Үндэслэл: Орчин үед уламжлалт анагаах ухааны эмчилгээ, ургамлын гаралтай эмт бодис, эмийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан ДЭМБ-аас гаргаж буй удирдамжууд, Монгол улсын төрөөс баримтлах бодлогод уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн эмт бодис, эмийн аюулгүй, үр дүнтэй, зүй зохистой хэрэглээг бий болгох асуудлыг тусгасан байдаг. Уламжлалт анагаах ухаанд амт чадал шингээлтийн амтаар найруулсан эм найруулахдаа эхлээд цөөн тооны голлогч эмт бодисыг сонгон аваад эмчлэх гэж буй өвчний явц, голлон байрших орон зэргийг харгалзан бусад эмт бодисыг нэмэх замаар нийлмэл олон найрлагатай жор бүтээсэн байдаг нь олонтаа ажиглагдсан юм. Сүүлийн хориод жилд хүний бие махбод, эд эрхтэн, эсийн дотоод, гадаад олон хүчин зүйлсийн хоорондын харьцаа хамаарлыг олон салбар шинжлэх ухааны зааг дээр загварчлан судалсны үр дүнд системт биологи (systems biology), системт анагаах ухаан (systems medicine), системт эм судлал (systems, network pharmacology) гэсэн судалгааны шинэ чиглэл хандлага төлөвшин эрчимтэй хөгжиж байна.
Зорилго: Уламжлалт анагаах ухааны эм жорыг судлах явцад ажиглагдсан бүлэглэн шаталж эм найруулах аргын онол арга зүйн зарчим, хэлбэрийг задлан шинжилж, тэдгээрийн үндэслэлийг системийн хандлагын үүднээс болон хоорондоо хамаарал бүхий элэгний ба бөөрний Гүргүм-7 жорын идэвхийг сорил туршилтын аргаар харьцуулан судлан тодорхойлох
Материал арга зүй: Судалгааны ажлаа баримтын судалгааны болон туршилт судалгааны аргаар хийсэн.
Уламжлалт эм найруулах аргын үндэслэлийг тогтоохдоо анализ-синтезийн арга буюу задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, герменевтик, рационализм, бүтэц-тогтолцооны арга зүй, УАУ-д хэрэглэж ирсэн эм, эмт бодисын хий шар бадганд буюу биеийн ерөнхий төлөвт (өвчинд) нөлөөлөх амтын чадлыг жишиг итгэлцүүрийг (ЖИ) тооцох аргаар болон фитохими, фармакологийн орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр судаллаа. Жоруудын хими болон фармакологийн сорил туршилтыг Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний төв, Шинэ Анагаах Ухаан дээд сургуулийн Инновацийн төв, АШУҮИС-ийн Эмгэг бүтэц үйл судлалын тэнхимийн эмгэг эд, эс судлалын лабораторийг түшиглэн явууллаа.
Үр дүн: Бүлэглэн шаталж найруулсан 135 жорын жишиг итгэлцүүрийг тооцон үзэхэд 83 жор нь халуун өвчнийг, 52 жор нь хүйтнийг арилгах үйлдэлтэй байсан бөгөөд 127 жорын (94%) жишиг итгэлцүүр эмийн заалттайгаа тохирч байна. Бүлэглэн шаталж найруулсан 135 жороос 63 буюу 46,6% хий шар бадган гурван махбодид, 18 жор буюу 13,3%нь шар ба хийд; 6 жор буюу
4.4% нь шар ба бадганад; 36 жор буюу
26.6% нь бадган ба хийд; 5 жор буюу 3,7% дан шард; 3 жор буюу 2,2% дан бадганад; 2 жор 1,4% дан хийд тус тус нөлөөлж байгаа нь харагдсан. Энэ нь тухайн эрхтэн, өвчний орноос шалтгаалсан эмийн өвөрмөц заалт байдаг ч тэдгээрийн хий, шар, бадганад нөлөөлж байгаа нь ямар ч өвчний үед 3 махбодын харилцан тэнцвэртэй байдлыг хангаж эм найруулдаг байсан нь тогтоогдсон.
Бүлэглэн шаталсан найрлагатай дээрхи уламжлалт жоруудыг өвчний язгуур болон орны үүднээс ялгасан ангилалтай хэрхэн дүйж байгааг нэгтгэсэн дүнгээс харахад судлагдсан 135 жороос 55 эм найралт нь орны үүднээс ялгасан өвчнийг, 39 жор нь язгуурын үүднээс ялгасан өвчнийг эмнэн засах заалттай байгаа бөгөөд хоёр ангилалын өвчнийг эмчлэн засах 31 бүлэглэн шаталсан жор найрлага байна.
Элэгний Гүргүм-7 жорын найрлаганд апегинин, иридоид, гумины ба урсолын хүчил, Бөөрний Гүргүм-7 жорын найрлаганд рутин, кверцитин, апегинин, флавоноид, гумины хүчил агуулагдсаныг нимгэн үеийн хроматографийн аргаар илрүүллээ.
Фармакологийн судалгаагаар ССI4 цагаан харханд үүсгэсэн элэгний үрэвслийн эмгэг загварын үед ЭГ-7 жорыг БГ-7-той харьцуулан үзэхэд АлАТ ферментийн идэвхийг туршилтын 3, 7, 14, 28 дахь хоногуудад
2.1-
6.1 дахин бууруулсан ба АсАТ ферментийн идэвхийг мөн хоногуудад
4.1-
16.7% хүртэл бууруулах үйлдэл үзүүлсэн байна. Патогистологийн шинжилгээгээр ЭГ-7 жороор эмчилсэн бүлгийн хархны элэгний бүтцэд төвийн венийн тойрсон бүсэд өөхөн дуслууд болон үрэвслийн эсийн нэвчдэс үгүй болсон нь 3-р бүс хүртэл эдгэрэлийн үйл явц үргэлжилж буйн илрэл юм. Эдгээр үзүүлэлтээс харахад ЭГ-7 жор нь элэгний эсийн задралыг бууруулж элэг хамгаалах үйлдэл нь БГ-7 жортой харьцуулахад илүү байна.
Канамицинээр үүсгэгдсэн бөөрний үрэвслийн эмгэг загвар дээр БГ-7 жорыг ЭГ-7-той харьцуулан судлахад креатинины хэмжээ туршилтын 7 дахь хоногт
26.2%-иар, 14 дэх хоногт
2.8%-иар, 28 дэх хоногт
8.3% буурсан үзүүлэлттэй байна. Патогистологийн шинжилгээгээр БГ-7 жор 28 дахь хоногт бөөрний түүдгэнцэрийн бүтэц хэвийн, сувганцарын хөндий дахь уурган бортого арилсан, сувганцарын эсийн хил зааг тод, үрэвсэлт голомтууд ажиглагдахгүй зураглалтай байгаа нь эмчилгээний үйлдэл сайн байгааг илтгэж байна.
Дүгнэлт: Бүлэглэн шаталж найруулсан уламжлалт жорууд нь босоо, хөндлөн, ташуу, холимог гэсэн дөрвөн хэлбэртэй болохыг тогтоов. Олон найрлагатай 135 жор найрлагыг өвчний мөн чанар, явц үе шат, эрхтэн тогтолцооны харилцан хамаарал тэнцвэрт байдлыг харгалзан, өвчнийг орон, язгуурын үүднээс ангилсан (202) ангилалтай дүйцүүлэн бүлэглэн шаталж найруулсныг илрүүллээ.
Дөрвөн хлорт нүүрстөрөгчөөр үүсгэгдсэн элэгний үрэвслийн эмгэг загварт ЭГ-7 жорын хувилбар нь элэг хамгаалах, элэгний эсийн задралыг бууруулах үйлдэл үзүүлж, канамицинээр үүсгэгдсэн бөөрний үрэвслийн үед БГ-7 жор бусад найралтаас ялгаатайгаар бөөр хамгаалах үйлдэл үзүүлж байлаа. Эндээс үзэхэд бүлэглэн шаталж найруулсан Гүргүм-7 жорын нэмэлт найрлаганд сонгомол үйлдэлтэй биологийн идэвхт бодисыг агуулсан эмт бодисуудыг нэмж өгснийг харуулах бөгөөд бүлэглэн шаталж эм найруулах арга нь эрхтэн системийн онцлогийг (өвчний зонхилон байрлах орны) харгалзсан үндэслэлтэй болохыг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0