Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үхрийн тархи сархиатах эмгэгийн тандалт, эрсдэлийн судалгааны дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2885
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : нугас, скрепи, уртавтар тархи, үхэр, дамжмал тархи сархиатах эмгэг

Аннотаци

Мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангаж дотоод, гадаад зах зээлийн эрэлт шаардлагад нийцүүлэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд юуны өмнө худалдааны хориг үүсгэдэг мал, амьтны өвчин эмгэгийг тандан судлах,тэмцэх, сэргийлэх үр ашигтай арга боловсруулах, эрүүлжүүлэх, тэдгээрээс эрүүлжсэний баталгаа гаргах явдал чухал ач холбогдолтой юм.
Ийм учраас Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас (ДАЭМБ)1996 онд шүлхий, 2000 онд мялзан, 2003 онд үхрийн цээж, 2004 онд үхрийн тархи сархиатах эмгэгээс тус тус мал сүргийг эрүүлжүүлэх, улмаар дээрх өвчин эмгэг болон тэдгээрийн халдвараас эрүүлжсэний баталгаа гаргах талаар зөвлөмж гаргасан юм [139].
Монгол улс 2005 оноос мялзан, 2008оноос үхрийнцээж өвчнөөр тайван орны жагсаалтад тус тус албан ёсоор орсон бөгөөд одоо баруун бүс нутгийн мал сүргийг шүлхий өвчнөөр тайван гэсэн баталгаа гаргуулахаар ДАЭМБ-д хандаад байна. Үүний зэрэгцээ 2004 оноос үхрийн тархи сархиатах эмгэгийн тандалт судалгааны ажлыг эхлүүлсэн юм.
Үхрийн тархи сархиатах эмгэг (ҮТСЭ) прионоор үүсгэгддэг өвчнүүдийн нэг бөгөөд 1986 онд Англи улсад анх тэмдэглэгдсэн байна [68]. Тархины эдэд дугуй, зууван хэлбэртэй хоосовчууд бүхий сөнөрөл үүссэнээр тархи, нугасны эс сархиаг байдалтай харагддаг учир уг эмгэгийг сархиатах гэж нэрлэжээ. ҮТСЭ халдвартай материал агуулсан мах, ясны гурил, дотор эрхтэн зэрэг амьтны гаралтай тэжээлээр дамжин халдварладаг болохыг[36] тогтоосон байна.
Прионы өвчнүүд нь хүн болон мал, амьтны тархины эд, эсийг сөнөрлийн өөрчлөлтөнд оруулж үхэлд хүргэдэг байна[107].Мал, амьтдын прионы өвчнүүдэд хонины скрепи, булганы дамжмал тархины эмгэг, буга, хандгайн ужиг туйлдалт, муурын тархи сархиатах эмгэг багтана[144,187].
Хүний прионы өвчнүүдийн бүлэгт Куру, Круцфельд Жаковын өвчин, Герстмани-Штроуслер-Шейнкерийн өвчин, удамшлийнхөнөөлт нойргүйдэл зэрэг хамаарна[144,187].Тухайлбал Круцфельд Жаковын өвчнөөр анх Англи улсад 165, Франц улсад 1992-2008 онд23 хүн[144], Ирландад 4, Нидерландад 3, Португалд 2 хүн тус тус өвчилж нас баржээ [187].
Тархи сархиатах эмгэгтэй үхрийн мах, тархинугас идсэнээс хүн халдвар авдаг нь нэгэнт тогтоогдсон бөгөөд 2011 оны байдлаар энэ өвчнөөр дэлхийд 220 гаруй хүн нас барсны ихэнх нь Англи улсад тохиолджээ [144,187].
Судалгааны үндэслэл: Монгол улсын аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг багасгах, хүн амын физиологийн хэрэгцээг хангахуйц, уураг, амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол, хүнсээр хангах зорилтыг хэрэгжүүлэхэд мал, сүргийн эрүүл мэндийг хамгаалах, малаас хүнд дамжин халдварладаг элдэв өвчнөөс эрүүлжүүлэх нь нийгэм, эдийн засгийн шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм.
Монгол улсын малын махны экспортын хэмжээ жилээс жилд өсөж, Оросын холбооны улсаас гадна Зүүн өмнөт, дундад Ази, Ойрхи Дорнодын зарим орнуудаас монгол малын мах импортлох хандлага ихсэж байна.
Манай улс гадаад орнуудаас өндөр ашиг шимтэй үхэр импортлон нутагшуулж мах, сүүнийфермийг эрчимтэй хөгжүүлэх боллоо.
Монгол улсад ҮТСЭ урьд өмнө бүртгэгдээгүй бөгөөд бусад орнуудаас энэ эмгэгээр өвчилсэн үхэр болон үхрийн мах, мал амьтны гаралтай тэжээл нэвтрэн орж ирж болзошгүй юм. Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд шууд сөрөг нөлөө үзүүлдэг ҮТСЭ нь эдүгээ дэлхий дахинд анхаарал татсан асуудлуудын нэг болоод байна.
Иймээс Монгол улс үхрийн тархи сархиатах эмгэгээс “чөлөөтэй улс буюу эрүүл бүс нутаг” гэсэн ангилалд хамрагдахын тулд Дэлхийн амьтны эрүүл мэндийн кодод заасан нөхцлийг хангах чиглэлээр шинжилгээ судалгаа, тандалт явуулж уг эмгэгийн халдвар байгаа эсэхийг судлах, нотлох шаардлага гарч ирж байгаа нь энэхүү судалгааны ажлыг явуулах үндэслэл болсон юм.
Судлагдсан байдал: Прионоор үүсэх өвчнүүд нь 1732 оноос хойш хонь, ямаанд скрепи [156],1900 онд хүний Куру [152],1920 онд Круцфельд Жаковынөвчин [135],Герстманн-Штроуслер-Шейнкерийн хам шинж өвчин [187], 1947 онд усны булганы дамжмал тархи сархиатах эмгэг,буга, хандгайн ужиг туйлдалт[157],1990 онд муурын тархи сархиатах эмгэг, 1996 онд Круцфельд Жаковын хувилбарт өвчин [68] хэмээн тус тус бүртгэгдэж ирсэн бөгөөд эдгээрийг бүхэлд нь дамжмал тархи сархитах эмгэг (transmissible spongiform encephalopathies)гэж нэрлэдэг байна.
Дамжмал тархи сархитах эмгэгийн оношлогооны гол түлхүүр бол прион уургийг (PrPsc) илрүүлэх явдал гэж үзээд энэ нь эмгэг жамын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хэвийн бус хэлбэрт шилжсэн прионуураг(PrPsc) болохыг[156] тогтоожээ.
Манай улсад дамжмал тархи сархиатах эмгэгийн нэг төрөл болох скрепи өвчний тандалт явуулан хонины прион уургийн амин хүчлийн полиморфизмийн онцлог шинж чанарыг тодорхойлох замаар Монгол орны төвийн бүсэд үржүүлдэг 4 үүлдрийн хонинд PrPгенийн судалгааг явуулж 112, 136, 154, 171 кодонуудад 8 аллель хувилбар бүхий 16 гентогтоож[71], хонины 171 кодонд 1.8 хувь нь скрепид тэсвэртэй арганин,
66.8 хувь нь скрепид мэдрэмтгий глутамины полиморфизм илрүүлсэн байна [72].
Судалгааны зорилго:Монгол орны бүс нутгуудын зарим аймаг, сумдын үхэрт идэвхтэй ба идэвхгүй тандалт шинжилгээгээр үхрийн тархи сархиатах эмгэг байгаа эсэхийг тогтоох, эрсдэлийн үнэлгээ хийх, цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино
Зорилт:
1. Төв, баруун, зүүн, говийн бүс нутгийн зарим аймаг сумдыг хамруулан үхрийн тархи сархиатах эмгэг байгаа эсэхийг фермент холбоот эсрэг биемийн урвалаар илрүүлэх; эмгэг эд судлал, иммуногистохими, вестерн блотоор баталгаажуулах;

