Туульч М.Парчины уран бүтээл, уламжлал шинэчлэлийн холбоо хэмээх энэхүү ганц сэдэвт бүтээл нь удиртгал, 3 бүлэг, тус бүр 3-4, бүгд 9 хэсэгтэй, товч дүгнэлт, холбогдох хавсралт, ашигласан номын жагсаалт буюу ном зүйгээс бүрдэж байна. Хэзээнээсээ малч удмын монголын ард түмэн, үр хүүхэд, өсвөр хойч үеийнхнээ бага наснаас нь ардын аман зохиолын амт шимтийг мэдрүүлж, үлгэр, ерөөл магтаал хэлж өгч, оньсого таавар таалгаж, эх сайхан нутаг, олон түмнээ эрэлхэгээр хамгаалан тэмцэгч баатар эрийн тухай тууль хайлж, зан үйл бэлгэ дэмбэрлийн үгс хэлэлцэж, ухаан санааг нь хөгжөөн, эрэлхэг баатарлагийн үлгэр жишээгээр нь эх оронч үзэл санаагаар хүмүүжүүлж ирсэн байна. Манай ард олны дунд амнаас ам дамжин дэлгэрч, хөгжин баяжсаар ирсэн ардын аман зохиолыг дотор нь баатарлаг тууль, ерөөл магтаал, зүйр цэцэн үгс, үлгэр, оньсого, домог, хууч яриа, ертөнцийн гурав, ардын дуу гэх зэргээр нэлээд олон янзаар ангилан хэлдэг билээ. Гэвч эрдэмтэн судлаачид хэлбэр агуулга, төрөл зүйлийн талаас нь харилцан адилгүй ангилсаар иржээ. Доктор профессор С.Дулам, эрдэмтэн Г.Нандинбилэг нар "Монгол аман зохиолын төрөл зүйлсийг хамгийн анх харьцангуй системтэй эмхтгэн бичсэн ном бол Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном нарын "Монгол ардын аман зохиолын дээж бичиг" (1967) юм. Энд зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, оньсого таавар, дуу (хөдөлмөрийн дуу, зан үйлсийн дуу, аж байдлын дуу, түүхэн дуу), ардын жүжиг наадам (харилцаа дуу, холбоо шүлэг, тоглоом наадмын зугаа үг), зан үйлийн холбогдолтой аман зохиол (хурим найрын, дом шившлэгийн, хараал зүхлийн), бөө мөргөлийн яруу найраг (хар зүгийн дуудлага, хар шар холимог дуудлага, шар зүгийн дуудлага), ерөөл магтаал, үлгэр (домог үлгэр, адгуус амьтны, шидэт, аж байдлын), ардын домог (түүхт хүмүүсийн, газар усны, угсаатны), хууч яриа, хошин яриа, тууль гэх мэт арван таван зүйлд ангилан жагсаасан байна. Энэ нь хэдийгээр тусгайлан судалсан ангилал биш боловч монгол аман зохиолын төрөл зүйлийг харьцангуй бүрэн дэлгэн харуулснаараа аман зохиолыг ангилах асуудалд томоохон туршлага болсон юм" гэж бичжээ. (С.Дулам, Г.Нандинбилиг. Монгол аман зохиолын онол. УБ
2007. 65-р талд). Ардын аман зохиолын, баатарлаг туульсаас бусад үлгэр оньсого, ерөөл магтаал, зүйр цэцэн үг зэрэг олон төрлүүд нь богинохон авсаархан, хэн ч цээжилж тогтоогоод хэлчихэж болохоор байдаг бол баатарлаг туульс нь аман зохиолд онцгой том байр эзэлдэг, утга санаа, урт богинын хэмжээ, урлаг уран сайхны онцлогоороо аман зохиолын бусад төрлөөс үлэмж далайцтай, том төрөл юм. Доктор профессор Ц.Өнөрбаян "Монгол ардын баатарлаг туульс нь уран цэцэн үг хэллэг, уянгалуулан дуулах хоолой, аялгуут сайхан хөгжим зэрэг олон зүйл хослон амьдардаг цогц төрөл учраас хүнээс олон төрлийн авьяас чадвар шаардана. Ийм ч учраас туулийг хүн бүхэн цээжлэн тогтоож, уянгалуулан хайлдаггүй ажээ." гэж бичсэн байна. (Аман зохиол судлал. 20-р боть. УБ
1997. 46- талд). Эрдэмтэн С.Дулам, Г. Нандинбилэг нар "Монгол ардын баатарлаг туульсийн агуулга нь түүхээ бүтээгч манай ард түмний өнгөрсөн, эрт цагийнхаа түүхийг тусган үзүүлж, дээр цагт Монгол овогтон буй болж, улс үндэстэн болж байсан явдлаа яруу сайхан дүрслэн үзүүлж, эрх чөлөө тусгаар тогтнолоо харийн халдан довтлогч, түрэмгийлэн эзлэгчдээс хамгаалан тэмцэж байснаа магтан дуулж, эх нутаг ард түмэндээ халуун хайртай сайн баатар эр хүн бол ийм сайхан зоригтой, эр чадалтай, самбаа их ухаантай, тэсвэр их хатуужилтай байдаг юм. Санасан газарт нь хүргэдэг эр сайн морь нь ийм сайхан хүлэг байдаг юм. Халдан дайрах дайсантай тулах зэвсэг нь ийм сайхан урчуудын хийсэн тийм сайхан зэвсэг байдаг юм. Зоригт эр баатрын хань нь ийм сайхан царайтай, тийм сайхан сэтгэлтэй, бат их журамтай, сод их ухаан самбаатай бүсгүй байдаг юм. Эх орон түмэн олон нь эр сайн баатар хөвгүүдийнхээ хүч чадлаар, зовлон бэрхийг туулан давж ялан дийлээд амар сайхандаа жаргалаа гэсэн гавьяат үйлсийн тухай дуулал байдаг." гэж бичжээ. (С.Дулам, Г.Нандинбилиг. Монгол аман зохиолын онол. УБ
2007. 180-р талд). Баатарлаг туульс нь утга санааны хувьд ард олны тухайн үеийн хүсэл эрмэлзлэл, эрэлт хэрэгцээг тусгаж, дайснаа дарж, ард түмэн албат олноо авран хамгаалж амар тайван жаргуулан байгаа эрэлхэг баатарыг хүсэн мөрөөдөж, дүрслэн гаргаж уран цэцнээр толгой холбон шүлэглэж магтан дуулсан байдаг билээ. Учир нь манай ард түмэн эрт дээр үеэс үндэстэн ястан хоорондын дайн, халдан түрэмгийлэгчдийн булаан эзлэлтэнд олонтаа өртөн нэрвэгдэж, зовлон зүдгүүр гарз хохирол их үзэж, айдас түгшүүрт өртөж байсан тул хүрсэнээ хүү татдаг, барьсанаа балба татдаг ид шидтэй эрэлхэг баатарыг хүсэн мөрөөдөж, үлгэр туульсийн гол баатар болгон дүрслэн хэлж байжээ. Олон түмний тухайн үеийн хүслэн болж байсан тэр эрэлхэг зоригтой баатар нь өстөн дайсныг нь өвдөглөн дарж, ард түмнээ хамгаалж, амар сайхандаа жаргаж байгаагаар үлгэр тууль төгсдөг. Манай ард түмэн ардын аман зохиолын баялаг өв сантай билээ. Эрт дээр цагаас манай оронд ардын аман зохиол өргөн дэлгэрч, ард олны оюун санааны амьдралд, түүний дотор урлаг уран сайхны сэтгэлгээнд ихээхэн ахиц өөрчлөлт гарч, нэрд гарсан алдарт аман зохиолчид үлгэрч туульч ерөөлч магтаалчид нь олноороо төрж гарсан билээ. Дэлхийн улс орнууд ХХ зууны босгыг алхахдаа хөгжлийн янз бүрийн түвшинд байжээ. Англи, Америк, Франц зэрэг капитализм хөгжсөн орнуудын эрдэмтэн судлаачид, ХХ зуун улс үндэстэнд маань хөгжил дэвшлийн эрин үе болж, улам цэцэглэн хөгжинө гэж итгэл төгс хэлж бичиж байв. Гэтэл Монгол орон тэр үеийн хөгжилтэй орнуудаас хол хоцорсон, орчин үеийн анги танхимын тогтолцоотой сургууль соёлын газар байхгүй, үндэсний боловсролтой сэхээтэн, эрдэм мэдлэгтэй хүмүүс төрөн гарах зам бараг хаалттай, хамжлагын харилцаа хүчтэй ноёрхсон, Манж хятадын алс бөглүү хязгаар нутаг болчихоод байсан тэр үеийн нөхцөлд ард олны оюуны соёлын эрэлт хэрэгцээг авъяас билигт ард түмний үгийн урлагийн үнэт ололт, гайхамшигт бүтээл болох, ардын аман зохиол, түүнийг хэлж амьдруулдаг билэг авъяаст хүмүүс хангаж, ардын аман зохиолыг үе дамжуулан уламжлан авч явж, хөгжүүлэн баяжуулж, ард түмний оюун санааг тэтгэж байсан юм. Ийм гоц авъяастай нэрд гарсан хүмүүсийн нэг нь XIX зууны сүүлийн хагасаас ХХ зууны 30-аад он хүртэл амьдарч байсан, Монголын алдарт туульч, Баяд ардын авъяаслаг хүү, малчин ард Маньтханы Парчин /1855-1926/ байсан юм. Алдарт, энэ их туульч нь уудам эх орныхоо алс баруун хязгаарт, арван баядын хошууны нутаг усанд мэндэлж, өсч бойжсонч гэсэн авъяас чадвараараа зөвхөн Монгол нутаг, хавь ойрынхондоо алдаршсан төдийгүй, олон улсын Монголыг судлаачид, эрдэмтэдийн анхаарлыг татаж, гайхагдсан нэрт туульч, Монголын баатарлаг туульсийг уламжлан хадгалж, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гайхалтай авьяаслаг туульч байсан ажээ. М.Парчингийн хайлж байсан туулиуд нь асар их том хэмжээтэй туулиуд байсан бөгөөд энэ тухай А.В.Бурдуковын охин, Ленинградын улсын их сургуулийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн багш, доцент Тайсия Алексеевна Бурдукова "Ойрадын баатарлаг тууль гэдэг бол 4000-5000 мөр шүлэг бүхий том яруу найргийн зохиол бөгөөд, түүнийг энгүүн хүүрнэн өгүүлэхгүй, товшууртай аялгуулан дуулдаг байна. Энэ туулийг тусгай мэргэжлийн туульч хүн хэлдэг" гэжээ. /"Монгол ардын баатарлаг туульсын учир" УБ 1966, 102 тал/. Дэлхийн хөгжилтөй орнууд, аль ч улс үндэстэнд ардын аман зохиолоос үндэслэсэн алдар цуут уран бүтээл олон байдаг. Эрдэмтэн С.Дулам "Эртний Энэтхэгийн хоёр их туульс "Рамаяна", "Махабхарата" аман зохиолын бүтээл ашиглаж анх зохиосон ба эртний Грекийн их туульч Хомер ч "Илиада", "Одиссей" хоёр их туульсаа аман зохиолын уламжлалд тулгуурлан зохиосон билээ" гэж бичжээ. (С.Дулам, Г.Нандинбилиг. Монгол аман зохиолын онол. УБ
