Үндэслэл:
Монголын түүхэн зохиолын дотор “Ганжуур”, “Данжуур” хэмээх томоохон бүтээлүүд томоохон байр суурь эзэлдэгийг дэлхий дахины монголч эрдэмтэд, шашин судлаачид ихээхэн сонирхож, түүнийг тайлах талаар тал бүрээс нь янз бүрийн оролдлого хийх болов. Түүх, урлаг, эрдэм шинжилгээний үнэ цэнтэй гайхамшигт соёлын өв болох Монгол “Данжуур” доторх Найман гишүүнт зүрхний хураангуй зохиолд дурдагдсан анагаах ухааны холбогдолтой мэдээ баримтыг бусад зохиол, судлаачдын бүтээлтэй харьцуулан судлах ажил ховор хийгдсэн байдаг .
Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж байгаа зарим тангийн жорын задлал, түүхий эдийн эх сурвалж, эрдэм чадлыг Монголын уламжлалт анагаах ухааны түүхтэй холбоотой мэдээ, судар ном, сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн түүхэн баримтуудтай харьцуулсан судалгааны ажил төдийлэн хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг явуулах үндэслэл боллоо.
Зорилго:
“Данжуур” хэмээх алдарт бүтээлд анагаах ухааны үүсэл, хөгжлийг хэрхэн бичсэнийг Төвд, Монгол хэлээр бичигдсэн эх сурвалжийн судалгаагаар тодруулан судлаж улмаар бусад зохиолуудтай харьцуулан дүгнэлт хийхэд энэхүү судалгааны ажлын зорилго чиглэгдэв.
Судалгааны арга аргачлал :
Судалгаанд ашигласан хэрэглэгдэхүүнийг ажлынхаа зорилго, зорилтууддаа нийцүүлэн зохиогчийнх нь төрсөн болон амьдарч байсан цаг хугацаагаар хамгийн эрт үеэс нь эхлэн эрэмбэлэн түүхийн судалгааг хийж улмаар гол агуулга, сэтгэлгээний хувьд онцгой шинэлэг, эргэлт гаргахуйц санааг бусад эх зохиолуудтай харьцуулан, шүүн тунгааж үзлээ. Мөн зохиолуудын дотор агуулагдах манай уламжлалт анагаах ухааны түүхтэй шууд холбоотой мэдээ, сурвалжуудыг сорчлон авч, цаг хугацааны дараалалд оруулан өөр бусад бүтээлүүдийн мэдээллээр баяжуулан оюун дүгнэлт хийлээ. Үүнд тодорхой нэг нэг уламжлалт түүхийн (ном зүй, эх бичиг) жишээн дээр тулгуурлан мэдлэгийн трансформацийн зүй тогтлыг илрүүлэх арга М. Отгонбаяр (1995), уламжлал шинэчлэлийн асуудалд диалектик зүй тогтлын үүднээс хандах арга Л. Н Гумилев (1989), Н. Хавх (1995), он дарааллаар жишиж , шууд ба урвуу хамаарал, холбоо уялдааг нягтлах арга /Г. Сүхбаатар 2002/- уудыг хэрэглэсэн. Түүнчлэн Б. Дагвацэрэнгийн (1996) тогтолцооны ерөнхий онолд тулгуурлан боловсруулсан УАУ судлалын арга зүйг баримтлан анагаах ухааны түүхийг бүхэлд нь тасралтгүй нэгдмэл байдлаар судлах аргыг ашиглав.
Үр дүн:
“Найман гишүүнтийн зурхний хураангуй” бол 225 ботьтой "Данжуур" хэмээх судрын дотор эмхэгдсэн зохиол болно. Энэ нь Энэтхэгийн эртний Аюурвед /Ауиг vеда/- эмнэлгийн ухааны нэгэн сонгодог зохиол. Түүнийг нийтийн он тоололын II - III зууны үед Энэтхэгийн эрдэмтэн Пахола гэдэг хүн зохиосон. Түүний доторхи онолын удирдамж нь хий, шар бадгана, 7-н тамир, 3-н хирийн тухай онол юм. Энэ онол Энэтхэгийн эртний буддист үзлийн гүн ухаан болох одон зурхайн таван махбод /шороо, ус, гал, хий, огторгуй/- ын сургаалиар удирдамжаа болгосон. "Найман гишүүнтийн зүрхний хураангуй"-д таван цул, зургаан савын онол, хар зурхайн таван махбод /мод, гал, шороо, төмөр, ус/
- ын сургаалийг оруулаагүй нь “анагаах ухааны дөрвөн үндэс”- тэй онолын талаархи ялгаатай зүйл болно. XYII- XYII зууны үед Гүн Гомбожав зэрэг эрдэмтэд "Данжуур" -ыг төвд хэлнээс монголчилохын зэрэгцээгээр түүний доторх “Найман гишүүнтийн зүрхний хураангуй”, "Найман гишүүнтийн өөрийн тайлбар" болон түүний дэлгэрэнгүй тайлбар "Саран гэрэлт" зэрэг Энэтхэгийн эртний анагаах ухааны зохиолуудыг ч монгол руу орчуулсан. XYI зуунаас хойш монгол эмч нар "Найман гишүүнтийн зүрхний хураангуй" зэрэг энэтхэгийн эртний анагаах ухааны ном бичгийн төвд орчуулгыг үздэг байсан бол XYIII зууны дунд үеэс эхлэн монгол орчуулгыг үзэж суралцах болсон. Энэтхэгийн эртний анагаах ухааны эдгээр зохиолууд монголд дэлгэрсний дараа тухайн үеийн монгол анагаах ухааны эрдэмтэн нар идэвхитэй сурч, судалж байсан. Тухайлбал XYIII зууны үеийн дээд монголын алдарт монгол анагаах ухаантан Ишбалжир өөрийн "Дөрвөн рашаан", "Эмт бодисыг таних болор толь" /шилгар милон/
- ийг бичихдээ "Найман гишүүнтийн зүрхний хураангуй", "Саран гэрэлт" зэрэг энэтхэгийн анагаах ухааны нилээд хэдэн зохиолоор хяналт болголоо гэж өөрийн зохиолдоо тодорхой тэмдэглэсэн байна.
Дүгнэлт
1. Данжуур дахь эртний уламжлалт анагаах ухааны болон түүхийн ном судар, сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн найман гишүүнтийн зүрхний хураангуй хэмээх зохиол болон тэжээхүй ухааны шастирууд нь Ютиг Ёндон Гомбын Анагаах ухааны “ Дөрвөн үндэс” , Ишбалжирийн “ Дөрвөн рашаан” , “ Эмт бодисыг таних болор толь” /шилгар милон/ зэрэг уламжлалт анагаах ухааны сонгодог зохиолуудыг бүтээхэд үндсэн суурь нь болж өгсөн.
2. Эртний дорно дахины улс орнууд уламжлагдан авсан анагаах ухааны оношлогоо, эмчилгээний аргуудыг хэрхэн дадамгай эзэмшиж, хэрэглэж, хөгжүүлснийг нэг ургамлыг нөгөөгөөр оновчтой орлуулан хэрэглэж байсан явдал нотлож байгаа ба энэ нь сурвалж бичгийн судалгааны баримтаар батлагдаж байна.
3. Монголын болон БНХАУ, ТӨЗО, Энэтхэгийн анагаах ухааны эртний түүхийн зохиол бүтээлүүд “Найман гишүүнтийн зүрхний хураангуй” зохиолын бичигдсэн хэлбэр болон агуулагыг дууриаж бичсэн болохыг эх сурвалж бичгийн судалгааны баримтуудаар тогтоолоо.
4. Гурван үрийн тангийн найрлага нь 1 исгэлэн амт, 1 гашуун амт, 2 эхүүн амтаар бүрэлдсэн ба 12 –н зүйлийн эрдэм оролцсон. Жүр үр бадгана, хийг төлжүүлэх ба бадганы хорогдлыг ихээр нөхвөрлөнө, Арүр хий, шар, бадганыг ерөнхийд нь төлжүүлэх ба шүтүүлэгч бадганы усыг нөхөж, усны солилцоог сайжруулах үйлдэлтэй, Барүр хийг ихээр төлжүүлэн, гүйлгэх ба бадганыг мөн төлжүүлж байна. Шингээлтийн эцэстээ 3 амтлаг амтаар төгсөх тул 3 шороо махбод, 3 усан махбодиор шингэнэ. Иймээс бадганы шороо, усан махбодыг төлжүүлж, хийг гүйлгэж, тослог эрдмийн хүчээр галын илчийг хорогдохоос хамгаалж байна гэж үзлээ.