2. Үхрийн тархи сархиатах эмгэгийг мэдрэлийн хэв шинжит зарим өвчнөөс ялган оношлох;

3. Үхрийн тархи сархиатах эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх зөвлөмжийн анхны хувилбар боловсруулах

I.ДҮГНЭЛТ
1. Монгол орны 16 аймгийн 34 сумыг хамруулан 9 жил дараалан хийсэн идэвхтэй болон идэвхгүй тандалтын хүрээнд цуглуулсан үхрийн тархины эдийн 1330 дээжийг фермент холбоост эсрэг биемийн урвалаар шинжлэхэд үхрийн тархи сархиатах эмгэг үүсгэгч хувирмал прион (PrPsc) уургийн эсрэг бием илрэхгүй байна.

2. Мэдрэлийн үйл ажиллагааны хямралын ил шинж тэмдэг үзүүлэн өвчилж үхсэн, нядласан үхрийн тархины эдийн дээжинд эмгэг эд судлал, иммуногистохими, вестерн блотын аргаар ялгаварлан оношлох, баталгаажуулах шинжилгээ хийхэд тархи сархиатах эмгэгийн үед үүсдэг хоосовчсон нейрон, нейрофил болон хувирмал прион уураг илрэхгүй байгаа нь Монгол орон үхрийн тархи сархиатах эмгэгээр тайван орон болохыг нотолж байна.

3. Үхрийн мэдрэлийн хам шинжээр илрэх өвчнүүдээс галзуу өвчин давамгайлж, эрдсийн дутлаас үүдэлтэй хар тугалганы хордлого тохиолдож байна.

4. Үхрийн тархи сархиатах эмгэгээр тайван хоёр орны дунд оршдог, амьд малын импорт бага, бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг, малын гаралтай тэжээлээр үхэр тэжээх уламжлал байхгүй Монгол орныг үхрийн тархи сархиатах эмгэг гарах эрсдэл үлэмж бага оронд тооцож болно.

5. Өргөн хүрээтэй тандах судалгаа, эмгэг бие бүтцийн микро болон молекул төвшний судалгааны энэхүү дүн Монгол орноос амьд мал, малын гаралтай тэжээл экспортлогчдод энэ өвчинтэй холбогдуулан импортлогчдоос учруулж болох хориг, хязгаарлалтыг няцаах бодит баримт болно.

6. Амьд үхэрт тархи сархиатах эмгэгийг оношлох арга хараахан боловсрогдоогүй байгаа өнөө үед энэ өвчнөөр тайван бус орноос амьд үхэр болон төрөл бүрийн мал, амьтанд зориулан үхрийн гаралтай эдээр бэлтгэсэн тэжээл импортлох нь Монгол улсын тухайд ТСЭ-ийн голомт үүсгэж болзошгүй эрсдэлт хүчин зүйл гэж үзнэ.

II.ҮЙЛДВЭРЛЭЛД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
1. Бидний 9 жил дараалан явуулсан судалгааны үр дүн, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Монгол улс үхрийн тархи сархиатах эмгэгээр тайван болохыг нотлох баримт бичгийг ДАЭМБ-ын аргачлал, зөвлөмжид тулгуурлан боловсруулж ДАЭМБ-аар хүлээн зөвшөөрүүлэх;

2. Үхрийн тархи сархиатах эмгэгийн тандалтыг жил бүр ДАЭМБ-ын зөвлөмжийн дагуу 30 сараас дээш насны үхэр сүргийн тоотой уялдаатайгаар дээж авч явуулан Монгол орныг энэ өвчний халдваргүй болохыг худалдааны түншүүддээ батлан харуулж хэвших;

3. Мэдрэлийн үйл ажиллагааны хямралаар өвчилж үхсэн үхрийн тархины дээжийг ҮТСЭ-ийн үед илрэх өвөрмөц хувиралтыг илрүүлдэг эмгэг эд судлал, иммуногистохими, вестерн блотын аргуудаар ялгаварлах шинжилгээг тогтмолжуулах;

4. ҮТСЭ-ээр тайван бус орноос импортлосон үхрийг хязгаарлагдмал нутаг дэвсгэрт маллаж байх, тэдгээрийг хүнсний хэрэгцээнд нядлах тохиолдолд тархины эдийн дээж авч энэ эмгэг үүсгэгчийн эсрэгбием илрээгүй тохиолдолд хүнсний хэрэгцээнд нийлүүлэх журам гарган хэрэгжүүлэх;

5. ҮТСЭ-ээр тайван бус орноос импортолсон үхэр, мэдрэлийн хямралын шинж тэмдэг үзүүлэн өвчилж хорогдох тохиолдол бүрт ҮТСЭ-ийн өвөрмөц хувирал байгаа эсэхийг ялгаварлах цогц шинжилгээг УМЭАЦТЛ-ыг түшиглэн хийж энэ өвчин Монгол улсад гарах эрсдэлийг үнэлж байх;

6. Монгол улсад ҮТСЭ-ээр тайван бус орноос мал, амьтны гаралтай тэжээл импортлохыг хориглох;

7. Үхрийн тархи сархиатах эмгэг, бог малын скрепи өвчнийг мэдрэлийн хэв шинжит бусад өвчнөөс ялган оношлох, баталгаажуулах шинжилгээнд ФХЭБУ, эмгэг эд судлал, иммуногистохими, вестерн блотын аргыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн оношлогоонд 2014 онд багтаан нэвтрүүлэх, ажилтнуудыг сурган дадлагажуулах;

8. Мал нядалгааны газрын лабораторийн ажилтнуудыг ҮТСЭ-ийг илрүүлэх шинжилгээнд зориулан үхрийн тархинаас дээж авах, улмаар мал эмнэлгийн төв болон аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторид илгээх аргад сургах, холбогдох хэрэгслээр хангах;

9. Малын хүүр, сэг зэмийн устгал, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийж малын бэлчээр, ус, хот хорооны орчны эрүүл ахуй, ариун цэврийг сахих, мал сүргийг эрдсийн долооц, эрдэс, витаминжуулсан бэлдмэл, байгалийн хужир шүүгээр тогтмол хангаж байх;



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 406
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :