Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улс дахь улаанбурханы вируст халдварын лабораторийн оношлогоо ба хүн амын дархлал тогтоцын тандалт



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2112
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : дархлал, вирус, улаанбурхан, шинжилгээ,

Аннотаци

Үндэслэл
Улаанбурханы тандалтын орчин үеийн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болсон лабораторийн тандалт судалгаа нь халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, улаанбурханы өвчлөлийг таслан зогсоох үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чухал үр дүнтэй арга юм. Вакцинжуулалтын хамралтын хувь өсч, улаанбурханы эсрэг дархлалтай хүн амын эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр уг халдвараар өвчлөгчдийн тоо жилээс жилд цөөрөх боловч эмнэлзүйн хувьд улаанбурханыг бусад тууралтат халдвараас ялган оношлоход бэрхшээлтэй болдог. Мөн урьд өмнө нь улаанбурханаар өвчилсөн буюу вакцин тариулснаас дархлал тогтсон хүмүүс, улаанбурханы вирүсийн халдварт дахин өртсөн тохиолдолд өвчний шинж тэмдэг балархай хэлбэрээр илэрдэг тул эмнэлзүйн оношлогоог хүндрүүлдэг байна. Ийм учраас нэгдүгээрт, улаанбурхан болон улаанбурханы сэжигтэй бүх тохиолдлын эмнэлзүйн оношийг лабораторийн аргаар найдвартай баталгаажуулах, ялган оношлох шинжилгээг практикт нэвтрүүлэх шаардлагатай болж байна.
Хоёрдугаарт: Улаанбурханы өвчлөлийг таслан зогсоох нь улаанбурханы эсрэг өвөрмөц дархлалтай хүн амын эзлэх хувь 95 буюу түүнээс дээш түвшинд хүрсэн нөхцөлд биелэх боломжтой нь энэ зорилтыг хамгийн анх биелүүлсэн Америкийн Бүсийн туршлагаар нотлогдлоо. Ийм учраас өвөрмөц дархлалгүй, халдварт өртөмхий хүн амын бүлгийг дархлаа судлалын шинжилгээгээр тогтоож, нэмэлт вакцинжуулалтыг зохион байгуулж байх нь манай улсын урьдчилан сэргийлэх анагаах ухааны нэг чухал зорилт болж байна.
Гуравдугаарт: Улаанбурханы вирүс зөөвөрлөгдөн ирж тархсан тохиолдолд өвчтөнүүдээс вирүс ялган, генотипийг нь тодорхойлсноор халдварын эх үүсвэрийг тогтоож байх шаардлагатай болж байгаа билээ. Ялангуяа улаанбурханы өвчлөлийг таслан зогсоох хөтөлбөрийн салшгүй нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болсон лабораторийн тандалт нь улаанбурханы сэжигтэй тохиолдол бүрийн оношийг баталгаажуулж, өвчлөл тархах эрсдэлтэй бүс нутгийг тогтоосноор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх боломжийг олгоно. Ийм учраас улаанбурханы лабораторийн шинжилгээнд стандарт арга, шинжилгээний хариуг дүгнэх нэгдсэн аргачлалыг нэвтрүүлэх нь улаанбурханы өвчлөлийг таслан зогсоох шатанд тасралтгүй амжилт олохын гол тулгуур болно.
Судалгааны зорилго: Улаанбурханы өвчлөлийг таслан зогсоох шатны дархлал судлал, вирүс судлал, молекулын эпидемиологийн лабораторийн тандалтын аргуудыг практикт нэвтрүүлж, тууралтат халдварын бүтцийг судлах, хүн амын дархлал тогтоцын түвшинг үнэлэхэд судалгааны ажлын зорилго оршино. Судалгааны зорилт:
- Монгол улсад бүртгэгдэж байгаа халууралт, тууралт бүхий халдварт өвчнүүдийн дотор зонхилох хувийг эзэлж байгаа улаанбурхан болон улаануудын эмнэлзүйн оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж, ялган оношлох,
- Түүвэр судалгааны аргаар эрүүл хүн амын янз бүрийн насны бүлэгт улаанбурханы дархлал тогтоцын түвшинг судлан тогтоох,
- Манай орны нөхцөлд илүү тохирсон оношлол, дархлал тогтоцын судалгааны лабораторийн шинжилгээний аргыг боловсруулж практикт
нэвтрүүлэх;
- Улаанбурханы халдварын хэлхээнээс зэрлэг вирүсийг эсийн өсгөвөрт цэврээр ялгаж, дэгдэлт үүсгэсэн вирүсийн генотипийг тогтоох,
Судалгааны практик ач холбогдол
1. Улаанбурхан, улаанууд зэрэг тууралтат халдварыг ялган оношлох өвөрмөц ба мэдрэг чанар сайтай аргуудыг практикт нэвтрүүлсэн.

