Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нийгмийн эрүүл мэндийн боловсрол халдварт бус өвчлөлийг бууруулахад нөлөөлөх нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3660
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : халдварт бус өвчин, нийгмийн эрүүүл мэнд

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь нийгмийн эрүүл мэндийн боловсролоор дамжуулан халдварт бус өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх замаар хүний амьдралын чанарыг сайжруулах судалгаанд чиглэгдсэн болно.
Өнөөдөр даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд амьдрах чадварыг хүн бүрээс шаардаж байгаагаас дэлхийн улс орнууд хүн төвтэй тогтвортой хөгжлийн бодлогыг мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглүүлж, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь авч үзэн тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц түвшинд шинэчлэн зохион байгуулах шаардлага тулгарч байна.
XXI зууны зааг дээр дэлхий даяар эрчимтэй өрнөж эхэлсэн даяаршлын үйл явц нь улс төр, эдийн засаг, эрүүл мэнд зэрэг нийгмийн амьдралын бүх талыг хамран нэг улс орны хүрээнээс хальж олон улсын, дэлхий нийтийн асуудал боллоо. Даяаршил нь нийгмийн амьдралд эерэг, дэвшилтэй сайн зүйлсийн зэрэгцээ сөрөг үр дагавруудыг ч дагуулж байдгийн жишээ нь амьдралын хэв маяг, зан үйлийн зарим өөрчлөлтөд нөлөөлж хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болсон. Иймээс эрүүл аж төрөх зан байдлыг дэмжих, аливаа өвчлөлтөөс иргэдийг урьдчилан сэргийлэхэд нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлага ихээхэн хүчтэй болж байна.
Нийгмийн эрүүл мэндийн боловсрол нь халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үр дүнтэй бөгөөд олон улсын туршлагаас харахад хүмүүст аль болох бага наснаас нь эрт эзэмшүүлж, амьдрах ухааны чадварт суурилсан боловсролыг эцэг эх, гэр бүл, хамт олноор дамжуулан олгож хэвшүүлэх нь хамгийн оновчтой, зардал багатай арга зам гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс зөвхөн мэдлэг олгохоос гадна зөв зан үйл төлөвшүүлэх, хандлагыг өөрчлөн улмаар аливаа тохиолдож болох эрсдэлээс урьдчилан сэргийлж боловсрол олгох нь чухал юм.
Судалгааны ажлын зорилго
Энэхүү судалгааны ажлын зорилго нь халдварт бус өвчний нэг төрөл болох түлэгдэлтийн өнөөгийн байдлыг Говь-Алтай аймгийн 0-5 насны хүүхдийн жишээгээр судалж, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжийг гарган харуулахад чиглэсэн болно.
Судалгааны ажлын арга:
Судалгааны ажилдаа бид тоон болон чанарын аргаар баримт материал цуглуулах, харьцуулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, системчлэх зэрэг оношилгоо судалгааны аргууд, анкет асуулга, ярилцлага, ажиглалт, баримт шинжилгээ, корреляцийн арга, математик статистикийн аргуудыг түлхүү ашигласан бөгөөд, мэдээллийн боловсруулалтад SPSS18 программыг ашиглан үр дүн (стандарт хазайлт) болон ялгааг Adjusted Pearson Х2 статистикийн аргаар 95 хувийн итгэх хязгаараар (95 % CI) тооцоолон гаргалаа.
Судалгааны ажлын шинэлэг тал:
Энэхүү судалгааны ажилдаа бид нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар халдварт бус өвчлөлийг бууруулах , түүнээс урьдчилан сэргийлэх боломжийг 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлтийн жишээгээр судалж гаргах оролдлогыг анхлан хийснээрээ шинэлэг талтай юм.
Судалгааны ажлын онол, практик ач холбогдол:
Орчин үеийн боловсрол судлалын шинэ чиглэл болох нийгмийн эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэнд, анагаах ухаан, нийгэм судлал, хүн судлалын асуудлыг боловсролтой харилцан уялдаанд авч үзэх судалгааг гүнзгийрүүлэн шинжлэх ухааны эргэлтэд оруулж байгаагаараа онолын ач холбогдолтой;
Судалгааны ажлын материалыг анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн боловсролын албан ба албан бус сургалтад хэрэглэгдэхүүн, болгон ашиглах боломжтой
Судалгааны үр дүн, санал зөвлөмжүүд нь НЭМБ, ХБӨ, хүүхдийн эрүүл мэнд, эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хамт олон, гэр бүл, хувь хүнд ач холбогдолтой байх талтай.
ҮР ДҮН, ДҮГНЭЛТ
Энэхүү судалгааны ажилдаа бид хүүхдийн түлэгдэлтийн өнөөгийн байдлыг Говь-Алтай аймгийн 0-5 насны жишээгээр судалж, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжийг судлаад дараах дүгнэлтэд хүрлээ.
1.Нийгмийн эрүүл мэндийн боловсрол нь нийгэм, эрүүл мэнд, анагаах, сэтгэл зүй, боловсрол судлал зэрэг олон шинжлэх ухааны зааг дээр хөгжиж байгаа орчин үеийн боловсрол судлалын нэг чиглэл бөгөөд хүнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэхэд чиглэсэн мэдлэг олгох, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдэж байна.

2.Хүн нийгмийн үнэт баялаг болохын хувьд түүний эрүүл мэндийг хамгаалах үзэл баримтлал нь XIX зууны сүүл, хорьдугаар зууны дунд үеэс бий болж халдварт өвчний хор хөнөөлийг хянах, түүнийг арилгах, 1920-иод оны үеэс өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийг хамарсан үзлэг, оношилгоо хийхэд, чиглэгдэж байсан бол хүмүүнлэг ардчилсан байх зарчмыг эрхэмлэж буй өнөө үед хүнийг эрүүл байлгахад олон нийт, бүлэг, хувь иргэний сэтгэл зүй, зан үйлийг дэмжих, эдийн засаг, хүрээлэн буй орчны дэмжлэгийг үзүүлж, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөхөд ихээхэн анхаарах болсон. Сүүлийн жилүүдэд хүн амыг тэр тусмаа хүүхдийг өвчлөлт гарахаас өмнө урьдчилан сэргийлэх болсон нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлага нэн чухлаар тавигдах болж байна.

3.Даяаршил, мэдээллийн өнөөгийн нийгэмд хүүхдийг иргэн болгон төлөвших хамгийн чухал үе болох 0-5 насны үед оюун санаа, бие бялдар, сэтгэл зүйн сөрөг нөлөөллөөс хамгаалах онцгой шаардлагатай бөгөөд хэдийгээр тухайн улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн түвшин, хүн ам зүйн байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах боловч төрийн бодлогоор боловсролоор дамжуулан хэрэгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой болох нь судалгаагаар харагдлаа.

4.Өнөөдөр Монгол улсад эрүүл мэндийг сайжруулах, хамгаалахад чиглэсэн төр засгийн бодлого, шийдвэр, томоохон төсөл хөтөлбөрүүд хүүхдийг эрүүлжүүлэх, түлэгдэлтийг бууруулах, сэргийлэхэд чиглэгдэн, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Гэсэн хэдий ч хүүхдийн хамгаалал, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох замаар эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар тусгайлсан бодлого дутагдалтай байна. Учир нь эдгээр тусламж , үйл ажиллагааны 80-90 хувь нь эмнэл зүйн тусламж, тоног төхөөрөмж, эм , багаж материалд зарцуулагдан зөвхөн 10-20 хувь л боловсрол олгох, мэдээлэл дамжуулах, хүргэх үйл ажиллагаанд зориулагдсан байна. Гэтэл мэдээллийг мэдлэг болгох улмаар дадал хандлага болгох тал дээр өөрчлөлт гарахгүй байна.

5.Бид Судалгааны эх олонлогт Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Түмэн, Жаргалан, Оргил, Баянхайрхан, Жинст, Индэрт, Оргил, Наран, Харзат, Баян шанд багийн нийт 5277 өрхийн 6100 хүүхдээс 0-5 хүртэлх насны 1977 хүүхдийг төлөөлөхүйц 317 хүүхдийг сонгон авч судалгааны явцад оролцохоос татгалзах болон хасагдах магадлалыг 10 хувиар тооцоолон нийт түүврийн хэмжээг тооцоолон нийт түүврийн хэмжээг дараах байдлаар тооцоолон 2014-2016 оныг хамруулан явууллаа. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаас асуулгын аргаар (тоон судалгаа) эцэг эх, асран хамгаалагч болох 40 хүнтэй ганцаарчилсан ярилцлага (чанарын судалгаа), 289 өрхөд нийгмийн оношилгоо явуулсан судалгааны үр дүнгээс харахад 0-5 настай хүүхдийн түлэгдэлт
11.3 хувь байгаа ба 1-р зэргийн түлэгдэлт (73%) илүү тохиолдож , хүүхэд давтан түлэгдсэн (1.9) тохиолдол ч тодорхой хувийг эзэлж байна.
Түлэгдэлтийн талаарх эцэг эх асран хамгаалагчдын мэдлэг тодорхой түвшинд байгаа ч дадал, хандлагын боловсрол байхгүй байна. Хүүхдүүдийн амьдарч буй орчны
77.4 %д өндөр буюу маш өндөр эрсдэлийн зэрэгт хамаарч. Хүүхдийн насны онцлогоос гадна ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямрал, хүүхэд хамгаалал, хариуцлага, хяналт байхгүй, гэрт түлэгдэлтийн эх үүсвэрүүдийг байнга хэргэлдэг зэрэг сөрөг дадал, зан үйл бүрэлдэн бий болж хүүхдийн түлэгдэлтийг үүсгэх үндсэн шалтгааныг бүрэлдүүлж байна. Түүнчлэн сургалтын арга хэлбэр нь нэг хэвшмэл, түлэгдэлтийн мэдээллийн хүртээмж, үр дүн муу, судалгаанд суурилсан нотолгоо хангалтгүй байгаатай холбон үзэж байна.

6.Нийгмийн эрүүл мэндийн боловсролын нь судалгааны хамгийн сүүлийн үеийн мэдлэгээр хангагдсан, системтэй, ойлгомжтой, үйл ажиллагаа нь тогтвортой байх, нас, хүйс, боловсрол, эрүүл мэнд, сэтгэц болон нийгмийн байдалд тохирсон байх, оролцоог дэмжих зарчмаар хүн бүхэн хэрэгцээтэй боловсролоо хүссэн цагтаа өөртөө тохиромжтой хэлбэрээр олж авах боломжийг бид судалгааны санал зөвлөмжөөр гарган харуулж байна.
Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх боловсрол энэ дундаа орчны аюулгүй байдлыг засаж дадал хандлагыг өөрчлөх талын мэдлэг боловсролыг явуулбал түлэгдэлтийг 1 дахин буюу 50 % бууруулах боломжтой байна.
o Эцэг эхэд нь – гар утас болон гэрт нь очиж ярилцах, нүүр тулсан ярилцлага хэлбэрээр, материал бэлтгэн тараах
o Алан байгууллагад ажлын байран дээр нь, гудамж хашаагаар нь очиж, бүлэглэн яриа ухуулга, тараах материал хүргэх болон бие биенээсээ туршлага авах хэлбэрээр сургалт өгөх
o Нийт ард иргэдэд орон нутгийн ТҮ , орон нутгийн мэдээ, сонин сэтгүүлд олон давтамжтайгаар, 0-5 насны хүүхдийн түлэгдэлтийн талаар дагнасан байдлаар явуулах ,мөн түлэгдэлтийн хор уршгийн талаар өрхийн орлого санхүүтэй холбон сургалтыг хүргэснээр төсөөлөл , олон талын санаа бодол, зан үйлд нөлөөлөөд зогсохгүй аажмаар зохих хандлагыг өөрчлөх болно.
o Голчлон эцэг эх, асран хамгаалагч, багш, бодлого баригч нарт амьдралын орчин нөхцөлийн өөрчлөлт, бүх шатны хариуцлагын талаарх боловсролын мэдлэгийг хүүхдийн эрхийн байгууллага, эрүүл мэнд, боловсролын байгууллага хамтран явуулах нь зүйтэй байна.
o Эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд, өрхийн эмнэлгийн мэргэжилтэн, эцэг эхийн төлөөлөл нь хамтран эдгээр сургалтыг зохион байгуулж , хүүхдийн нийгмийн ажилтан, хороо өрхийн эмнэлэг,хяналтын алба, хүүхдийн байгууллага зэргээс бүрдсэн баг нь айл өрх бүрийн орчин нөхцөл,амьдралын хангамж, аюулгүй байдлыг үнэлэн, засаж сайжруулснаар хүүхдийн түлэгдэлтээс сэргийлж, бууруулах болно.
Тогтвортой байдлыг гарцаагүй хангах хамгийн хүчирхэг зам бол боловсрол, энд эдийн засгийн болон технологийн шийдлүүд ч, улс төрийн зааварчилгаа тохируулга, эсвэл санхүүгийн урамшуулалт ч хангалттай биш. Тиймээс хэн бүхэн бодож байгаа болон үйлдэж буй арга замдаа суурь өөрчлөлт хийж, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх цаг нэгэнт ирсэн ба цаашид тусгайлан, гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 240
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :