Даяаршиж буй дэлхий дахинд улс түмний харилцаанд орчуулгын зохиолын үүрэг улам нэмэгдсээр байна. Орчуулгын зохиол дотроос уран зохиолын орчуулга бүр чухал юм. Тухайн нэг үндэстний уран зохиолын шилдэг бүтээлийг өөр нэг хэлэнд орчуулах явдал нь тэр ард түмний амьдрал, зан заншил, өвөрмөц түүх, соёл уламжлал, шинэчлэл болон тэдгээрийн онцлог талыг бусад ард түмэнд танилцуулах гол гүүр болдог. Чухам энэ үүднээс Монголын шинэ уран зохиолыг үндэслэгчдийн нэг Дашдоржийн Нацагдоржийн зохиол бүтээлийг орос хэлэнд орчуулсан туршлага, түүний алдаа оноог нарийвчлан судлах нь манай орчуулгын онол практик, хэл шинжлэл, уран зохиол судлалын нэг чухал асуудал болж байгаа юм.