2. Улаанбурханы өвчлөлийг таслан зогсоох шатанд байгаа манай орны хувьд улаанбурханы вирүсийн эсрэг дархлал тогтцын тандалтыг нэвтрүүлж, дархлаажуулалтын үр дүнг вакцинжуулалтын хамралтын хувиар үнэлэхийн зэрэгцээ улаанбурханы вирүсийн эсрэг дархлал тогтсон хүүхдүүдийн эзлэх хувиар үнэлж байх аргыг нэвтрүүлэв.

3. Манай улсад 2000 онд гарсан тууралтат халдварын дэгдэлт нь улаанууд болохыг уг сэдэвт ажлын хүрээнд лабораторийн шинжилгээгээр оношлож,
баталсны үндсэн дээр өвчлөл голомтлон гарсан Улаанбаатар хотын 1-17 насны бүх хүүхэд, 18-32 насны эмэгтэйчүүдэд улаануудын эсрэг вакциныг
туршин хэрэглэсэн нь тууралтат халдвартай тэмцэх арга хэмжээг өргөжүүлэх үндэслэл болж байна.

4. Улаанбурхан ба улаануудыг ужиг халдварт эсийн өсгөвөрт тулгуурласан
иммунофлюоресценц микроскопоор ялган оношлох түргэвчилсэн аргыг боловсруулснаар манай улсын бүсийн оношлогооны зарим төв болон томоохон аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторит уг аргыг үе шаттайгаар нэвтрүүлэх бололцоог нээж, тууралтат халдварын лабораторийн үндэсний сүлжээг байгуулах эхлэлийг тавив.

5. Улаанбурханы халдварын хэлхээн дэх өвчтнүүдээс уг дэгдэлтийг үүсгэсэн зэрлэг вирүсийг эсийн өсгөвөрийн аргаар ялгадаг болсноор улаанбурханы тандалтын хүрээнд вирүс судлалын тандалт, молекул эпидемиологийн аргыг нэвтрүүлэв.
Судалгааны шинэлэг тал
- Улаанбурханы эсрэг дархлаажуулалтын хамралт сайжрахын хэрээр шалтгаан тодорхойгүй тууралтат халдварын эзлэх хувь нэмэгдэж буй зүй
тогтлыг илрүүлсэн,
- Хүн амын дундах улаанбурханы эсрэг дархлал тогтоцын түвшинг насны бүлэг болон нийслэл хот, аймгийн төв, сумын түвшинд тогтоож, ялангуяа
сумын түвшинд дархлал тогтсон хүн амын эзлэх хувь харьцангуй бага байгааг илрүүлсэн,
- Ужиг халдварлуулсан эсийн өсгөвөр ашиглан улаанбурхан өвчнийг иммунофлюоресценц микроскопоор оношлох аргыг боловсруулсан;
- Монгол улсад улаанбурханы зэрлэг вирүсийг анх удаа эсийн өсгөвөрт ялгасан,
- Манай улсад бүртгэгдсэн улаанбурханы сүүлчийн дэгдэлтийг үүсгэгч нь Н1 генотипийн вирүс болохыг тогтоосон,
Хамгаалахаар дэвшүүлж буй асуудлууд
- Эмнэлзүйгээр улаанбурхан гэж оношлогдсон тууралтат халдварын дотор улаанбурхан төдийгүй улаанууд болон шалтгаан тодорхойгүй тууралтат
халдварууд багтаж байгааг тогтоосон дүн
- Манай улсын хүн амын дундах улаанбурханы эсрэг дархлал тогтоцын түвшинг улс, аймаг, сумын хэмжээнд тогтоосон дүн,
- Улаанбурханы эсрэг IgA болон lgM-ийг илрүүлэх өвөрмөц болон мэдрэг чанар сайтай арга,
- Улаанбурханы вирүсийг өсгөвөрлөх арга ба улаанбурханы дэгдэлт үүсгэж байгаа вирүсийн генотип;



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 184
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :