолт дүрслэл оросын уран зохиолын түүхэнд хэрхэн илэрснийг авч үзсэний зэрэгцээ ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлохыг эрмэлзжээ. Түүнчлэн уран зохиолын реалист ба реалист бус гэсэн үндсэн хоёр чиглэлд илэрч байгаа болзолт дүрслэл нь хоорондоо ялгаатай, өөр өөр байна гэж үзээд, сонгодог хэлбэрийн реалист зохиол дахь болзолт дүрслэлийг судалжээ.
XXI зууны босгон дээр гарсан судлаач Е.Н.Ковтуны “XX зууны эхэн хагасын Европын утга зохиол дахь уран сайхны болзолт дүрслэлийн хэв шинж, үүрэг” /“Типы и функции художественной условности в европейской литературе первой половины XX века” 2000/ нэг сэдэвт бүтээлд болзолт дүрслэлийг зүй зохист уран сэтгэмжийн, үлгэрийн, домгийн, шог болон гүн ухааны гэсэн бие даасан хэв шинжид хуваан үзсэн нь түүний хэв шинжийн ангиллыг гаргах дорвитой оролдлого болжээ.
Судлаач В.Ю.Грушевскаягийн “Оросын 1970-1980-аад оны роман дахь уран сайхны болзолт дүрслэл” /“Художественная условность в русском романе 1970-х-1980-х годов” 2007/ судалгааны бүтээлд уран зохиолд унаган /байгалийн төрөлх/ хэлбэрийг гажуудуулж, бодит байдлыг зориудаар өөрчлөхөд яагаад гоозүйн хувьд итгэл үнэмшилтэй болдог тухай асуудал болон болзолт дүрслэлийн хэв шинжийг гарваль зүйн зарчимд суурилан тайлбарлаж, ангилжээ.
Уран сайхны болзолт дүрслэлийн талаарх энэ мэт судалгаа одоо ч тасралтгүй үргэлжилсээр байгаа нь энэ чиглэлийн сэдэвт сонирхол татсан, шийдвэрлэхийг хүлээж байгаа олон асуудал нээлттэй байгаагийн тодорхой баримт юм.
Судалгааны ажлын арга: Доорх аргуудыг голлон ашиглав. Болзолт сэтгэлгээний тухай ойлголт болон зохиолын дотоод бүтцэд хамаарагдах зүүд, зөн совин зэрэг зохиомжийн хэлбэрээр болзолт дүрслэл хэрхэн илэрдгийг тодруулахад таамаглалт бүлэглэлийн аргыг ашигласан. Болзолт дүрслэл, болзолт шинж хэмээх ойлголт ухагдахууны зааг ялгаа, өвөрмөц онцлог шинжийг тодруулахад харьцуулах аргыг ашигласан. Болзолт дүрслэлийн талаарх онолын ойлголт, илрэх хэлбэрийг дэлгэрэнгүй тодорхойлон томьёолсны дараа баримт нотолгоо болгон ашигласан өрнө, дорнын утга зохиолын хүлээн зөвшөөрөгдсөн уран сайхны жишээ баримтуудыг түүвэрлэн сонгох аргаар оруулсан. Судалгааны ажлын тогтолцоог тодруулахын тулд, ялангуяа хоёрдугаар бүлгийн монголын орчин үеийн уран зохиолд болзолт дүрслэлийг ашигласан зарим туршлага, мөн шинэхэн үеийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог шинжийг тодруулахад задлан шинжлэх аргыг ашигласан. Бүлэг, хэсэг тус бүрийг дүгнэхэд салган дүгнэх, ерөнхий нэгдсэн дүгнэлтийг гаргахын тулд нэгтгэн дүгнэх аргыг ашигласан
Товч танилцуулга: Бид “Уран сайхны болзолт дүрслэл” хэмээх уран зохиолын онол-туурвил зүйн нэгэн өвөрмөц сонирхолтой ойлголт ухагдахууныг сонгон авч, шинэхэн үеийн монголын уран зохиолын өгүүллэгийн төрөл зүйлийн жишээн дээр хэрхэн илэрч буйг шинжлэн, судалгааны үнэлэлт өгч, дүгнэх зорилгоор “Болзолт дүрслэл уран сайхны сэтгэлгээний нэг өвөрмөц илрэл болох нь” хэмээх нэг сэдэвт судалгааны ажил бичээд байна. Ажил хоёр бүлэгтэй. Диссертацийн “Болзолт дүрслэлийн талаарх онолын сэтгэлгээ” гэсэн I бүлэг энэхүү нэр томьёоны ерөнхий утгад, харин “Орчин үеийн монголын үргэлжилсэн үгийн зохиолд болзолт дүрслэлийг ашигласан зарим туршлага” гэсэн II бүлэг нэр томьёоны явцуу утга агуулга, түүний илрэлүүдэд зориулагдсан.