2007. 8-р талд). Тууль судлаач эрдэмтэн Б.Катуу 2001 онд бичиж хэвлүүлсэн "Баяд ардын тууль" номдоо "Бидний өвөг дээдсээс өвлөн ирсэн "Жангар", "Гэсэр", "Хан Харанхуй", "Бум Эрдэнэ" гэх мэт алдарт бүтээлүүд нь дэлхийн урлагийн алтан санд бүртгэгдэн орсон эртний Грекийн "Илиада", "Одиссей", Энэтхэгийн "Рамаяна", "Махабхарата", Францын "Орланд баатарын дуулал", Оросын "Игорын хорооны дууль" зэрэг хосгүй бүтээлүүдтэй энэ зэрэгцэх бүтээлүүд гэхэд хэтрүүлэл болохгүй. Манай ард түмний дунд зохиогдсон алдарт бүтээлүүдийг өвлөн хадгалж, өгүүлэн хайлах явцдаа өөрийнхөө цэц ухаан авъяас билгээрээ арвитган баяжуулж, ард олноо сэтгэлийн цэнгэлд умбуулж байсан хүмүүс бол алдарт туульчид юм. Манай ард түмний дундаас төрж гарсан суу билэг төгс, ийм хүмүүсийн нэг бол билгүүн төгөлдөр их туульч Маньтханы Парчин юм. Тэрээр ямар нэг сургууль соёл дүүргэсэн юм байхгүй, тухайн үеийн хөдөө нутгийн жирийн малчин ардуудын нэг адил хар бор амьдралтаны нэг байжээ" гэж бичсэн юм. /"Баяд ардын тууль". УБ
2001. 7-р талд/. М.Парчин туульчийн амьдрал уран бүтээлийг судлан ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх нь чухал зорилт билээ. Алдарт туульч М.Парчины амьдрал, уран бүтээлийг судлахад гадаад дотоодын эрдэмтэд судлаачдын зүтгэл бүтээл, хүчин чармайлт асар их үүрэгтэй байв. Энэ хүндтэй үйлст оросын Б.Я.Владимирцов, А.В.Бурдуков, Т.А.Бурдукова нарын зэрэг эрдэмтдийн бичсэн судалгааны өгүүлэл тэмдэглэл, цуглуулсан материал чухал билээ. Манай орны эрдэмтэн судлаачдаас М.Парчины намтар, уран бүтээлийн талаар бичсэн олон өгүүллүүд М.Парчин туульчийн урын санг баяжуулахад чухал хувь нэмэр болсон билээ. Доктор Ц.Өнөрбаян М.Парчин судлалын талаар бичсэн номын оршилд зориулан бичсэн өгүүлэлдээ: "Алдарт туульч М.Парчин мэндлээд 150 гаруй жил өнгөрсөн боловч үйлс бүтээл нь улам л үнэ цэнэтэй болж түүнийг сурч судлах ажлын эрч хүч нэмэгдсээр байна… Энэхүү ном нь нэг талаас М.Парчин судлалын бүрэн товчоо, нөгөө талаас бүх нийтэд зориулсан эрдэм шинжилгээний хялбарчилсан гарын авлага болохоор ач тустай бүтээл болжээ. Туульчийн талаар гарсан урьд өмнөх судлагааны өгүүлэл тэмдэглэлүүдэд түүний намтар, садан төрөл, ач гуч нарынх нь талаар ийм дэлгэрэнгүй бөгөөд тодорхой бичсэн бүтээл байгаагүй юм. Энэ нь Парчин судлалын цар хүрээг тэлсэн гэж үзэх нэг баримт юм. М.Парчины тууль хайлах авьяас билиг хэрхэн хөгжиж, өсч өөдөлсөнийг он цагийн дарааллаар тоймлон тодорхойлж, энэ талаархи судлаачдын санал дүгнэлтийг оновчтой и?лэн тайлбарлажээ. Ер нь М.Парчины уран чадварын талаархи судалгаа харьцангуй цөөн байгаа билээ. Энэхүү бүтээл нь М.Парчины талаар монгол судлаачийн бичсэн анхны бүрэн хэмжээний судлагаа учраас монгол ардын тууль судлал, ялангуяа М.Парчин судлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулжээ" гэж бичсэн юм. ("Туульч Маньтханы Парчин" УБ
2006. 8-9-р талд)