Монголын хүн амд шүүх ДНХ шинжилгээнд хэрэглэгддэг микросателлитын 15 локусын 168 аллелийн давтамжийн (онолын хувьд 203 аллель бүртгэгдсэн) тархалтыг анхлан тогтоож, иргэний болоод эрүүгийн хэрэгт холбогдох зохигч, сэжигтэн, хохирогч нарыг адилтган харьцуулах шүүх ДНХ магадлан шинжилгээний дүгнэлтийн статистик үнэн магадлалыг тооцож үнэлэхэд хэрэглэх генийн мэдээллийн сан бий болгов. Бидний судалгаагаар Монголын гурван бүсийн хүн ам нь хоорондоо D3S1358, THO1, D13S317, D21S11, D2S1338, D5S818 гэсэн таван локусаар статистик үнэн магадтайгаар ялгаатай гарсан болно. Монголын хүн ам нь азийн бусад үндэстнээс ялгагдах өөрийн гэсэн өвөрмөц "генетик бүлэг" үүсгэж байна. Азийн улс үндэстнүүд дотроос Монгол болон хятадын баруун хойд бүс нутгийн оршин суугчдын хооронд генетик зай хамгийн ойр; харин Монгол болоод Японы Окинава, Тиморын бүс нутгийн хүн амын хооронд генетик зай хамгийн хол байна.