Нэгдүгээр бүлэгт болзолт дүрслэлийн онолын сэтгэлгээний талаар авч үзсэн. Ингэхдээ болзолт дүрслэл гэх ерөнхий ойлголтод хамаарагдах болзолт сэтгэлгээ, болзолт шинж, болзолт дүрслэл гэсэн нэр томьёоны талаарх онолын ойлголтыг тодруулж, тэдгээрийн хоорондын харилцан холбоо хамаарал хийгээд зааг ялгаа, өвөрмөц онцлог шинжийг тодорхойлж, томьёолохыг оролдлоо. Түүнчлэн болзолт дүрслэл нь уран санааны илт зохиомол, ер бусын хэтрүүлэл гэсэн ойлголтод тулгуурлан, домог-үлгэр, зүүд, ёгтлол, гротеск зэрэг зохиомжийн хэлбэр, аргуудаар дамжин илрэх байдал, тус бүрийн онцлог шинжийн талаар авч үзсэн.
Хоёрдугаар бүлэгт уран сайхны болзолт дүрслэл XX зууны монголын орчин уран зохиолд тухай тухайн нийгэм, цаг үеийн нөхцөл байдалтай уялдан уран зохиолын ямар төрөлд, ямар арга хэлбэрээр дамжин хэрхэн илэрч байсан, илэрч байгаа, тэр нь нийгэм цаг үеийн хандлага үнэлэмжийг илэрхийлэхэд ямар үүрэг гүйцэтгэж байсан түүхэн туршлагыг хүүрнэл зохиолын, тэр дундаа өгүүллэгийн төрөл зүйлийн жишээн дээр шинжлэн, үнэлж дүгнэсэн.
Судалгааны онол, практикийн ач холбогдол: Уг судалгааны ажил нь XXI зууны монгол утга зохиолын түүх, туурвил зүй, уран сайхны сэтгэлгээнд гарсан шинэчлэл, өөрчлөлтийг сонирхон судлах, бүх шатны сургуулиудад эх хэл, уран зохиол, үгийн урлагийн түүхийг судлан суралцах, сурган хүмүүжүүлэх, танин мэдэх үйл ажиллагааны хүрээнд үнэ цэнтэй гарын авлага, эх хэрэглэгдэхүүн болохуйц, сургалт болон хэрэглээний түвшний практик ач холбогдолтой гэж үзэж байна.
Хэлэлцүүлэг:
1.Болзолт дүрслэл нь хамгийн ерөнхий утгаараа хийсвэр сэтгэлгээний, тэр дундаа уран сайхны сэтгэлгээний суурь нөхцөл бөгөөд урлаг бий болох, үүсэн бүрэлдэх, мөн өөрчлөгдөн хувьсах суурь шалтгаан юм. Харин явцуу утгаараа уг нэр томьёо нь тодорхой хувь уран бүтээлчийн болон үндэстэн ястны утга зохиолд, түүнчлэн нэгж уран бүтээлд тодорхой утга агуулгыг илэрхийлэх, дүрслэх уран сайхны туурвил зүйн нэг өвөрмөц содон, сондгой, стандарт бус хэв маягийг тэмдэглэдэг.
2.Хүн төрөлхтний сэтгэлгээний анхны шатанд /илбэ дом, домогт итгэх домог зүйн сэтгэлгээ/ бодит байдлыг ер бусын уран сэтгэмжээр хүлээж авах болзолт сэтгэлгээ илүү давамгайлсан, өөрөөр хэлбэл, бодит байдал, түүний тусгал хоёрын ялгаа их, бодит байдлыг хүртэн хүлээн авч тусгасан нь илүү хийсвэр, зөн билиг, итгэл бишрэлийн чанартай, ухамсрын бус шинжтэй байжээ.
3.Болзолт шинж, болзолт дүрслэлийн уг үндэс нь хүн төрөлхтний ой санамжид шингэсэн, төрөлхийн уран сэтгэлгээтэй нягт холбоотой. Хүрээлэн буй орчинтойгоо ид шидийн хүчээр харилцан үйлчлэхийг оролдож байсан балар эртний туршлага гарваль зүйн ой санамжид нь бичээстэй болзолд дүрслэл нь хосгүй их боломжийг агуулдаг.
4.Домог-үлгэр зэрэг аман зохиолын төрөл нь оруулбар гэсэн явдлын бус зүйл, мөн явдлын тогтолцооны бүрдэл хэсгүүдээр илэрч бодит байдал уран сэтгэмж хосолсон өгүүлэмжийг бүтээдэг. Зүүдэн дэх ирээдүйд болох мэдээллийг агуулах чанарын учир өнөө хэр бүрэн олж тайлагдаагүй хэвээр тул уран зохиол дахь ирээдүйг зөгнөх зүүдний хэл ба бодит байдал дээрх түүний биелэл бүхий хэрэг явдал хоёрын нэгдэл нь болзолт дүрслэлийн нэг илрэл болдог. Ёгтлол нь хүний дотоод сэтгэл, мөн чанар зэрэг хийсвэр санаа ухагдахууныг өөр дүрээр ондоошуулан төлөөлүүлж дүрслэн харуулдаг онцлог шинжээрээ, гротеск нь бодит байдал, уран сэтгэмж хослон сүлэлдсэн өгүүлэмж, санаанд оромгүй хачин сонин хэрэг явдал, ялангуяа дүрийг хэтрүүлэн дэгсдүүлэн дүрслэх онцлог чанараараа тус тус болзолт дүрслэлийг илрүүлэх хэлбэр болдог.
5.1910-1920-иод оны уран зохиолд амьшуулал, хүншүүлэл, ёгтлол, мөн Хуульч Сандаг, Агваанхайдавын “Үг”, “Яриа”, үлгэр-өгүүллэгийн төрөл зүйлд хамаарах зохиол зэрэг ардын аман зохиолын уламжлалыг ашигласан, шүүмжлэлт утга агуулга бүхий болзолт дүрслэл их байжээ. 1940-1970-аад оны үед болзолт дүрслэл бараг бичигдээгүй бөгөөд энэ 1930-аад оны төгсгөлөөр монголд нүүрлэсэн, сэхээтнүүдийг хоморголон хэлмэгдүүлсэн жилүүдийн сүүдэр уран бүтээлчдийг дайрч, олон зохиолчийг хэлмэгдүүлсэн явдалтай холбоотой байна. Мөн 1957 онд уран бүтээлийн гол арга нь социалист реализм болохыг зааснаар уран сайхны сэтгэлгээ болон туурвил зүйн түвшний хувьд ядуурахад хүргэжээ. Тийм ч учраас орчин үеийн уран зохиолд мэр сэр үзэгдэж байсан аман зохиол суурьтай бодит бус аргын уламжлал 1980-аад оныг хүртэл бараг үзэгдэхээ больжээ. Уран зохиолыг социалист нийгмийн зорилго, зорилтыг биелүүлэхэд чиглүүлж байснаас болж уран сайхны сэтгэлгээний эрэл хайгуул уран зохиол дахь нийгмийн үүргийг чухалчилж байсантай холбоотой байна.
Дүгнэлт:
1.Болзолт сэтгэлгээ нь хорвоо ертөнцтэй ид шидийн хүчээр харилцан үйлчлэхийг оролдож байсан балар эртний туршлага, эртний хүний сэтгэлгээнд үл ухамсарлахуй давамгайлж байсны үрээр бий болсон уран сэтгэлгээ юм.
2.Уран зохиолын болзолт шинж нь бодит байдал, уран сайхны үнэний хоорондох харьцаа, бодит байдлыг уран зохиолд тусгасан сэтгэлгээний онцлогийг илтгэдэг. Уран зохиолыг бүтээдэг хэл найруулга, уран дүр, бүтэц байгууламж зэрэг уран сайхны хэлбэр нь бүхэлдээ болзолт шинжид захирагддаг. Тийм болохоор болзолт шинж нь урлаг, уран зохиолын оршин байх үндсэн нөхцөл болдог байна. Болзолт дүрслэлийг хамгийн ерөнхий, өргөн утгаар авч үзсэн байдал буюу уран зохиолын өөрийнх нь мөн чанартай холбоотой байна.
3.Болзолт дүрслэл бол уран сайхны үнэн дэх бодит байдлыг ухамсартайгаар өөрчлөн дүрсэлсэн уран сайхны сэтгэлгээний нэг өвөрмөц илрэл, ер бусын уран саналга, бодит байдлыг илрүүлэх өвөрмөц арга юм. Болзолт шинж нь бодит байдал ба уран сайхны үнэн хоёрын хоорондох харьцааг тодруулах гадаад мөн чанартай холбоотой бол болзолт дүрслэл нь уран зохиолын дотоод мөн чанартай, уран зохиол доторх уран сайхны үнэнийг ер бусын байдлаар илрүүлэх арга хэлбэртэй холбоотой байна.
4.Домог-үлгэр, зүүд, ёгтлол, гротеск зэрэг уран сайхны арга нь бодит байдлыг уран хэтрүүлэлт, ер бусын өгүүлэмжтэй хослуулан гаргадаг нийтлэг төстэй шинжээрээ болзолт дүрслэл илрэх хэлбэр болж байна.
5.Болзолт дүрслэл нь монголын орчин үеийн уран зохиолын аль ч цаг үед уран сайхны сэтгэлгээний суурь болох амьшуулал, хүншүүлэл, ёгтлол зэрэг арга, хэв маягуудаар илэрч байжээ.
6.Социалист реализмын үеийн монголын үргэлжилсэн үгийн уран зохиолд өмнөх үеийн аман зохиолын хэлбэр өгүүлэмжийг уламжлан авч, цаг үеийнхээ нөхцөл байдалд тохирсон үзэл санааг болзолт дүрслэлээр гаргахдаа өмнөх үеийн аман зохиолын өгүүлэмжийг бараг өөрчлөхгүйгээр шууд уламжлан шинэ үзэл санаагаар баяжуулан ашиглаж байсан бол шинэхэн үеийн монголын болзолт дүрслэл нь үзэл санааны шинэчлэлээс гадна Д.Энхболдын “Жоом”, “Аалз” зэрэг зохиолын жишээнээс үзэхэд дүрслэх аргын хувьд өвөрмөц өгүүлэмж бүтээхийг оролдож, хэлбэрийн чөлөөт байдлыг харуулах эрэл хайгуул хийж байсан нь харагдаж байна.
7.Энэ нь монголын уран зохиолын дэлхийн утга зохиолын уран сайхны сэтгэлгээний нийтлэг хандлага, хэв маяг руу дөхөж байгааг харуулж байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0