"Инфра авиа тархалтын зүй тогтлыг i34mn станцаар сайжруулан судласан сейсмо-акустик анализ" сэдэвт судалгааны 12 жилд гүйцэтгэсэн ажлын шинэлэг үр дүн, түүний хэлэлцүүлэмж, дүгнэлт, тайллыг эмхэтгэсэн энэхүү бүтээл нь 4 бүлэг, 9 дэд бүлэгтэй, 108 зураг, 8 хүснэгт, 5 хавсралтаас бүрдсэн болно. Нийтдээ 80 гаруй ном, хэвлэлээс ашигласан.
Энэхүү диссертацид инфра авианы станцад бүртгэгдсэн мэдээлэлд хэмжилт болон боловсруулалт, анализыг шинэ аргачлалаар хийж, үр дүнгийн тайлал, дүгнэлтээ хураангуйлсан болно.
Нэгдүгээр бүлэгт:
Инфра авианы судалгаа хийсэн дэлхийн эрдэмтдийн ажлын үр дүнг шүүн тоймлов.
Хоёрдугаар бүлэгт:
Инфра авианы сигналыг бүртгэх багаж буюу MB2000 загварын микробарометрийн техникийн үзүүлэлт, тохиргооны зарчмын тухайд гүйцэтгэсэн ажлаа тусгасан болно. Мөн энэ бүлэгт бичил бүлэг станцын бүрэлдэхүүн хэсэг болох тоон хувиргагч, температур болон агаарын чийгшил хэмжигч элемент, салхины хурд, чиглэл тодорхойлогч зэрэг микробарометрийн техникийн үзүүлэлтийн онцлог болон тохируулга хийсэн арга зүйн шинэлэг ажлын дүнг тусгасан. Энэ бүлэгтээ 2000 оноос эхлэн Монгол улсад инфра авиаг бүртгэх дэлхийн стандарт станцыг суурилуулсан болон тэдгээр станцыг байгуулахад Монгол орны цаг уурын ерөнхий байдалд ажиглалт судалгаа хийж үнэлэлт дүгнэлт хийсэн.
Гуравдугаар бүлэгт:
Газар хөдлөлтийг бүртгэх станцын мэдээлэл болон сейсмик станцаар тэсэлгээг бүртгэж хэрхэн боловсруулсан арга, аргачлалын шинэлэг талууд, мөн тэсэлгээний мэдээллийн шинэ сан бүрдүүлсэн тухай ажлын дүнг багтаасан. Энэ бүлэгт инфра авианы тоон мэдээллийг боловсруулах арга аргачлал, бас PMCC аргаар акустик1 мэдээллийг нарийвчлан боловсруулсан дүн, уул уурхайн тэсэлгээний ерөнхий мэдээлэл боловсруулалтын үр дүнг багтаалаа.
Дөрөвдүгээр бүлэгт :
I34MN станцад бүртгэгдсэн мэдээллээр инфра авианы үүсгүүрүүдийг тодорхойлох, нэн ялангуяа ойрын зайд бүртгэгдэж байгаа уул, уурхайн тэсэлгээ, байнгын ажиллагаатай карьер болон өндөр давтамжийн мужид бүртгэгдэх мэдээлэл (сигнал)-үүд болох үйлдвэрийн чимээ, хотын шуугиа, төмөр зам болон тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнөөс үүсэх инфра авиа зэргийг тодорхойлсон ажлын дүнг тусгасан. Мөн газар хөдлөлтийн боловсруулалтаар уурхайн тэсэлгээний мэдээллийн санг шинээр үүсгэх, тэсэлгээ хийсэн хугацааг нарийвчлан тогтоох чиглэлээр хээрийн ажлыг зохион байгуулж тэсэлгээнээс үүдэлтэй P болон S сейсмик долгионуудын тархах хурдыг тооцоолсон дүнгийн тайлал, дүгнэлтийг эмхэтгэсэн болно. Сейсмо-акустик хэмээн нэрлэгдэх сейсмик болон инфра авианы сигналыг хослуулан хамтатгасан боловсруулалт хийснээр тэсэлгээ хийсэн хугацаа, долгионы бүртгэгдэх болон туулах хугацаа зэргийг улам өндөр нарийвчлалтай тооцоолж, голомтын байршил, азимут болон хүчийг алдаа маш бага байхаар тодорхойлсон шинэ аргачлал, үр дүнгийн тайлалыг энэ бүлэгт тоймлов. Дууны долгион агаар мандлын үе давхрагуудаар тархах үзэгдлийг τ-ρ аргаар (Garcйs, 1998) томьёолон тооцоолсон дүнг бас тайлбарласан. Өндрөөс хамаарсан салхины хурдны нөлөөг оруулан тооцоолж томьёоллыг сайжруулан боловсруулсан дүн бас энэ бүлэгт бий. Инфра авианы үүсгүүрийн байршлыг тодорхойлох алгоритмыг ашиглан τ-ρ томьёог сайжруулан түүнийг агаар мандлын салхи болон температурын мэдээлэлтэй холбож өгсөн. Шинэ үр дүн, тайлал бас энд багтсан. Дөрөвдүгээр бүлэгтээ тэсэлгээнээс үүссэн сейсмо-акустик долгион агаар мандлаар тархах хурдыг тооцоолох, нэн ялангуяа, хэт ойрын зайд агаар мандлаар авиа тархах явцад аномаль ажиглагдсан (Багануур) учир шалтгааны тайлал, шинэлэг үр дүнг тоймлосон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0